Арав.мн

Хамгийн богино хугацаанд оршин тогтносон 10 улс

Хамгийн богино хугацаанд оршин тогтносон 10 улс

Хүн төрөлхтний түүхэнд газар нутгийн төлөөх тэмцлүүдийн үр дүнд улс орны хил хязгаар байнга өөрчлөгдөж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 195 тусгаар улс байгаа ч энэ тоо хамаагүй олон байх боломжтой байжээ. Энэхүү жагсаалтад бичигдсэн улсууд бол тусгаар тогтнолоо зарласан хэдий ч янз бүрийн шалтгаанаас болж хамгийн богино хугацаанд оршин тогтносон юм. Мэдээж улс төр, түүхийн ач холбогдлынх нь хувьд эдгээр улсуудыг санан дурсах нь зүйтэй билээ. 


10

Танганьика (​1962.12.09-1964.04.26)

Уг бүс нутагт X зуунаас хойш хүн оршин суусан байх бөгөөд 1880-аад онд Германы колони болсон байдаг. Орчин цагийн Танзани, Бурунди болон Мозамбик улсын нутаг дэвсгэрт байх Германы Зүүн Африк хэмээх колони нутгийн нэг хэсэг байсан юм. Германы Зүүн Африк бол Герман улсын нутаг дэвсгэрээс гурав дахин хэмжээтэй.

Дэлхийн I дайн дуусах үед Британи улс газар нутгийн удирдлагыг гартаа авч, 1920 онд Танганьика хэмээн нэрлэсэн байна. Харин үлдсэн хэсгийг нь Бельги улс эзэлжээ. Танганьика гэдэг нэр нь “усан онгоцоор явах” болон “зэрлэг онгон байгаль” гэсэн хоёр Свахили үгээс бүрдсэн байна.

1962 онд Британийн Засгийн газраас Танганьика болон бусад колон улсууддаа тусгаар тогтнол олгосон байдаг. Гэвч Танганьика улс Занзибар улстай нэгдэхээр шийдсэн бөгөөд энэ нь өнөөгийн Танзани улсыг үүсгэсэн юм.


09

Хавайн төрт улс (​1893.01.17-1894.07.04)

Хаант засаглалтайгаар 100 орчим жил байсны эцэст хаан ширээг эсэргүүцэгчид бослого гаргаж, Давид Калакауа хааны засаглалд асуудал үүссэн байна. Түүнийг 1891 онд нас барсны дараа дүү нь болох Лили’уокалани хаан ширээнд суусан аж. Хавайн анхны бөгөөд сүүлийн эмэгтэй удирдагч Лили’уокаланигийн засаглал удаан үргэлжлээгүй ба 1893 онд төрийн эргэлт болж, улсынхаа удирдлагыг алдсан байдаг.

Аюулгүй байдлын комиссоор удирдуулсан босогчид Хавайн Засгийн газрыг нутгийн иргэдээс нь булаан авчээ. Ихэвчлэн цагаан арьст бизнесмен, улс төрчдөөс бүрдсэн босогчид эдийн засгийн хувьд АНУ-д дагаар орох нь хамгийн ухаалаг шийдвэр хэмээн үзэж байв. Тэдний бослогод АНУ-ын тэнгисийн цэргүүд тусалсан байна.

Хавайн төрт улс байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр нь Санфорд Б.Дөүл сонгогдсон боловч төд удалгүй АНУ-д дагаар орох асуудалд мухардаж, татан буугджээ


08

Бельгийн нэгдсэн улс (​1790.01.11-1790.12.02)

Ариун Ромын эзэнт улсын хаан Йосеф II хэд хэдэн удаа Австрийн Голланд дахь Бельгийн газар нутагт засаг захиргааны өөрчлөлт оруулснаас болж 1789 онд хувьсгал дэгдсэн байна. Үүний үр дүнд тэд өөрсдийгөө Бельгийн нэгдсэн улс хэмээх тусгаар улс гэж зарлажээ.

Консерватив Статистууд болон прогрессив Вонкистүүд нэгдэн Засгийн газар, армиа бий болгов. Хэд хэдэн хотыг эзэлж авсныхаа дараа буюу 1790 оны 1-р сард тусгаар тогтнолоо зарласан ба харьцангуй амжилттай  байлаа. Шинээр байгуулагдаад байсан АНУ тэдний хувьд үлгэр жишээ болж, төрийн баримт бичгүүдийг нь даган дуурайж хийжээ. Харамсалтай нь тус улсыг хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байна.

Ахыгаа нас барсны дараа хаант улсыг захирч байсан Леопольд II хаан энэ улсыг дайлаар мордож, эзлэн авсан байдаг. Гэсэн хэдий ч ард түмний дунд тусгаар улс гэх оч гялалзаж, 1830 онд Бельги улс Голландаас салан тусгаарлаж чаджээ.


07

Литвийн хаант улс (​1918.02.16-1918.11.02)

1918 оны Брест, Летовскийн хэлэлцээрийн үр дүнд Литвын захиргааг Германы удирдлагад өгсний дараа нутгийн удирдлага тусгаар улсын статустай байхыг илүүд үзжээ. Харин Герман улсын хувьд Литвыг Прусстэй нэгтгэн Германы СССР маягийн том гүрэн байгуулах сонирхолтой байв. Ингээд Литва тусгаар тогтнолоо зарлаж, Кайзер Уилхельм II-оор удирдуулсан Германы эзэнт улсын эсрэг төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Засгийн газрын олонхийн эсэргүүцлээс үл хамааран Литвын зөвлөлийн зүгээс Уилхельм вон Урачийг хаанд өргөмжлөв.

Сонирхолтой нь шинэхэн хаан маань өөрийн улсдаа нэг ч удаа очиж байгаагүй юм. Гэхдээ тэрээр бүтэн нэг зуны турш Литва хэл сурсан байна. Энэ явдлыг Герман улсын зүгээс тэднийг өөрийн удирдагчаа сонгох эрхгүй хэмээн үзэж шахалт өгснөөр 1918 оны 11-р сарын 2-ны өдөр Засгийн газар нь татан буугдажУрачийн гүнд өгсөн саналаа буцаасан байна.


06

Бүгд найрамдах Формоза улс (​1895.05.23-1895.10.21)

Сино-Японы дайны дараа Шимоносекигийн хэлэлцээрийн дагуу Тайванийг хятадууд Японы мэдэлд өгсөн байна. Энэ нь арлын оршин суугчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ. Тэд 1895 оны 5-р сард тусгаар тогтнолоо зарлан Бүгд найрамдах Формоза ул хэмээв. Армиа цуглуулж, Тайвань руу ирсэн япончуудын эсрэг тулалдах болжээ. Формоза улс олон улсад хандан тусламж эрсэн бөгөөд Францын байлдааны хөлөг онгоц, цөөн тооны оффицерүүд ирж, удирдлагуудтай нь уулзсанаас хэтэрсэнгүй. Ийнхүү хэдхэн сарын дотор Тайвань арлынхан Японы армид бут нэрвэгдэв.

Вьетнамд францчуудын эсрэг тулалдаж байсан улсын баатар Лиу Ёонфу 20 мянган цэрэгтэйгээ тухайн үеийн нийслэл Тайнаны ойролцоо 10-р сар хүртэл байсан боловч ялагдахаа мэдээд цэргүүдээ үлдээн зугтсан байдаг. Ийнхүү Формоза арлын цэргүүд зэр зэвсгээ хаяж, япончуудад бууж өгчээ.


05

Бүгд найрамдах Эзо улс (1869.01.27-1869.06.27)

1868 онд буюу Бошины дайны төгсгөл үед Токугава шогуны армиас үлдсэн цэргүүд бууж өгөхөөс татгалзан Эзо арал буюу өнөөгийн Хоккайдо арал руу зугтсан байна. Уг арми тэндээ самурайн ёс заншлыг дээдэлсэн өөрсдийн тусгаар улсаа байгуулсан хэмээн зарлав. Хэдийгээр Эзо улсыг Британи болон Францын зүгээс хүлээн зөвшөөрсөн боловч Японы Мэйжи засгийн армид ялагдсан байна. Эзо улсын төлөө Францын армиас хэд хэдэн цэргийн коммандлагч тулалдсан байдаг.

Эзогийн арми олон ялагдал хүлээсэн ба ганцхан удаа жинхэнэ дайралт хийсэн нь АНУ-аас Японд бэлэг болгон өгсөн Котецү гэх дайны төмөр хөлгийг эзлэх оролдлого байсан юм. Гэвч энэ дайралт бүтэлгүйтэж, эзэн хааны цэргүүд самурайнуудыг бут ниргэсэн аж.

Бослогыг удирдаж байсан Эномото Такеакиг Японы Засгийн газраас гүнээ хүндэтгэн ердөө 4 жил шоронд суулгаад сулласан байдаг. Тэрээр Мэйжигийн Засгийн газарт зүтгэж, хэд хэдэн томоохон албан тушаал хашсаны нэг нь Орос дахь элчин сайдын албан тушаал байжээ.



04

Азавад (​2012.04.06-2012.07.12)

Хэдийгээр нэг ч улсаас дэмжлэг аваагүй ч Африк тивийн баруун умард хэсэгт орших Мали улсын хойд нутгийн иргэд төрийн эсрэг босч, тусгаар тогтносон улс хэмээн зарласан юм. Шариатийн хуулийг мөрддөг Исламын улс болохыг хүссэн босогчид өөрсдийгөө зэвсэглэсэн байна. Тэднийг бослогын эхэн үед нь тус улсын цэргүүд буулган авсан аж.

2012 оны 4-р сард эхэлсэн тулаан хэдхэн сар үргэлжилж, босогчид Ансого хотыг орхин зугтсан байна. Энэ үеэс хойш MLNA хэмээх нэрээр танигдаад буй босогчид Мали улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхээ мэдэгдсэн ба өөрсдийнхөө тусгаар тогтнолын талаар хэлэлцээр хийхийг оролдсоор байгаа юм. Харамсалтай нь тэдний хүсэлтийг олон улсаас эрс эсэргүүцэж байгаа тул Малитай зөвшилцөлд хүрч чадах магадлал бараг байхгүй. 


03

Бүгд найрамдах Уулын Армен улс (1921.04.26-1921.07.13)

Турк-Арменийн дайнд ялагдсаныхаа дараа Арменийн Засгийн газар Зөвлөлт Орос улстай нэгдэхийг зөвшөөрсөн байдаг. Гэвч ЗХУ-ын зүгээс Арменийн зарим хэсгийг Азербайжанд өгнө хэмээн мэдэгсэн нь нутгийн иргэдийн уурыг бадраав. 1921 оны эхэн үед тэд зөвлөлтийн эсрэг босч, 4-р сарын 26-ны өдөр тусгаар тогтнолоо зарлажээ. Тэд Ереван хотыг эзэмшиж байсан бөгөөд Зөвлөлтөөс эмээж байсан Дашнакийн Засгийн газрын гишүүд болон бусад сэхээтнүүдийг улсдаа оруулахыг хичээж байлаа. Гэвч тэдний хүсэл талаар болж, Оросын арми удалгүй иржээ. Энэхүү хувьсгал нэг талаараа амжилтанд хүрсэн бөгөөд алдагдсан газар нутгаа бүхэлд нь биш хэдий ч Армен улс эргүүлэн авч үлдэж чадсан юм.


02

Ардчилсан Йемен улс

1993 оны 8-р сард Бүгд найрамдах Йемен улсын дэд ерөнхийлөгч асан Али Салим ал Бэйд өмнөд хэсэгт орших Аден хотноо зугтан ирснээр тус улс умард, өмнөд хэсэг болон хуваагдаж, иргэний дайн дэндсэн байна. 1994 оны 4-р сард танкны дайн гарсны дараахан өмнөд нутгийн удирдлагууд Ардчилсан Йемен улсыг байгуулан тусгаар тогтнолоо зарлажээ. Энэ нэр нь 23 жилийн турш оршин тогтносон Ардчилсан Йемен ард улсаас өөр юм. Зэвсэгт мөргөлдөөн газар авахаас эмээсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гал зогсоохыг шаардаж, нөхцөл байдлыг судлахыг уриалж байлаа.

Иргэний дайн сар гаруй хугацаанд үргэлжилж, умардын арми өмнөдийг бут ниргэн 1994 оны 7-р сарын 7-ны өдөр Аденыг эзэлснээр бослого дууссан байна. 


01

Карпат-Украин (1939.03.15-1939.03.16)

Украины баруун өмнөд хошуунд үүссэн Карпат-Украин улс 1939 оны 3-р сарын 15-ны өдөр тусгаар тогтнолоо зарлажээ. Волошины засгийн газар Словакийг тусгаар тогтнолоо зарласнаас ердөө нэг өдрийн дараа тусгаар улс болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Тэр бүү хэл төрийн далбаа, төрийн дуулал, төрийн тамгыг ердөө нэг өдрийн дотор бүтээж чадсан байна.

Карпат-Украины хөрш Унгарын Засгийн газар газар нутгаа томсгох зорилгоор тусгаар тогтнолоо зарласны маргааш нь л дайран оржээ. Амиа алдахаас эмээсэн төрийн түшээд дөнгөж байгуулсан улсаа хаян зугтсан байна. Удалгүй Дэлхийн дайн болж, уг бүс нутаг Оросын мэдэлд орсон билээ.


9.4

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start