Арав.мн

Сэргэн мандалтын үеийн алдарт уран зургууд

Сэргэн мандалтын үеийн алдарт уран зургууд

Сэргэн мандалт нь 13-р зууны сүүл үеийн Флоренцоос үүсэлтэй гэдгийг ихэнх түүхчид хүлээн зөвшөөрдөг ба Данте Алигери (1265-1321), Франческо Петрарка (1304-1375) нарын зохиолууд, Жиотто ди Бондоне (1267-1337)–ийн уран зураг нь сэргэн мандалтын үеийн гол төлөөлөл юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эрдэмтэд, уран барилгачид, зураачид, зохиолчид зэрэг хүмүүс хоорондын өрсөлдөөний үр дүнд сэргэн мандалт хэмээх ойлголт бүхий л салбарт бий болсон гэж үздэг.


10

Зар. 216*321см. 1450 он. /Annunciation, Fra Angelico/

Италийн Флоренц хотоос гаралтай зураач Беато Анжеликогийн хамгийн алдартай энэ бүтээл одоо төрөлх хотынх нь Гэгээн Маркогийн сүмд хадгалагддаг. Тэрээр Медичигийн гэр бүлийн захиалгаар Флоренцод ажиллаж байгаад хожим нь дөрөвдүгээр Пап ламын урилгаар Ватиканд мөн очиж ажиллажээ. Сүмийн дотуур байр руу орох хэсэгт буюу нэг давхрын шатны дээр байрлах энэ зурагны эргэн тойрныг гэрэл багатай байхаар зориуд бэлтгэж байв. Учир нь гэрэл ихтэй, гэгээлэг өнгө давамгайлсан зурагнуудыг гоёл чимэглэлийн зориулалтаар харин бараан өнгө голлосон зурагнуудыг мөргөлчдөд зориулан байршуулдаг байж.
Гоёмсог далавчтай сахиусан тэнгэр Габриел нэгэн чухал зар хүргэхээр иржээ. Мариа удахгүй Есүсийн ээж болох учиртай гэнэ. Зөв зохицол бүхий архетиктурын шийдэл сүмийн барилгыг санагдуулж, харин цаана байх ногоон цэцэрлэг Мариагийн ариун онгон байдлыг харуулна. Анжелико ихэвчлэн хөх, улаан, алтлаг өнгө ашигладаг байсныг энэ зургаас мөн харж болно. Тухайн үед хөх өнгийн будаг их ховор байсан тул энэ өнгөтэй зураг нь зураачийн, эсвэл зураг захиалагчийн бэл бэнчинг бас харуулдаг байж. Тиймээс Медичийн гэр бүлийнхний хүсэлтээр бүтсэн энэ зурагт хөх өнгө Мариагийн хувцсыг чимжээ.


09

Венера мэндэлсэн нь. 172,5*278см. 1484-1486он. /The Birth of Venus, Botticelli/

“Сэргэн мандалт” дэлгэрэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн хүмүүс бол Флоренц хотын Медичи хэмээх язгууртан гэр бүл юм. Тэдний гэр бүлийнхэнтэй хамгийн ойр дотно зураач нь Сандро Боттичелли байжээ. Боттичелли бол эртний, сонгодог үлгэр домгийн дүрүүдийг бүтээлдээ буулгаж байсан анхны уран бүтээлчдийн нэг. Мөн зотон даавуун дээр бүтээлээ туурвиж эхлэгсдийн нэг билээ. Тэр үеийн зураачид ихэвчлэн модон дээр зурдаг байж. Зотон даавуу модноос хямдхан тул чамирхах дуртай ихэнх хүмүүсийн хувьд төдий л хүндтэй эд биш байв. Тиймээс олон нийтэд үзүүлэх, тусгай ач холбогдол бүхий бүтээлүүдийг зотон дээр зурахаас татгалздаг байлаа. Гэвч үнэ хямд гэдэг нь давуу тал ч бас болж, мөн чийг ихтэй газарт модон материал гажиж, мурийдгаас болоод зотонгийн хэрэглээ газар авч эхлэв.
Боттичеллигийн хамгийн алдартай энэ бүтээл одоо Флоренц хотын Уффицигийн галлерейд бий. Далайн хөөснөөс төрсөн гэж Хомерын найраглалд дүрслэгддэг хайрын бурхан Венера хясаан дээр гантиган баримал мэт зогсоно. Сахиусан тэнгэр, усны дагина нар салхи гарган үлээж Венераг эрэг рүү ойртуулахад, өөр нэгэн дагина түүнд цэцэгт нөмрөг өгөхөөр бэлдсэн байна. Сэргэн мандалт дөнгөж эхэлж байсан, урлагийн ертөнцөд шашны нөлөө хүчтэй оршсоор байсан үеийн зураг гэхэд Венераг нүцгэн зурсан нь ихээхэн зоригтой үйлдэл гэж зарим судлаачид үздэг.


08

Сүүлчийн оройн зоог. 460*880см. 1495–1497он /The Last Supper, Leonardo Da Vinci/

Милан хотын гэгээн Мариагийн сүмд байх энэ зургийг Леонардо Да Винчи алдарт Жокондагаасаа хэдхэн жилийн өмнө зуржээ. Энэ зургийн мэдэгдэж буй хоёр хувилбар байдаг бөгөөд хоёуланг нь Да Винчигийн шавь, туслах нар зурсан юм.
Цовдлуулахынхаа өмнөхөн Есүс арван хоёр дагагчын хамт оройн зоог барьж сууна. Да Винчийн сонгож дүрсэлсэн яг энэ мөч бол энэ оройн хамгийн түгшүүртэй үе юм. “Тун удахгүй та нарын нэг нь намайг хуурах нь” гэж ширээний голд суугаа Есүс хэлнэ. Түүний үгийг сонссон дагагчдынх нь царай гайхширсан, уурласан, сандарсан байдалтай байна. Анзаарч харвал энэ зурагт гурван цонх харагдах ба Есүсийн итгэлт дагагчдыг Да Винчи гурав гурваар нь ойролцоо суулган дүрсэлжээ. Ингэснээр голд суугаа Есүс зургийг харж буй үзэгчийн анхаарлыг хамгийн түрүүнд татна. Харин урвагч бол Есүсийн баруун гар талд суусан ногоон, хөх өнгийн хувцастай Judas хэмээх дагагч нь юм. Тэрээр жижиг цүнх авч яваа нь тод харагдах ба урвасныхаа төлөөс болох мөнгөн гулдмайг авч яваагаар гардаг түүхийг нь санагдуулна. Бас тэрээр зурагт буй бүх л хүмүүсээс хамгийн доод шугаманд харагдаж байна.


07

Сикстиний сүмийн ханан дах зураг. 1536-1541 он. /The Last Judgment, Michelangelo/

Тосканогийн уугуул уран барималч, зураач Микеланжело Буанарротти Медичийн гэр бүлд ажиллаж мөн Пап ламын захиалгаар Ватиканд бүтээл туурвиж байжээ. Дөрөв илүүтэй жилийн хөдөлмөр нь шингэсэн энэ том бүтээл одоо Ватикан хотын хамгийн үзүүштэй зүйлсийн нэг юм. Гадна талаасаа гоёмсог, чамин чимэглэл байхгүй энгийн даруухан харагдах энэ дуганд шинэ Пап ламыг сонгох ёслол болдог. Дуганы дээд давхарт байх яндангаас цагаан утаа гарвал шинэ Пап сонгогдсон гэсэн дохио. Харин хар өнгийн утаа гарвал шинэ Пап ламыг сонгоогүй буюу нэр дэвшигчдийн хэн нь ч нийт гишүүдийн гуравны хоёроос дээших саналыг аваагүй гэсэн үг ажээ.
Гэхдээ л энэ дуганыг хамгийн ихээр алдаршуулсан зүйл бол Микеланжелогийн бүтээл юм. Таазан дээрх есөн хэсэг үзэгдэл бүхий зургуудын нэгт хүн бүрийн мэддэг “Адамыг бүтээсэн нь” хэмээх зураг орно. Харин ханан дээр нь 13.7х12 метрийн хэмжээтэй энэ зураг бий.


06

Афины сургууль. 500*770см. 1509–1511 он. /The school of Athens, Raphael/

XVIII-XIX зууны үед зураач Раффаел Санциогийн нэр алдар Да Винчи, Микеланжело нарынхаас ч илүү байжээ. Пап лам хоёрдугаар Жиулиогийн номын санд зориулж Раффаел хэд хэдэн цуврал зурж байсны нэг нь энэ зураг юм. 
Зургийн төв хэсэгт цагаан сахалтай Платон, Аристотелийн хамт алхах бөгөөд философичдын сууж буй энэ сүрлэг танхимын тааз Ватикан дах Гэгээн Петрийн сүмийг санагдуулам. Раффаел өөрөө архитектур байсан учир энэ детальд их анхаарсан бололтой. Голын хэсэгт байх хагас цухуйсан аркны хажууд Рафаел эртний Грекийн хоёр бурхныг дүрсэлжээ. Зүүн гар талд лир барьсан Аполло бурхан, харин баруун талд нь цэцэн мэргэний бэлгэдэл болсон Афина бурхны баримал тус тус харагдана.
Өөр өөр цаг үед амьдарч байсан философич, математикч, агуу сэтгэгчдийг зураач нэг дээвэр дор дүрсэлсэн нь бас их сонирхолтой. Өрнийн сэтгэлгээний суурийг тавьсан гэгддэг Платон, Аристотель нарыг хамтад нь харуулсан боловч нэг нь гараа дээш зангасан, нөгөө нь доош харуулсан байдлаар тэдний үзэл санааны ялгаатай байдлыг илтгэжээ.


05

Урбиногийн Венера. 119*165см. 1534 он. / The Venus of Urbino, Tiziano/

Мөн л Флоренц дах Уффицигийн галлерейд буй энэ зураг Венеци хотын алдарт зураач Тицианы бүтээл юм. Урбиногийн ван гэрлээд удаагүй эхнэртээ зориулж анх захиалсан гэгддэг энэ зурагт эрээ цээргүй мэт харц, эротик байдал багагүй шингэснийг харахад анхнаасаа олон нийтэд үзүүлэхээр зураагүй байх гэлтэй. Энэ зургийг дагасан цөөнгүй маргаан байдгийн нэг нь Венераг хэтэрхий задгай гэмээр дүрсэлсэнтэй холбоотой юм. Үнэхээр л нүцгэн биеийг нь хаах гивлүүр ч үгүй, цоо ширтэх харцтай энэ гоо үзэсгэлэнт эмэгтэй дурлалын бурхан Венера эсэхэд эргэлзмээр.
Баруун гартаа цэцэг атгасан дагинын цаахан талд хэвтэх нохой, хувцас сэлтийг нь янзалж буй бололтой хоёр шивэгчин, тэдний байх элдэв чимэглэлгүй өрөө гээд энэ зураг магад зарим судлаачдын бичдэгээр жирийн амьдралд хамгийн ихээр ойртож ирсэн Венера дагиныг харуулжээ. Гэвч Венераг зурсан өөр бусад зургуудыг бодвол энэ зурагт буй дурлалын бурхан үзэгчийн анхаарлыг эрхгүй татах онцгой ховсч нүдтэй билээ.


04

Вертумнус, Хоёрдугаар Родолф. 70,5*57,5см. 1591 он /Vertumnus, Arcimboldo/

Их сэргэн мандалтын үед үүссэн урсгал болох маннерист стилийн зураач Арчимболдо тухайн цаг үеийнхээ хамгийн этгээд уран бүтээлчдийн нэг байв. Милан хотод төрж, хожим Прагад ажиллаж, амьдарч байсан түүний энэ бүтээл одоо Шведэд бий. Арчимболдогийн зургуудыг хаанаас ч таньж болох нэг содон тэмдэг бол хөрөг зурагт нь дүрслэгдсэн хүмүүсийн толгой, бие нь тэр чигтээ жимс, ногоо бусад эд зүйлсээс бүрдсэн байдаг.
Энэ зургийн деталиуд зүгээр л цэцэг жимс шиг бодит харагдана. Гэтэл ерөнхийд нь ажиглаж харваас Унгар-Хорватын эзэн хаан хоёрдугаар Рудолфын дүр ч юм шиг, эсвэл тариаланчдын тахидаг байсан өөр дүрд хувирах шидтэй, латин бурхан
Вертумнус ч юм шиг.
Хоёрдугаар Рудолфын хаанчлалын үед ард олны амьдрал элбэг хангалуун байсан учир түүний хөргийг Арчимболдо ийм байдлаар зуржээ гэдэг таамаг ч бас байдаг. Харин одоо харахад Рудолф хааны дүрийг хоёр янзаар зурсан нь өөр учиртай мэт санагдана. Учир нь Хоёрдугаар Рудолфын үед Прага хот Европын урлаг, шинжлэх ухааны нэгэн төв болж хөгжиж байсан боловч мөн түүний буруугаас ихээхэн шалтгаалж “Гучин жилийн дайн” эхэлсэн гэгддэг. 1618-1648 оны хооронд үргэлжилсэн энэ дайн анхандаа шашны зөрчлөөр эхэлсэн ч сүүлдээ улс төрийн маргаантай талууд оролцож, европ тив найман сая иргэнээ алджээ.


03

Арнолфи нарын хөрөг. 82*60см. 1434 он. /Arnolfini Portrait, Jan Van Eyck/

Зураач Ян Ван Эекийг тосон будгийг бүтээсэн гэж зарим хүмүүс үздэг ч тэрээр энэ техникийг анх түрүүн ашиглаж дадсан уран бүтээлчдийн л нэг байв. Гэрэл болон гялалзах мэт тод байдлыг түүний бараг бүх зургуудаас харж болно. Зурагт буй эд зүйлс, хүмүүсийн хөдөлгөөн, амьтад зураачийн үзэгчидтэй ярилцах хэл болох нь бий.
Ян Ван Эекийн хамгийн ихээр яригддаг энэ зургийг олон өөр янзаар тайлбарладаг. Энэ зурагт шинэхэн гэрлэсэн хосууд, эсвэл гэрлэх ёслолоо хийхээр саяхан шийдсэн хосуудыг харуулсан бололтой. Эмэгтэй жирэмсэн мэт харагдах ч энэ нь зүгээр л тэр үеийн хувцаслалтын нэг хэлбэр аж. Харин хос хоёрын голд байх жижигхэн хав тэдний хооронд буй үнэнч ариун сэтгэлийг, эсвэл тэдний хүүхэдтэй болох хүслийг харуулна. Хувцас сэлтээс нь хараад тэднийг язгууртан гэр бүлээс гаралтай хосууд юм гэж дүгнэмээр боловч бүсгүй тэр үеийн баячуудын жишгээр гоёл чимэглэл, үнэт эдлэл бараг зүүгээгүй нь сонин.


02

Улаан цэцэгсийн найр. 162*194,5. 1506 он / Feast of the Rose Garlands by Albrecht Dürer /

Нуремберг хотод төрж өссөн зураач Dürer-ийн энэ зураг одоо Прага хотын үндэсний галлерейд хадгалагддаг. Анхлан Италид хөл тавьсан хойд европ уран бүтээлчдийн нэг байсан Dürer-ийн зургуудад шашны үзэл санаа бүхий олон бүтээл бий. 1505 онд Италид хоёр дох удаагаа ирэхдээ тэрээр Венеци хотноо суурьшжээ. Тухайн үед цагаачид, худалдаачид тэргүүтэй олон Германчууд Венецид амьдарч байв. Тэдний хүсэлтээр бүтсэн энэ зураг хожим 1606 оныг хүртэл Гэгээн Бартолеомогийн сүмийн шүтээний танхимд заларч байжээ. Готик хэв маягаас Сэргэн мандалтын хэв маяг руу хэмээх шилжилтийн үеийн энэ зургаа өөрийнх нь хамгийн сайн бүтээл гэдэгтэй зураач өөрөө ч бас санал нийлдэг байж.
Шүтээний өмнөх суудалдаа заларсан Гэгээн Мариа хүүгээ тэврэн сууж, түүний дээхнэ сахиусан тэнгэрүүд ниснэ. Мөн түүний өмнө Пап лам хоёрдугаар Жулио эзэн хаан нэгдүгээр Максимиллиан нар өвдөг сөгдөн суусан байна. Зурагт буй хамгийн сонирхолтой нэг зүйл бол зураач өөрийгөө зурсан нь юм. Севилийн Велазкюз шиг өөрийгөө зургийн гол дүрүүдтэй зэрэгцүүлж, эсвэл шадар цэргийн хувцастай зурсангүй. Харин баруун эгнээний хамгийн цаад өнцөгт даруу байдлаар дүрсэлжээ.


01

Цасан дундах анчид. 117*162см. 1565он /The Hunters in the Snow, Pieter Bruegel the Elder/

Сэргэн мандалтын үед Дани болон Фламандын орнуудын авьяаслаг уран бүтээлчдийн нэг нь зураач Bruegel байлаа. Хожим түүний гэр бүлээс гаралтай олон зураачдаас ялгахын тулд Bruegel-г “тариачин” Bruegel гэж дууддаг байжээ. Итали руу явсан аяллынхаа дараа тэр Бельги улсын Антверп хотод суурьшиж хэвлэлийн компанид зураач, дизайнераар ажиллаж байв. Нас барахынхаа өмнөх хэдэн жилд тэрээр өөрийг нь алдарт хүргэсэн шилмэл бүтээлүүдээ туурвин үлдээжээ.
Түүний улирал, байгалийг дүрслэх энгийн хэрнээ бусдаас онцгой байдлыг энэ зургаас харж болно. Өндөр уулсын дундах цасанд дарагдсан жижиг суурин үлгэрийн мэт харагдах ч эрхгүй хүйтэн өвлийг санагдуулна. Наад талаас захлан алслах бараан өнгөтэй нүцгэрсэн модод цастай уулаас ч илүү хүйтэн уур амьсгал бүрдүүлж, моддын дундуур нохдоо дагуулж, зэвсгээ агссан анчид хотыг чиглэн алхах нь урт аянаас харьж ирж буй бололтой. Гэвчиг бүх юм зогссон мэт энэ байдлыг мөсөн дээр байх хүмүүс, тэнгэрт нисэж буй ганц шувуу амь оруулах шиг.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start