Арав.мн

“The Voice” шоуны талаарх сонирхолтой баримтууд

“The Voice” шоуны талаарх сонирхолтой баримтууд

Эргэлддэг сандал, заал дүүрэн үзэгч, хэн ч эргэж харахгүй байх вий гэсэн түгшил. “The Voice” шоу 2010 онд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш л сая сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан нэвтрүүлэг юм. Голландаас гаралтай уг шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд Адам Левин, Блэйк Шелтон, Алишия Кийс, Майли Сайрус, Гвен Стефани зэрэг супер одод багтдаг. Дэлхий даяар сая сая үзэгчтэй “American Idol”, “Rising Star”, “The X-Factor” зэрэг алдартай шоу нэвтгүүлгүүдийн гол өрсөлдөгч болох уг нэвтрүүлгийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
(АRAV.MN-ий хамт олон уг шоуны өөрсдийн дуртай 10 үзүүлбэрийг мөн давхар хүргэж байна)


10

Гарал үүсэл

“Big Brother” реалити шоуны зохиолч Жон де Мол болон Голландын дуучин Роэл ван Велзен нар анх “The Voice” шоуны санааг гаргаж байсан аж. Жон де Молоос “X-Factor”-аас илүү гарах шоуны санаа олж чадах уу гэж Голландын найруулагч Эрланд Галжаард асуухад “сохор шалгаруулалт” гэсэн санааг олсон байна. Гэхдээ дурын оролцогчийг бус үнэхээр чанартай, чадварлаг хүмүүсийг сонгон шалгаруулж, хөгжмийн ертөнц дэх хамгийн шилдэг уран бүтээлчдээр шүүлгэх хэрэгтэй гэж шийдсэн аж. Харин дуучин Роэл эргэлддэг сандлын санааг олсон юм. Сонирхуулахад, эргэлддэг сандал яг амьдрал дээрээ тийм сүртэй биш. Товчлуур дарахад дуугардаг чанга дуу үнэндээ байдаггүй бөгөөд зураг авалтын дараа чимэг болгон нэвтрүүлгийн продюсеруудын нэмдэг зүйл аж.

2010 онд анх гарсан уг нэвтрүүлгийг 2011 оноос эхлэн олон улсад хийж эхэлжээ. Ихэнх нь улс орны болон үзэгчдийн онцлогт тохируулсан байдлаар бага зэрэг өөрчилж хийдэг байна. Өдгөө 129 бүс нутагт “The Voice” шоу гардаг ба эдгээрээс нийт 311 ялагч тодорчээ. Уг шоу нэвтрүүлгийн “The Voice Kids”, “The Voice Teens” гэсэн хүүхдэд зориулсан хувилбарууд ч байдаг.

(The Voice of Holland-ийн хамгийн таалагддаг үзүүлбэрийн нэгийг хүргэе)


09

Оролцогчид

“The Voice” шоунд ихэвчлэн ганцаарчилсан эсвэл хослол дуучид оруулдаг байжээ. Гурав болон дөрвөн хүнээс бүрдсэн хамтлагийг оролцуулдаггүй байв. Хамгийн анхны трио (гурвал) орсон тохиолдол нь “The Voice van Vlaanderen”-ий эхний улирал байв. “Винкений эгч дүүс” гэдэг уг хамтлагийн үзүүлбэр гурван шүүгчийг эргүүлж чадсан билээ. Гэвч шоуны зүгээс эгч дүүсийг хамтлагийн гишүүдээ цөөлөх хэрэгтэй гэж хэлж байсан ч тэд гурвуулаа хэвээрээ оролцсоор тэмцээнийг дуусгасан юм.

АНУ болон Их Британийн “The Voice”-д хамгийн ихдээ хоёр хүнээс бүрдсэн байх ёстой гэсэн дүрэмтэй. Голландын хувилбар харин энэ дүрмийг авч хаясан ба 5 дахь улиралд оролцсон гурвал (зураг дээрх) тэмцээнд түрүүлж байсан юм.
(Америкийн The Voice шоугаар "Thank you" (Dido) дууг ихэр эгч дүүс гайхалтай дуулсныг хүргэе)


08

Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг

“The Voice” шоу нь олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг анхны шоу нэвтрүүлэг гэж болно. Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнээс гадна тусгайлан бэлдсэн платформоор хоорондоо холбогдож байдаг. Хүмүүс өөрийн FB-ээрээ нэвтрэн, шоуны талаарх мэдээллүүдийг авах боломжтой. Түүнчлэн шоуг онлайнаар шууд дамжуулах, санал хураалт явуулах, найзуудтайгаа харилцах төдийгүй продюсеруудаас асуусан асуулт, сэдвүүдээр идэвхтэй санал бодлоо солилцох боломжийг өгдөг байна.

Мөн оролцогчдод зориулж, туслайлан бэлдсэн “social media room” бэлдсэн байх нь бий. 

(Америкийн 2015 оны ялагч Sawyer Fredericks-ийг алдарт дуучин Pharrell өөрийн багтаа аваад маш их баярлаж байсан билээ. Түүний үзүүлбэрийг сонирхоно уу)


07

Үе шатууд

“American Idol” зэрэг ижил төрлийн шоу нэвтрүүлгүүдээс ялгаатай нь уг шоунд оролцогчдыг эхлээд маш нарийн шалгуураар сонгож авдаг байна. Өөрөөр хэлбэл, бидний цэнхэр дэлгэцээр үздэг шалгаруулалт бол хамгийн анхны шалгаруулалт биш юм. Зохион байгуулагчдын зүгээс зүгээр нэг өөрсдийгөө дуулж чаддаг гэж боддог, хааяа нэг караокед эвлэгхэн дуулчихдаг хүмүүсийг биш үнэхээр чадварлаг, цаашид урлагийн карьер хөөх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг оролцуулахыг зорьдог байна. АНУ-ын шоуны хувьд 100-200 хүртэлх тооны оролцогч сонгодог гэнэ.

Ингээд тайзан дээрх “сохор шалгаруулалт”-ад оролцох дуучдыг сонгосны дараа нэвтрүүлэг эхэлнэ (Монгол ТВ-ийн эзэн Ч.Номин ярилцлаган дээрээ "сонсох шат" гэж дурдсан байсан). Сохор шалгаруулалтын талаар Монголын үзэгчид өдгөө хангалттай ойлголттой болсон байгаа байх. Оролцогчид улаан сандлын ард нуугдах оддод таалагдахын төлөө бүх хүчээ дайчлах шаардлагатай болох ба үнэхээр чадварлаг бол шүүгч улаан товчлуур дарахад сандал эргэх билээ. Энэ нь шүүгч түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Харин нэгээс олон шүүгч улаан товчлуур дарсан бол оролцогч өөрөө хэнтэй ажиллахыг хүсч байгаагаа сонгодог юм.

Үүний дараа “халз тулааны үе” болно. Сохор шалгаруулалтыг давсан оролцогчид хэсэг хугацаанд шүүгч дуучинтайгаа бэлдсэний дараа “Нэгийн эсрэг нэг” тулаанд оролцоно. Үзэгчид, шүүгчдийн өмнө нэг дууг хамтран дуулах ба хэн нь нөгөөгөөсөө давсан тоглолт үзүүлж чадах вэ гэдгээрээ өрсөлдөнө. Хэрэв ялагч тодрохгүй бол “хувь заяаны тоглолт” буюу зоос шидэх замаар ялагчийг сонгох боломжтой. Зарим улсын “The Voice”-ийн хувьд тулааны үед өөрийнхөө шүүгчдээ “гологдсон” оролцогчийг бусад шүүгч хулгайлах боломжтой байдаг аж. Шүүгч бүрт “хулгай хийх” нэгээс хоёр эрх бий. Сохор шалгаруулалтын нэгэн адил нэгээс олон шүүгч товчлуур дарсан бол оролцогч хамтран ажиллах хүнээ сонгоно.

Хоёр дахь шатыг амжилттай давсан оролцогчдыг нокаут үе хүлээж байгаа. Энэ нь “sing-off” эсвэл “hot-seat challenge” гэсэн хоёр хувилбараар явагдах боломжтой.

Sing-off-ын хувьд оролцогчид өөрсдийнхөө сонгосон дуугаа бэлдэж, тайзан дээр дуулдаг. Бүх оролцогч үзүүлбэрээ дууссаны дараа шүүгч хэнийг нь гэрт нь хариулах, хэнийг нь цааш нь бэлдэх вэ гэдгээ шийддэг байна. Нокаут шат дуусахад шүүгчид өөрийн сонгосон оролцогчдоосоо хамгийн хүчтэйг нь сонгож сүүлийн шатанд оруулахаа шийддэг юм. Мөн л өрсөлдөгч шүүгчийнхээ оролцогчийг хулгайлж болох ба нэгээс олон шүүгчид сонгогдсон бол оролцогч хэнтэй ажиллахаа сонгох боломжтой.

Hot-seat challenge буюу Халуун суудал чэллэнжийн хувьд X-Factor шоутай төстэй гурван суудал (зарим улсад суудлын тоо өөр өөр) байдаг. Шүүгч бүрийн сонгосон оролцогчдоос эхний гурав нь тайзан дээр дуулсны дараа сандлууд дээр сууна. Харин дөрөв дэх оролцогчоос эхлээд байдал маш түгшүүртэй болдог. Учир нь шүүгч суудал дээр буй оролцогчийг дараа дараагийн оролцогчоор солих эсэхээ шийдэж эхэлдэг. Суудлаа алдсан оролцогч тэмцээнээс хасагддаг. Харин суудал дээр уригдаагүй оролцогч шууд шоуг орхидог юм. Энэ шатны төгсгөлд суудалтай үлдсэн гурван оролцогч л сүүлийн шат болох шууд эфирийн шат руу ордог байна.

Багуудаас шалгарсан оролцогчид шууд эфирээр хоорондоо өрсөлдөнө. Телевизийн үзэгчид баг бүрээс нэг оролцогчийг аврах саналаа өгч, шүүгч шууд эфирээр нэгийг сонгох замаар хэнийг аврах, хэнийг орхихоо шийддэг юм. Эцэст нь олон нийтийн санал асуулгаар баг тус бүрт үлдсэн хоёр оролцогчоос нэгийг нь сонгох ба шүүгч өөрөө олон нийтийн санал асуулгын дүнтэй ижил хэмжээний нөлөө бүхий санал өгөх эрхтэй.

Ингээд эцсийн шатанд шүүгч бүрт үлдсэн хамгийн шилдэг нь болсон дуучид шинэ дуу дуулж өрсөлддөг юм. Дөрвөн шүүгчийн шилдэг дөрвөн оролцогчдын нэг нь “The Voice” гэсэн алдрыг зүүж, дуу бичлэгийн студитэй гэрээ хийх супер шагналын эзэн болдог байна. Ихэнхи улсын “The Voice”-ын хувьд оролцогчтой гэрээ хийх компанийн хамтран ажилладаг газар нь “Universal Music Group” байдаг билээ.
(Jordan Smith, Regina Love нарын тулаан. Энэ тулаанд Jordan Smith ялж улмаар тэмцээний ялагч болсон билээ)


06

“Сохор шат” хүртэл маш удаан хүлээдэг

Сохор шалгаруулалтын зураг авалт эхлэх хүртэл маш их хугацаа, заримдаа хагас жил өнгөрдөг байна. Анхны буюу продюсеруудын шалгаруулалтад тэнцсэний дараа оролцогчид маш их бэлтгэгддэг аж. Үүнд, тайзан дээрх стресстэй нүүр тулах, ухаан алдаж унахаас сэргийлэх, шүүгч эргэж харахгүй байх болон эргэж харахад тайван байх гэх мэт сэтгэл зүйн бэлтгэл багтана. Мөн шоуны продюсерууд зарим тохиолдолд багш хөлсөлж, оролцогчдын хоолойг бэлддэг тохиолдол ч бий. Заримдаа тусгай мэргэжилтнүүд оролцогчдод олон нийттэй харьцах урлаг, ярилцлага өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй, нээлттэй амьдрах ур чадваруудыг зааж өгдөг байна. Гэвч бүх оролцогчид ийм аз тохиохгүй. Ердөө хаана зогсох, аль хаалгаар гарахыг нь л хэлж өгөх ба бүх зүйл өөрөөс чинь шалтгаална гээд орхих нь ч энүүхэнд юм.
(Leanne Jarvis Их Британий шоунд дуулсан нь. Бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийн нэг яах аргагүй мөн)


05

“The Voice”-д орсон бол бүх цагаа зориулах хэрэгтэй болдог

Шоунаас шаарддаг нэг зүйл бол бүх зүйлээ үүндээ л зориулах юм. Цагийн хуваарь маш нарийн тул хагас цагаар ч ажиллахад бэрх болдог гэнэ. Зарим оролцогч бүр гэртээ ч хонох нь ховор тул байраа түрээслүүлэх, ажлаасаа чөлөө авах дээрээ тулж байсан аж.

“The Voice” хувийн амьдралд чинь ч нөлөөлнө. Тухайлбал, шоуны 1 дүгээр улирлын оролцогч Виччи Мартинез шоунд оролцож байх хугацаандаа сүйт залуугаасаа салсан байдаг. Тэгэхээр энэ шоунд үнэхээр ялахыг хүсч, од болох гараагаа эхэлж байгаа хүн золиос гаргах шаардлагатай аж. 2018.02.05-ны дугаараар шоунд оролцохын тулд ажлаасаа гарсан тухай оролцогч С.Тэлмэн дурдаж байв.

(Wé McDonald "Feeling Good" дууг гайхалтай дуулсны дараа түүний "ярианы" хоолойг сонсоод шүүгч нар хэрхэн алмайрч байгааг үзээрэй)


04

Оролцогчид дуугаа сонгодоггүй

Энэ бол хэвийн үзэгдэл. Ялангуяа тулааны шатанд оролцож байгаа бол оролцогч шүүгчийнхээ зааврыг дагах л хэрэгтэй болно. Тухайлбал, 1 дүгээр улирлын оролцогч Френчигийн хувьд Beyoncé-гийн “Single Ladies” дуугаар тулааны шатанд өрсөлдөгчөө ялсан юм. Гэвч тэр яагаад энэ дууг продюсерууд болон шүүгчид сонгосон юм бол гэж их гайхдаг аж.

“Дууны сонголт чинь буруу байна” гэж хэлэх үед Френчи дотроо “Та нар өөрсдөө л сонгосон шүү дээ” гэж бодож зогссон гэдэг. Үнэндээ дууны сонголт оролцогчдын нервийг бардаг гол зүйлсийн нэг болдог гэнэ. 
(Өсвөр насныхан дунд зохиогдсон The Voice шоуны "халз тулаан"-ы хэсэгт Queen хамтлагийн Bohemian Rhapsody-г дуулсан нь)



03

Шүүгчид үргэлж нээлттэй

Шүүчид Voice-д зориулсан тусгай имэйл хаяг, утасны дугаараа оролцогчиддоо өгдөг ба ямар нэг зүйл болоход үргэлж нээлттэй, хурдан хариу өгдөг байна. Тухайлбал, Maroon-5 хамтлагийн дуучин, шүүгч Адам Левин руу гэхэд өдөр, шөнө хамаагүй асуудлаа бичихэд үргэлж хариулдаг ажээ.

Кантри хөгжмийн супер од Блэйк Шелтон ч ялгаагүй оролцогчид, шүүгчид болон нэвтрүүлгийн багийг гэртээ урьж, цагийг зугаатай өнгөрүүлж, бүгд хоорондоо чөлөөтэй, нээлттэй харилцаа үүсгэхэд амар болгодог байна.

Адам, Блэйк хоёрын харилцаа маш нөхөрсөг. Төрсөн ах дүү хоёр шиг л байдаг аж. Мөн Адам маш найрсаг, боловсон нэгэн гэнэ. Тэрбээр зураг авалт эхлэхээс өмнө заавал бүгд бэлэн эсэх, оролцогчийн сэтгэл санаа тайван байгаа эсэхийг үргэлж шалгадаг. Хүмүүст хаалга онгойлгож өгөх, баярлалаа, гуйж байна гэж хэлдэг нь оролцогчдод их таалагддаг аж.
(Шилдэг оролцогчийг өөрийн болгохын тулд Шакирагийн хэлсэн үгийг Адам Левин дуурайн хошигнож буй хэсэг)


02

Бэлтгэл хийх цаг хэзээ ч байж магадгүй

Дууны бэлтгэл хийх цагаа оролцогч сонгоно гэж байхгүй. Бүх зүйл тантай хамт ажиллаж байгаа одын цагийн хуваариас бүрэн хамааралтай болдог. Дэлхийн хэмжээний супер оддын цагийн хуваарь маш шахуу тул үүнтэй зохицохоос өөр аргагүй. CeeLo Green-тэй хамтран ажиллаж байсан оролцогч Виччи л гэхэд бэлтгэл хийхийн тулд алдарт дуучныг өмнөх зураг авалтаасаа ирэх хүртэл нь буюу шөнийн 3:00 цаг хүртэл хүлээх нь сүүлдээ энгийн үзэгдэл болсон гэдэг. Гэвч нэгэнт ирээдүйд ийм л од болохын төлөө энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хүн амьдралын шахуу хэв маягт бухимдах хэрэггүй. Учир нь энэ бол зүгээр нэг дууны бэлтгэл биш, жинхэн од хүний амьдралын бэлтгэлийн нэгхэн хэсэг юм.
(Их Британий шүүгч нарын гайхалтай үзүүлбэр)


01

Хасагдсан л бол дуусаа, гэхдээ нөхөрлөл хэвээр үлдэнэ

Шоунаас хасагдсан л бол дараагийн нислэгээр гэр рүүгээ явах болно.

Тус шоуны 6 дугаар улирлын оролцогч Кэт “Сохор шалгаруулалтад оролцохын тулд л гэхэд бид бүгдээрээ хэдэн долоо хоногийн турш хамт байсан. Харин хасагдах л юм бол энэ бүгд байхгүй болно. Утсаар ярих, мэссэж бичих хүртэл хориотой” гэж дурссан байдаг.

Гэхдээ шоу дууссаны дараа оролцогчид буцаад холбоотой болдог. Заримтай нь хамтран ажиллаж, зарим нь зүгээр л сайн найзууд болсон байдаг аж.
(Anna McLuckie хэрвээ Will-ийг биш Ricky-г сонгосон бол 2-р шатанд хасагдахгүй л байсан байхдаа?)


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Goy medee bnaa
+4
Гоё шоу. Хамаагүй чанартай оролцогчид байсан, аргагүй л юм байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start