Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 гангстер кино

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 гангстер кино

Дэлхийн кино урлагт гангстер, мафийн сэдэвтэй кино үргэлж л том байр суурийг эзэлж ирсэн. Ихэвчлэн жижиг гэмт хэргээр гараагаа эхэлсэн гудамжны рекит, дээрэмчид хэрхэн хууль, хяналтын байгууллагаас ч айхгүй болтлоо хүчирхэгжиж, бүхэл бүтэн гэмт хэргийн эзэнт гүрнийг бий болгон, эцэст нь энэ бүхэн нь хэрхэн нуран унаж байгаа түүх кино сонирхогчдын анхаарлыг татсаар байдаг. Хуулиас гадуурх амьдралыг өгүүлэх ийм төрлийн кино Европ, АНУ-д илүү түгээмэл байдаг нь эдгээр газруудын түүх, соёлтой салшгүй холбоотой юм. Ялангуяа 1920-30-аад онд амьдарч байсан гангстеруудын амьдрал Америкийн кино урлагийн томоохон төлөөлөгч болсон алдартай найруулагчдын сонирхлыг татдаг билээ. Ингээд IMBD-гээр хамгийн өндөр үнэлгээ авсан гангстер төрлийн 10 киног танилцуулж байна.


10

Scarface (1983)

IMBD үнэлгээ:  8.3

Найруулагч: Brian De Palma

Үргэлжлэх хугацаа: 170 минут

Олон нийтэд түгээсэн компани: Universal Pictures

Гол дүрүүдэд: Ал Пачино, Мишель Пфайффер, Стивен Бауэр, Мэри Элизабет Мастрантонио

Оливер Стөүний зохиолоор бичсэн, 1932 оны “Scarface” киног шинэчлэн хийсэн энэ бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг гангстер кинонуудын тоонд зүй ёсоор ордог.

Кубын дүрвэгч Тони Монтана (Ал Пачино) 1980-аад онд Майамид юу ч үгүй ирнэ. Манни Рибера, Анжел, Чи-Чи гэсэн гурван найзтайгаа хамт дүрвэгсдийн хуаранд хүргэгдэх ба Кубын төрийн томоохон албан тушаалтай байсан хүнийг хөнөөх юм бол АНУ-ын ногоон карттай болгоё гэсэн саналыг хар тамхины наймаачин Фрэнк Лопезоос хүлээн авдаг. Өөрийгөө том зүйл хийх хувь тавилантай нэгэн гэж боддог байсан Тонигийн хувьд АНУ-д аяга таваг угаагчаар ажиллах нь үнэхээр таалагддаггүй.

Фрэнкийн баруун гар Омар Суарез тэднийг хайн олж, Колумбын хар тамхины наймаачдаас кокэйн худалдан авах ажил олж өгдөг. Фрэнкэд хар тамхиа хүргэж өгч, танилцсанаар тэндээ ажилд ордог байна. Ийнхүү гэмт хэргийн ертөнцөд эргэж буцалтгүй орсон Тони цаашид хар тамхины далд ертөнцийн жинхэнэ босс болж, олон сая ам.долларын эзэнт гүрэнг бий болгоно.

Энэ киноны гол дүр болох Тони Монтанагийн дүрийг дэлгэцнээ амьлуулах жүжигчнээр анх Роберт Де Нирог сонгон, санал тавьсан боловч зөвшөөрөөгүй байдаг. Харин Ал Пачино энэ дүрийг авахыг туйлын их хүссэн аж. Тэр дүрдээ орохын тулд хүйтэн зэвсгээр тулалдаж сурснаас гадна боксчин Роберт Дурантай бэлтгэл хийж зодооны урлагаар хичээллэн, биеэ бэлдсэн байдаг. Монтанагийн дүр улангассан арслан шиг бөгөөд сэтгэл зүйгээ ч ийм болгох гэж их хичээн ажилласан гэдэг. Кино зураг авалтын үеэр буудалцааны хэсгийн дараа хиймэл сумаар бууддаг урт бууг халуун дээр нь барьж авснаасаа болж Пачиногийн гар бууны голд наалдаж, хүнд гэмтэж байжээ. Үүнээс болж кино зураг авалт 14 хоногийн турш зогсох шаардлагатай болсон гэдэг.

Зураг авалт нийт 24 долоо хоногийн турш үргэлжилж, 1983 оны 5-р сарын 6-нд дуусчээ.

“Scarface” кинонд хүчирхийлэл, зохисгүй үг хэллэг, хар тамхины хэрэглээг ихээр гардаг тул гурван удаагийн X-рэйтинг хүртсэн байдаг. Ийм үнэлгээ авна гэдэг кино театруудад гарах, сурталчилгаа явуулах ажлыг хязгаарлаж, цаашлаад бокс оффисын жагсаалтад орох зэрэгт маш сөргөөр нөлөөлдөг юм. Киноны эхэн хэсэгт Монтанагийн найз Анжелыг цахилгаан хөрөөгөөр тас тасан хаядаг хэсгээс болж “Motion Picture Association of America” X-рэйтинг өгсөн байдаг. Найруулагч Де Палма энэ хэсгийг өөрчилж, дахин илгээсэн боловч мөн л X-рэйтинг авав. Энэ мэтчилэн таван удаа киногоо засвар хийхэд хүрсэн Де Палма эцэст нь Universal Studio-д хандан киног энэ чигээр нь гаргавал гарга, үгүй бол өөрчлөлт хийх өөр хүн ол гэсэн байна. Ийнхүү Universal Studio MPAA-ын үнэлгээг давж заалдсан юм. MPAA-ын ерөнхийлөгч Жэк Валенти энэ хурлыг даргалсан ба Холливудын аварга том кино компанитай тэрсэлдэхийг хүсээгүй учир эцэст нь R-үнэлгээ өгч, дэлгэцнээ гаргасан байдаг.

1983 оны 12-р сарын 9-ний өдөр олон нийтийн хүртээл болсон “Scarface” бокс оффисоос маш их амжилт олж, 44 сая ам.долларын ашиг олжээ. Кино шүүмжлэгчид өндрөөр хүлээн авч, зөвхөн гангстер төрлийн гэлтгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг гэж магтаж байлаа. 


09

Once Upon a Time in America (1984)

IMBD үнэлгээ:  8.4

Найруулагч: Сержио Леоне

Гол дүрүүдэд: Роберт Де Ниро, Жэймс Вудс, Элизабет МакГоверн, Трийт Уильямс

Үргэлжлэх хугацаа: 139 минут (АНУ-д цацагдсанаар), 229 минут (Европт цацагдсанаар)

Олон нийтэд түгээсэн компани: Warner Bros.

The Ladd Company, Embassy International Pictures, PSO Enterprises болон Rafran Cinematografica компаниудын хамтын бүтээл, Warner Bros продашны түгээсэн “Америкт нэгэн удаа” кино нь Харри Грэйн “The Hoods” романаас сэдэвлэсэн бүтээл юм. Кинонд Дэвид “Нүүдлс” Ааронсон болон Максимильян “Макс” Берковиц гэх хоёр сайн найз болон тэдний удирддаг еврей бүлэглэлийн амьдралыг харуулдаг. Гудамжны танхай хүүхдүүд хэрхэн Нью Йорк хотын зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцөд хүчээ авсныг харуулах бөгөөд нөхөрлөл, хайр дурлал, шунал, урвалт гэх мэт олон сэдвийг Америкийн нийгэм дэх дээрэмчдийн амьдралтай төгс хослуулсан гэдгээрээ онцлог.

Үйл явдлын хувьд, 1920-оод оны Манхэттэнд байх энгийн нэг гудамжны жаал Нүүдлс өөрийн найзууд болох Патрик “Патси” Голдберг, Филип “Солир нүдэт” Штэйн ба бяцхан Доминик нар нутгийн босс Багзигийн удирдлага дор аар саар гэмт хэрэг хийж мөнгө олдог. Нэг удаа согтуу хүнийг дээрэмдэх санаатай ажиллаж байхад хотод шинээр нүүж ирж байсан Макс саад болж, согтуу эрийг өөрөө дээрэмдэнэ. Нүүдлс, Макс хоёрын нөхөрлөл ингэж эхэлнэ. Тэд насанд хүрээгүй охинтой секс хийж байсан цагдаагийн зургийг авснаар түүнийг сүрдүүлэх ба цаашид хийсэн хэргүүдээ цагдаагийн хаацайлуулж байхаа тохиролцож дөнгөдөг. Тэд нэгэн томхон ажил амжилттай хийх ба орлогоо чемоданд хийн хуримтлал үүсгэхээр шийднэ. Чемоданыхаа түлхүүрийг итгэлт найз Бүдүүн Мод хадгалуулна. Гэвч өөрийнх зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаад нь дургүйцсэн Бакзи нэг өдөр тэднийг отолтод оруулан бяцхан Доминикийг бууддаг. Суманд оногдсон Доминик Нүүдлсийн гар дээр амьсгал хураахдаа хэлдэг “Би хальтирчихлаа” гэдэг. Нүүдлс уурандаа Багзиг алах ба түүнийг зогсоох гэж оролдсон цагдааг хүртэл хутгалж орхидог. Ингээд Нүүдлс баривчлагдан, 12 жилийг шоронд өнгөрүүлэх ёстой болно. Харин 1932 онд залуу эр болсон Нүүдлсийг суллагдан гарч ирэхэд найзууд нь хэдийнээ гудамжинд ноёрхлоо тогтоосон байх агаад гэмт хэргийн ертөнцийн хүчирхэг бүлэглэл болсон байдаг. Кино цааш улам сонирхолтой болдог билээ.

Уг кино нь найруулагч Леонийн сүүлийн кино байсан юм. Анх тус бүр гурван цаг үргэлжлэх хоёр кино хийхээр төлөвлөж байсан ч эцэст нь 269 минут (4 цаг 29 минут) үргэлжлэх киногоо дуусгажээ. Найруулагчид 10 цаг гаруй үргэлжлэх дүрс бичлэг, сценүүд байсан ба түүнээсээ бараг 6 цагийг нь авч хаясан нь энэ. Гэвч Warner Bros-ын зүгээс үргэлжлэх хугацааг дахин богиносгохыг зөвлөснөөр 229 минут болгосон байдаг. Түүнчлэн 1984 оны Канны кино наадмын үеэр нээлтээ хийснийхээ дараа дахин богиносгох болж, эцэст нь бидний мэдэх 139 минут үргэлжлэх кино АНУ-д цацагдсан юм.  

Гол дүрүүдийн хувьд Максын дүрд Жерард Депарде, Дастин Хоффман, Жо Пеши зэрэг олон жүжигчинг тоглуулах талаар бодож байсан бол Нүүдлсийн дүрд Паул Ньюманыг тоглуулах гэж байсан гэдэг.

“Америкт нэгэн удаа” нь жинхэнэ урлагийн бүтээл, урьд хожид хийгдэж байсан хамгийн шилдэг гангстер төрлийн кинонуудын нэг гэгдэг. Киноны нээлтээс хойш 25 жилийн дараа буюу 2002 онд л гэхэд Их Британийн кино шүүмжлэгчдийн хамгийн дуртай кинонуудын 10 дугаарт бичигдэж байжээ. 


08

American History X (1998)


IMBD үнэлгээ:  8.5

Найруулагч: Тони Кэй

Гол дүрүүдэд: Эдварт Нортон, Эдвард Фурлонг, Бэвэрли Д’Анжело, Женнифер Лиен

Үргэлжлэх хугацаа: 119 минут

Олон нийтэд түгээсэн компани: New Line Cinema

Тони Кэйн найруулсан гэмт хэргийн шинж чанартай “Америкийн түүх - Икс” кино 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийжээ. Лос Анжелес хотод амьдардаг ах дүү хоёрын амьдрал, ялангуяа нео-нацист хөдөлгөөний тэргүүн байсан танхай балмад ах Дерек нь дүүгийнхээ амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулна. “Америкийн түүх - Икс” кино Empire сэтгүүлийн Бүх цаг үеийн шилдэг кино жагсаалтын 311 дүгээр байранд бичигдэж байсан.

Ахлах сургуулийн сурагч Дэнни Виняард түүхийн хичээл дээр хүний эрхийн тэмцэлтэй холбоотой ямар ч хамаагүй номон дээр дүгнэлт хийх даалгавар авна. Гэвч ахынхаа арьс өнгөөр ялгаварлах үзлийн нөлөөнд автсан Дэнни түүхийн багшаа еврей хүн гэдгийг нь мэддэг тул албаар доромжлон Адольф Хитлерийн “Mein Kampf” гэдэг номон дээр ажилладаг. Энэ үйлдлээсээ болж сургуулиас хөөгдөх эрсдэлд учрах ба сургуулийн захирал, хар арьст Боб Свийний түүнд “Америкийн түүх - Икс” хэмээн нэрлэсэн түүхийн хичээлийг өөрөө заах замаар засч авахаар шийддэг. Энэ хичээлийн анхны даалгавар нь өөрийн ах Дерекийн талаар бичих байлаа. Кино ингэж эхэлнэ.  

Энэ явдлаас хэдэн жилийн өмнө тэдний аав хар арьст хар тамхины наймаачны гарт амиа алдсан байдаг. Үүнээс болж Дерек арьс өнгөөр ялгаварлах үзэлд хэт автан, найзтайгаа “Disciples of Christ” буюу “D.O.C” бүлгэмийг байгуулна. Харин дүүгийнх нь түүхийн багш Муррэй тэдний ээжтэй болзож байгааг мэдсэн Дерек асар их уурладаг байна. Тэр оройдоо гэрийнх нь гаднаас хэдэн Африк гаралтай Америк залуу машиныг нь хулгайлах гэж байгааг мэдээд нэгийг нь буудан хөнөөж, нөгөөг нь маш хэрцгийгээр зоддог. Түүнийг үйлдэл дээр нь цагдаа нар баривчилж, Дерек хийсэн үйлдлийнхээ хариуд гурван жилийн хорих ял сонсоно.

Шоронд орсныхоо дараа Дерекийн үзэл бодол нэгт нео-нацист бүлгэм үнэндээ ямар хэрцгий болохыг өөрөө биеэрээ мэдэрдэг. Түүнчлэн шоронгийн угаалгын хэсэгт Ламонт гэдэг хар арьстантай ажиллах ба тэд маш дотно нөхөрлөдөг байна. Хоригдох хугацаандаа тэрээр сургуулийн захирал Свийнийгийн өгсөн номнуудыг уншиж, судлахад бүх цагаа зарцуулдаг юм. Гэвч шоронгоос суллагдсаныхаа дараа дүүтэйгээ уулзахад Дэнни “D.O.C” бүлгэмийнх нь шивээстэй болж, нео-нацист болсон байна.

Киноны зураг авалт Лос Анжелес хотод болжээ. Тони Кэй кино компанийн шахалтаар киногоо хоёр удаа засварлан товчилсон ч энэ нь хангалтгүй байсан тул Жерри Грийнберг дахин хасалт хийсэн байдаг. Сүүлийн өөрчлөлт Кэйд огт таалагдаагүй тул киноноос өөрийнхөө нэрийг хасуулах хүсэлт хүртэл өгч байв.

Кино асар их амжилт олсон ба 23.8 сая ам.долларын ашиг олсоон байдаг. Дерекийн дүрд тоглосон Эдвард Нортон энэ дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байв. Хэдийгээр энэ шагналыг авч чадаагүй ч түүний жүжиглэлтийг “Total Film”-ээс бүх цаг үеийн хамгийн шилдэг жүжиглэлтийн 72 дугаарт бичсэн байдаг. Түүнчлэн “Empire” сэтгүүлээс Хамгийн шударга бус 22 Оскарын шагнал гэсэн жагсаалтад Нортоныг багтаасан байдаг аж.

Сонирхуулахад, Дерекийн дүрд “Гладиатор” киноны Эзэн хаан Коммодусын дүрд тоглосон Хуакин Финиксийг тоглуулах хүсэлт тавьсан ч жүжигчин татгалзсан байдаг.  


07

The Departed (2006)


IMBD үнэлгээ:  8.5

Найруулагч: Мартин Скорсеси

Гол дүрүүдэд: Леонардо диКаприо, Матт Дэймон, Жак Николсон, Марк Уолберг

Үргэлжлэх хугацаа: 150 минут

Олон нийтэд түгээсэн компани: Warner Bros.

Энэ жагсаалтад буй хамгийн залуу бүтээлүүдийн нэг болох “The Departed” киноны зохиолыг Уильям Монаханы бичиж, домогт найруулагч Мартин Скорсеси найруулсан. Гол дүрүүд болон туслах дүрүүдэд ч Холливудын супер оддыг тоглуулсан энэ кино хамгийн өндөр амжилттай болсон гэмт хэргийн кинонуудын нэг юм. Бостон хотод үйл явдал өрнөх ба Ирландын дээрмиийн бүлэглэлийн босс Фрэнцис “Фрэнк” Костелло (Жак Николсон) өөрийн “цэрэг” Колин Сулливан (Матт Дэймон)-ыг мужийн цагдаагийн газарт туршуулаар оруулна. Харин цагдаа нар Уильям “Билли” Костиган (Леонардо ДиКаприо)-ыг Костеллогийн бүлэглэл рүү туршуулаар томилдог.

Колин Сулливан багаасаа л дээрмийн бүлэглэлтэй холбогдож, зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэддэг болсон нэгэн. Түүнийг бүлэглэлийн толгойлогч Костелло багаас нь бэлдэж, Массачусетс мужийн Цагдаагийн газарт “харх” болгохыг зорьдог. Энэ төлөвлөгөө хэрэгжиж, Сулливан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Тусгай мөрдлөгийн хэлтэст нэгддэг байна. Нөгөө талд цагдаагийн академид суралцаж байсан Билли Костиганыг сургуулиа төгсөхөөс нь өмнө нууц ажилтан болгохоор бэлдэж эхэлдэг. Гэр бүл нь зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдож байсан тул Билли энэ ажилд яг тохирч байлаа. Ингээд сургуулиа хаян, худал хэргээр ял оноож, шоронд хэсэг хугацааг өнгөрүүлдэг байна.

Билли, Колин хоёр хоёулаа эсрэг талд ажиллаж эхэлнэ. Билли Костиганы ажиллагааны үр дүнд Костеллог баривчлах ажиллагаа явуулах боловч Колин үүнийг нь урьдчилан мэдсэн байсан тул ажиллагааг амжилтгүй болгох зохицуулалтыг хийсэн байлаа. Ингээд хоёр туршуул ажиллаж буй газар нь туршуул байгааг мэдэж авдаг. Гэвч хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй.

Гарсан даруйдаа кино шүүмжлэгчид болон олон нийтэд өндрөөр үнэлүүлсэн “The Departed” 79 дүгээр Академийн шагнал гардуулах ёслолоос Оскарын дөрвөн шагнал авсан билээ. Мөн туслах дүрд тоглосон Марк Уолберг “Шилдэг туслах дүр”-ийн номинацид нэр дэвшсэн байдаг. Нээлтийнхээ өдрүүдэд л 26.9 сая ам.долларын ашигтай ажилласан тус кино Скорсесигийн нээлтээ хийсэн даруйдаа жагсаалтыг тэргүүлсэн гурав дахь кино нь болжээ. Бокс оффисоос 289.8 сая ам.долларын ашигтай ажилласан байдаг.  


06

The Usual Suspects (1995)


IMBD үнэлгээ:  8.6

Найруулагч: Брайн Сингер

Гол дүрүүдэд: Кевин Спэйси, Габриел Бирн, Чазз Палминтери, Стефен Болдвин

Үргэлжлэх хугацаа: 106 минут

Олон нийтэд түгээсэн компани: Gramercy Pictures

1995 онд дэлгэцнээ гарсан “The Usual Suspects” буюу “Нөгөө л сэжигтнүүд” кино Брайн Сингерийн шилдэг бүтээлүүдийн нэг. “Вербал” хочит Рожер Кинт гэх бага гарын гэмт хэрэгтэн Лос Анжелес хотын усан онгоцны зогсоол дээр байсан усан онгоцон дээр болсон аллагаас амьд үлдсэн хоёрхон хүний нэг. Тэрээр энэ усан онгоцон дээр болсон явдлын талаар мөрдөн байцаагчийн өмнө мэдүүлэг өгөх боловч ярих тусам энэ хэрэг улам бүр ээдрээтэй болдог.

Кино эхлэхэд гэмт хэрэгтэн Дийн Кийтон шархадсан байдалтайгаар усан онгоцон дээр хэвтэж байх ба түүн дээр үл мэдэгдэх нэгэн этгээд дөхөн ирнэ. Дийн түүнийг хараад “Кайзер” гэж уулга алдах ба удалгүй тэр этгээдийн гарт хөлөг онгоцтойгоо шатаж үхдэг. Энэ аймшигт хэргээс ердөө хоёр хүн л амьд үлдсэн байна. Нэг нь ноцтой түлэгдэн эмнэлэгт ухаангүй хэвтэж буй Унгар дээрэмчин Аркош Коваш, харин нөгөөх нь саа өвчтэй Рожер Кинт юм. Гаалийн мөрдөн байцаагч Дэйв Кужан Кинтийг байцаахаар ирдэг. Ингээд мөрдөн байцаалтаас Кийтон, МакМанус, Фенстер, Хокни болон Кинт нар энэ хэрэгт холбоотой байх агаад ажиллагаа зургаан долоо хоногийн өмнөөс эхэлсэн тухай мэдэж авдаг. Түүнчлэн энэ аллагын цаана асар их мөнгө, хар тамхи, том гарын мафийн оролцоо ч байна. Мөн Туркийн гэмт хэргийн ертөнцийн нууц босс, хэрэг үйлдсэнийхээ дараа усанд шидсэн чулуу шиг алга болдог хайр энэрэлгүй аймшигт гэмт хэрэгтэн Кайзер Созе гэх нэр үргэлж давтагдаж байдаг нь хэргийг улам бүр оньсого шиг болгох аж.

Киноны төсөв ердөө 6 сая ам.доллар байжээ. Мөн “Нөгөө л сэжигтнүүд” гэх нэр нь “Spy” сэтгүүлийн нэгэн нийтлэлээс авсан байдаг. Тус кино Оскарын хоёр шагнал хүртсэн. Үүний нэг нь Вербал Кинтийн дүрд тоглосон Кэвин Спэйсигийн авсан “Шилдэг туслах дүрийн жүжигчин” шагнал жинхэнэ нүдээ олсон шагнал гэгддэг. Манай сайтад өмнө нь тавигдсан “Туслах дүр нь гол дүрээ давсан 10 кино” жагсаалтын гуравдугаар байрт Кэвин Спэйсигийн энэ дүр багтсан юм.



05

Leon: The Professional (1994)

IMBD үнэлгээ:  8.6

Найруулагч: Люк Бессон

Гол дүрүүдэд: Жан Рено, Гэри Олдман, Натали Портман

Үргэлжлэх хугацаа: 110 минут

Олон нийтэд түгээсэн компани: Gaumont Buena Vista International

Анх Их Британид “Leon”, АНУ-д “The Professional” нэрээр гарч байсан “Алуурчин Леон” кино англи хэлээр хийгдсэн Франц кино юм. Люк Пессоны сор бүтээлүүдийн нэг уг кинонд Францын хамгийн алдартай жүжигчдийн нэг Жан Рено, Гэри Олдман болон кино ертөнцөд хөл тавьж байсан Натали Портман нар тоглосон юм. Мэргэжлийн алуурчин Леон болон Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан, бохир цагдаа Норман Стансфилдээс болж гэр бүлээ алдсан 12 настай Матилда охиныг хамгаалах шаардлагатай болно. Уг кино Бокс Оффисоос 46.1 сая ам.долларын ашиг олсон билээ.

Нью Йорк хотын “Бяцхан Итали” хэсэгт ганцаараа амьдардаг Леон Монтана нэртэй Итали алуурчин зав чөлөөт цагаа хуучны кино үзэж, тасалгааны цэцгээ арчилахад зарцуулдаг нэгэн. Нэг өдөр тэдний байранд амьдардаг Матилда Ландо гэх охин хаалгыг нь тогшсоноор түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Матилдагийн гэр бүл маш эрүүл бус харилцаатай төдийгүй аав нь хар тамхитай холбоотой байдаг. Түүнд гэмт хэргийн сүлжээнд хэдийнээ автсан Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгчид мөнгө төлж, хар тамхи хадгалуулдаг байжээ. Гэвч Матилдагийн аав хар тамхинаас нь хумсалж байгааг мэдсэн мөрдөгч Норман Стансфилд уурандаа гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн байна. Тэр үед дэлгүүр рүү явсан байсан Матилда юу болсныг мэдээд амиа аврахын тулд хөршийнхөө хаалгыг тогтшсон нь Леоных байлаа. Ийнхүү учирсан хоёрын цаашдын харилцаа улам гүнзгийрч, юу ч үгүй байсан Леонд хайрлан халамжлах хүнтэй болж, охины төлөө хэрхэн тэмцэж байгааг гайхамшигтайгаар харуулсан билээ.

Матилдагийн дүр залуу жүжигчин Натали Портманы анхных байсан бөгөөд гайхамшигтай жүжиглэлтийнхээ ачаар цаашид Холливудын супер од болох гараагаа тавьсан юм. Мөн яг л галзуу хүн мэт Гэри Олдмэний эсрэг дүрийн жүжиглэлт үнэхээр гайхалтай.

Найруулагч Люк Бессон энэ бүтээлийнхээ хоёрдугаар анги болох “Матилда” киноныхоо зохиолыг хэдийнээ бичиж дуусгасан байдаг. Матилда охины том болж, өөрөө хөлсний алуурчнаар ажиллаж байгаа түүхийг өгүүлэх шинэ киноны зураг авалтыг Натали Портманыг насанд хүртэл хойшлуулсан аж. Харамсалтай нь Бессон өөрөө “EuropaCorp.” гэдэг студи байгуулан “Gaumont Film Company”-ыг орхисноор энэ кино биеллээ олоогүй юм байна. Учир нь Бессоныг орхиж явсанд дургүйцсэн “Gaumont Film Company” “Алуурчин Леон”-ы эрхийг өгөхөөс эрс татгалзсаар ирсэн ажээ.  


04

Goodfellas (1990)


IMBD үнэлгээ:  8.7

Найруулагч: Мартин Скорсеси

Гол дүрүүдэд: Роберт Де Ниро, Рэй Лиотта, Жо Пеши, Лоррэйн Бракко

Үргэлжлэх хугацаа: 145 минут

Олон нийтэд түгээсэн компани: Warner Bros.

Найруулагч Мартин Скорсесигийн ээлжит уран бүтээл болох “Goodfellas” киног 1986 оны Николас Пилеггийн бичсэн “Wiseguy” номноос сэдэвлэн бүтээсэн ба 1990 онд дэлгэцнээ гарч байжээ. Гангстер, мафийн сэдэвтэй сонгодог бүтээл болсон энэ кино 1955-1980-аад оны үйл явдлыг харуулна. Дээрмийн бүлэглэлийн гишүүн Хенри Хиллийн амьдрал гардаг тус киног “соёл, түүх, гоо зүйн хувьд чухал ач холбогдолтой” бүтээл хэмээн сайшааж, ийм төрлийн хамгийн шилдэг кинонуудын нэгээр зүй ёсоор нэрлэсэн төдийгүй АНУ-ын Конгрессын номын санд Үндэсний киноны сан хөмрөгт багтаасан байдаг юм. Кино нийт 46.8 сая ам.долларын ашиг олсон байдаг.

1955 онд Хенри Хилл гэх залуу Поли хочит Паул Сисерогийн бүлгэмд нэгддэг. Тэрээр Жентелмэн Жимми хочит Жэймс Конвэй болон багын анд Томми ДеВито нартай дотно нөхөрлөн ажиллах ба 1967 онд Air France-ыг амжилттай дээрэмдэнэ. Залууст гэмт хэргийн амьдрал, хялбар мөнгө, гял цал байдал маш их таалагддаг.

Мафийн жинхэнэ боссуудын итгэмжлэгдсэн хүн болох Гамбиногийн гэр бүлийн Билли Баттс гэгч этгээд нэг удаа Томмиг багадаа гутал тослодог хүүхэд байсан гэж удаа дараа шоолсноос болж Жимми, Томми хоёр түүнийг хөнөөдөг. Итгэмжлэгдсэн хүнийг хөнөөнө гэдэг гэмт хэргийн ертөнц дэх уучилж болшгүй алдаануудын нэг аж. Үүнээсээ болж өөрсдийнхөө амь насанд аюул учруулахаас эмээсэн гурван залуу цогцсыг нуух хэрэгтэй болно. Үйлдсэн хэргээсээ гадна Хенри хар тамхинд донтох ба эхнэртэйгээ үргэлжийн асуудалтай байдаг.

Хар тамхины хэргээс болж Жимми, Хенри хоёр 10 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэх ба шоронд байх хугацаандаа ч хар тамхиныхаа наймааг хийсээр байна. 1978 онд батлан даалтаар суллагдсан Хэнри хуучин амьдралдаа эргэн орохыг хичээнэ. Жиммигийн ажил ч бүтэлгүй болж, Томмиг боссууд Баттсын аллагын төлөөс болгон хөнөөдөг билээ. Мафийн амьдрал нь амжилтгүй болсон Хенри өөрийгөө болон гэр бүлээ аварч гарахын тулд юу хийхийг та энэхүү онц сонирхолтой киноноос үзэх боломжтой юм.

Энэ киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн билээ. Жинхэнэ Хенри Хилл одоо хүртэл Гэрчийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтад амьдарч байгаад 2012 онд нас байсан юм. Түүний амьдралаас сэдэвлэсэн уг кино цацахаасаа хоёр долоо хоногийн өмнө 480 мянган ам.долларыг өгсөн байдаг. Мөн киноны нэрийг анх зохиолын нэрийнх нь адил “Wiseguy” гэж өгөх гэж байгаад больсон гэдэг. Дүрүүдийн хувьд Роберт ДеНирог урилгаар тоглуулсан байна. Харин Хенригийн дүрд тоглодог Рэй Лиоттаг “Something Wild” (1986) кинонд тоглосныг харсан ДеНиро найруулагч Скорсесид санал болгосон байна. Роберт Де Ниро өдөрт хэд хэдэн удаа Хилл рүү залган, өөрийнхөө тоглосон Жиммигийн (жинхэнэ нэр нь Бурк) дүрийг илүү бодит болгох гэж судалгаа хийдэг байжээ. Мөн Хиллийн дүрд тоглож байсан Лиотта дүрдээ орохын тулд Холбооны мөрдөх товчооны архивт байдаг мөрдөн байцаалтын үеийн дуу бичлэгийг байнга сонсдог байв.

“Goodfellas” кино маш олон шагнал хүртсэний нэг нь Томмигийн дүрд тоглосон Жо Пешигийн Оскарын “Шилдэг туслах дүрийн жүжигчин”-ий шагнал юм.


03

Pulp Fiction (1994)

IMBD үнэлгээ:  8.9

Найруулагч: Квентин Тарантино

Гол дүрүүдэд: Жон Траволта, Ума Турман, Сэмуэль Л.Жэксон, Брюс Уиллис

Үргэлжлэх хугацаа: 154 минут

Олон нийтэд түгээсэн компани: Miramax Films

Цаг хугацааны хувьд дарааллыг алдагдуулсан гурван өөр түүхийг өгүүлэмж хэлбэрээр дүрсэлсэн “Pulp Fiction” кинонд нийт 7 үзэгдэл гардаг. Гэрээт алуурчин Винсент Вега эхний түүхийн гол баатар бол бооцоот тэмцээнд тулалддаг боксчин Бутч Күүлиж хоёрдахь хэсгийн, Винсентийн хамтрагч Жюльс Уиннфилд гуравдахь түүхийн гол баатар юм. Түүхүүд хоорондоо янз бүрийн хэлбэрээр холбогдоно.

Түүх хоолны газар дээрэмдэх гэж байгаа хосын түүхээр эхэлж, Винсент, Жюльс, дараа нь Бучийн түүхээр үргэлжилнэ.

  1. Удирдтгал – “Зоогийн газар”
  2. “Винсент Вега болон Марселлус Уолласын эхнэр”-ийн өмнөтгөл
  3. “Винсент Вега болон Марселлус Уолласын эхнэр”
  4. “Алтан цаг”- ийн өмнөтгөл (а - Өмнөх үйл явдал, б - одоо үе)
  5. “Алтан цаг”
  6. “Боннигийн нөхцөл байдал”
  7. “Төгсгөл – Зоогийн газар”

Хэрэв энэ киног цаг хугацааны хувьд зөв дарааллуулбал: 4a, 2, 6, 1, 7, 4б, 3, 5 гэж үзэх хэрэгтэй юм.

Жюльс, Винсент нар өөрсдийн босс, гангстер Марселлус Уолласт хүргэж өгөх ёстой цүнх авахаар түүний туслах Бретт дээр ирнэ. Марселлусыг мэхлэх гэж байгааг мэдээд тэд Бреттийг алдаг. Улмаар цүнхийг Марселлуст хүргэх боловч түүнийг боксын аварга Бутчийг дараагийн тулаанд ялагд хэмээн хахуульдаж дуустал хүлээх хэрэгтэй болно.

Дараагийн өдөр нь Винсент хар тамхи худалдан авах ба, Маселлусыг хотод байхгүй үеэр нь эхнэр Мияг зугаацуулах ёстой болж, түүнтэй бүжгийн тэмцээнд ордог. Гэрт нь ирсэний дараа Мия Винсентийн героиныг кокейн хэмээн андуурч сорсноор ухаангүй болно. Винсент түүнийг хар тамхины наймаачин Лэнс (Квентин Тарантино өөрөө тоглосон) дээр авчрах ба зүрхэнд нь адреналин шахаж амийг нь аварч чаддаг.

Тулааны өдөр болоход ялагдах ёстой байсан Бутч давхар тохиролцоо хийсэн байх агаад өрсөлдөгчөө ялах боловч санаандгүй аминд нь хүрсэн байдаг. Ингээд Бутч зугтана.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Квентин Тарантиногийн хамгийн шилдэг бүтээлд тооцогддог энэ кино 8.5 сая ам.доллараар бүтэж, Бокс оффисоос 213.9 сая ам.долларын ашигтай ажилласан юм. Поп-соёлын сонгодог бүтээл “Pup Fiction” 1994 оны Канны кино наадамд анх цацагдсан ба уг наадмын хамгийн дээд шагнал болох “Palme d’Or”-ыг хүртсэн байдаг. Мөн зохиолыг бичсэн Тарантино, Рожер Авари нар Оскарын наадам, Британийн Академийн шагнал, Алтан бөмбөрцөг кино наадмуудаас “Шилдэг кино зохиол”-ын шагналыг хүртсэн билээ.


02

The Godfather: Part II (1974)


IMBD үнэлгээ:  9.0

Найруулагч: Фрэнцис Форд Коппола

Гол дүрүүдэд: Ал Пачино, Роберт Де Ниро, Роберт Дувалл, Диан Кийтон

Үргэлжлэх хугацаа: 200 минут

Олон нийтэд хүргэсэн компани: Paramount Pictures

Жагсаалтын нэгдүгээр байранд орсон киноны хоёрдугаар анги болох “Загалмайлсан эцэг: II хэсэг” кино мафи, гангстер төрлийн кинонуудын жинхэнэ “Загалмайлсан эцэг”. 1974 онд гарсан уг киног Ал Пачино, Роберт Де Ниро зэрэг гангстер төрлийн кинонуудын хамгийн шилдэг жүжигчид тоглон амилуулсан билээ. Киног 1969 оны “The Godfather” номоос хэсэгчлэн сэдэвлэсэн ба I ангийнхаа өмнөх болон дараахь үйл явдлыг харуулдгаараа онцлог. Корлеонегийн гэр бүлийн шинэ “Дон” Майкл Корлеонгийн түүх буюу 1958 оны түүх болон Сициль дэх хүү Вито Корлеоне Нью Йорк хотод ирж, гэмт хэргийн асар том эзэнт гүрнийг бүтээсэн түүхийг өгүүлдэг юм.

1901 онд 9 настай Вино Андолинигийн гэр бүлийг Мафийн толгойлогч Дон Чиччиог доромжилсон гэсэн шалтгаанаар хүйс тэмтэрнэ. Вито зугтаж, Нью Йорк хотод ирэх ба төрсөн газар нь болох Сицилийн Корлеонегоор өөрийгөө овоглож, Вито Корлеоне гэж бүртгүүлнэ. 1917 он гэхэд эхнэр Кармела, хүү Сонни нартайгаа амьдарч байх хэдий ч мафиас болж ажлаа алддаг. Ингээд хулгай, дээрэм хийх болно. Хожим

Орчин үед буюу 1958 онд Вито Корлеонегийн бага хүү Майкл гэр бүлийнхээ тэргүүн, “Дон” болсон байдаг. Түүнтэй Фрэнк Пентангели ирж уулзан, Бруклиний газар нутгийг нь Розатогийн ах дүүсээс хамгаалахыг хүснэ. Гэвч Розатотой бизнесийн харилцаатай Майкл түүнд татгалздаг. Тэр оройдоо Майклын аминд хүрэх оролдлого болно. Энэ халдлагад хэн буруутай болох, цаашид яах зэрэг олон асуудлыг Майкл шийдэх шаардлагатай болдог.

“The Godfather: Part II” анх нээлтээ хийсний дараа кино шүүмжчлэгчдээс янз бүрийн шүүмж авч байлаа. Олонх нь кино зураг авалтыг гайхамшигтай болсон гэдэг ч цаг хугацааны хувьд шугаман бус өгүүлэмж нь ойлгомжгүй, эмх замбараагүй гэж шүүмжилж байсан юм. Гэхдээ тус киног Оскарын шагналын 11 төрөлд нэр дэвшүүлсэн байдгаас зургааг нь авсан билээ. Тэдний дунд Коппола “Шилдэг найруулагч”, залуу Вито Корлеонегийн дрүд тоглосон Роберт Де Ниро “Шилдэг туслах дүр”-ийн шагнал багтдаг.

“Загалмайлсан эцэг” киноны хоёр анги хоёулаа хамгийн нөлөө бүхий дэлгэцийн бүтээлүүдийн жагсаалтад багтдаг. Тухайлбал, 1997 онд II хэсгийг Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу киноны жагсаалтын 32 дугаарт эрэмбэлсэн байдаг ба 10 жилийн дараа ч энэ байр сууриа хадгалсаар байлаа. Уг киног “соёл, түүх, гоо зүйн хувьд чухал ач холбогдолтой” бүтээл хэмээн сайшааж, ийм төрлийн хамгийн шилдэг кинонуудын нэгээр зүй ёсоор нэрлэсэн төдийгүй АНУ-ын Конгрессын номын санд Үндэсний киноны сан хөмрөгт багтаасан байдаг юм.

Цувралын гуравдугаар анги бүр хожим 1990 онд нээлтээ хийсэн билээ. 


01

The Godfather (1972)

IMBD үнэлгээ:  9.2

Найруулагч: Фрэнцис Форд Коппола

Гол дүрүүдэд: Марлон Брандо, Ал Пачино, Жэймс Каан, Диан Кийтон

Үргэлжлэх хугацаа: 177 минут

Олон нийтэд хүргэсэн компани: Paramount Pictures

1972 онд цацагдсан “Загалмайлсан эцэг” кино хамгийн өндөр IMBD үнэлгээтэй гангстер төрлийн кино юм. 1945-1955 оны хооронд Нью Йорк хотын гэмт хэргийн ертөнцөд ноёрхлоо тогтоосон Корлеонегийн гэр бүлийн түүхийг, ялангуяа толгойлогч Дон Вито Корлеонегийн гэр бүлийг цаашид толгойлох Майклыг хэрхэн гэр бүлийн гадуурхагдсан гишүүнээс мафийн толгойлогч болж байгааг онц сонирхолтойгоор өгүүлнэ.

Өмнө нь дурдсанчлан зохиолч Марио Пузогийн “The Godfather” романаас сэдэвлэн бүтээсэн ба зохиолыг ашиглах эрхийг 80 мянган ам.доллараар “Paramount Pictures” кино компани худалдан авсан билээ. Тухайн үед Пузогийн зөвлөхүүд энэ саналаас татгалзахыг ятгаж байсан ч мөнгөний асуудалтай байсан тул зохиолоо хямд зарахыг зөвшөөрсөн аж. Түүнчлэн кинон дээр ажиллах найруулагчийг олох гэж ихээхэн эрэл хайгуул хийсэн ба олон ч хүн энэ ажлаас татгалзсан байдаг. Коппола л гэхэд “Paramount Pictures” компанитай Вито, Майкл хоёрын дүрд тоглох жүжигчин дээр нэлээн санал зөрөлдсөн гэдэг.

1945 он. Вито Корлеонегийн охин Коннигийн хуримаар кино эхэлнэ. Мафийн толгойлогч Вито дээр олон хүн ирнэ. Тэдний дунд Дэлхийн хоёрдугаар дайны үед Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байгаад гэртээ ирсэн бага хүү Майкл байна. Тэрээр найз бүсгүйгээ аавдаа танилцуулна. Мөн Витогийн загалмайлсан хүү, дуучин Жонни Фонтане ирж, кинонд тоглохыг хүсч байгаа ба энэ дүрийг авахад нь туслахыг хүснэ. Вито өөрийн хүнээ Лос Анжелес руу явуулж, кино компанийн эзэн Жак Вольцыг ятгах үүрэг өгдөг. Вольц энэ дүрийг Жоннид өгөхгүй гэж татгалзсаар байх боловч нэг өглөө орон дотроосоо шагналт азарганыхаа толгойг олсноор бодлоо өөрчилдөг.

Зул сарын баярын өмнөхөн Таттаглия гэр бүлийн гишүүн “Турк” хочит Виргил Соллозо хар тамхиных нь бизнест хөрөнгө оруулж, улс төрийн холбоо сүлбээгээ ашиглан хамгаалж өгөхийг Витогоос хүснэ. Гэвч дэмий эрсдэл гаргахыг хүсээгүй Вито түүнд татгалзсан хариу өгдөг. Хожим үүнээс болж Соллозо гудамжид Витог буудуулж, Хагеныг барьцаална. Корлеонегийн гэр бүлийн том хүү Сонни удирдлагыг гартаа авсан тул хар тамхины хэлэлцээрийг хийхэд Сонниг ятгах нөхцөлтэйгөөр Хаген суллагддаг. Вито халдлагаас амьд үлдэх боловч түүнийг хороох дахин нэг оролдлого ирдэг. Үүнийг нь амжилттай зогсоосон Майкл дайснуудынхаа эсрэг тэмцэж эхэлдэг.

Уг киног сэдэвлэсэн “The Godfather” ном “The New York Times” сэтгүүлийн Хамгийн өндөр борлуулалттай номны жагсаалтыг 67 долоо хоногийн турш тэргүүлж, ердөө хоёр жилийн дотор 9 сая хувь борлогдсон байдаг. Харин Копполагийн дэлгэцийн бүтээл 1972 оны хамгийн өндөр ашигтай кино байж, хэсэг хугацаанд бүх цаг үеийн хамгийн өндөр ашигтай ажилласан кино болж байв. Оскарын наадамд 10 номинацид өрсөлдсөн ба үүнээс гуравт нь ялсан юм.

Дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг, гангстер төрлийн хамгийн нөлөө бүхий кино гэгддэг “The Godfather”-ыг “Citizen Kane” киноны дараа хоёрдугаарт бичигдэх хамгийн агуу бүтээлээр нэрлэж, 1990 онд АНУ-ын Конгрессын номын санд Үндэсний киноны сан хөмрөгт багтаасан байдаг юм. 



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
American history X ийн эхний хэсэгт тэр нэг залууг брожур дээр амаар нь дэвсэлдэг бол бас л яаааа яаяяяааа. Аймаар хэсэг шүү
+1
departed iin hong kong iin anhnii huvilbar ni hamaagui iluu bolson barag 3 angi kino bdg yu yasan departed sonirhood uzeerei
+3
Departed үзээгүй юм байна шүү. Цааш нь нэмбэл: Snatch. Lock stock and two smoking barrels, Casino, American hustle, Reservoir dogs, Rocknrolla гээд гоё кинонууд байна аа.
+3
nice
+1
Тэр Бэтмэний өвгөн туслахын залуу байхдаа тоглосон киноны нэр нь юу вэ?
+2
Бүгдийг нь DVD-гээр аваад үзмээр байна.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд