Арав.мн

Хамгийн том лаборатори

Хамгийн том лаборатори

Антарктид тив рүү олон улс ямар шалтгаанаар хошуурч буй талаар BBC агентлагийн сэтгүүлч Мэттью Теллер дараах нийтлэлийг бичжээ.

Би хайрга чулуу, хатуу мөсний аль нь үл мэдэгдэх бөөн цагаан юмны дундуур, харуй бүрийд бүдчин явлаа. Гэтэл гэнэтхэн хөл дор минь хар, цагаан алагласан аварга том “сум” шунгинан өнгөрөх нь тэр. “Ямар гээчийн аварга загас вэ” гэж намайг гайхаж байх зуур генту оцон шувуу уснаас гарч ирэв. Тэгээд сонжиж, шохоорхсон аятай өөдөөс минь эгцлэн харснаа “Тавтай морил” гэх шиг чангаар гуагчаад, зах хязгааргүй цасан далайдаа нүд ирмэхийн зуур уусаж одов оо.  

Антарктид бол миний мэдэх газруудаас бичихэд хамгийн хэцүү нь. Өчнөөн олон удаа очсон хэрнээ тэнд байх ямар байдгийг үгээр илэрхийлье гэхээр гар хуруу хөших шиг болж, үг хүртэл “хөлдөж”, уураг тархинд минь дүлий цагаан нам гүм л “дүнгэнэдэг”. Антарктидыг тайлбарлан дүрсэлж, өөр газар нутагтай харьцуулан жишиж, эсвэл огт өөр зүйлээр адилтган төлөөлүүлэх ямар ч боломжгүй. 

Товчхондоо, энэ газар бол “хүн бус”, энэрэлгүй харь ертөнц юм. Арабын цөлөөс эхлээд Аризона, Атакамын цөл хүртэлх дэлхийн хамгийн эрс тэс газруудад гүнд нь биш юм гэхэд ядаж эргэн тойронд нь хүн амьдардаг. Оршин суугчид нь тэдгээр газрын өнгө төрх, үүх түүхийг бий болгодог. Гэтэл Антарктидад тийм “аз” таарсангүй.  

Энэ тив бол манай гаригийн хамгийн хуурай, хамгийн хүйтэн, хамгийн салхитай газар тул аргагүй юм. Газар нутгийнх нь 97.6 хувь мөсөнд хучигдсан, халуун цустай амьтдаас ганцхан хаан оцон шувуу л энд өвөл цагийг өнгөрөөдөг, нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүд л мөсөн бүрхэвчинд нь өсөж үрждэг гээд Антарктидын хатуу ширүүн уур амьсгалын талаар олон зүйл дурдаж болно. Харин Их Британи, Франц, Норвеги, Австрали, Шинэ Зеланд, Чили, Аргентин зэрэг улсын эрх баригчид юуны учир ийм “муухай” газар луу хошуурч, газрын зураг дээр нь далбаагаа хатгахыг оролдож байна вэ? Бие даасан засаг захиргаа, байнгын оршин суугчгүй Антарктидад одоогоор зөвхөн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ нутаг бол дэлхийн хамгийн том лаборатори юм. 1959 онд батлагдсан Антарктидын тунхаг нэртэй олон улсын гэрээнд чухам энэ тухай хуульчилжээ. Ямар ч улс энд цэргийн ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлож, хог хаягдал булж болохгүй гэсэн үндсэн заалт бүхий уг тунхагт БНХАУ, ОХУ, АНУ тэргүүтэй нийт 49 улс нэгдээд буй.  

Гэсэн ч хамгийн том “лаборатори”-д ирж, очин ажилладаг 4000 орчим эрдэмтний олонх нь амьтан, ургамал, уур амьсгал судлаачид уу гэвэл тийм биш. Тэдний талаас илүү нь геологичид бөгөөд олон улсын эрх баригчид Антарктидын 1-4 метр зузаан мөсөн бүрхэвч дор юу байгааг мэдэхийг үнэхээр их хүсэж байгаа нь эндээс харагдана. Тэдний чихэнд нэг л “шидэт” үг цангинаж байгаа нь “Нефть”. Зарим шинжээчийн таамагладгаар Антарктидын гүнд 200 тэрбум баррель түүхий нефтийн нөөц нуугдан байна. Энэ нь Кувейт, Абу Дабигийн нөөцөөс ч их гэсэн үг. Мөсөн тивээс газрын тос олборлох нь одоогоор боломжгүй шахам байгаа. Гэхдээ Антарктидын тунхаг хэрэгжих хугацаа 2048 онд дуусгавар болж, тунхагийн заалтуудыг шинэчлэх талаар яригдах үед байдал өөрчлөгдөж мэдэх юм. Эрчим хүчээр цангасан дэлхий нийт тэр цагт Антарктидыг ашиглах талаар илүү өргөн хүрээнд хэлэлцэх нь дамжиггүй.  

Антарктидын тунхагт тус тивийн аль ч хэсгийг ямар ч улс эзэмшиж болохгүй гэж заасан байдаг. Гэвч тухайн газрыг эзэмшиж байж л гүнд нь ямар баялаг байгааг мэдэх боломжтой билээ. Тиймээс Антарктидаас бага ч атугай газар нутаг эзэмших санаархалдаа хөтлөгдөн олон улс хачирхалтай зүйлс сэдсэний нэг нь жуулчны тамга юм. Тус тив дэх Их Британийн Локрой баазад зочилбол таны паспорт дээр “Антарктид дахь Британийн эзэмшил нутаг” гэсэн бичиг бүхий дардас дарж өгөх жишээтэй. Саяхнаас Чили, Аргентиний баазууд мөн ийм тамгатай болжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэдий ч мөнөөх тунхагт нэгдсэн орнуудын санаархал төстэй тул дор бүрнээ дуугүй байна.  

Олон орны чимээгүйхэн хийдэг өөр нэг зүйл нь шуудангийн үйлчилгээ юм. НамайгАнтарктид дахь Украины Вернадский баазаас гэр лүүгээ, өөрөөр хэлбэл өөр лүүгээ захидал илгээхэд тэндхийн ажилтнууд надад том үхрийн зурагтай украин марк олж өгөв. Захидал хоёр долоо хоногийн дараа ирсэн бөгөөд ертөнцийн мухраас явуулсан гэхэд энэ нь муугүй үйлчилгээ байлаа. Гэхдээ аялагч миний иймэрхүү зугаатай үйлдлийн цаана хүртэл улс орнуудын туг далбаагаа мандуулах гэсэн зорилго нуугдаж байгаа нь сонирхол татна. 

ОХУ-ын албаныхан Антарктидын хаа сайгүй бааз байгуулах хүсэлтэй буйгаа нуудаггүй. Харин АНУ тивийн өмнөд хэсгийг хариуцдаг бол хятадууд саяхан дөрөв дэх баазаа байгуулж, ирэх жил тав дахиа байгуулахаар төлөвлөөд байна. Иран, Турк, Энэтхэг, Пакистан гээд шинжлэх ухааны нэр барьж, Антарктид руу “давшиж” буй орнуудын нэр цааш хөвөрнө. Өдгөө Антарктидад буй 68 баазыг бүгдийг нь энхийн зорилгоор ашигладаг гэдэг ч тэдгээрт батлан хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт тэр бүр хэрэгждэггүй. Тухайлбал Чили, Аргентиний баазуудад армийн байнгын бус алба хаагчид байрладаг гэдэг бол зарим улс баазууддаа ямар үйл ажиллагаа явуулдгаа байнга мэдээлдэггүйг нь цэрэг армитай холбоотой байх гэсэн хардлага төрүүлдэг. Антарктидын тэнгэр маш цэлмэг. Мөн радио холбооны хэлбэлзэл, “урилга”-гүй саатал зэргээс ангид байдаг нь хиймэл дагуулаас мэдээлэл авах, сансар судлалыг хөгжүүлэх, мөн тагнуулын ажилд ч тустай юм. Энэ нь Антарктидад “дурлах” бас нэгэн шалтгаан билээ.  

Гэхдээ Антарктидын тунхаг өөрчлөгдөх хүртэл, лав ирэх 30 жилд мөнх мөсөн тив дэлхийн хамгийн том “лаборатори” хийгээд хамгийн нууцлагдмал, онцын гойд бичих зүйлгүй ч сонин содон газар хэвээр байна. Яг л надтай таарсан генту оцон шувуу үл ойлгогдом юу ч юм хэлчихээд хэнд ч захирагдахгүй, хэзээ ч баригдахгүй гэх шиг явж одсонтой адил.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start