Арав.мн

Хамгийн гүн 10 агуй

Хамгийн гүн 10 агуй

Аялагч, адал явдлын эрэлчдийг дэлхийн цөм рүү ойртуулах эдгээр агуй одоогоор мэдэгдээд буй дэлхий дээрх хамгийн гүн агуйнууд юм.


10

Цехи-2

Словений хамгийн гүн энэ агуйг Италийн Триест хотын “Альпино Италиано” клубийн аялагчид анх нээжээ. Цехи-2 нь Итали, Словений хилд орших баруун Жулиан нурууны Канин нэрт ууланд оршино. Итали судлаачдын тогтоосноор уг агуй 1502 метр гүн бөгөөд энэ нь хүний бүтээсэн хамгийн өндөр байгууламжийг хоёр давхарлан хэвтүүлсэнтэй тэнцэх юм.


09

Сима де ла Корниса-Торса Магали

Ёроолгүй нүх гэгддэг уг агуй Испанийн Пикос де Европа нуруунд оршино. Испанийн Сильвино Вилла, Бельгийн Иан Масшелэйнээр ахлуулсан олон улсын судалгааны баг 1507 метр гүн эл агуйг 2007 оны зун нээсэн юм.


08

Пантюхин

Гүржийн Бзыбийн нуруу агуй олонтой. Тэдгээр 400 гаруй агуйгаас 1508 метр гүн Пантюхины агуй л уг жагсаалтад бичигдэж байна.


07

Сарма

Дэлхийн долоо дахь гүн агуй Гүржийн Абхаз дахь Кавказын нурууны салбар ууланд оршино. 1543 метр гүн эл агуйг судалсан олон улсын шинжээчид Сармагийн агуйг хамгийн гүн Ворониягийн агуйн оронд бичигдэх хамгийн боломжтой агуйгаар тодруулжээ. Учир нь судалгааны ажил үргэлжилсээр байгаа бөгөөд судлаачид цааш явах аргагүй болсон мухар хэсгийнх нь цаад талд нарийн гарц байхыг үгүйсгэхгүй байна. 


06

Торса дель Церро дель Квевон ба Ла Торса де лас Саксифрагас

Үргэлжилсэн энэ хоёр агуй нийлээд Испанийн хамгийн гүн агуй болно. Нутгийн хойд хэсэгт орших Пикос де Европа нурууны эл агуй цөөхөн амтай бөгөөд тэдгээрийг олж гүнд нь нэвтрэхэд тун хэцүү гэнэ. Икстрим спортынхон болон аялагчид хамгийн хатуу ширүүн нөхцөлтэй, ур чадвар шаардсан агуйгаар мөн уг агуйг нэрлэж байна. Аялагч, судлаачид бүтэн гурван өдөр явж байж энэхүү нийлмэл хоёр агуйн 1589 метрийн гүнд хүрдэг. 


05

Руссо Жан Бернар

Зарим тохиолдолд Гуфре Жан Бернар,  эсвэл ердөө Жан Бернар гэгддэг 1602 метр гүн энэ агуй Альпийн нурууны Францын талын хэсэгт буюу Самоенс хэмээх газарт оршино. Найман амтай уг агуйг 1959 онд нээжээ. 1980 он хүртэл дэлхийн хамгийн гүн агуйд тооцогдож байсан Жан Бернарын агуйг мэргэжилтнүүд сонирхолтой зүйлсээр хомс гэлцдэг ч ийш зорих аялагчдын хөл жилийн турш тасардаггүй байна. 


04

Вогелшахт ба Лампгештсофен

Австрийн Сальцбургт орших энэхүү нийлмэл агуйг Польшийн судлаачид нээжээ. 1632 метр гүн эл хос агуйг судлах ажил үргэлжилсээр байгаа тул үүнээс ч илүү гүн байх магадлал өндөр гэнэ. 


03

Гуфре Миролда

Уг агуйг судалсан судалгааны баг Гуфре Миролдаг Лучиен Кудлиерийн агуйтай холбоотойг тогтоож дэлхийн хамгийн гүн агуй хэмээн зарлаж байв. Тэр үед дэлхийн хамгийн гүн агуй гэгдэж байсан агуй 5610 фут буюу 1709 метр гүн байсан бол Гуфре Миролдагийн агуй 5685 фут буюу 1733 метр гүн юм. Харин Гуфре Миролда дээд амжилтын алдраа хэдхэн жилийн дараа алджээ. 


02

Снежная-Меженного-Иллюзия

Дэлхийн хамгийн гүн агуйгаас хоёр дахин том Снежная-Меженного-Иллюзиягийн агуй ихэнх аварга агуйнуудын адил нийлмэл агуй юм. Гүржийн Абхаз дахь эл агуйг аялагчид болон судлаачид хамгийн аюул осолтой агуйд тооцдог. Алексей Шелепиний ахалсан судалгааны багийнхны өмнө нь нэг том агуй хэмээн таамаглаж байсан энэхүү асар том “хонгил”  Иллюзия (Зэрэглээ), Снежная (Цасхан) гэсэн хоёр агуйн уулзвар аварга том “тасалгаа” болох нь хэдэн жилийн өмнө тогтоожээ. Нийлмэл агуйн гүн 1753 метр юм. 


01

Воронья

Заримдаа Круберын агуй гэгддэг Вороньягийн агуй нь 7188 фут буюу 2191 метр гүн бөгөөд хоёр км-ээс гүн болох нь тогтоогдсон дэлхийн хамгийн анхны төдийгүй одоогоор цорын ганц агуй юм. Хэрээний агуй хэмээх утга бүхий нэртэй энэхүү агуй Хар тэнгисийн эргийн ойролцоо, Гүржийн нутаг дахь Гагра нурууны Арабика хэмээх ууланд оршино.


7.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start