Арав.мн

Орчлон ертөнцийн үүсэл

Орчлон ертөнцийн үүсэл

Дэлхий дээр амьдарч буй хэн бүхэн ямар нэгэн харьяалалд харьяалагдаж байдаг. Хэн нэгэн Б овогтой А нь Монгол улсад харьяалагдана. Харин Монгол улс нь бусад 239-н улсын хамтаар, тэдгээр улсуудад амьдардаг зургаан тэрбум таван зуу сая хүмүүс, төдий тооны ан амьтад, ургамал далай нь  задгай сансарт эргэлдэх "бяцхан цэнхэр сувдан" дээр аж төрөн, өөр долоон гаригийн хамтаар нарыг тойрон эргэлдэнэ.  Нарыг тойрон эргэлдэгч найман гариг болон солир, сүүлт одод, одой гаригууд нь нарны аймгийг бүрэлдүүлэх бөгөөд манай нарны аймаг нь бусад тэр бум, тэр бум нарны аймаг, одод, оддын бөөгнөрөл, мананцруудын хамтаар галактик хэмээх хоёр зуун тавин тэр бум оддоос тогтох аварга том бүлийг үүсгэн галактикийн төвөө тойрон эргэлддэг. Бидний амьдран буй орчлон ертөнц нь үүгээр  ч зогсохгүй, манай галактиктай адил тэр бум, тэр бум галактикуудын хамтаар "орчлон ертөнц" хэмээх хүний төсөөлөх чадвараас хальсан аварга том бүтцийг үүсгэдэг билээ. Орчлон ертөнц нь ойролцоогоор хоёр зуун тавиас таван зуун тэр бум галактикуудыг өөртөө "агуулах" бөгөөд галактик бүрд дор хаяж хоёр зуун тавин тэр бум одод оршино. Эндээс бяцхан тооцоо хийвэл, манай орчлон ертөнцөд нийт жаран хоёр мянга хоёр зуун тавин мянган тэр бум - тэр бум одод орчлон ертөнцөд оршдог ажээ.

Эдгээр одод нь бүгд нар жаргасны дараа харагддаг уу? Үгүй. Дэлхийн хойд хагасаас харагдах шөнийн тэнгэр дэх оддын тоо 6000 орчим байдаг бол өмнөд хагасаас харагдах оддын тоо 5000 орчим байдаг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд 10000 орчим одод л харагддаг ажээ. Энэ тоо нь орчлон ертөнц дэх нийт оддын тооны хажууд хэтэрхий жижигхэн тоо юм. Галактикууд нь хоорондоо асар хол байрласан учир өөр галактикийн одод шөнийн тэнгэрт харагддаггүй. Зөвхөн манай галактик-Сүүн замын тухайд л бодоход, түүнд орших хоёр зуун тавин тэр бум одод бүгд бидэнд харагдах боломжгүй тийм аварга том бүтэц юм. Манай нарны аймгийн эргэн тойрны арван мянга орчим одод л дэлхийгээс хүний нүдэнд харагддаг ажээ. Хэдий энэ нь галактик дахь нийт оддын тоотой харьцуулахад хэтэрхий бага тоо ч гэлээ орчлон ертөнцийн тухай асуултуудыг гаргахад хангалттай их хэмжээтэй байжээ. Шөнө бүр харагдах эдгээр "галт бөмбөлгүүд" хаанаас үүсэлтэй юм бол? Манай нар тэдний нэгэн адил од мөн үү" Орчлон ертөнцөд орших эдгээр бүхий л одод, гариг эрхэс, галактикууд хаанаас эхлэлтэй вэ?

Хүн төрөлхтөн хоёр мянган жилийн тэртээгээс эхлэн Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ? Бид яагаад оршин байна вэ? Цаг хугацаа яагаад урсдаг вэ? гэх үндсэн гурван танин мэдэхүйн асуултуудыг асуусаар иржээ. Эртний Грекийн байгалийн философичдын асуултууд нь дээрх гуравтай утгын хувьд адил боловч хэлбэрийн хувьд ялгаатай байсан нь мэдээж. Хоёр мянган жилийн турш үргэлжлэх хүний танин мэдэхүйн эрэл хайгуул нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Байгалийн философиос эхтэй танин мэдэхүйн эрэл хайгуул нь өнөөдөр шинжлэх ухааны судалж буй, шинжлэх ухаанчдын эрж буй эрэл хайгуул юм. Техник технологи хөгжиж, хүний мэдлэгийн хэмжээ өсөн нэмэгдэхийн хэрээр орчлон ертөнцийн үүслийг судлах шинжлэх ухаанчдын судалгаа улам өргөжин , хүчийг авч иржээ. Ердөө зуун жилийн өмнө бид манай галактик л ертөнцөд цор ганцаар орших бөгөөд өөр галактикууд байдаг эсэхийг мэддэггүй байсан бол өнөөдөр бидний оршиж буй сүүн замаас гадна тэр бум, тэр бум галактикууд оршин байдгийг мэддэг болсон байна. Манай нар нь галактик дахь бусад оддын л адил нэгэн од гэдгийг мөн мэддэг болжээ. Гэсэн хэдий ч шинжлэх ухаанчдын эрэл хайгуул үүгээр зогссонгүй. Тэд эдгээр одод, эдгээр галактикууд, хаанаас эхлэлтэйг асуусаар л байна. Орчлон ертөнцийн үүслийг эрэх эрэл хайгуулд өдгөөгөөс 97 орчим жилийн өмнө хийгдсэн Америкийн одон оронч Эдвин Хабблын нээлт чухал нөлөөтэй. Тэрээр, бүхий л алсын одод, галактикууд нь дэлхийгээс ажиглахад зүг бүр тийш биднээс алслан холдож буйг нээжээ. Галактик, оддын зай дэлхийгээс хэр хол алслагдсан байна төдий чинээ илүү хурдаар холдож байв. Энэ нь үлээдэг бөмбөлөг дээр хоёр цэг тэмдэглээд, шаараа үлээж эхлэхэд тэдгээр хоёр цэгийн байрлал өөрчлөгдөхгүй ч бөмбөлөг томрохын хэрээр бие биенээсээ холдож буйтай адил үзэгдэл юм.

Бөмбөлгийн хэмжээ томрох тусам (бөмбөлгийн гадаргуу тэлэх тусам) тэмдэглэсэн хоёр цэг нь бие биенээсээ алслагдсаар л байх болно.

Өөрөөр хэлбэл орчлон ертөнц тэлж байгааг Хаббл нээж. Алсын галактикууд нь биднээс алслагдсан зайтай шууд хамааралтай хурдаар холдож байдаг. Хэдий хэр хол байна, төдий чинээ өндөр хурдаар холдох юм. Гэхдээ энэ нь бид орчлон ертөнцийн төвд байна гэсэн үг биш.  Хэрвээ бид бөмбөлөг дээр ахин нэг цэг нэмж тэмдэглэн тэдгээрийг ажиглавал цэг бүр бие биенээсээ холдоно. Аль ч цэгээс нөгөө хоёр цэгийн алслагдах хурдыг хэмжсэн ижил байх бөгөөд /ижил зайтай тэмдэглэсэн тохиолдолд/ цэг бүрээс нөгөө хоёр цэг нь холдож байгаа мэт харагдана. Энэ нь манай орчлон ертөнцийн хувьд ч ижил, хэрвээ бид, Сүүн замаас хоёр сая гэрлийн жилийн зайд байрлах (гэрлийн хурдаар хоёр сая жил явж хүрэх зай) Андромеда (Адаг чуулганы мананцар) галактикаас Хабблын хийсэн ажиглалтыг хийвэл мөн л бусад бүхий л галактикууд Андромеда галактикаас алслагдан холдож байгаа мэтээр харагдах билээ. Магадгүй, Андромеда галактикт аж төрөгч ямар нэгэн оюун ухаант амьтад ч мөн адил бодолтой байхыг үгүйсгэх аргагүй.  Орчлон ертөнц тэлж байна. Орчлон ертөнц зүг бүр тийш алслагдан томорч, тэлсээр л байна. Ертөнцөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ертөнц тэлсээр л байх болно. Алсын галактикуудын биднээс алслагдах хурдны хэмжээ гэрлийн хурданд хүртлээ тэлсээр л байх болно. Хабблын дээрх нээлт нь ертөнцийг үзэх тухайн үеийн хүмүүсийн үзэлд том цохилт болсон юм. Хабблаас өмнө хүмүүс, хорьдугаар зууны аугаа физикч Альберт Эйнштейн хүртэл орчлон ертөнц нь үргэлж шөнө харагдаж буйгаа шигээ, хөдөлгөөнгүй, тогтонги хэмээн үздэг байв. Ертөнц нилэнхүйдээ нэгэн тогтмол тогтонги бөгөөд түүний дотор одод эрхэс л сөнөж үгүй болдог хэмээн үздэг байжээ. Тогтонги төлөвийн ертөнцийн онол нь Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолтой зөрчилдөж байсан бөгөөд Хабблын нээлт нь тогтонги төлөвийн ертөнцийн онолыг нураан унагах "анхны цохилт" болов. Үүгээр ч зогсохгүй, Андромеда нь манай сүүн зам дотор орших мананцар биш бөгөөд сүүн замын гадна байрлах өөр нэгэн галактик гэдгийг нээснээр хүн төрөлхтөн өөр, өөр олон тэр бум галактикууд ч ертөнцөд бий гэдгийг мэддэг болов. Хабблын нээлтээс өмнөх хүн төрөлхтний мэдэх ертөнцийн хэмжээ хоёр зуун мянган гэрлийн жилээр (гэрэл хоёр зуун мянган жил туулах зай) хязгаарлагдаж байсан бол Хабблын нээлтийн ачаар ертөнц нь дор хаяж 96 мянган тэр бум гэрлийн жилийн урттай голчтой болтлоо асар том болон өөрчлөгдлөө. Харин үүнээс үүдэн гарах нэгэн асуулт нь, орчлон ертөнц өнөөдөр зүг бүр тийш тэлж байгаа юм бол цаг хугацааны ямар нэгэн эхний цэг дээр бүгд нэг цэгээс эхэлсэн үү? Өмнөх үлээдэг бөмбөлгийг ахин санацгаая. Бөмбөлгийг орчлон ертөнц гэж үзэн түүн дээрх гурван цэгийг галактик, одод эрхэс гэе. Хэрвээ бөмбөлөг нэгэнт үлээгдчихсэн байсан бөгөөд бид бөмбөлгийн хийг аажим аажмаар, бага багаар гаргаж эхэлбэл бөмбөлөг буцаж агших болно. Буцаж агшихын хэрээр түүн дээр тэмдэглэсэн гурван цэгийн зай ойртох билээ. Ингэж ойртсоор бөмбөлөг доторх бүх хий гарж дуусмагц тэдгээр цэгүүд нь нэг цэгээс ялгагдахгүй ойрхон болсон байна. Хэрвээ бид, цаг хугацааны чиглэлийг эргүүлэн буцаавал, биднээс алслагдаж буй галактикууд нь бидэн рүү ойртож буй болон өөрчлөгдөх юм. Галактикууд хэдий чинээ ойр байна төдий чинээ өндөр хурдаар ойртон хөдлөх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг галактик дахь одод нь улам хурц гэрэлтэй болон тодорч, гариг эрхэс задран, хэсэг хэсэг болон сансрын тоосонцроос тогтох дискийг үүсгэнэ. Нарнаас асар том хэмжээтэй одод нь хэт шинэ одны дэлбэрэлтийг үүсгэн, мананцруудыг бий болгоно. Өөрөөр хэлбэл бид цаг хугацааг ухрааж байна. Эл өгүүллийн бичсэн үг бүр арилж, хүн төрөлхтний бүтээсэн зүйлүүд дэлхий дээрх ургамал амьтдын хамтаар алга болно. Дэлхий ч мөн адил бусад долоон гариг, солир, сүүлт одод, одой гаригууд, нарны хамтаар сансрын тоосонцор болон замхрах бөгөөд галактик дахь бүхий л оддыг ийм хувь заяа хүлээж буй. Улмаар галактик бүр хоорондоо нэгдэн нягтарч, сансрын тоосонцрууд (биес) бодис болон задарч, бодис нь молекул болон молекул нь атом болж, атом нь электрон, протон, нейтрон гэх мэт эгэл бөөмс болон задарна. Ертөнц буцан агшиж ертөнц дэх бүхий л матерууд нэгэн цэгт шахагдаж байгаа тул ертөнцийн температур ихсэн маш халуун болно. Халуун нэмэгдэхийн хэрээр ертөнц дээрх эгэл бөөмс улам нягтран эцэст нь бүгд хязгааргүй өндөр нягттай, хязгааргүй өндөр температуртай цэгт "базагдана". Энэ цэгт хүрч очмогц цаг хугацаа ахин эсрэг чигт урсахаа больж зогсоно, бидний мэдэх бүхий л зүйлс орчлон ертөнцийн хамтаар нэгэн цэгт нягтаршин алга болсон байна. Харин одоо цаг хугацааг буцаан анхны чиглэлд нь урсгаж эхэлбэл өнөөх цэг маш хүчтэй тэсрэн түүн дотроос бидний өмнө мэддэг байсан ертөнцийг бүрэлдүүлэгч бүхэн цацран гарах билээ. Орчлон ертөнц анх үүссэн, цаг хугацаа эхэлсэн энэ цэгийг ИХ ТЭСРЭЛТИЙН ЦЭГ гэх бөгөөд ертөнц их тэсрэлтээс үүссэн хэмээн тайлбарладаг онолыг ИХ ТЭСРЭЛТИЙН онол гэж нэрлэдэг. 

Их тэсрэлтийн онолоор манай орчлон ертөнц нь ойролцоогоор 14 тэрбум жилийн өмнө үүсжээ. Хабблын нээлт нь Их тэсрэлтийн онол бий болох урьдич үндсэн шалтгаан болсон бөгөөд орчлон ертөнцийн үүслийн тухай тайлбарладаг онолуудаас хамгийн их хүлээн зөвшөөрөгдөж, туршилттай нийцсэн онол нь Их тэсрэлтийн онол юм. Их тэсрэлтийн онолын нэгэн таамаглал нь хэрвээ орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн бол өнөөдрийн ертөнцийн температур (өөрөөр задгай сансрын температур) нь абсолют 0-ээс бага зэрэг их байна хэмээн таамагладаг. 1991 онд хөөргөсөн Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацрагийг судлах зорилготой COBE хиймэл дагуулын задгай сансрын температурыг хэмжсэн үр дүн Их тэсрэлтийн онолын таамаглалтай таарч байв. Улмаар 2006 онд хөөргөсөн адил зорилготой PLANC хиймэл дагуулын үр дүн ч мөн их тэсрэлтийн онолтой таардаг. Хэрвээ орчлон ертөнц маань их тэсрэлтээс үүссэн бол тэрхүү тэсрэлтээс үлдсэн ул мөр өнөөдөр ч ертөнцөд ажиглагдах ёстой. Их тэсрэлтээс үлдсэн ул мөрийг өнөөдөр Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацраг хэмээн нэрлэдэг. Энэ нь их тэсрэлт болсны дараагаас 380 мянга орчим жилийн дараа ертөнцөд тархсан анхны гэрлийн үлдэгдэл юм. Өөрөөр хэлбэл Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацраг нь их тэсрэлтийн шууд ул мөр билээ.

Энэхүү Сансрын Богино Долгионы Үлдэгдэл цацрагийг судлах нь ертөнцийн үүсэл болон нас, түүний ирээдүйг судлахад чухал нөлөөтэй. Бид ертөнцийн насыг нарийвчлал өндөртэй мэддэг болсноор ертөнцийн үүслийн тухай илүү өргөн дүр зургийг бий болгон орчлон ертөнцийн эхлэлийн тухай ойлголтууд маань улам баяжсаар л байна.

Орчлон ертөнцийн үүслийг тайлбарлах Их тэсрэлтийн онол нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

1. Их тэсрэлт

Энэ нь ойролцоогоор 14 тэр бум жилийн өмнөх ертөнц үүссэн агшныг хэлнэ. Өнөөдрийн техник технологийн хөгжил, хүн төрөлхтний мэдлэгийн цар хүрээ нь ертөнц их тэсрэлтээс үүссэн гэдгийг мэдэх ч яг Их тэсрэлтийн энэхүү цэг дээр юу болсныг хараахан ойлгоогүй байна. Техник технологийн хөгжил их тэсрэлтийн дараах хэдхэн минутын үеийн нөхцөлийг лабораторын орчинд бий болгодог ч гэлээ хараахан их тэсрэлтийн цэгт тулж очоогүй байгаа билээ. Их тэсрэлтийн үеийн нөхцөл байдлыг лабораторт бий болгогч төхөөрөмжийг эгэл бөөмсийн хурдасгуур-мөргөлдүүлэгч гэх бөгөөд дэлхий дээрх хамгийн том эгэл бөөмсийн мөргөлдүүлэгч Франц-Швейцарийн хил дээр байрладаг.

27 км-ын тойргийн урттай энэхүү аварга том машин ЦЕРН-Аварга Адроны Мөргөлдүүлэгч (CERN-LHC) их тэсрэлтийн дараах хэдхэн минутын үеийн нөхцөлийг бий болгодог бөгөөд ертөнцийн үүслийн мөн чанар, ертөнцийн эхэн үеийн тухай судалдаг судалгааны байгууллага юм. Энд атомын цөмийг бүрэлдүүлэгч протонуудыг гэрлийн хурдтай маш ойролцоо хурдтай болтол хурдасгаж хооронд нь мөргөлдүүлнэ.Учир нь их тэсрэлт бий болсны дараах хэдхэн минутын хугацаанд эгэл бөөмс гэрлийн хурдтай тун ойролцоо хурдтай байсан гэж үздэг. Асар өндөр хурдаар мөргөлдсөн протонууд нь өөрийн бүтцээ алдан "бутарч" одоогийн ертөнцөд ажиглагдах боломжгүй ч, их энергитэй/температуртай ертөнцийн үеийн дүр зургийг бий болгодог байна.

2. Инфляц

Их тэсрэлт болсны дараа ойролцоогоор арвын -32 зэрэг секунд орчмын дараа (1/100000000000000000000000000000000 секунд) ертөнц нь хоромхон зуурын хугацаанд асар хурдтай тэлсэн гэж үздэг. Учир нь ертөнц нь өнөөгийн ажиглагдаж буй шиг асар том хэмжээтэй байхын тулд ертөнц өөрийн эхэн үедээ асар өндөр хурдацтай тэлсэн байх шаардлагатай. Энэхүү тэлэлтийн үеийг инфляц гэж нэрлэх бөгөөд инфляц нь ертөнцийн тэлэлтэд чухал нөлөөтэй. Инфляцын үед ертөнц нэг секундийн дотор элсний ширхгээс галактикийн хэмжээнд хүртлээ тэлж, тэлэлтийн үлдэгдэл нь ертөнцийн өдгөө ч үргэлжилж буй тэлэлтийг бий болгожээ.

3. Тэлэлт

Инфляцын дараагаар ертөнц нь харьцангуй тогтмол хурдаар тэлж эхэлжээ. Түүнд орших эгэл бөөмс-матерууд нь бие биенээсээ алслагдан холдож, температур огцом буурч өнөөдрийн биднийг бүтээгч элементүүд үүсэх анхдагч нөхцөлийг бий болгосон байна. Ертөнц тэлэхийн хэрээр түүн дэх эгэл бөөмсийн хөдөлгөөн удаашран, температур багасна. Хангалттай бага температуртай болсон үед, ойролцоогоор их тэсрэлтээс 380 мянган жилийн дараа орчлон ертөнцөд гэрэл хамгийн анх чөлөөтэй зорчих боломжтой болон анхны гэрэл цацарчээ. Үүнийг бид Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацраг болохыг өмнө мэдсэн. Улмаар ертөнц тэлэхийн хэрээр Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацрагийн температур буурч 14 орчим тэр бум жилийн дараа өнөөгийн утгандаа хүрчээ.

Орчлон ертөнцийн үүсэл нь ерөнхийдөө дээрх гурван хэсгээс тогтох бөгөөд ертөнцийн температур буурч, эгэл бөөмс чөлөөтэй зорчих боломжтой болохын хэрээр ертөнцөд атом, молекулууд үүсэх боломжтой болсон байна. Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацрагийн температурыг хэмжих аргаар тодорхойлсон ертөнцийн насыг хамгийн алсын галактикуудын биднээс холдох хурд болон зайг хэмжин ертөнцийн насыг тодорхойлсон үр дүнтэй харьцуулан ертөнцийн насыг нарийвчлал өндөртэй тодорхойлдог. Сансрын Богино Долгионы Үлдэгдэл Цацрагийг хэмжсэн туршилтын үр дүнд ертөнцийн нас 13-14 тэрбум жил орчим байдаг бол алсын галактикийн бөөгнөрөл, хэт шинэ одны дэлбэрэлт зэргийн хэмжилтийн үр дүн нь 11-14 тэрбум жил орчим байдаг. Эдгээр хоёр туршилтын үр дүн ойролцоо байгаа нь Их тэсрэлтийн онолыг бататгаж буй нэг жишээ юм. Түүнчлэн нарны аймгийн үүсэл болон дэлхий дээрх хүнд элементүүдийн нас, тархалтыг хэмжсэн үр дүнгээс ертөнцийн насыг ойролцоогоор тодорхойлж болох ба эдгээр бүхий л үр дүнгүүд нь их тэсрэлтийн онолын таамаглалын утгатай тохирч байдаг. Эртний Грекийн байгалийн философичид орчлон ертөнцийн үүслийн тухай асуултуудад цэвэр бодол, ухамсар хийсвэрлэлийн аргаар хариултыг эрж хайж байсан бол өнөөгийн шинжлэх ухаан нь хүчирхэг математикийн тусламжтай бүтсэн загвар болон түүний таамаглалыг туршлагаар шалгах гэсэн механизмын дагуу явагддаг. Шинжлэх ухаан нь аливаа байгаль дахь юмс үзэгдлийг тайлбарласан загвар бий болгон (онол) түүний таамаглалыг туршлагаар шалгах гэсэн хатуу зарчмын дагуу хөгжинө. Туршлага нь онолын үнэн зөв эсвэл худал эсэхийг тодорхойлно. Иймээс орчлон ертөнцийн насыг тодорхойлсон онолын таамаглалыг төрөл бүрийн туршлагын дагуу шалгаж үзэх нь тухайн онолыг баттай, үнэн зөв байхад чухал нөлөөтэй юм.


7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Инфляцын үед ертөнц нэг секундийн дотор элсний ширхгээс галактикийн хэмжээнд хүртлээ тэлж, тэлэлтийн үлдэгдэл нь ертөнцийн өдгөө ч үргэлжилж буй тэлэлтийг бий болгожээ...гэсэн бна. Тэгэхээр үүнийг бий болгох энерги асар их байсан байж таарах байх даа...Мөн Сасарын Богино Долгионы Үлдэгдэл Цацрагийг судлах нь аргагүй л ач холбогдолтой бас сонирхолтой юм бна.
ih tesreltees umnu oron zai, tsag hugtsaa, mater, yu ch bgaagui gdegsh de. tesrelt uuruu oron zaig bii bolgoson, mater, gerel, tsag hugtsaa, bur har mater hurtel.
Их тэсрэлтээс өмнө орон зай гэж байсан болов уу.их тэсрэлт нь орон зайг бий болгож ертөнц тэлэх хирээр орон зай бий болно гэж бодоод байх юм
Таалагдлаа
-2
Шаал худлаа мэдээлэл өгөх юм юу ч мэддэггүй юмнууд
Паааааннн гээл дэлбэрэхэд энэ дэлхий бусад гаригаас шал ондоо, ийм гоё болчихсон нь сонин байгаа байхгүй юу. Манай дэлхий яагаад ийм төгс (байсан) юм бэ? Яагаад хүн төрөлөхтөн улам сайжраад байхгүй, улам утгагүй болоод байгаа юм бэ? Үүний учрыг идеализмаас асуухаас өөр гаргалгаа байхгүй юм аа. Хэрэв материализм нь идеализмаас илүү ухаантай байсан бол яагаад материалистууд энэ ертөнцийг сүйтгээд, идеалистууд нь аварчих гээд зүтгээд байдаг юм бэ? Аль алийг нь нарийвчлан судлаад, амьдралын үнэ цэнээ тодорхойлоорой залуус аа
+1
Их тэсрэлт үүсэх агшинд гаднан хар инээрэг байсан гэдэг шдээ
+1
Их тэсрэлт үүсэх агшинд,орон зай хангалттай байсан байж таарлаа.Тэгэхлээр тэсрэлт бий болох хүртэл,орон зайд нэг юм байсан л байж таарах гээд байна.Тоос уу,юуны тоос бэ?Орон зай хангалттай байсан,байгаа.Нэгэнт тэлсэн болохоор,хумигдал үүсэхгүй гэх баталгаа бас байхгүй.
-1
Ямар аймар урт юм бэ хахаха
+1
зөөзө
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start