Арав.мн

Байгалийн баялаг ба эрчим хүч

Байгалийн баялаг ба эрчим хүч

Монголын нүүрс, нефть, цахилгаан, уран, нар, салхи гэх мэт байгалийн баялаг, Орос, Хятадын бодлогыг хамарсан шилдэг экспертүүдийн цогц дүгнэлт бүхий номыг та бүхэндээ танилцуулж байна.


10

Хадны завсрах халиуны зулзага

Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар 2016 оны 6 сарын 23-нд Ташкент хотноо уулзсан. Уулзалт хоцорч ирсэн ерөнхийлөгч Путин Эгийн голын цахилгаан станцын төсөл Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовинж байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ өдрөөс хойш уг төсөлд зээл олгохоор шийдвэрлээд байсан хятадууд хойш сууж, монголчууд оросуудтай хэл амаа ололцох гэж өдий хүртэл оролдсон хэвээр байна. Ийнхүү бараг нэгэн жарны өмнөөс яригдаж, төслийн бэлтгэл ажилд 90-ээд оноос хойш гэхэд л гучаад тэрбум төгрөг зарцуулаад байгаа монголчуудын мөрөөдөл гацаанд оров. Монголын хувьд амин чухал энэ төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж ирсэн хүмүүсийг буруутгах аргагүй, харин ч магтууштай. Харамсалтай нь Орос, Хятад хэмээх их гүрнүүдийн дундах жижиг Монгол хөршүүдээ ойлгохгүй бол урагш алхаж чадахгүй гэдгийг энэ жишээ дахин нэг удаа баталсан билээ. Ялангуяа энэ хоёр хөршийн том сонирхол огтлолцож байдаг түлш эрчмийн салбарт.

Монгол орон нүүрс, газрын тос, уран, нар, салхи  болон  усны эрчмийн асар их нөөц боломжтой нь үнэн. Гэвч байгалиас заяасан нөөц боломж дангаараа юуг ч шийдэхгүй. Газарзүйн хувьд бид дэлхийд түлш эрчмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Орос, хэрэглээгээр тэргүүлэгч  Хятадын дунд  байрладаг.  Түлш эрчмийн томоохон зах зээл болох Зүүн Хойд Ази, томоохон нийлүүлэгч болох Төв Азийн нутгийг дамнан оршдог. Гадаад орчны энэ онцлог нөхцөл байдал, технологийн хурдацтай хөгжлийн эринд байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах вэ гэдэг асуулт биднээс хариултаа хүлээж байна.

Иймд хараат бус, мэргэжлийн судлаачид хамтарч Орос, Хятад, Монголын эрчмийн бодлого, нүүрс, газрын тос, уран, шатдаг занар, сэргээгдэх болон уламжлалт бус эх үүсвэрийн ашиглалт зэрэг өргөн хүрээг хамарсан цогц дүгнэлтээ “Монголын Түлш Эрчим Хүч” номонд нэгтгэж эдийн засагч, олон улс судлаач, инженерүүд, улстөрчид болон олон нийтэд өргөн барьж байна.


09

Технологи

Газрын гүнд өндөр нягттай шаварлаг чулуулаг болох занарт түгжигдсэн шатдаг хий дэлхийд хааяагүй бий. Цооног өрөмдөхөд чулуулаг дотор түгжигдсэн хийг соруулах боломжгүй учраас ашиглалгүй явж ирсэн. Гэтэл АНУ-д даралттай усаар чулуулгийн давхаргыг хагалан сийрэгжүүлдэг технологийг нэвтрүүлснээр асар их хэмжээний занарын хийг олборлодог болж энэ нь жинхэнэ “занарын хувьсгал” шинжийг олов. Дэлхийн хамгийн том хэрэглэгч ийнхүү дотоодын хийн хэрэгцээгээ хангах, цаашилбал бусад улс руу далайгаар нийлүүлэх зорилт тавих болов. Үүнээс үүдэн нефтийн үнэ унав. Орос, Ойрхи Дорнодод бодлогын томоохон өөрчлөлтүүд гарч эхлэв. Технологи эдийн засгийг улмаар улстөр, бүр геополитикийг өөрчилж байгаагийн сонгодог жишээ.

Бразилийн хүнд нефть, Канадын битумт элс, Эстонийн шатдаг занар, Исландын газрын гүний дулаан, Норвегийн усны эрчим, Хятадын нүүрс шингэрүүлэлт, тэргүүлэгч гүрнүүд онцгойлон анхаарч буй хурдан нейтроны реактор, нарны цэнэг хураагч байшингийн дээвэр, балчулуун батерей, цахилгаан машин, бүр цаашилбал малын өөх, амьтны сэг, ургамлын хаягдал, хүний ялгадас хүртэл технологийн хүчээр түлш шатахуун, эрчим хүчний түүхий эд болж хувирав.

Эдгээр шинэ технологиуд түлш эрчмийн том нийлүүлэгч Орос, том хэрэглэгч Хятадын бодлогод нөлөөлж байна. Орчин үед компьютер тэвэрсэн жаал, лабораторид суусан залуу инженер их гүрнүүдийн бодлогыг өөрчилж, эдийн засгийг орвонгоор нь хөдөлгөж мэдэхээр болсон. Тэгвэл Монголд чухам ямар технологийг хэрхэн ашиглаж түлш эрчмийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх талаар энэ номноос уншаарай.


08

Орос

Оросын экспортын орлогын 70%-ийг түлш эрчмийн салбар бүрдүүлдэг.Энэ улс түүхий эдийн экспортоос гол орлогоо бүрдүүлэхээс гадна олон улсын бодлогод нөлөөлөх хөшүүрэг болгон ашиглаж ирсэн.Гэтэл орчин үеийн технологийн дэвшил нь эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрийг ашиглах, тэдгээрийг хол зайд тээвэрлэх талаар шинэ боломжуудыг нээсээр байна.Үүнээс үүдэн улс орнууд аль болох өөрт байгаа эх үүсвэрээ ашиглах, гаднаас авах эх үүсвэрээ газарзүйн хувьд болон нэр төрлийн хувьд олшруулахыг эрмэлзэж байгаа нь Оросын бүтээгдэхүүний зах зээлийг хумих болжээ. Дээрээс нь 2014 оноос эхэлсэн геополитикийн хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ, дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, нефтийн үнийн уналт зэрэг гадаад хүчин зүйлс Оросыг эрчим хүчний салбарт явуулах бодлогоо эргэн харахад хүргэсэн байна.
Дэлхийн эдийн засаг Ази Номхон Далайд төвлөрөх болсноос үүдэн Орос түлш эрчмийн үйлдвэрлэлээ Европ, баруун Сибирийн нутгаасаа Зүүн Сибирь, Алс Дорнод тийш шилжүүлж байна. Монголын хойд хилийн дагуу Тува, Буриад, Байгалийн чанад, Якут зэрэг нутагт том хэмжээний нүүрс, байгалийн хий, нефтийн шинэ ордууд ашиглалтад орж, тэдгээрийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Эрчим хүчний зарцуулалт өндөртэй химийн үйлдвэрлэлүүд өндөр хөгжилтэй орнуудаас түүхий эдийн нөөц ихтэй орнууд руу шилжиж байгаа олон улсын хандлага Оросд ч бас биеллээ олж Зүүн Сибирт хими, нийлэг материалын үйлдвэрлэлийн том төвүүд бий болох нь. Энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлт Оросын бусад бүх нутгуудаас хамгийн өндөр байх болно. Энэ их өөрчлөлтөөс Монгол хэрхэн хожих вэ? Орос хэл, соёл, улиг болсон найрамдал ах дүү, хаа байсан зуун жилийн өмнөх дайн байлдаанд биесээ хэрхэн дэмжсэнээ алийн болгон ярихав. Үүний оронд Монголын хилийн хойно өрнөж эхэлсэн том бүтээн байгуулалт, эдийн засгийн халалтад хэрхэн оролцох талаар ажиллах цаг болсон байна. Тэнд Монголын ямар бүтээгдэхүүн хэрэгтэй талаар, мөн цахилгаан эрчим, нүүрс, уран гэх мэт чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, хэрхэн өрсөлдөх талаар энэ номоос олж уншаарай.


07

Хятад

Хятадууд эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтээс хэн нэгнээс онцгой хамаарахгүй байх бодлого явуулж байна. Жишээлбэл байгалийн хийн хоолойг Хойд талаасаа Оросоос, баруун талаасаа Дундад Азиас, урд талаас Мьянмараас татсан. Шингэрүүлсэн байгалийн хийг далайгаар Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америкаас авч байна. Дотоодын уламжлалт бус хийн эх үүсвэр буюу занарын хий, нүүрсний метаны хайгуул олборлолтод анхаарал хандуулан хөгжүүлж байна. Хийн энэ гурван эх үүсвэрийг ижил тэнцүү хэмжээнд хүргэх нь тэдний гол зорилт.

Харин нефтийн хэрэглээний өсөлт цаашдаа зогсох хандлагатай байна. Цахилгаан машины үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулж, агаар бага бохирдуулдаг бензин автомашины хэрэглээ өсч дизелийн түлшний хэрэгцээ буурна. Хятадын эрчим хүчний жилийн хэрэглээг жишмэл нүүрсээр илэрхийлбэл 4.3 тэрбум тонн. Энэ бол төсөөлөхөд бэрх асар том тоо. Хятадын эрчим хүч үндсэндээ нүүрсэнд тулгуурласан буюу цахилгааны 70%, нийт эрчим хүчний 65%-ийг нүүрснээс үйлдвэрлэдэг. Энэ байдал нь байгаль орчинд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа тул нүүрсний хэрэглээг цаашид өсгөхгүй байх бодлого баримталж байгаа. Эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор жилд 2.8 тэрбум тонн нүүрс хэрэглэж байгаагийн 28% нь жижиг үйлдвэрүүд, аж ахуйн нэгж, айл өрхийн халаалтад ноогдож байна. Энэ том тоог тэд 0 болгож, оронд нь цахилгааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний шууд хэрэглээг тэглэж, шаардлагатай эрчим хүчийг хийгээр болон цахилгаанаар хангана гэсэн үг. Байгаль орчны бохирдлыг бууруулах үүднээс нийт цахилгааны үйлдвэрлэлийн гуравны нэгийг “цэвэр” эх үүсвэрээс буюу цөм, хий, салхи ба нарны эх үүсвэрээс үйлдвэрлэх зорилт тавьсан байна.

Хятадын нүүрсний хэрэгцээг хангахад Монголын эзлэх байр суурь ямар байх нь зохимжтой, нефть, байгалийн хий, нүүрсний химийн үйлдвэрлэлд хэрхэн хамтарч ажиллах боломжтой, түүнчлэн Хятад Монголоос цахилгаан эрчим хүч худалдан авах нь хэр бодитой талаар уг номонд дүгнэсэн. 


06

Нүүрс

Маш тоймоор яривал нүүрсийг эрчим хүчний болон коксжих гэж ангилж болно. Эрчим хүчний нүүрсийг шатааж цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг, илүү их олдоцтой. Монголд ийм төрлийн нүүрс далай мэт их бий. Хятадын хувьд цаашид цахилгааны үйлдвэрлэл нэмэгдэх ч нүүрсний шууд хэрэглээ буурах тул баланс бариад эцсийн дүндээ эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь өсөхгүй. Тэгэхээр Монголын эрчим хүчний далай мэт их нүүрс зах зээлгүй хөрсөн доороо хэвтэнэ гэсэн үг. Нүүрсээ ингэж шороо болгохгүйн тулд бид яавал зохих вэ?
Нөгөөх нь буюу коксжих нүүрсийг халаахад жигд хөөгөөд хатуу бүтэцтэй кокс болж хувирдаг онцлогтой ховор нүүрс. Хувиар нь тооцвол Монголын нүүрсний нөөцийн багахан хувийг ийм нүүрс эзэлдэг боловч нийт тонноор нь тооцвол асар их. Ийм нүүрс цаашид урт хугацаанд эрэлт өндөртэй байх ба Монголын экспортын гол орлогын нэг хэвээр байна. Учир нь ганг орлох их хэмжээгээр үйлдвэрлэдэг хямд материал бий болоогүй ба бий болох ямарваа магадлал ойрын хэдэн арван жилд харагдахгүй байна.
Монголын нүүрсний үндсэн зах зээл нь Хятад. Хятад руу Монголоос гадна Австрали, Орос, Индонез, Өмнөд Африк, Канад, Америк хүртэл нүүрс нийлүүлж байна. Оросын экспорт Монголынхоос 4 дахин их буюу жилд 120 сая тонн орчим байгаа ба 2035 он гэхэд 209 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. Цаашдаа Монгол Улс Хятадын нүүрсний зах зээл дэх байр сууриа хадгалахын тулд яавал зохистой, хэнтэй хэрхэн өрсөлдөх, Монголын нүүрс яавал гуравдагч зах зээлд гарч чадах, экспортын зах зээлгүй болж байгаа асар их эрчим хүчний нүүрсээ шороо болгон хадгалах уу эсвэл гүн боловсруулж баялаг бүтээх үү зэрэг асуудлыг уг номд хөндсөн. 
Номын үнэ 30 000 ₮ бөгөөд хүргэлт үнэгүй. 9474-1131 (мессеж бичнэ үү)



05

Уран

Орос  Улс ураны хайгуул олборлолтыг дотооддоо болон гадаадад эрчимжүүлж, цөмийн эрчим хүчний салбарт Оросын технологи, тоног төхөөрөмжийг экспортлохыг улстөр, эдийн засгийн бодлогоор дэмжинэ хэмээн тунхагласан. Оросууд цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулж ашиглах хурдан нейтроны хий хөргүүртэй реакторын шинэ технологийн чиглэлээр дэлхийд толгой цохиж, одоогоор ийм технологи ашиглаж байгаа хамгийн том буюу 600 МВт чадалтай Белоярская станцын блокийг барьж байна. Тэд мөн жижиг хэмжээний 20-30 МВт цөмийн станцыг усан онгоцон дээр байрлуулан хөвдөг хэлбэрээр хойд туйлын алслагдсан хот сууринд далайгаар хүргэн цахилгаанаар хангаж эхлээд байна.
Хятад одоогоор 30ГВт буюу Монголын хэрэглээнээс 30 дахин их цахилгааныг цөмийн эх үүсвэрээс гарган авч байна. Цаашдаа тэд 100-130 ГВт атомын цахилгаан станц байгуулж АНУ, Францыг ардаа орхин дэлхийн тэргүүлэгч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэгч болох зорилтыг тавьсан. Хятадууд ч цөмийн эрчим үйлдвэрлэх өөрийн реакторын Хуалонг технологийг хөгжүүлж, ашиглаж эхэлсэн. Цөмийн эрчим хүчийг манай хөрш орнууд нүүрсхүчлийн хийг бууруулах үндсэн шийдлийн нэг гэж авч үзэж байна.

Монголын ураны нөөц дэлхийн төвшинтэй харьцуулахад их биш ч цөмийн эрчмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хангалттай хүрэлцээтэй. Энэ нөөц баялгийг манай хоёр хөрш ч тэр, гуравдагч хөршийн төлөөлөл Франц, Канад, Япон ч тэр сонирхож байгаа. Монголын хувьд уранаа олборлох эсэх маргаанаас илүү чухал цөмийн судалгааны реактор байгуулах төсөл олон жил яригдаж байгаа. Ийм туршилтын реакторын бүтээгдэхүүнийг аж үйлдвэрлэл, эмнэлгийн зориулалтаар ашигладаг радиоизотоп үйлдвэрлэх, гаалиар орж ирэх бүтээгдэхүүний чанарын хяналт, ашигт малтмалын эрдсийн шинжилгээ, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмж зэрэгт өргөн ашигладаг. Цөмийн эрчмийн технологийн судалгааг явуулдаг улс орны инженерийн шинжлэх ухаан шинэ төвшинд гарч ирдэг. Ийм стратегийн ач холбогдолтой онцгой баялагаа хэрхэн Монголдоо хэрэгтэйгээр байдлаар ашиглах талаар судалж, цөмийн эрчмийг эзэмших тохиромжтой цагийг хүлээн бэлэн байдалд байх уу эсвэл хүмүүний ертөнцөөс онцгойрч байгалийн энэхүү онцгой баялагийг хав дараад суух уу. Тэгж хав дарж суух чадал тэнхээ Орос, Хятад зэрэг том хөршүүдийн дунд хавчуулагдсан бидэнд бий юу гэх мэт асуудлыг уг номонд хөндсөн байна.


04

Газрын тос

Монголын газрын тосны нөөц хэд юм, хэчнээн болж өсөх боломжтой юм, нефтийн экспортоос бид хэчнээн орлого олдог. Нөгөө талаас нефть бүтээгдэхүүний импортод хэчнээн хэмжээний валют зарцуулдаг. Шингэн түлшний гарц багатай Монголын өтгөн нефтийг боловсруулж түлш шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх нь ач холбогдолтой эсэхийг бид хөндөж, дүгнэлтийг гаргасан.

Аль ч улс оронд хамгийн цэвэр түлшинд тооцогддог байгалийн хийн томоохон нөөц Монголд илэрсэнгүй. Гэвч нийт нутгаар нүүрсний нөөц жигд тархсан манай орны хувьд нүүрсэнд агуулагдах метан хийн асар их хэмжээний нөөц боломж байна. Гагцхүү үүнийг хөрөнгө зарж хайгуул хийж байж нөөц нь бодогддог. Таван Толгой, Нарийн Сухайт зэрэг чулуун нүүрсний ордуудад метан хийн агуулга өндөр байгаа нь туршилтаар батлагдсан ч хэчнээн хэмжээний хий, ордын аль хэсэгт байгааг тодорхой болгохын тулд хөрөнгө зарцуулж хайгуул хийх шаардлагатай. Харамсалтай нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж хайгуулыг хийсэн орд одоогоор байхгүй байна. Хэрэв метаны нөөцийг тогтоож чадвал Улаанбаатарын агаарын бохирдлыг үндсээр нь шийдэх хийн түлш, орон нутгийн цахилгааны бие даасан үйлдвэрлэлийг бий болгох цэвэр түлшний асуудал шийдэгдэх юм. Чухам хэр хэмжээний нөөц боломж Монголд байгаа, хэрхэн энэ баялагийг ашиглаж болох, үүний тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар номондоо хөндсөн.

Шатдаг занар хэмээх асар их баялаг Монголын нутагт бий. Энэ баялгийг хэзээ, хэрхэн ашиглах боломжтой талаарх дүгнэлтийг мөн гаргасан.


03

Цахилгаан

Монгол Улс ойролцоогоор 1000 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Хэрэглээ нь чадлаасаа хэтрэх үед Оросоос авч, дутвал Орос руу илүүдэл цахилгаанаа өгдөг. Харин Оюу Толгойн хэрэгцээг хангахын тулд Хятадаас цахилгаан импортолдог. Уул нь хэдхэн жилийн цахилгааны импортын зардалтай дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтаар дотооддоо цахилгаан станц барих боломжтой... Жилдээ 1 тэрбум гаруй кВтц цахилгаан импортоор авч байгаагийн 1/5-ийг Оросоос, дийлэнх буюу  4/5-ийг Хятадаас авч байна.

Улсын хэмжээнд бараг бүх сумд цахилгаанд холбогдсон. Цахилгааны нэгдсэн том сүлжээ байгуулж хүмүүс гэрэл цахилгаантай болсон нь сайн хэрэг. Техникийн хувьд 110кВ-ын шугамаар хэдэн арван МВт чадлыг 100 гаруй км зайд үр ашигтай дамжуулах боломжтой байдаг. Гэтэл манай эцсийн хэрэглэгчдэд 2-3 МВт чадал очиж байгаа нь техникийн ба эдийн засгийн хувьд үр ашиггүй, ертөнцөд байхгүй зөвхөн Монгол хувилбар. Энд эдийн засаг хамаагүй, иргэдийг цахилгаанаар хангах нь чухал хэмээн зөвтгөдөг. Бас улсын төсвийн их хэмжээний мөнгийг үрэн таран хийсэн утгагүй ажиллагаа хэмээн буруутгадаг. Учир нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрог руугаа чиглэсэн үйл ажиллагааны хар гайгаар мэргэжлийн тооцоо үндэслэлд биш дарга нарын “яриа, тохиролцоонд” тулгуурлан үр ашиггүй, олон зуун километр урттай цахилгаан дамжуулах шугамуудыг улстөрчдийн дэмжлэгтэйгээр бий болсон олон тооны компаниуд барьж байгуулсан. 20 жилийн дараа энэ их шугам сүлжээний насжилт дуусахаар бид дахиад үр ашиггүй бүтээн байгуулалтаа хийх үү? Эсвэл хүн ам сийрэг Монголынхоо онцлогт тохирсон бие даасан, хиймэл оюун ашигласан ухаалаг бичил сүлжээнүүдийг нүүрс, хий, газрын гүн, ус, нар, салхины станцуудад тулгуурлан хөгжүүлэх үү гэдэг асуудлыг уг номонд хөндсөн.

Цахилгаан эрчим хүчний сүлжээг найдвартай болгох өөр нэгэн зам нь бүс нутгийг хамарсан том сүлжээнд нэгдэн орох. Өнөөдөр ч Монголын цахилгааны сүлжээ Оростой холбогдсон. Оюу толгойгоор дамжаад үндэсний сүлжээнд нөлөө байхгүй ч биет байдлаараа Хятадтай ч бас холбогдсон. Иймээс бусад улс орнуудын сүлжээнд нэгдэхэд эмээх зүйл байхгүй харин ашигтай. Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг том орнууд бүс нутгийн нэгдсэн сүлжээ байгуулах санаачлагыг өрнүүлж байна. Үүнд Монгол нэгдэн орж чадвал ашиглаж чадахгүй байгаа асар их нүүрс, сэргээгдэх эх үүсвэрүүдээ ашиглан цахилгаан экспортлох боломж бүрдэнэ. Энэ боломж нь чухам зүүд мөрөөдөл үү эсвэл бодит ирээдүй юу? Одоо ямар шатандаа юу хийгдэж байна вэ гэдэг талаар уг номонд дурдсан.


02

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ба түлш эрчим хүч

Уурын хөдөлгүүрийг бүтээж аж үйлдвэрийн 1-р хувьсгал өрнөхөд уур гаргаж авах гол түлш нь нүүрс байв. Цахилгаанжуулалт эрчимжиж аж үйлдвэрийн 2-р хувьсгал өрнөхөд цахилгаан гарган авах үндсэн түлш нь нүүрс, нефть болов. Комьпютерийн хурдтай хөгжлөөр тодорхойлогдох 3-р хувьсгалын үед нүүрс, нефть, уран, ус болов. Өнгөрсөн зууны технологийн ололтуудыг нэгтгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан удирдах 4 дэх хувьсгалын шатанд номын авторуудын нэг П.Очирбат гуайн томьёолсноор “Газрын эрчмийг Тэнгэрийн эрчимтэй хослуулан хэрэглэх нээ”. Өөрөөр хэлбэл нүүрс, нефть, уран зэрэг газрын эх үүсвэрийг нар, салхи, ус зэрэг тэнгэрийн эх үүсвэртэй хослуулан хэрэглэх нь аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын түлш эрчмийн салбарын төрхийг илтгэнэ. Хүн төрөлхтөн ийм шинэ шатанд шилжин орохын өмнө Монголын эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлэгч түлш эрчмийн салбар ямархуу дүр төрхтэй байгааг олон талаасаа нь цогцоор харахыг оролдсон учраас энэхүү номоо “Монголын түлш эрчим хүч – аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын босгон дээр” хэмээн нэрлэсэн юм. 


01

Инженерийн шийдэл ба иргэний нийгэм

Бид Үндсэн Хуулиндаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна хэмээн тунхагласан. Иргэний нийгэм байгуулахад иргэний оролцоо чухал. Иргэний оролцоо олон нийтийг хамарсан жагсаал цуглаанаар илрэхээс гадна цөөн хүрээний өндөр мэдлэгтэй иргэд салбарынхаа хөгжилд сайн дураараа оролцож, дэггүй улстөрчид бодлогогүй алхам хийхээс сэргийлэх байдлаар бас илэрдэг. Төрийн эрх, албан тушаалтай тушаалгүй иргэд сайн дураараа бодлогод нөлөөлж, шийдвэр гаргуулж чадахыг иргэний нийгэм хэмээн төсөөлдөг.

Харин ардчилсан нийгэм байгуулахад иргэд мэдээлэл, мэдлэг сайтай байхгүй бол цөөн хэсгийн ашиг сонирхлыг золиос болж хуйлран дагаж, төөрөгдөлд орж, хүн сүргийн хуулинд захирагдаж улмаар дарангуйлал руугаа эргэн шилжих эрсдэлтэй. Тиймээс олон нийтэд ойлгомжтой хэлээр салбарын мэдлэгийг түгээх нь боловсрол эзэмшсэн сэхээтнүүдийн иргэний үүрэг мөн.

Төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн 4 жилийн сонгуулийн цикл дотор өөрчлөгдөж, дунджаар 1.7 жилийн настай засгийн газар бүр “урт хугацааны” бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг оролдох зуур салбараа таниагүй улстөрчид болчимгүй алхам хийдэг жишээ байна.

Иймд түлш эрчмийн салбарын судлаачид хамтарч Орос, Хятад, Монголын эрчмийн бодлого, нүүрс, газрын тос, уран, шатдаг занар, сэргээгдэх болон уламжлалт бус эх үүсвэрийн ашиглалт зэрэг өргөн хүрээг хамарсан хараат бус мэргэжлийн дүгнэлтээ нэгтгэн “Монголын Түлш Эрчим Хүч” номыг олон нийтийн боловсролд зориулан энгийн хэллэгээр томьёолон хүргэж байна. Цаашид хотжилт, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжил, нүүдлийн ахуй гэх мэт өргөн сэдвээр Монгол инженерүүд үгээ хэлээсэй хэмээн энэ номоороо уриалсан санаатай юм.

Өнөө цагт лаптоп сугавчилсан “хэн ч биш” инженер "бацаан" их гүрний бодлогыг өөрчилж чадахуйц төвшинд технологи хөгжиж байна. Нийгмийн, эдийн засгийн, улстөрийн олон асуудлыг бодлогоор биш технологийн хүчээр, инженерийн шийдлээр шийдэх боломж улам бүр нээгдэж байна. Инженерүүд хэлд орох цаг болсон байна. Инженерийн шийдлүүд манай нийгэмд хэрэгтэй байна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд