Арав.мн

Монгол хааны зарлигаар дэлхийн түүхийг нэгтгэн бичсэн нь

Монгол хааны зарлигаар дэлхийн түүхийг нэгтгэн бичсэн нь

Абаха хаан морин дээр, Аргуны гар дээр Хасан

(Бид доорх мэдээндээ орчуулагч Ц. Сүрэнхорлоогийн орчуулсан “Судрын чуулган” бүтээлээс эш татав)

Рашид-ад-Дины “Судрын чуулган” хэмээх бүтээлийн тухай сонсоогүй хүн ховор биз ээ. Уг бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхийн сурвалжийн гол бүтээлүүдийн нэг бөгөөд “Монголын нууц товчоо”-нд дурьдагдаагүй олон зүйлийг өгүүлсэн төдийгүй өнөөг хүртэл олдоогүй байгаа “Алтан дэвтэр” зэрэг сурвалжийн талаар дурьдсан байдаг билээ.

Судрын чуулганыг Газан буюу Хасан хааны зарлигаар Рашид-ад-Дин тэргүүтэй олон эрдэмтэд хамтран туурвисан бөгөөд дэлхийн түүхийг нэгтгэн бичих анхны томоохон оролдлого байсан учир “дэлхийн хамгийн анхны дэлхийн түүхийн бүтээл” хэмээн нэрлэдэг байна. Мөн тус бүтээлийг “Шашдирын чуулган”, “Жами-ат-таварих /Jāmi’al-tawārīkh/” гэж нэрлэдэг.

Хасан (Газан) хаан гэж хэн бэ?

Махмуд Хасан хаан нь Монголын эзэнт гүрний нэг хэсэг Ил хаант улсын 7 дахь хаан бөгөөд 1271 онд Ил хаант улсын 4 дэх хаан Аргун болон түүний гэргий Хутлуг хатан нарын хүү болон мэндэлжээ. 1291 онд Аргун хаан нас барсны дараа түүний дүү Гайхату хаан болсон боловч 1295 онд Ил хаант улсын эмирүүд бослого гарган, Гайхату хааныг ойр дотно хүмүүсийнх нь хамт хөнөөжээ. Түүнийг нас барсны дараа Байду хаан Ил хааны сууринд суусан байна. Гэвч түүнийг хаан суухтай зэрэгцэн Аргун хааны хүү Хасан өөрийгөө хаан сууринд суух ёслол хийж, Байду хааны эсрэг дайнд морджээ. Тулаан болох үед Байду хааны олон цэрэг Хасаны талд урваж, Байду хаан тулааны үед алагдсан аж.

Хасан хааны эцэг Аргун хаан Хубилай хаанаас шинэ эхнэр хүсэхэд их хаан түүнд Баяд овгийн гүнж Хөхөчинг Марко Пологоор хүргүүлсэн байна. Марко Поло Ази тивийг хөндлөн гулд туулан очиход Аргун хаан нас барсан байсан учир гүнж Хасантай гэрлэжээ.

Хасан хаан буддын шашинтай байсан бөгөөд хожим лалын шашинтан болсон байна. Багадаа хятад лам багшаар буддын ёс, монгол, уйгур бичиг заалгадаг байв. Хасан хаан маш өндөр боловсролтой, хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг байжээ. Хаан найман эхнэртэй байсан ч хоёр л эхнэр нь хааны хүүхдийг төрүүлсэн бөгөөд хоёр хүү, нэг охинтой байв.  Хасан хаан өөрийн төрийн сайд Рашид-ад-Динд Чингис хаан, түүний удмын түүх болон монголчуудын захиргаанд орсон олон аймгийн талаар нэгтгэсэн бүтээл туурвихыг зарлиг болгосон нь өдгөө бидний мэдэх “Судрын чуулган” хэмээх алдарт бүтээл билээ. Түүнчлэн газар тариаланг хөгжүүлж, эмнэлэг, сургууль байгуулж, алт мөнгөн зоос гаргаж, мөн хааны нэрийн өмнөөс хэрэглэх пайз хүртэл хийлгэж байв. Мөн боол болж худалдагдсан хүүхдүүдийг худалдан авч, цэрэг болгодог байжээ.

Хасан хаан 1304 оны 5-р сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд хоёр хүү нь хоёул амь үрэгдсэн учир өөрийн төрсөн ах Өлзийтөд хаан сууриа өвлүүлсэн байна.

Рашид-ад-Дин гэж хэн байв?

Түүний бүтэн нэрийг Рашид-ад-Дин Фазлуллах ибн Абу-л-Хейр Али Хамадани гэдэг бөгөөд 1247 онд Ираны Хамадани хотод язгууртан биш эрдэмтний гэр бүлд төржээ (зарим сурвалж бичигт түүнийг еврей гаралтай гэсэн байдаг). Тэрээр анагаах ухааны мэргэжилтэй байсан хэдий ч олон талын боловсролтой, гарамгай эрдэмтэн байв. Чадварлаг эмч, эрдэмтэн Рашид-ад-Дин 1298 онд Чингис хааны отгон хүү Тулуйн хүү Хүлэгү хааны удмын Хасан хааны төрийн сайдаар томилогджээ. Хүлэгүгийн удмын улсын /1256-1353/ бүрэлдэхүүнд Иран, Месопотам, Азербайжан, Армен зэрэг багтаж байв. Рашид-ад-Дин 1298-1317 онд төрийн сайд байхдаа улсын санхүүг гартаа атган, эзэмшил нутаг мэтийн маш их хөрөнгө хуримтлуулсан байна. Түүний 14 хүүгийн 10 нь Багдад зэрэг мужийн захирагч байжээ. Рашид-ад-Дин лалын шашны шафийт урсгалыг шүтдэг байсан бөгөөд өөрийн өрсөлдөгч, дайсан этгээдүүдийг нухчин дарсаар 19 жил төрийн сайдын өндөр тушаалыг хашсан байна. Гэвч өөрийн эсрэг бүлэг дайсандаа гүтгэгдэн, удалгүй огцорч, 1318 оны 7-р сарын 18-нд (71 настайдаа) цаазлуулжээ. 1327 онд түүнийг цагаатгасан байна. Рашид-ад-Дин лалын шашинтай байсан хэдий ч өөрийн бүтээлээ перс хэлээр энгийн, яруу сайхан бичсэн бөгөөд бүтээлдээ шашны үүднээс бус харин эрдэмтэн хүний хувиар чин үнэнч хандсан байдаг аж.

Яагаад “Судрын чуулган” гэж нэрлэх болсон бэ?

Тус бүтээлийг бичихэд Рашид-ад-Дин болон түүний туслах, түүхч нар, хоёр хятад эрдэмтэн, Кашмирийн энэтхэг лам зэрэг хүмүүс оролцжээ. Мөн бидний үед уламжлан үлдээгүй Чингис хааны өвөг дээдсийн тухай “Алтан дэвтэр” хэмээх монгол зохиолыг ашигласан бололтой. Мөн 1286 онд Хятадаас Иранд очсон монгол ноён Болд чинсан монголын аман домог, түүхийн үнэт их зүйл нэмэрлэсэн байна. Зохиолыг 1301-1311 онд бүрэн дуусгажээ. Рашид-ад-Дин зохиолынхоо тэргүүн ботийн удиртгалд “Үе үеэр үнэн түүхийг монгол хэлээр, монгол бичгээр бичсэн. Гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь санд хадгалсаар байдаг, түүнийг гадны хүнд, итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан байдаг” гэж онцлон дурьджээ. Ингэж их нууцалдаг байсан төрийн нууц түүхийн хэрэглэгдэхүүнийг харин тэрээр ашиглан бичсэн байна. Тиймээс “Монголын нууц товчоо” XIII зуун, түүнээс өмнөх монголын түүхийн мэдээг агуулсан байж таарна. Мөн дээр дурьдсан “Алтан дэвтэр” зэрэг ховор нандин түүхэн судруудыг сурвалж болгон ашигласан учир "судрын чуулган" гэж нэрлэсэн биз ээ. 

“Судрын чуулган” бүтээлд маш олон шүлэг, яруу найраг байдаг бөгөөд Хасан хаан буддын шашинтай байсан боловч хожим лалын шашинд орсон тухай:

Дэлхийн эзэн-Хасан /Газан/ хаан зөнчийн шажинг шүтэх болсноор
Үнэнч шүтлэгийн талбайн хөл олширч төрийн хэргийгч бүрнээ эзэгнэх боллоо
Тэрбээр цэвэр бурхны хуулийн гялалзах шинэ үндсийг тавилаа
Олон шажин ба шүтлэггүй буруу номтны заншлыг бүр мөсөн халлаа
хэмээн шүлэглэсэн байдаг байна.

Хасан хаан нас нөхчсөн болон хэн хан орыг нь залгамжилсан тухай Рашид-ад-Дин “Судрын чуулган” бүтээлдээ бичсэн байдаг. Тус бүтээлд:

... Диваажингийн дээвэр дор түүний өндрөөс өндөр хананд бүхнээс хүчирхэг захирагчийн дэргэд мөнхжихийн заяа бүрдсэн газарт үүд өрхөө татжээ.

Ертөнцөөс гэтэлсэн үлэмж буяны ачаар
Ерөөлийн ариун ордон болж гэр нь сүндэрлэв
Бум бумаараа хором тутам урсан ирэх
Бурхны ерөөл түүний сүнсэнд шингэв

Түүний гэрээслэл нь төгс төгөлдөр, уран яруу хэллэг, нэвтэрхий сэцэн мэргэн, энэрэл дүүрэн сэтгэлийн шинж бүхийгээрээ гоц гойд билээ. Тэр өдрүүдэд өөд болсон эзэн хаан бүх ихэс түшмэд, цэргийн ноёд, хатдаа байлцуулан байж таваас зургаан жилийн тэртээ боловсруулсан хаан ширээ залгамжлуулах хуулиа дахин сэргээн бататгаж, хурц саруул ухаанаар эрэгцүүлэн болгоож уран яруу үг хэлээр тов тодхон хэлж, бичүүллээ. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө бодлын маш ялимгүй зүйлийг ч тэр л хэвээр нь сахиулахыг ихээхэн хичээнгүйлэж байсан нь бүхэнд илэрхий байлаа. Учир нь тэдгээр бол ариун үнэний гоцлол байв. Түүний үе залгамжлагч нь өөрийн аугаа их ах нь боллоо... гэх зэргээр дүрслэн бичжээ.

“Судрын чуулган”-ы нэгдүгээр ботийн монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere Франц хэлэнд /1836/, И. Н. Березин орос хэлэнд орчуулж /1858, 1868, 1888/, Л.А.Хетугарова нарын орчуулга 1952 онд, Ж.А.Бойл /1971/, В.М.Такстон /1999/ англи хэлээр орчуулж байжээ. Мөн турк, хятад, япон, солонгос хэлээр орчуулагдан гарч байсан байна. Орос хэлнээс монгол хэлэнд Ц.Сүрэнхорлоо “Судрын чуулган” нэрээр 2002 онд орчуулж байсан бол Г.Аким англи хэлнээс /2013, 2016/ “Шаштирын чуулган” нэрээр орчуулж гаргажээ.

Г.Аким гуай яагаад “Шаштирын чуулган” гэж нэрлэх болсон тухайгаа “Судар гэдэг бол ном гэсэн үг. Номын чуулган гэвэл орчлонгийн бүх ном багтсан гэж ойлгоно. Шаштир гэдэг бол түүх гэсэн үг” гэж тайлбарлажээ.

Энэ гайхалтай түүхэн сударт дүрслэгдсэн байдаг зургуудаас та бүхэнд хүргэе.


10

Чөтгөрт жимс амсахыг санал болгож буй Будда


09

Хүлэгү хаан загалмайн шашинт Докуз хатны хамт


08

Монголын морьт цэргүүд дайснаа хөөж буй нь


07

Морь унасан Хасан хаан


06

Монгол удирдагч Хасан хаан Коран судар судалж буй нь


05

Энэтхэг болон Хятадын дунд орших уулс


04

Хасан хаан исламын шашинд оров


03

Хотыг бүсэлсэн монголчууд


02

Монгол цэргүүд


01

Иранд байх Рашид-ад-Дины хөшөө


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start