Арав.мн

Нэгэн зургийн түүх: Жу Жугийн гар

Нэгэн зургийн түүх: Жу Жугийн гар

“National Geographic” сэтгүүлийн 125 жилийн түүхэн дэх 50 шилдэг гэрэл зургийн нэгийг та харж байна. Энэ зургийг Дэлхийн хэвлэлийн гэрэл зурагчдын холбооны дөрвөн удаагийн шагналт нэрт гэрэл зурагчин, сэтгүүлч, байгаль хамгаалагч Майкл Николс 1990 онд авчээ. 

1990 он гэдэг цаг наашлахын эхлэл байлаа. Хоёр талцан дайсагнаж байсан дэлхий ертөнц эв эетэй байхын эрхэм чухлыг мэдэрч, хоёр хананы наана цаана амьдын хагацал үзсэн ахан дүүс Берлиний хана нуран унахад тэврэлдэн уулзалдаж, өмнөд Африк, Евразийн цээжнээ олон шинэ улс тусгаар тогтнож, эрх чөлөөний төлөөх тэмцлийн баатар Нелсон Мандела өргөст торноос чөлөөлөгдөж, дэлхийг хэрсэн мэдээллийн нэгдсэн сүлжээ буюу www хөтөч ажиллаж эхэлсэн жил байв. Энэ онд хүн төрөлхтөн өөр хоорондоо эвээ олж, гэрэл гэгээтэй ирээдүйг урьд хожид байгаагүй их итгэл найдвар тээн угтан авсныхаа адил өндөр дээд өвөгтэйгөө мөн л урьд байгаагүйгээрээ учран золгожээ. 

Английн антропологич, приматологич (оюун ухаантай амьтан судлаач), этологич (амьтны араншин судлаач) Жейн Гудолл 1960 онд 26-хан настайдаа Африкийг зорьж, зэрлэг шимпанзе судалж эхэлсэн нь энэ төрлийн анхны томоохон судалгаа байлаа. Африк тивийн үүд нээгдсэн 1980-аад оны сүүлээр л дэлхий нийт түүний олон жилийн хөдөлмөртэй танилцсан байдаг. Бич, сармагчингууд хүмүүсийн олон зуун жил итгэж, бодож байсанчлан ердийн нэг амьтан биш, харин хүний хамгийн ойрын оюун ухаант “садан” болохыг тэр л хүн төрөлхтөнд анх нээж өгчээ. Үүгээрээ гариг дэлхийн цорын ганц эзэн мэт аашилж, байгаль орчныг дураараа сүйтгэж байсан хүн төрөлхтөнд тэрбээр “Хүн ч гэсэн амьтан” гэдгийг сануулсан байна. 

Бүгд найрамдах Конго улсын Бразавилль хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон жил ганцаараа амьдарсан тэжээвэр шимпанзе Жу Жу Жейний үсэнд хүрч буй энэ зураг түүнд барьсан хариу талархал, ганцаардлаас аврагдсан хөөр баярын илэрхийлэл гэлтэй. Тиймдээ ч энэ зураг “National Geographic” сэтгүүлд нийтлэгдсэн цагаасаа хойш хайр энэрэл, эвлэрэл, талархах сэтгэлийн илрэл, бэлгэдэл болж дэлхий дахинаа танигджээ. Жу Жугийн сониучхан, цагаахан үйлдэл уг зургийг авсан гэрэл зурагчны сэтгэлийг хүртэл хөдөлгөсөн бөгөөд Майкл Николс энэ цагаас хойш Төв Африкаар хэдэнтээ аялж, олон сайхан байгалийн зураг авчээ. Мөн Жейн Гудоллын тухай болон биологич Майкл Фейгийн тухай ном бичиж, байгаль орчин хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцох болсон байна.     

Жейний байгуулсан Жейн Гудолл хүрээлэн өдгөө мөхлийн ирмэгт тулсан шимпанзе, гориллын сүргийг хамгаалахын зэрэгцээ нутгийнхны аж амьдралд дэм болдог. 1991 онд байгуулагдсан Жейний нэрэмжит “Roots & Shoots” хэмээх залуусын байгууллага мөн дэлхийн хэмжээний байгаль орчны хүрээлэн болон өргөжиж, өдгөө 120 гаруй улсад 150 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
үгийн сүлжээгээ оруулаачээ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start