Арав.мн

“Сар”-ыг хулгайлсан түүх

“Сар”-ыг хулгайлсан түүх

АНУ-ын Тагнуулын төв газрын нэгэн ажилтан ачааны тэрэгний аварга том жолоотой ноцолдон, арайхийн мушгисаар хогийн цэг шиг харагдах аруу таруухан байрласан хэдэн ундуй сундуй байгууламж бүхий модон хашаа руу орлоо. Аахилж уухилах хөдөлгүүр намжмагц ачааны тэрэгнээс хэдэн эр ухасхийн гарч, гудамжны муур шиг шалмаг гэгч нь мярж гэтсээр машины араар тойрч, чингэлэг дотор оров оо. Үүнийг та ямар нэг адал явдалт киноны хэсэг гэж бодуузай. Энэ бол нэгэн цагт болж өнгөрсөн бодит явдлын зураглал юм. Америкийн тусгай албаныхан ЗХУ-ын сансар судлалын хөтөлбөрийн хамгийн чухаг технологийн нэгийг чухам ингэж хулгайлжээ. Арай эелдгээр хэлбэл “түрээсэлсэн” гэж болно. Тэр нь “Луна” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн, хоёр их гүрний дунд ид хурцдаад байсан сансар огторгуйг эзэмшихийн төлөөх ширүүхэн өрсөлдөөнд голлох үүрэг гүйцэтгэсэн хиймэл дагуул байлаа


10

“Бохир” ажил

Амин чухал зүйлээ хамар дороосоо алдсанаа Зөвлөлтийн тал огт мэдээгүй гэдэг. Энэ талаар америкчууд хүртэл дуулсан удаагүй. Харин нууцлалын хугацаа нь дууссан гэх шалтгаанаар 2014 онд Нэгдсэн улсын Тагнуулын төв газраас задруулсан хуучны баримт дунд энэ тухай дурдсан байна. Уг явдал Америкийн ахлах, дунд сургуулийн тэвхийсэн зузаан түүхийн сурах бичигт байх, америкчууд хэр аугаа үндэстэн болох тухай, эсвэл саран дээр хүний мөр анхлан гаргаснаараа Америкийн ард түмэн дайснаа хэрхэн “баатарлаг”-аар дарж, нэр хүндийг нь шавар шавхайтай хутгасан тухай түүх яавч биш. Энэ түүх авцалдаагүй, утга учиргүй, хөгийн болхи явдлаар дүүрэн. Саран дээр цөмийн зэвсэг байрлуулах гэсэн тэнэг санаа ч үүн дээр нэмэгдэнэ.

Саран дээр хүн буулгах хөтөлбөр Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн 1962 онд хэлсэн “Арван жилийн дотор сар луу хүн тээсэн сансрын хөлөг илгээнэ” гэсэн үгээс эхтэй юм. Өнгөц дүгнэхэд, америкчууд хэлсэндээ хүрдэг болохоо харуулж, үүнээс найман жилийн дараа үнэхээр ч сар луу хүн илгээсэн агаад гариг дэлхийгээс гаднах сансрын биетэд хөл тавьсан анхны хүн болох Нил Армстронг “Эгэл хүний хувьд ганц алхам бол хүн төрөлхтний хувьд маш том үсрэлт боллоо” хэмээх алдарт үгээ саран дээрээс хэлсэн билээ. Харин Жорж Вашингтоны их сургууль дахь Үндэсний аюулгүй байдлын албаны архиваас 2014 оны долдугаар сард дэлгэсэн материалуудыг үзвэл энэ бүхэн туйлын бохир, маш эрсдэлтэй хийгджээ. 


09

Хармын сэтгэл


Сарыг эзэгнэх америкчуудын төсөл, хөтөлбөрийн олонхыг Нэгдсэн улсын Зэвсэгт хүчин боловсруулж байлаа. Тэд саран дээр цэргийн нууц бааз байгуулж, цөмийн зэвсэг хадгална гэж хүртэл төлөвлөөд байж. Хүйтэн дайны үед саранд түрүүлж хүрнэ гэдэг зөвхөн шинжлэх ухаан, үндэсний бахархалтай холбоотой асуудал биш байв. Харин үнэ өртөг ихтэй, ихээхэн “зунгааралдсан”өрсөлдөөнд цэрэг армийн давуу тал олохзорилготой байжээ.

Америкчууд сар болон сансар судлалын асуудалд бүр дэлхийн II дайны дараагаас “харам”-ын сэтгэлээр хандаж иржээ. Өшөө авалтын зэвсэг хэмээн германчуудын нэрлэсэн V-2 хэмээх пуужингийн талаарх мэдээлэл ил болохтой зэрэгцэн тэд сансарт “дурласан” байна. Шингэн тэсрэгч бүхий тэрхүү зэвсэг задгай сансарт гарахад биш, харин агаар мандлын бараг гуравны хоёрыг туулж, ойролцоогоор 80 км өндөрт хөөрөн Германы нутгаас Европын бараг бүх улсад хүрч тусахад зориулагдсан баллистик пуужин байлаа. Энэ нь агаар мандлыг нэвтлэн, сансрын уудамд гарах зэвсэг бүтээж болох юм гэсэн сэдлийг америкчуудад төрүүлжээ. Үүгээр зогсохгүй тийм зүйл бүтээх анхны улс нь Америк байх ёстой, тиймээс сансрыг “харамлах” нь зөв гэсэн бодлогынх нь үндэс суурь болсон байна.

Дээд агаар мандлыг судлах, пуужингийн технологид суурилсан ажиллагаа явуулах хоёр ч тусгай албыг Америкийн Зэвсэгт хүчин 1948 он гэхэд байгуулаад байлаа. Нэг нь Агаарын хүчний дэргэдэх Кэмбрижийн судалгааны төв бол нөгөө нь Тэнгисийн хүчний дэргэдэх судалгааны лаборатори нэртэй. Харамсалтай нь, эдгээрийн аль аль нь Зэвсэгт хүчний харьяанд байх судалгааны төвүүд хоорондын “тэмцэл”-д ялагдан, шахагдсан байна. 


08

Энэ зуур оросууд...

Харин энэ зуур нацистуудын пуужингийн талаар хангалттай их мэдээлэл цуглуулаад байсан Зөвлөлтийн эрх баригчид V-2 болон SS-6 загварын баллистик пуужингаас санаа авч, өөрсдийн пуужинг зохион бүтээсний зэрэгцээ сансрын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. 1950-иад оны сүүлч гэхэд тэд хэдийн “Луна” хөтөлбөрийн хүрээнд Сибирийн алс бөглүүд нутгаас пуужин туршиж байжээ. Гэхдээ эхний оролдлогууд амжилтгүй болсныг оросууд чандлан нууцалсан байна.


07

Мадлуулсан нь

АНУ, ЗХУ-ын албаныхан 1957 оны аравдугаар сарын 4-нд сансар судлалын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нэгэн чуулга уулзалтын үеэр Вашингтон дахь Америкийн Үндэсний шинжлэх ухааны академид уулзсан гэдэг. Ричард Портероор ахлуулсан Америкийн төлөөлөгчид оросуудаас сансрын хөтөлбөрийнх нь талаар мэдээлэл салгахыг зорьж байв. Тагнуулын төв газрын саяхныг хүртэл нууцалж байсан нэгэн мэдээнд дурдсанаар Портер нарын албаныхан бүр хөндлөнгийн хүмүүс өмнөөс нь санаа зовтол оросуудыг шалжээ. Харин цаадуул нь сансрын хөтөлбөрийнхөө талаар нэг ч үг унагасангүй. Америкчууд уулзалтаас ялигүй цухалдсан ч ихээхэн маадгар гарч ирэв. Оросууд өөрсдөд нь ихэрхэж, пуужингаа гайхуулаагүй нь “Тэдний пуужин хөөргөх ажиллагаа одоогоор амжилт олоогүй” гэсэн тагнуулчдынх нь дамжуулсан мэдээ үнэн юм байна гэж Портерийг бодоход хүргэжээ. Тэр оройгоо Портер нарын Америкийн сансар судлалын салбарынхан Зөвлөлтийн ЭСЯ-нд болсон хүлээн авалтад оролцов. Харин үдэшлэг ид дундаа өрнөж байтал Пентагоноос түүнтэй холбогдож, оросууд дэлхийн хамгийн анхны сансрын хиймэл дагуул болох “Спутник-1”-ээ амжилттай хөөргөснийг дуулгах нь тэр ээ. 


06

Спутникийн хямрал

Америкийн улс төрд Спутникийн хямрал гэгдсэн тодорхойгүй, түгшүүртэй байдал үүсэв. Сарыг уг нь улс төр, цэрэг армийн бус зорилгоор эзэмшинэ гэж хамгийн их ухуулсан нь америкчууд. Гэтэл зөвлөлтийнхөнд муухай “мэхлүүлсэн”-ээсээ болж сансрын уудамд зэвсэг гаргахад л сарыг ашиглах нь зүйтэй гэсэн санал албаны хүмүүсийнх нь дунд давамгайлах болжээ. Ялангуяа “Тэнгэрийн хаяа” хөтөлбөр нь чухам ийм зорилготой байв. Стратегичид чсаран дээр аль улсын хөлөг түрүүлж бууна, тэр улс л дэлхийн цор ганц дагуулыг эзэмшинэ гэж ярьж байлаа. “Тэнгэрийн хаяа” хөтөлбөрт саран дээр цэргийн бааз байгуулах тухай онцгойлон тусгаж. Тэр нь сансар дахь Америкийн эрх ашгийг хамгаалах, дэлхийн аюулгүй байдлыг гаднаас нь буюу сансрын уудмаас хянах, дэлхийгээс ирэх гэрэл цахилгааныг сар луу “дамжуулж”, түүнийг харилцаа холбооны хэрэгсэл болгон ашиглах зэрэг хэд хэдэн үндсэн зорилготой байх байв. Гэхдээ далд зорилго нь тэнд цөмийн зэвсэг хадгалах байлаа. Энэ ажлын эхлэл болгож, Америкийн Зэвсэгт хүчин 1964 оны сүүлч гэхэд “Сатурн” нэртэй хиймэл дагуулаа дор хаяж 74 удаа хөөргөж үзэх зорилт тавьжээ.

Нэгэн цагт нууцын зэрэглэлтэй байгаад одоо түүх болсон “Тэнгэрийн хаяа” хөтөлбөрт дурдсанаар саран дээр бааз байгуулахад шаардагдах эд материалыг тээсэн анхны хиймэл дагуул дэлхийгээс 1965 оны нэгдүгээр сар гэхэд хөөрч, гурван сарын дараа хоёр нисгэгчтэй хөлөг саран дээр буух байв. Харин бааз барих ажил тэр даруйд эхэлж, 1966 оны арваннэгдүгээр сар гэхэд армийн 12 албан хаагч байршиж болох бааз ашиглалтад орох байлаа. Зэвсэгт хүчнийхний тооцоогоор энэ бүхэнд дор хаяж зургаан тэрбум ам.доллар шаардлагатай байжээ. Энэ нь хиймэл дагуул хөөргөх гэсэн бүтэл муутайхан хэд хэдэн оролдлогоос гадна уг бааз байгуулагдаагүйн нэг шалтгаан юм.


05

“Сарыг ч бөмбөгдөнө”

Саран дээр бааз байгуулна хэмээн армийнхныг улайрч байх хооронд Америкийн Агаарын хүчнийхэн бүр ч их зүйлд санаархаж байсан нь сарыг бүхлээр нь цөмийн зэвсэгжүүлэх байв. Нью Мексико муж дахь Нэгдсэн улсын Агаарын хүчний тусгай зэвсгийн төвийн шинжээчид саран дээр юм уу, эсвэл сарны ойролцоо цөмийн бөмбөг туршихыг хүртэл санал болгожээ. Энэ нь саран дээр газар хөдлөлт үүсгэж, сансрын уудам дахь уур амьсгалын өөрчлөлтийг судлах боломж олгохоос гадна “Америкчууд сарыг хүртэл бөмбөгдөж чадна” гэдгийг дэлхий нийтэд харуулах зорилготой байв. Гэхдээ ийм үйлдэл олон улсын харилцаанд таагүй нөхцөл байдал үүсгэнэ гэдгийг америкчууд тооцоолж байлаа. Харин тэднийг бодит байдлаас хол хөндий, иймэрхүү бүтэшгүй мөрөөдөлд автаж байх зуур зөвлөлтийнхөн арай ирээдүйтэй, үр өгөөжтэй зүйлс хийсэн байх юм.


04

Ард хоцров

Америкийн Зэвсэгт хүчин саран дээр бааз байгуулж, цөмийн зэвсэг аваачих тухай хөтөлбөрөө боловсруулж дууссанаас жилийн дараа буюу 1960 оны аравдугаар сард тухайн үедээ хамгийн хүнд, хамгийн томд тооцогдох хоёр ч биетийг оросууд сансрын уудамд гаргасныг америк тагнуулчид олж мэджээ. Тус бүртээ дөрвөн тийрэлтэт хөдөлгүүртэй тэр хоёр пуужинг бүр зэрэгцүүлэн хөөргөснийг мэдээд америкчууд золтой л галзуурчихсангүй. Тагнуулын төв газар мэдээллийн эрэлд гарч, Зөвлөлтийн пуужингуудын хөөрсөн цэг, хурд, чиглэл зэргийг тандав. Тэгэх зуураа оросууд Ангараг руу хүртэл хиймэл дагуул илгээхээр ажиллаж байгааг задруулж дөнгөсөн байна. Энэ төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн ч оросууд удалгүй Сугар гариг руу мөн хиймэл дагуул хөөргөхөөр ажиллажээ. Тэд хоёр дахь оролдлогоороо Сугарыг зорих хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд оруулсан агаад тэр нь дэлхийг бараг нэг бүтэн тойроод, татах хүчээс гэнэт “сугарсан” эрчээрээ цааш аяллаа үргэлжлүүлсэн байна. Энэ нь дэлхийн татах хүчийг анх удаа ашигласан явдал юм. Үүнээс америкчууд тэр дор нь “будаа идэж” пуужин, хиймэл дагуул зэргийнхээ хүчийг таталцлын хуулиар тооцоолох болов.


03

Аминд орсон үзэсгэлэн

Ингээд 1960-аад оны эхээр хөнгөн хуумгай төсөл хөтөлбөр, тагнуулын тааруухан ажиллагаанаасаа болж оросуудын ард хоцорсон америкчууд Зөвлөлтийн “Луна” хиймэл дагуулыг нэг сайн хараад авахсан гэж бодох боллоо. Нэгдсэн улсын Тагнуулын төв газрынхан яг тэр үеэр аж үйлдвэр болоод эдийн засгийн салбарын ололт, амжилтаа зөвлөлтийнхөн олон улсад сурталчилж, явуулын техникийн үзэсгэлэн гаргаж байгааг олж мэджээ. Үзэсгэлэнд хүнд машин мехнанизм, цахилгаан станцын тоног төхөөрөмж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг техник технологиос эхлээд “Спутник”, “Луна” хиймэл дагуулын загварууд хүртэл бий гэсэн мэдээ тэдэнд ирсэн байна.

“Луна” нь мөн ийм нэртэй сансрын хөтөлбөрийн хүрээнд орос эрдэмтдийн бүтээж, 1959-1976 оны хооронд сар луу хэдэнтээ илгээсэн хэд хэдэн хиймэл дагуулын ерөнхий нэр юм. Сарыг тойрон ажиглалт хийх юм уу, саран дээр буухад зориулагдсан “Луна”-нуудын хэдэн арван аяллаас 15 нь амжилттай болжээ. Гэхдээ Америкийн Тагнуулын төв газар “Луна” хөтөлбөрийг сонирхож байх үед ердөө гурван удаагийн ажиллагаа нь л амжилттай болоод байлаа. Эхнийх нь сарны хажуугаар зөрж, нарны тойрог зам орчим сүйрсэн бол хоёр дахь нь сарны гадаргуу дээр газардаж, гурав дахь нь дэлхийн зүгээс үл үзэгдэх сарны харанхуй хэсэгт бууж хэд хэдэн зураг эх дэлхий рүү илгээжээ. Энэ нь америкчуудын зүүдэнд ч багтахааргүй асар том амжилт байлаа.

Тагнуулын төв газрынхан нэг зүйлд санаа зовж байсан нь оросууд үзэсгэлэнд жинхэнэ хиймэл дагуулаа авч яваа болов уу гэсэн асуудал байв. Гэсэн ч азаа үзэж, “эрдэнэсийн сан” руу нь өнгийжээ. Тэгэхэд “Одон орон судлалын тоног төхөөрөмжийн загварууд” хэмээн ангилсан нэг хэсэг олдов. Тагнуулын төв газрынхан ийм боломжийг ашиглалгүй яах билээ. Гагцхүү 24 цагийн турш байх харуул, хамгаалалтыг яаж аргалах талаар төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болов. Тэгээд удаан судалсны эцэст үзэсгэлэнг нэг хотоос нөгөөд гаргахаар нүүлгэж байх үед л “Луна”-г гартаа оруулахаар шийджээ.


02

Төөрүүлсэн нь

Ингэхийн тулд Америкийн Тагнуулын төв газар нутгийн иргэдийг хөлсөлж, үзэсгэлэнд тавих бүтээлүүдийг зөөвөрлөх ачааны галт тэргүүд хаагуур, ямар замаар явж өнгөрөхийг тогтмол мэдээлж байхыг үүрэгдсэн байна. Харин үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ачсан чингэлгүүд шөнө дүлээр саатаж зогсох үеэр “Луна”-г хурдхан судална гэж тооцоолсон америкчууд ачааны галт тэрэгний буудлын ойролцоо харуулдаж зогслоо. Чингэлэг дэх ачаануудыг сэлгэх үеэр Тагнуулын төв газрынхны олонтаа харж, нүдэлж авсан том модон хайрцаг бүхий хиймэл дагуулыг ачааны машины том тэвшин дээр тавьжээ. Харин ачааны тэрэгний жолоочийг америкчууд ямар ч юм аргаар нууц ажиллагаандаа урвуулж дөнгөсөн байна. Чингээд Зөвлөлтийн хамгаалагчдын нүдийг хариулж байгаад мөнөөх ачааны тэргийг цуваанаас нь гаргаж, урьдаас зэхсэн, хөл хөдөлгөөнгүй газар, эзгүйрсэн хашаанд аваачжээ. Жолоочийг нь харин ойролцоох дэн буудалд хүргүүлсэн байна. Галт тэрэгний буудал хавиар эргүүлд гарсан Тагнуулын төв газрын ажилтан Зөвлөлтийн хамгаалагчид “Луна”-г ачсан тэрэг ердөө хожимдож байна гэж бодоод, албанаасаа түр буусан гэж мэдээлэв. Ингээд нууц ажиллагааны талаар дайснууд мэдээгүй гэдгийг баттай болгож аваад “сар”-ыг хулгайлагсад ажилдаа орлоо.


01

“Хулгай”

Гаднаасаа бол хээ шаагүй харагдах, аварга том модон хайрцганд жинхэнэ хиймэл дагуул байх нь тэр. “Луна”-гийн бүх хэсэг, эд ширхэг бүрийн зургийг авсан тусгай ажилтнууд их бие дээрх хуванцар дардас, зузаан цаасан шошго зэргийг яаралтай дуудагдаж ирсэн шинжээчийн тусламжтайгаар хүн гар хүрээгүй юм шиг цэвэрхэн гэгч нь авч, доторх бүхнийг нь мөн хальснаа буулгаж авчээ. Ингэж Зул сарын бэлгээ аав, ээжээсээ далдхан задалж үзчихээд, уутанд нь буцаан хийж, туузыг нь зүүчихсэн хүүхдүүд шиг хэдэн хүн шөнийн 04.00 цагт ажлаа дуусгалаа. Цагийн дараа гэхэд ачааны машины жинхэнэ жолооч буцаад жолооныхоо ард сууж, “Луна”-г байх ёстой газарт нь аваачжээ. Удсан ч үгүй үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг хянагч Зөвлөлтийн албаныхан ирж чингэлэг, тэвшүүдээ шалгаад “Бүрэн бүтэн байна” хэмээн “дээш нь” мэдээлмэгцээ үзэсгэлэн болох дараагийн хотыг зорьсон байна.

1967 оны өвөл хаа ч юм болсон (Зүүн Европын аль нэг улсад л болов уу) энэ хэргийн талаар Зөвлөлтийн эрх баригчид огт сэжиг аваагүй гэдэг. “Луна”-г хэдэн цаг хулгайлахдаа бүрдүүлж авсан гэрэл зураг, мэдээ мэдээллээ америкчууд цааш хэрхэн ашигласан нь яг таг тодорхойгүй ч үүнээс ердөө хоёр жилийн дараа саран дээр хүн буулгасан нь яавч жирийн тохиолдол биш ээ.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Aмeрикууд саран дээр буусан гэдэг одоо хүртэл маргаантай.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start