Арав.мн

Диснейн шидэт үлгэрүүдийн аймшигт түүх

Диснейн шидэт үлгэрүүдийн аймшигт түүх

Сүүлийн 80 гаруй жилийн турш Уолт Дисней компани үе үеийн хүүхэд багачуудын хайртай дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан, аз жаргалтай шидэт үлгэрийн ертөнцийг бий болгосоор ирсэн билээ. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аз жаргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд бүгд ямар нэг зохиол, үлгэрээс санаа авсан байдаг. Гэвч эдгээр үлгэр, зохиолууд үнэн хэрэг дээрээ хүчин, каннибализм, тамлалт, үхэл гээд аймшигтай зүйлсээр дүүрэн байдгийг та мэдэх үү?

Диснейн кино зохиолчид эдгээрийг өөрчлөн олон нийт хүлээн авч, шимтэн үзэхэд тохирохуйц болгосон байдаг. Сэдэвлэсэн үлгэр домгуудаасаа тэс өөр болсон хүүхэлдэйн кинонуудаас нэрлэвэл Мулан (1998), Алладин (1992), Tangled (2010), Frozen (2013), Бэмби (1942), тэр бүү хэл Араатны хаан арслан (1994) гээд бараг бүгдийг нь жагсаах болно. Та энэ жагсаалтанд буй сэтгэлд хоногшсон10 хүүхэлдэйн киног бодит түүхээр нь бичсэн бол ямар аймшигтай болох байсныг хараад гайхах байх.


10

Пиноккио

Зохиолд: Пиноккио хөөрхий хүрэлзгэнийг алдаг; Шидэт дагина нь үнэн хэрэг дээрээ ярьдаг үхдэл; Пиноккио үхдэг.

Жепетто мужааны тайрдсаар хийсэн модон хүүхэлдэй Пиноккио хэт дүрсгүйгээсээ болж үхдэг байна. Өөрийг нь хийсэн Жепеттог үргэлж шоглодог сахилгагүй хүүхэлдэй гэрээсээ зугтана. Жепетто түүний араас хөөх боловч цагдаа нарт баривчлагддаг. Үүний дараа Пиноккио хөгшин мужааны гэрт эргэн ирээд 100 настай хөгшин хүрэлзгэнэтэй уулздаг. Хүрэлзгэнэ түүнийг сахилгагүйтээд байвал илжиг болон хувирна шүү гэж сануулахад уурласан Пиноккио хүрэлзгэнэ рүү алх шидэн, няцалж алдаг байна.

Үлгэр цааш Пиноккио галд шатах дөхсөнөөр үргэлжилдэг. Дараа нь өөрийг нь хорлох гэсэн хорон санаат муурын саврыг тас хазан зугтах агаад эцэст нь цэнхэр үстэй үзэсгэлэнт дагинатай уулздаг байна. Дагина өөрийгөө үхсэн хүн бөгөөд цогцсыг нь хүмүүс олж авахыг нь хүлээж байгаа гэдгээ түүнд хэлдэг. Савраа тас хазуулсан муур өшөөгөө авах гэж найз үнэгнийхээ хамт Пиноккиог мөшгөн барьж аваад, дүүжлэн алдаг. Үлгэр анх ингэж төгсөж байжээ.

Гэвч зохиолын төгсгөл редакторт таалагдаагүй тул төгсгөлийг нь өөрчилсөн байна. Пиноккиог алуулахын өмнө өнөөх үзэсгэлэнт дагина гарч ирэн амийг нь аварсанаар хоёул хамт амьдардаг. Гэвч Пиноккио дахин сахилгагүйтэж эхэлсэнээр илжиг болон хувирдаг аж. Илжиг болсон модон хүүхэлдэйг циркт зарна. Харин тэнд нэгэн хөгжимчин түүнийг алж, арьсаар нь бөмбөр хийхийг хүснэ. Ингээд хөгжимчин хөөрхий илжигний хүзүүнээс бул чулуу уян, далай руу шиддэг. Пиноккио живэхэд загас махыг нь идэж дуусгах ба зөвхөн модон араг яс нь үлдэх аж. Эндээсээ сэлэн зугтаж байгаад аварга загасны хоол болдно. Аварга загасны гэдсэн дотор харин Жепетто өвгөн амьд загасаар хооллон амьдарч байдаг. Ийнхүү эргэн учирсан хоёр аварга загасны гэдэснээс зугтан гэртээ ирдэг аж. Энэ бүх адал явдлаас ухаарч томоожсон Пиноккио Жепетто эцгээ асарч, сайн хүү болдог. Үүнийхээ ачаар Пиноккио амьд хүү болон хувирдаг байна.


09

Үнсгэлжин

Зохиолд: Үнсгэлжин хойд эхээ алж, Хойд эгч нар нь сохордог.

Үнэндээ Үнсгэлжингийн түүх дэлхий даяар олон мянган хувилбартай ардын аман зохиол юм.

Тэдний нэг хувилбар болох Ах дүү Гриммийн үлгэрт бичсэнээр эзэн хааны үдэшлэгээс зугтах гэсэн Үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхай асгадаг. Гэвч энэ арга нь бүтэлгүйтэж, үзэсгэлэнт бүсгүйн өрөөсөн болор шаахай л наалдан үлддэг байна. (“Үнсгэлжингийн болор шаахай төгс таардаг байсан юм бол яагаад хөлөөс нь мултарсан юм бэ?” гэдэг асуултын хариу энэ билээ.) Үнсгэлжингийн хойд эгч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан, хорон муу санаатай байв. Тэд хоёулаа ханхүүг хууран гэрлэх гэж оролддог. Ханхүү шаахайн эзнийг хаант улсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйн нэг нь хөлийнхөө эрхий хурууг, нөгөө нь өсгийгөө огтлон хаяж, болор шаахайд хөлөө багтаах гэж оролддог. Гэвч Үнсгэлжингийн үнэнч найзууд болох шувууд тэдний заль мэхийг мэдэн, цус нэвчсэн оймсыг нь ханхүүд зааж өгдөг билээ. Үнсгэлжинг зовоосон, ханхүүг хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнх нь төлөө хоёр эгчийнх нь нүдийг шувуу тоншин сохолдог. Ах дүү Гриммийн жинхэнэ үлгэрээр (1812 онд бичсэн) нь хийсэн бол ийм л зүйл болох байж.

Гэхдээ Диснейн “Үнсгэлжин” киног Гриммийн хувилбарыг үндэслэн хийгээгүй байна. Харин тэднээс хавьгүй өмнө буюу 1697 онд Шарль Перрогийн бичсэн хувилбар дээр тулгуурлан хийжээ. Энэ хувилбар хамаагүй зөөлөн ба Диснейн кинотой бараг л төстэй.

Ямартай ч дээр дурдсан хоёр хувилбарт хоёуланд нь байдаг нэг зүйл нь 1634 онд Жамбаттиста Базилийн “The Cat Cinderalla” үлгэрийн элемент юм. Энэ хувилбарт Үнсгэлжин хойд эхийнхээ харгис хэрцгий байдлын талаар сайн санаат Хүмүүжүүлэгч эмэгтэйдээ хэлдэг. Асуудлыг шийдэхийн тулд Үнсгэлжин хойт эхийнхээ хоолой дээр том модон авдарны таг унаган хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж ятгадаг байна. Үүний хариуд Үнсгэлжин Хүмүүжүүлэгч эмэгтэйгээ аавтайгаа гэрлэхийг ятгах ёстой байлаа. Үнсгэлжин ч бүхнийг ёсоор болгон хойд эхээ хөнөөсний дараа Хүмүүжүүлэгч эмэгтэйн жинхэнэ төрх илэрнэ. Тэр өөрийнхөө нууж байсан үзэсгэлэн төгөлдөр долоон охиноо гарган ирэхэд эцэг нь өөрийн охин болох Үнсгэлжингээ тоохоо больдог байна. Ингээд бүгд хөөрхий охиныг ад үзэн, эцэст нь зарц болгодог (Зезолла гэдэг жинхэнэ нэрийг нь Муур Үнсгэлжин болгон хочилдог). Үүнээс хойших үйл явдал нь харин бидний мэдэх Диснейн кинотой ижилхэн өрнөдөг аж. Ямартай ч Үнсгэлжин тийм ч гэм зэмгүй, хөөрхөн охин байгаагүй гэдгийг мэдэх ямар байна?


08

Нойрсож буй гоо бүсгүй

Зохиолд: Гоо бүсгүй цамхагт бус ялзарч буй зуу зуун үхдэлийн дунд унтаж байдаг.

Ах дүү Гриммийн “Briar Rose” үлгэрт нэгэн шидэт эмэгтэй бяцхан охиныг 15 насныхаа төрсөн өдрөөр хуруугаа ээрүүлийн зүүнд хатган, амиа алдана хэмээн хараадаг. Өөр нэг шидтэн харин энэ хараалын хүчийг сулруулж, гүнж 100 жилийн турш унтах болно гэж шившдэг. Ингээд 15 дахь төрсөн өдрийнхөө үеэр гүнж хуруугаа зүүнд хатган, унтдаг байна. Энэ шившлэгийн хүч хаант улс даяар тархан, ханан дээр суух ялаа хүртэл гүн нойрондоо умбадаг аж. Он цагийн эрхэнд ордон даяар өргөст бут ургана. Харин нойрсож буй гоо бүсгүйг харахын төлөө алс холын газраас зуу зуун залуу эр ордныг зорих боловч өргөст бут хэт шигүү ургасан байх тул бүгд тэндээ гацаж, удаанаар тарчлан зовж үхдэг аж.

Ийнхүү 100 жилийн дараа нэгэн ханхүү ордны хажуугаар өнгөрч байхад нэгэнт хараал тайлагдсан тул өргөст бут цэцэгс болон хувирч, ханхүүд зам гарган өгдөг аж. Ханхүү үүгээр нь орж, гоо бүсгүйг олж харан уруул дээр нь үнсэхэд гүнж сэрдэг байна. Ах дүү Гримм өөрсдийн үлгэрээ өмнөх үлгэрийн нэгэн адил Жанбаттиста Базилийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг аж. Энэ хувилбарын хувьд бүх зүйлс хамаагүй аймшигтайгаар эргэдэг. Гүнжийг олсон ханхүү түүнийг сэрээхгүй агаад харин нойрсож буй бүсгүйг хүчиндээд, “ажлаа хийснийхээ дараа” нь зүгээр л яваад өгдөг. Гэснээс, ханхүү эхнэртэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй байх. Түүнээс жирэмсэн болсон гоо бүсгүй хоёр ихэр хүүхэд төрүүлдэг. Хүүхдүүдийнх нь нэг нь нойрсож буй эхийнхээ хурууг хөхөж байгаад хумсных нь доор байсан шидэт өргөсийг сорон авснаар Аурора гүнж 100 жилийн нойрноосоо сэрдэг байна. Аурора хүүхдүүдээ аван хааны ордонд очиход хаан болсон ханхүүгийн эхнэр буюу хатан уурлан тэднийг хороохыг завдана. Харин хаан өөрийн хатнаа амьдаар нь шатааж алаад Ауроратай гэрлэдэг билээ. Ийнхүү нойрсож буй гоо бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн хүнтэй гэрлэн аз жаргалтай амьдарснаар үлгэр төгсдөг. Энэ лав хүүхдэд зориулсан түүх биш.


07

Бяцхан лусын дагина

Зохиолд: Бяцхан лусын дагина дурлалт залуугаа хөнөөдөг

Ханс Христиан Андерсений зохиолоос сэдэвлэсэн Диснейн “Бяцхан лусын дагина” буюу Ариелийн түүх үнэндээ аймшигтай, мөн гунигтай аж. Лусын гүнж Ариель далайн шуурганаар сөнөсөн завинаас царайлаг ханхүүг аварч, түүндээ дурладаг. Гэвч үүнийг нь ханхүү мэдэхгүй. Сэтгэлээр унасан лусын дагина эмээгээсээ лусын хүмүүс 300 жил наслаад далайн хөөс болон алга болдог бол хуурай газрын хүмүүс хамаагүй богино наслах ч сүнс нь мөнхийн диваажингийн оронд очдог тухай сонсоод ийм хувь тавиланг горьдон далайн шулам дээр очдог. Шулам түүний хэлийг огтлон авч, сайхан хоолойных нь оронд түүнийг хөлтэй болгодог билээ. Энэ хоёр хөлийнхөө ачаар хэнээс ч илүү бүжиглэж чаддаг болно. Гэвч энэ хөл дээр явах нь хутганы ирэн дээр явахтай адил өвдөх аж. Шулмын шившлэгийн нэг нөхцөл нь ханхүү түүнд хайртай болж, гэрлэхгүй бол лусын дагина дараах өдөр нь үхэх ёстой байлаа.

Далайн амьдралаа ардаа орхисон лусын гүнжийг ханхүү олдог. Гоо үзэсгэлэнд нь татагдсан ханхүүд бүсгүйн бүжиглэх нь илүү таалагддаг байлаа. Лусын гүнж ч түүнд зориулан аймшигт өвдөлтийг тэсвэрлэн бүжиглэж өгдөг юм. Харамсалтай нь ханхүү түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ханхүү түүнд хайргүй гэдгээ хэлээд усан онгоцон дээр өөр бүсгүйтэй гэрлэдэг байна. Энэ явдлаас болж сэтгэл нь шархалсан лусын дагина үхлээ хүлээн усан онгоцон дээр зогсож байх үед түүний эгч дүүс уснаас гарч ирдэг. Дүүгээ аврахын тулд тэд ч мөн адил далайн шулам дээр очиж, урт сайхан үсээ өгсөн байдаг. Үүний хариуд ханхүүг алаад цусыг нь хөл дээрээ дуслуулбал лусын дагина эргэн загасан сүүлтэй болж, далайдаа эргэн ирэх боломжтой болох тохироо хийсэн байлаа. Гэвч шинэ эхнэрийнхээ хамт унтаж буй ханхүүг алах зүрх Ариельд байсангүй. Тэр мандах нарны анхны гэрэл тусах үед далайн хөөс болон замхран алга болдог юм.

Дээрх түүх бол Ханс Христиан Андерсений хувилбар билээ. Энэ түүхийг хүмүүс харьцангуй сайн мэднэ. Гэхдээ Андерсен хүртэл энэ түүхийг Фридрих де ла Мотт-Фукегийн “Undine” үлгэрээс санаа авсан байдгийг тэр бүр мэдэх хүн цөөн аж. Энэ үлгэрт Ундин гэдэг усны сүнс нэгэн хөлөг баатартай гэрлэснээр хүн болдог тухай гардаг. Гэвч түүний бусад сүнс ах дүүс нь маш дүрсгүй агаад гэрлэлтийг нь үргэлж бэрхшээлтэй болгодог байна. Ундин өөрийнхөө эцэг нэгт дүү Бертилдагаа ордондоо урин хамт амьдарч эхлэхэд нөхөр нь Бертилдад сэтгэл алдарч орхино. Хоёул нийлэн Ундиныг ад үзэж, маш муухай харьцдаг болоход Ундины авга ах болох усны хүчирхэг бурхан хилэгнэдэг байна. Ундин харин нөхрөө болон дүүгээ авга ахаасаа хамгаалахаар шийдэн цайзаас унаж, амиа хорлон, буцаад сүнс болон хувирдаг. Харин нөхөр нь эхнэрээ үхсэн учир Бертилдатай хуримаа хийнэ. Өмнө нь сахиустай гэрлэж байсан хүн ингэх нь хориотой гэдгийг яахан мэдэх билээ. Сүнсний хуулийн дагуу Ундин нөхрөө хөнөөх ёстой болдог. Ундинд хөнөөгдсөн нөхрийн булшнаас жижигхэн горхи урсан, далайтай нэгдсэнээр Ундин өөрийн нөхөртэйгээ дараах төрөлдөө мөнхөд хамт байх болдог аж.


06

Цасан гоо ба долоон одой (1937)

Зохиолд: Цасан гоо гүнж тамлуулдаг; шулам бүр ч илүү тамлуулдаг

Ах дүү Гриммийн “Цасан цагаан” үлгэрт хорон санаат Хатан анчин хөлсөлж, Цасан гоо охиныг хөнөөн уушги, элгийг нь баталгаа болгон авчрахыг даалгадаг билээ. Анчин харин оронд нь гахайн уушги, элгийг авчирч өгдөг. Түүнд итгэсэн Хатан эдгээрийг нь шуналтай гэгч нь идэж орхидог аж.

Үнэндээ Хатан үүнээс гадна гурван ч удаа хөөрхий охиныг алахыг завддаг юм. Эхний удаа Цасан гоо охины бэлхүүсэвчийг нь хэт чангалан ухаан алдуулж унагадаг. Хоёр дахь удаадаа хортой самаар үсийг нь самнан нойрсуулдаг. Одой нар гүнжийг олж, үснээс нь самыг салган авснаар охин эргэн амь ордог. Эцэст нь хортой алим өгч алдаг билээ. Одойчууд түүнийг шилэн авсанд хийсэн байсныг дэргэдүүр нь өнгөрч байсан ханхүү хараад, цогцсыг нь гэр рүүгээ авч явахаар шийдэн авсыг хөдөлгөхөд Цасан гоогийн амнаас хазсан алим унан дахин амь ордог юм. Ийнхүү тэд гэрлэх агаад хуримынхаа өдөр Хатанд гал дээр улайсгасан төмөр шаахай өмсгөн бүжиглүүлдэг. Хөл нь түлэгдсэн Хатан бүжиглэсээр байгаад эцэст нь амиа алддаг байна.

Гриммийн ах дүүс энэ зохиолоо мөн л Жамбаттиста Базилийн 1634 онд бичсэн “Залуу боол” үлгэрээс сэдэвлэсэн байна. Базилийн үлгэрт шидэт дагина бяцхан охинд 7 нас хүрээд үхэх хараал хийдэг. Долоон нас хүрэх үед ээж нь охиныхоо үсийг самнаж байтал сам тархинд нь шигдэн охин амиа алдана. Охиныг долоон давхар болор авсанд оршуулж, ордон дотроо байлгадаг. Үрээ алдсан ээж уй гашуудлаасаа болж үхэх ба нас барахынхаа өмнө охиныхоо нойрсож буй өрөөний түлхүүрийг дүүдээ өгөөд хэзээ ч бүү нээгээрэй гэж захин үлдээдэг. Гэвч дүүгийнх нь эхнэр түлхүүрийг аван, авсыг онгойлгоход үхсэн охин өссөөр үзэсгэлэнт бүсгүй болсон байгааг хардаг байна.

Нөхрөө энэ бүсгүйтэй унтахыг хүсдэг болохоор энд нуусан байна гэж хардсан эхнэр авснаас хөөрхий охиныг татан гаргахад үсэнд нь зоогдсон сам унаж, бүсгүй сэрдэг байна. Гэвч хартай эхнэр түүнийг цусандаа хутгалдтал ороолгон зодож, үсийг нь хайчилна. Үүний дараа хөөрхий охиныг боолоо болгон, өдөр бүр зодон тамлаж, үүнээс болж шүд амнаас нь үргэлж цус урсах охин түүхий мах иддэг мэт харагддаг болдог аж. Залуу бүсгүй өөрийгөө хөнөөхөөр шийдэн хутга ирлэх зуураа өөрийнхөө түүхийг хүүхэлдэйдээ ярьж өгч байгааг авга ах нь санаандгүй сонсоно. Ийнхүү эхнэрийнхээ хийсэн зүйлийг мэдсэн авга ах нь эхнэрээ хөөн зайлуулж, охиныг эмчлээд, баян хүнтэй гэрлүүлснээр үлгэр төгсдөг байна.

“Цасан гоо”-г энэ түүхээр хийсэн бол хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол?


05

Геркулес

Зохиолд: Геркулес өөрийгөө шатааж алдаг

Домогт өгүүлснээр аянга, тэнгэрийн Зевс бурхан Амфитрион гэгч хүний дүрд хувилан дэлхий дээр ирж, Амфитрионы тачаангуй эхнэр Алкменыг хүчинддэг. Алкмен түүнээс хөл хүнд болно. Жинхэнэ Амфитрион мөн шөнөдөө эхнэртэйгээ энгэр зөрүүлж, мөн л хүүхэдтэй болно. (Сонирхолтой нь хоёр өөр хүнээс хоёр өөр хүүхэдтэй болох боломжтой аж!) Ихрүүдийн нэг нь Хераклес (Зевсийн хүү, бидний нэрлэж заншсанаар Геркулес) юм. Энэ нэр нь “Хера бурхны алдар” гэсэн утгатай.

Хераклес өсөж том болоод агуу дайчин болж, Мегара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэнэ. Тэдний дундаас хоёр сайхан хүүхэд төрөх ч Хера бурхан Хераклесыг увдисдан өөрөөр нь хүүхдүүдийг нь хөнөөлгөдөг. Зарим домогт Мегараг ч алуулсан гэдэг. Өөр домогт өгүүлснээр Хераклес эхнэрээ өөрийнхөө үеэл Йолауст өгсөн гэх. Йолаус харин Хераклесын амраг байсан гэж бичигдсэн байдаг аж. (Хераклес бол сексийн бэлгэ тэмдэг ба эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй унтдаг шалиг нэгэн байжээ.)

Үүнээс хойш Хераклесын дөрөв дэх эхнэр Дейанейраг центавр Нессус хүчирхийлэх гэж оролдох үед Хераклес түүнийг Гидрагийн цусаар хордуулсан сумаар харван хөнөөнө. Үхэж буй Нессус Дейанейрад хандан асгарсан цус, үрийн шингэнийг нь ашиглан хайрын бэлдмэл хийгээрэй гэж захидаг байна. Нөхрийнхөө үнэнч байдалд эргэлзэж эхэлсэн Дейанейра хайрын бэлдмэлийг Хераклесын цамцан дээр асган өмсүүлжээ. Гэвч цусанд нь байсан Гидрагийн хор Хераклесыг түлэх ба цамцаа тайлахад Хераклесын мах нь түлэгдэн алга болж, яс нь гарсан байдаг. Үүнээс айсан Дейанейра өөрийгөө дүүжлэн ална. Өвчнөө тэсвэрлэхээ больсон Хераклес оршуулгын гал бэлдүүлээд өөрөө дотор нь орон шатаж үхдэг байна. Махан бие нь үхсэн ч Хераклесын бурхан бие нь гарч ирэн, Олимп уулнаа үхэшгүй мөнхийн бурхан болон үлддэг. Тэндээ Хера бурхантай эвлэрэн, амар тайвандаа жаргажээ.


04

Гавар, гөлөг хоёр

Зохиолд: Үнэг, анч нохой хоёр үхдэг

Юуны өмнө 1967 онд Дэниель П.Манниксын бичсэн романд бидний хайртай Тод гаврын найз Коппер залуу биш хөгшин нохой, харин Чийф (Chief) нь залуу, сурмаг нохой хэмээн дүрслэгдсэн байдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн үнэг, нохой хоёрын дунд үзэн ядалт л байсан уу гэхээс ямар ч нөхөрлөл байгаагүй гэдгийг хэлбэл та яах вэ?

Анчны гэрт байх анч нохдын хамгийн шилдэг нь болох Копперын байр суурь Чийф хэмээх залуу, хурдан нохой ирснээр төвөгтэй болж эхэлдэг. Коппер ч сүргийн шинэ гишүүнийг үзэн ядах ба нэг удаа баавгайн ангийн үеэр Чийф эзнээ улангассан баавгайгаас хамгаалахад бүр илүү үзэн яддаг болно. Баавгай дайрах үед сүүлээ хавчин айж зогссон Копперыг үл хайхран Чийфийг магтах нь тэсэхүйеэ бэрх байв. Нэг өдөр Чийф гинжээ таслан Тод үнэгний араас мөшгөнө. Тод зугтсаар төмөр зам гатлахад Чийф галт тэргэнд мөргүүлэн үхдэг байна. Үүнд уурласан анчин Тодыг заавал хөнөөнө хэмээн андгайлж, Копперыг сургадаг. Ингэхдээ Копперыг Тодоос өөр ямар ч үнэг рүү дайрахааргүй болгодог аж.

Тод өөрөөсөө хөгшин эмэгчин үнэгтэй нийлж, хэд хэдэн гавар төрүүлдэг. Тэдний үүрийг Коппер эзэнтэйгээ олоод, хорт хийгээр гавруудыг нь хөнөөж, эмэгчин үнэгийг хавханд оруулан алдаг байна.

Тод өөр нэг эмэгчин үнэгтэй уулзан, дахин гаврууд төрүүлэх ч тэднийг анчин мөн л олон устгана. Нэг өвөл үнэгнүүдийн дунд галзуу өвчин дэгдсэнээр галзуурсан үнэгнүүд хүүхдүүд рүү дайрч эхэлдэг байна. Анчин үнэгнүүдийг алахаар хордуулсан хоол тавихад нэг хүүхэд үүнийг нь идэн үхдэг.

Хөөрхий Тод заналт анчнаас олон удаа зугтаж чаддаг ч нэг удаа Коппер түүнийг зогсолтгүй элдэн хөөснөөс болж үнэг бахардан үхдэг байна. Коппер өөрөө ч бахардаж үхэх дөхсөн байсан ч эзэн нь түүнийг асарч, амийг нь авардаг. Нэр хүндээ эргэн олсон Коппер хэсэг хугацаанд сайхан амьдрах боловч эзэн нь дахин архи ууж эхэлснээр асрамжийн газарт очих хэрэгтэй болно. Анчин эр явахынхаа өмнө буугаа аваад Копперыг буудан алдаг. Төгсөв.


03

Цогчин дуганы бөгтөр

Зохиолд: Квазимодо тамлуулдаг, Эсмеральда ч тамлуулдаг, эцэст нь бүгд үхдэг.

Нотре Дамын цогчин дуган буюу бидний нэрлэж заншсанаар Дарь эхийн сүмийн хамба лам Фролло кино эхлэх үед хөөрхий цыган эхээс хүүхдийг (Квазимодо) нь булаан авч, чөтгөр хэмээн зарлаж, худаг руу шидэж алахыг завддаг билээ. Гэвч Виктор Хюгогийн романд үнэндээ Фролло ламтан хөөрхий хүүг амьдаар нь шатаан алах гэж байсан дөрвөн эмэгтэйгээс авардаг юм. Ламтан хүүг Квазимодо гэж нэрлэн, авч өсгөдөг байна. Энэ явдлаас олон жилийн дараа Фролло 15 настай Эсмеральда гэх цыган охинд татагдан, галзуу шуналдаа хөтлөгдөж Квазимодогоор охиныг хулгайлуулахыг оролддог.

Гэвч Квазимодо үйлдэл дээрээ баригдан, Фибус гэдэг царайлаг цэрэгт баривчлагдана. Эсмеральда тэр даруй Фибуст дурладаг. Харин Квазимодог олон хүний нүдэн дээр тамлан, гутамшгийн тавцан дээр хаядаг байна. Царайлаг цэрэг Фибус хэдийгээр сүй тавьсан хэдий ч тун шалиг эр тул Эсмеральдатай нууцаар болзоо тогтоодог байна. Үүнийг мэдсэн Фролло хамба Фибуст мөнгө төлж, тэдний янаг амрагийн явдлыг нууцаар харахаар тохиролцоно. Болзооны үеэр хүсэл тачаалдаа автсан Эсмеральда Фибуст охин биеэ өгдөг. Гэвч сүүдэрт тэднийг харан зогссон Фролло хардсандаа Фибусын нуруунд хутга зоон алаад зугтдаг байна. Эсмеральда хүн амины хэрэгт холбогдон, эрүү шүүлтэнд орон тамлуулсаар, хийгээгүй хэргийнхээ бурууг хүлээж, дүүжлүүлэх яланд унадаг.

Квазимодо хөөрхий бүсгүйг гяндангаас аварч, Нотре дамын Цогчин дугандаа авчирдаг. Энд хамба лам Эсмеральдаг хүчирхийлэх гэж оролдох ба үүнд нь Квазимодо саад болдог билээ. Эсмеральдаг өөрийг нь хайрлах юм бол амийг нь хэлтрүүлнэ гэсэн Фроллогийн заналхийлэлд татгалзахад Фролло лам цыган охиныг цэргүүдэд барьж өгдөг аж. Цаазын тавцан дээр дүүжлүүлж байхдаа амь тэмцэн сарваганах бүсгүйг хараад Фролло галзуу мэт инээж байхад нь Квазимодо түүнийг сүмийн дээрээс түлхэн унагадаг.

Цаазын ялтнуудын цогцос булсан газар руу Квазимодо мөлхөн орж, Эсмеральдагийн цогцосыг тэвэрсэн чигтээ  үхдэг байна. Олон жилийн дараа энэ газраас үгээгүй үзлийн бөгтөр араг яс, өө сэвгүй залуу бүсгүйн ясыг мөнхөд тэвэрсэн байдалтайгаар олддог билээ.


02

Покахонтас

Зохиолд: Покахонтасыг хулгайлж, хүчирхийлээд хороодог.

Зоригт индиан бүсгүй Покахонтасын түүх үнэндээ Виржиниягийн колоничлолын үеэр англичуудын үйлдсэн бусармаг хэргийг гуйвуулан цайруулсан худал түүх юм. Үзэсгэлэнт бүсгүйн талаар Дисней студийн хийсэн хоёр кинонд Покахонтас Америк тивийн уугуул индианчууд болон Англи орны дунд дипломат харилцаа үүсгэсэн гавьяатай нэгэн гэж дүрслэгдсэн байдаг. Бодит түүхэндээ ахмад Смит Поухатан омогтой холбоо тогтоох үед Покахонтас ердөө 10 настай охин байсан аж. Смитийг индианчууд олзолсон нь үнэн ч Смитэд гэм хор учруулаагүй, харин ч эелдэг сайхан хандаж байсан гэдэг. Үүнээс хойш олон жилийн дараа Покахонтасын нэр Англи даяар алдартай болж эхлэхэд индианчуудад цаазлуулах гэж байх үед нь энэ охин амийг нь аварсан гэсэн түүхийг Смит өөрөө зохиосон аж.

Покахонтасыг 17 нас хүрэх үед англичууд түүнийг олзлон, барьцааны хүн болгожээ. Түүний нөхөр Кокумыг алж, хөөрхий охиныг удаа дараа хүчирхийлж, эцэст нь жирэмслүүлсэн байдаг. Тэд үтэр түргэн Покахонтасыг хүчээр Христэд элсүүлэн, Ребекка нэртэй болгон баптизм хүртээж, Жон Рольфе гэгч Английн тамхины худалдаачинтай гэрлүүлэн, гэдсэнд нь буй хүүхдийг нь хууль ёсных мэт харагдуулахаар далдалсан байлаа. 1615 онд Рольфе Англи руу явахдаа Покахонтасыг дагуулан явсан ба бариу бэлхүүсэвч зүүлгэн “Виржиниягийн номхорсон зэрлэг” хэмээн олон нийтэд харуулдаг байсан гэдэг.

Англид хоёр жил амьдраад Рольфе Виржиния руу буцах үед Покахонтас оройн хоолны дараа маш ихээр бөөлжиж эхэлсэн аж. Тэр Темза мөрнөөс ч гараагүй байхдаа маш ихэд зовж, тарчлан үхсэн билээ. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг байдгийн дунд сүрьеэ, уушигны хатгалгаа, салхин цэцэг өвчин гэдэг түүх зонхилдог байна. Харин “Покахонтасын үнэн түүх” болон “Түүний нөгөө тал” зэрэг номонд бичсэнээр Покахонтас Англид байх хугацаандаа эзэн хаант улс уугуул иргэдийг хөнөөн газар нутгийг нь булаан авах гэж байгаа гэсэн төлөвлөгөөг нь мэдсэн тул нутагтаа очоод индианчуудад энэ талаар мэдэгдэх эрсдэлээс сэргийлэн хордуулж алсан аж. Индиан бүсгүй таалал төгсөхдөө ердөө 22 настай байсан гэдэг.


01

Үзэсгэлэнт охин, араатан хоёр (1991)

Зохиолд: Гастон гэж байхгүй; Аав нь зохион бүтээгч биш.

Ухаалаг, үзэсгэлэнтэй Белле охин Диснейн хамгийн алдартай гүнжийн нэг. Франц гаралтай зохиолч Жанна Мари Лепренс де Бомоны 1740 онд туурвисан “Үзэсгэлэнт охин, араатан хоёр” зохиол дээр мангасын дүрд орсон ханхүүгийн түүх арай өөр байхаас гадна амилсан цаг, лаа, данх гардаггүй.

Үлгэрт бичсэнээр нэгэн худалдаачин алс хол явдаг. Гурван хүү, гурван охинтой тэрээр хүүхдүүдээсээ ямар бэлэг авмаар байгааг асуухад хөвгүүд нь зэр зэвсэг, аргамаг хүлэг, харин хоёр том охин нь үнэт эдлэл, сайхан даашинз гуйна. Харин бага охин нь ердөө ганцхан сарнай авахыг хүсдэг юм. Тэр нутагт сарнай байдаггүй тул охин үүнийг гуйсан хэрэг. Гэртээ харих замдаа худалдаачин нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт орох агаад тэндээсээ нэгэн сарнай цэцэг таслан авдаг. Гэвч уг цэцэрлэгийн эзэн нь Мангас байх ба хулгай хийхээр завдсан худалдаачныг амь насныхаа оронд нэг охиноо авчирч өгөхийг тушаадаг байна. Энэ талаар хүүхдүүддээ хэлэхэд үзэсгэлэнт охин саналаараа явахаар шийддэг юм.

Үзэсгэлэнт охинд дурласан мангас түүнийг алж чаддаггүй. Мангас гурван сарын турш өдөр бүр охиныг өөртэй нь гэрлээч гэж гуйх боловч бүсгүй түүний дотоод сэтгэлийг нь мэдэхгүй тул саналыг хүлээж авахгүй байлаа. Эцэст нь мангас охиныг заавал буцаж ирэх нөхцөлтэйгээр гэртээ харихыг зөвшөөрдөг. Гэртээ очиход атаархуу эгч нар нь түүнийг ятгасаар буцах ёстой өдрөөс нь олон хоногоор саатуулж орхидог байна. Үүний дараа охин мангасын ордон руу эргэн очих үед мангас үхлийн ирмэг дээр хэвтэж байдаг. Гэхдээ энэ нь хорон санаат Гастоны хийсэн ажил биш. Үнэндээ энэ үлгэрт Гастон гэдэг дүр огт байхгүй билээ.

Хайртай бүсгүйгээ явснаас болж санаж бэтгэрсэн мангас хугацаа хэтэрсэн хоногуудад огт хоол идээгүй байх ба үүнээсээ болж үхэх гэж байдаг юм. Мангасын дотор зүрх сэтгэл буйг нь олж харсан Белле түүнтэй гэрлэхийг зөвшөөрч, аз жаргалтай амьдрах болсноор үлгэр төгсөнө. (Өөр хувилбарт өлсөж үхэх гэж байсан мангас уурандаа хөөрхий охиныг идчихдэг гэх нь ч бий.)


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (48)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
нөгөө үнсгэлжин жинхэн номон дээрээ нэг хэрэм алаад дотор эрхтнийг нь янзаалд шаахай болгож өмсдөг шл
-1
Надад бүр их сонирхолтой санагдлаа
-3
Шал худлаа энийг хүүхдүүд уншвал урам нь хугарч үзэн ядах болно шд энийгээ одоо устага
+3
үнсгэлжингийн жинхэнэ түүхий гэнэ гаргажл байсан биздээ ямар тэнэг юм бэ
+7
Надад үнэхээр сонир холтой санагдлаа
+2
Надад үнэхээр сонир холтой санагдлаа
+2
Надад үнэхээр сонирхолтой санагдлаа
+2
гоё түүх байна
+4
үнэн үү
Ёоо ямар аймар юм бэ
-3
Үнсгэлжин ба мангас л хайр юм.
-7
Тэнэг юу вэ? Гүнжүүдийг энгэж доромжилдог юм үү
Шшшшш
+1
Мулан Диснейн бүтээл биш өөе!
Бодит зохиолуудыг нь аваад уншихгүй юу. Орчуулагч итгүүлэх албагүй биз дээ хаха
eh survaljgui bolohoor bi itgehguie
+7
Ene yg unen ymuu ymar aimshigtai ym be bidnii uzsen n bugd amar taivan togsdog ymsan
+2
Er n disney cartoons dandaa l dald utgatai bdg ymr ng sadar samuuniig ard n hvnd anzaargdhaargv oruulsan bdim blee ta nr youtube ntrees haigaad vzeerei frozen araatnii haan arslan ntr gll bvgd ng sadar samuuntai holbootoi gants 2 vzeed hen ch anzaardggv triig n dndaa vzdeg baga nasnii hvvhdvvd l anzaardg ym blee
+6
Хүүхдэд зориулсан киног яаж энэ муухай сэдвээр нь хийх билээ дээ.Тэр ах дүү Гриммийн үлгэрүүд хүүхдийн үлгэр биш,зэрлэг бүдүүлэг дундад зууны гаж донтнуудын сонирхолд нийцүүлж бичсэн,мѳнгѳ олох зориулалттай ном байсан биз дээ бодвол.
+9
Үнсгэлжингийн яг тийм найруулагтай кино хийсэн тэрэнд бүгд л гардаг
+5
Ичсэндээ болоод хүнд хэрэгтэй юм оруулсан чинь хэн ч уншихгүй байхаар нь гайхаад яг доод талын коммэнт бичсэн хүнийг хайж хайж олтол угаасаа юу ч уншдаггүй нэг орк байж таардаг юм даа.
-13
Хэнд ч хэрэггүй шаал дэмий юм хийж суухаасаа ичээч.Цагийн гарз.Үр бүтээлтэй хүнд хэрэгтэй мэдээлэл оруулаач!!!
+3
Bid nariin am damjsan mongol ardiin ulgeruud bdg shde teren shg l Grimmsiin fairy taleuud zndu Erhii mergen harvaachiig l 6 nariig alaad ard olondo hundlegded amar saihandaa jargaje gd kino hiisentei zuirlej bln yrusu dursamj mn ntr gd halaglaad bh yum bhgu
+1
Ah duu Grimmsiin 200aad fairy tale bdg bugd yr n iim har aimshgiin talda terig l shn gegeeleg bolgool uurchilsun kinog n medne bzde zndu gardag bsn The Brother Grimms
Ugasa zndu l olon huvilbar bdgishd Disney bl disney ter gaj dontoi zohioludig uurchilj delhiid taniulsan n ih yum gj bod ternes hen ch mdku hachin gaj zohiolud tgl ter uyde martagdah bsn
+1
Цасангоо Ба Долоон Одой талаар уншиж байсан юм байна . Гэхдээ энэ бараг үнэний ортой байхаа . Бидний мэдэх frozen хүүхэлдэйн кионон дээр хүртэл Elsa дүүгээ хөнөөдөг гэх юм билээ .
-7
Bitgii hudlaa handalt avah gj hudal ym zohioj bai! Ene hudlaa shuu
+10
hairan saihan dursamj?min de
+6
Үнэн байвал яах вэ
+1
+8
Eh survaljaa durdina uu?
+6
Ene chin huuheldein kino bish aimshgiin kino boloh bsiin bishuu
-5
Энэ одоо Эрт урьдын цагт гэдэг киног хөөрхөн нийтлэл болгоод оруулчих юмаа
Хулан эхэн хэсэгт дурдагдсан л байна
+9
Эндээс хамгийн гайгүй нь бараг Белле юмуудаа.. Бусад нь харин дандаа тамлалт аллага ёохх нэг ёсны аймшгийн үлгэрүүд бсим болуу гэж бодлоошт
+6
мулан яаава
-7
Та нар ийм новшийн мэдээлэл хаанаас олдог байна аа
+3
noirsoj buu goo bvsgvigiin hanhvv chin harin yostoi saihan gar bh chin ee ain
+6
Доор байгаа хүн Дисней өөрөө хүний тархи угааж, ориг зохиолуудыг нь гуйвуулсан гэдгийг нь ойлгож чадахгүй байгаа юм байх даа?
+4
Frozen - Цасан хатан, Мулан - Хуа Мулан гэж шүлэг, Арслан хаан - Гамлет, Алладин - 1001 шөнийн үлгэр Али баба ба 40 дээрэмчин,
+7
Сонирхолтой юм аа, жинхэнэ хувилбаруудыг нь уншиж үзмээр санагдчихлаа
+4
Дурсамж минь дээ
+9
Жишээ нь "100 жилийн ганцаардал дээр Буэндиагийхан бүгд үхсэн тул энэ номыг хориглож байна, гэрэл гэгээтэй өөдрөг зүйл хэвлэ" гээд шатаагаад байх ёстой юм байналдаа хаха. Атаархагчид хаа сайгүй
+6
Сайхан дурсамжуудыг Морфиус устгасанд Нео нэг их гомдож явдаггүй л юм билээ :)))
Дандаа үхэл т1 юм бэ
-17
Ийм тэнэг юм бичиж хүмүүсийн сайхан дурсамжуудыг устгахыг оролдож байгаа хүн лав олигтой хүн биш ээ... Үнэн худал нь мэдэгдэхгүй ийм балай юм сараачиж суухаар хүнд гэрэл гэгээ, өөдрөг үзэл төрүүлэх юм бичвэл үхсэний чинь дараа сүнс чинь ядахдаа амгалан байна байх даа....
+25
Гэнэн хонгор хүүхэд насны минь дурсамжуудыг бусниулаад хаячихлаа :P
+11
Аймшигтай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start