Арав.мн

Караважог суут хэмээхийн учир

Караважог суут хэмээхийн учир

Дүрслэх урлагийн түүхэнд Италийн зураач Микеланжело Меризи да Караважо (1571-1610) шиг адал, цуутай амьдрал туулсан уран бүтээлч хуруу дарам цөөхөн билээ. Тэрбээр уур омогтой, баргийн хүнтэй нийцгүй, цаг үеийнхээ хэм хэмжээг зөрчсөн хачин жигтэй, хурц тод зургуудаараа дуулиан шуугиан тарьсан “тэрслүү” этгээд байлаа. Гэхдээ түүнийг эдүгээ юуны учир бүх цаг үеийн хамгийн суут зураачдын нэгээр өргөмжилнө вэ?


10

Гэмтэн

"The Ecstasy of Saint Francis" 1595 он.

Түүний намтар цадигийг бичиглэсэн анхны хүмүүсийн нэг, Фламандын зохиолч Карель ван Мандер Караважог хоёр долоо хоногийн турш толгой өөд таталгүй ажиллаж, хэд хэдэн зураг зэрэг шахам дуусгачихаад 1-2 сарын турш архи сархад хүртэж, зодоон цохион үүсгэж явдаг байсан тухай дурдсан байдаг. Караважо XVII зууны эхний хэдэн жилд 11 удаа шүүхэд дуудагджээ. Түүний эсрэг үүсгэсэн элдэв заргын дунд ноёд түшмэдийг хэл амаар доромжилсон, нэгэн үеийн зураач, өрсөлдөгчдөдөө зориулж егөө шүлэг бичсэнээ гудамж талбайгаар тараасан, зоогийн газрын зөөгч рүү жимстэй таваг чулуудсан зэрэг хэрэг бүртгэгдсэн байв. Гэтэл тэрбээр 1606 онд нэгэн зодооны үеэр хүний амь бүрэлгэсний тул Ромоос зугтахад хүрчээ. Караважо амьдралынхаа сүүлчийн жилүүдийг тийнхүү оргож босон өнгөрөөж, 1610 оны зун Пап ламаас өршөөл эрэхээр Ром руу буцах замдаа 38 насандаа амьсгал хураасан байна.


09

“Эсэргүү” хувьсгал

The Musicians, 1597 он

Түүний зургуудын тухайд дийлэнх нь бүтээсэн эзэн шигээ “эсэргүү” шинжтэй байдаг. Саяхан Лондоны Үндэсний галерейд нээгдсэн “Караважогийн цаана” хэмээх үзэсгэлэнгийн эрхлэгч Летиция Тревесийн хэлснээр Караважогийн бүтээлүүд өнөө цагт онцын гойд санагдахгүй байж мэдэх ч XVII зууны дүрслэх урлагт үнэнхүү хувьсгал авчирчээ. Юуны түрүүнд тэрбээр модель болох хүмүүсээ тун уламжлалт бус аргаар, өөрөөр бол зүгээр л гудамжинд яваа олноос шилж сонгон шуудхан урландаа авчирч, урдаа суулган зурдаг байж. Караважогийн үеийн болон түүнээс өмнөх үеийн зураачид бодит байдлыг тийн буулгах нь элбэг байсан ч чухам түүн шиг харц доодостой нөхөрлөж, тэдний байр байдлыг эгц шулуухан нүднээ торохоор дүрсэлсэн нь үгүй аж.


08

Үл ойшоогч

Still Life with Flowers and Fruit, 1601 он

Л.Тревесийн хэлснээр Караважо дүрслэх урлагийн тогтсон дэг сургууль, уламжлагдан ирсэн эрдэм ухааныг ер ойшоодоггүй байлаа. Гудамжнаас олсон модель нь ямархуу дүр байдалтай байна, яг л тэр хэвээр нь зурдаг, жишээ нь хумс нь хиртэй байлаа гэхэд түүнийг нь ч орхигдуулдаггүй байсан нь Караважогийн онцлог юм. Энэ нь түүний амьгүй эд зүйлс, нэгэн хэвийн, хөдөлгөөнгүй үзэгдлийг хүртэл ихэд онцгойлон ажигладаг байсны илрэл байж. Шилэн саван дахь өнчин сарнай, мэлрэг цэцгийн ганц дэлбээ зэргийг туйлын хүндэтгэлтэй, бишрэнгүй сэтгэлээр дүрсэлсэн нь амьгүй юмсыг зурах нь уран зургийн хамгийн доод түвшний төрөл гэж үзэж асан цаг үеийнх нь хандлагатай эрс зөрчилдөж байлаа.


07

Гэрэл, сүүдрийн зохирол

Tooth Puller, 1609 он

Караважогийн бусдаас ялгарах удаах гол шинж нь гэрэл, сүүдрийн зохирол юм. Тэрбээр гэрлийн хүчийг хэрхэн ашиглахаа мэддэг, чухам түүгээрээ эхэлж алдаршсан тухай нь өдий төдий баримт бий. Л.Тревесийн өгүүлснээр Караважо өдрийн гэрэлд барагтай бол бийр, будаг нийлүүлдэггүй, эгц дээрээс туссан гэрлийг л зураг зурахад хамгийн тохиромжтой орчин үүсгэдэг гэж үздэг байж. Гэрэл, сүүдэр гэдэг түүний хувьд хэлбэр дүрс, орон зай үүтгэгч, өдөр тутмын эгэл борог амьдралын уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлэгч байлаа.


06

Бодитоор хүүрнэгч

Supper at Emmaus, 1602 он

Лондоны Үндэсний галерейд хадгалагдан буй “Эммаусынд барьсан оройн зоог” нэрт зургаас нь тэрхүү гэрэл, сүүдрийн ялгарал илэрхий тод харагдана. Есүс Христийг загалмайд цовдлоод удаагүй байхад, нэгэн үдэш түүний хоёр дагалдагч зоогийн ширээний ард тохой нийлүүлэн суугаа хүн нь үнэн хэрэгтээ дахин амилсан Есүс болохыг ухаарч буй агшныг уг зурагт дүрсэлжээ. Чингэхдээ гайхамшигт явдал тохиосныг сэхээрэн байгааг нь гэрэл, сүүдрийг өгүүлэн буй явдлын нэгэн хүүрнэгч болгосноор тодотгож өгсөн байна. Караважо зугтаж зайлах аргагүй бодит байдал хийгээд ер бусын театрчилсан уур амьсгал хоёрыг ийн сүлснээрээ Библийн түүхүүдийг урьд байгаагүйгээр, хэн бүхэнд ойлгогдохоор амилуулжээ. Эртний түүх домгийг өөрийн цаг үедээ авчирч, жирийн үзэгчийг хүртэл болж буй явдалд татан оролцуулах нь түүний ер бусын авьяас билиг байлаа. “Эммаусынд барьсан оройн зоог” шиг өрнүүн өгүүлэмжтэй зургуудыг ойлгож мэдрэхийн тулд шашин шүтлэг, судар номтой холбогдох учир явдлуудыг заавал мэдэх шаардлагагүй юм.



05

“Караважистууд”

The Incredulity of Saint Thomas, 1602 он

Караважо ийнхүү Италийн дүрслэх урлагийг үеийнхнээсээ урьтаж шинэчлэхтэйгээ хамт эрс шийдэмгий зургуудаа Европ даяар таниулж дөнгөжээ. Хөрөнгө чинээтэй урлагийн хорхойтнууд, эрх мэдэл, нэр нөлөө бүхий язгуур сурвалжтанууд хүртэл XVII зууны эхний хэдэн жилд түүний бүтээлүүдийг худалдаж авахаар хошуурцгаах болов. Тухайн цагт ид мандаж асан залуу зураачдаас хамгийн их танигдсан уран бүтээлчид хүртэл Караважогийн нөлөөнд илэрхий автагсад байлаа. Тухайлбал, Голландын зураач Дирк ван Бабюрен, Геррит ван Хонтхорст, Францын зураач Валантен де Булонь нарыг бүр “караважистууд” хэмээн нэрийдэж байв. Гэвч XVII зууны дунд үе гэхэд Караважогийн эрээ цээргүй арга барил нэгэнт улирч мартагджээ. Дүрслэх урлагт “эх рүүгээ эргэх” буюу сонгодог хэв маягийг эрхэмлэх үзэл дахин нэгэнтээ сэргэв. Үзэгдэл юмсыг байгаагаар нь дүрслэх Караважогоос эхтэй арга барил Рафаэль нарын дархлагдсан зураачдын сүрлэг, эрхэмсэг, бадрангуй бүтээлүүдтэй зэрэгцэх бус, харин ч тэднийг сөргөж, үгүйсгэх мэт үзэгдэх боллоо.


04

Ахин сэрсэн нь

Judith Beheading Holofernes, 1599 он

Караважогийн цуу алдар сэргэн дуурьсах хүртэл дахин гурван зуун жил өнгөрчээ. Түүний бүтээл туурвил хэр мартагдаж, үнэгүйдсэнийг “Эммаусынд барьсан оройн зоог” зураг нь бүтэн найман жилийн турш зарагдаагүйн улмаас 1839 онд Лондоны Үндэсний галерейд хүргэгдсэнээс харж болно. Тухайн үеийн Британийн нэрт шүүмжлэгч, урлаг судлаач Жон Раскин Караважог хөндий хүйтэн, бүдүүлэг, сүсэг бишрэлгүй хэмээгээд “Зөвхөн айдас хүйдэс төрүүлэм, нүгэл хилэнц хураам цочир муухай зүйлсийг л таашаадаг байсан” гэж хүртэл дүгнэжээ. Харин энэ мэт хандлага XX зууны дундуур, ялангуяа Италийн урлагийн түүхч Роберто Лонгийн санаачилгаар 1951 онд Милан хотноо зохиогдсон үзэсгэлэнгийн дараагаас сая нэг өөрчлөгдөж эхэлсэн байна. Караважогийн нэр хүнд сэргэхтэй хамт түүний урлан бүтээхүйн онцлог, давтагдашгүй хэв маяг урьдын адил бусад уран бүтээлчдэд ч нөлөөлөх боллоо.


03

Кино урлаг дахь тусгал

The Calling of St Matthew, 1600 он

Караважогийн гаргууд сайн илэрхийлж асан гэрэл, сүүдрийн төгс зохицол орчин цагийн дүрслэлийн урлагийн оргил болох кино урлаг, гэрэл зурагт ч гүн гүнзгий тусгалаа олжээ. Америкийн гэрэл зурагчин Дэвид Лашапель 1986 онд найруулагч Дерек Жарманы бүтээсэн “Караважо” киноны дүр дүрслэлүүд өөрт нь асар ихээр нөлөөлж, уран бүтээлчийнх нь хувиар цоо шинэ шатанд аваачсан тухай олонтаа өгүүлж байв. Тэрбээр Караважогийн амьдрал, уран бүтээлийг сонирхон судлах явцдаа түүнийг хулгайч, биеэ үнэлэгчидтэй хүртэл нөхөрлөж, хөргийг нь зурж өгдөг байсныг олж мэджээ. Д.Лашапелийн “Миний анд Есүс” хэмээх гэрэл зургийн цуврал цомог бүхэлдээ өдөр тутмын хувцастай, гудамжаар алхаж яваа жирийн хүмүүсийн хөргөөс бүтсэн нь чухамдаа Караважогийн шууд тусгал байлаа.

Нэрт кино найруулагч Мартин Скорсезе ч мөн Караважог хүндэлж биширдэг. Эндрю Грэм-Диксоны “Караважо: Ариун хийгээд нүгэлт амьдрал” номд эшилснээр тэрбээр “Караважогийн зургууд яг л нүүрэн дундуур буулгаад авах шиг хүчтэй байдаг. Дундад зууны үеийн зураачдаас зөвхөн тэр л киноных шиг тавилттай бүтээлүүд туурвисан. Караважо агуу найруулагч болох байсан нь маргаангүй” хэмээжээ. М.Скорсезе 1973 оны “Хэрцгий гудамж” киногоо суут зураачийн бүтээлүүдээс санаа авч баяжуулснаа нуудаггүй. Ром дахь Сан-Луижи-деи-Франчези сүмийн доторх Контареллийн цогчин дуганы ханан дээрх Караважогийн “Матфейн дуудлага” нэрт бүтээл “Хэрцгий гудамж” дахь уушийн газартай кадруудын эх загвар болжээ. Борог амьдралын буулганд нухлагдсан эгэл жир хүмүүс, мөнөөхөн гудамжаар хэрэн хэсүүчлэгчдийг онцгой дүр болгон тодотгосноороо М.Скорсезе Караважод хүндэтгэл үзүүлсэн хэрэг.


02

Үл тасрах нөлөө

Saint Jerome Writing, 1605-1606 он

Дүрслэх урлагийнхан ч Караважогийн нөлөөнд дахин автаж эхлэв. Британийн зураач Мэт Коллишоу хоёр жилийн өмнө Ром хотноо “Хар толь” нэртэй үзэсгэлэнгээ гаргажээ. Үзэсгэлэнд тавигдсан бүх зураг ирмэг хүрээндээ толь бүхий хар жаазтай байсан нь хэн бүхэнд Караважогийн зургуудыг санагдуулам байлаа. М.Коллишоу толинд туссан дүрс бүхэн Караважогийн зураг адил үргэлжид нэхэн санагдахаар мартагдашгүй дүр зураг бүтээсэн тухай, эл шийдэл нь түүний эгэл, дорд хүмүүсийг өрнөдийн дүрслэх урлагийн шүтээн дүр болгон тодотгосон үйл хэргийг бахдан тэмдэглэсэн талаар тайлбарласан байна. Тэрбээр Караважог XXI зууны уран бүтээлчдэд нэн хамаатай, Дундад зууны үеийн цор ганц зураач гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Адармаатай, адал цуутай амьдралаараа цаг үедээ танигдсан энэ зураачийн суу билиг нь чухамдаа үл тасрах хүч, нөлөөнд нь оршиж буй гэдэгт М.Коллишоу бат нот итгэдэг.


01

Нүүрэн дундуур дэлсэгч

The beheading of St. John the Baptist, 1608 он

“Караважо бол намтар, уран бүтээлийнх нь талаар ном зохиолоос уншиж мэдэх шаардлагагүй, зургаас нь авьяас билиг, ааш араншин нь шууд танигддаг зураач. Түүний үед энгийн ард сүм хийдэд тэр бүр очдоггүй байсан. Харин тэдний зорьж, тэмүүлж байсан бурханд ойртох замыг Караважо зургаараа дөтөлж, хэнд ч ойлгогдох хэлээр харгис үнэнийг магтан дуулсан. Амьдралын хатуу үнэнийг хөлтэй зүйрлэвээс Караважо тэр л халтар, саарьтай хөлийг олны нүдэн дээр нүцгэлж, бүр заримынх нь нүүрэн дундуур дэлсээд авсан хэрэг. Тийм ч болохоор түүний зургууд одоог хүртэл нэн шинэ, гайхмаар үнэн санагддаг биз ээ” хэмээн М.Коллишоу ярилаа.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start