Арав.мн

Таныг гайхшруулах 10 баримт

Таныг гайхшруулах 10 баримт

Түүх, газарзүй, одон орон, хүн төрөлхтний талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэе.


10

Та энэ дэлхийн хамгийн залуу хүн байсан

Дэлхий дээр буй 7 тэрбум хүнээс онцгойрч ялгарна гэдэг амаргүй даваа. Гэхдээ та хэдийнээ бүх хүнээс онцгой нэгэн байсан гэвэл ямар байна?

Тайлбарлавал, та энэ хорвоод мэндлэх үедээ дэлхий дээр буй хамгийн залуу, амьдралын талаар дадлага туршлага хамгийн багатай нэгэн байсан юм. Энэ “рекорд”-оо та хэдэн секунд, магадгүй хэдэн долийн хугацаанд хадгалсан байж таараа. Бүхэл бүтэн 7 тэрбумаар тоологдож буй амьтны аймгийн нэгэн төрөл зүйлийн хамгийн залуухан нь гээд бодоод үз дээ?

Гэхдээ энэ үзэгдэл дэлхий дээр хэзээ нэгэн цагт төрсөн, төрөх гэж байгаа хүн бүрт тохиох зүйл юм. Бид бүгд төрсөн нь үнэн, үхэх нь үнэн гэдэг. Тэгвэл бүх зүйлийг судлан шинжиж, бусдаас онцгой, ямар нэг зүйлээрээ ялгаатай гэдгээ батлахыг хичээдэг хүн төрөлхтний хувьд бас нэгэн нийтлэг зүйл байгаа нь энэ юм.

Энэ таныг тийм ч их гайхуулахгүй байна уу? Тэгвэл “Дэлхий дээр буй хамгийн өндөр настай хүнийг мэндэлж байхад дэлхий дээр шал өөр хүмүүс амьдарч байсан” гэвэл ямар байна? Үлдсэн 6,999,999,999 хүнээс нэг нь ч байхгүй байсан гэхээр сонирхолтой байгаа биз?


09

Ромын эзэнт гүрнээс өнөөдөр хүртэлх цаг хугацаа Египетийн эзэнт гүрнээс Ром хүртэлх хугацаанаас богино

Түүхийн хичээл дээр агуу гүрнүүдийн талаар судлахад Ромын эзэнт гүрэн болон Египетийн эзэнт гүрний талаар заадаг. Агуу соёл иргэншлийг цогцлоосон энэ хоёр гүрнийг үүсгэн байгуулсан хугацаа үнэндээ ямар их гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй билээ. Зарим хүмүүс ойролцоо үеийнх гэж бодох тохиолдол бий. Тэгвэл Ромын эзэнт гүрэн МЭӨ 27 онд байгуулагдсан байдаг. Одоо 2018 он гэвэл өнөөдөр болон Ромын эзэнт гүрэн байгуулагдсан оны хооронд 2045 жил өнгөрсөн байгаа юм. Харин Египетийн эзэнт гүрэн МЭӨ 3100 онд байгуулагдсан байдаг. Тэгэхээр Египет бий болсноос Ромын эзэнт гүрний үүсэл хүртэл буюу МЭӨ 27 он хүртэл 3073 жил өнгөрсөн байна гээд бод доо!

Дээрх хоёр цагалбарын ялгаа бараг бүтэн 1000 жил байна гэж бодоход гайхалтай биш гэж үү? Ромын эзэнт гүрэн гэхэд бидэнд асар эртний улс мэт төсөөлөгддөг шүү дээ. Тэгвэл ромчууд өөрсдөөс нь 3000 жилийн өмнөх Египетийн эзэнт гүрнийг яаж хардаг байсан бол гэж бодоход бас л сонирхолтой.


08

Далайн ердөө 5 хувийг л судалсан

2018 онд АНУ-ын Үндэсний далай тэнгис, агаар мандлын судалгааны байгууллага (NOAA) Конгрессоос 4 тэрбум ам.долларын төсөв хүссэн байдаг. Тус агентлаг өмнө нь ч энэ хэмжээний төсөвтэй ажилладаг байв. Мэдээж NOAA бол дэлхий дээр буй төрөөс дэмжлэг авдаг асар олон судалгааны байгууллагуудын нэг.

Тэгвэл энэ олон судалгааны байгууллагууд, зарцуулж буй хөрөнгө мөнгө, шинжлэх ухаанч байдлаар судалж эхэлсэн зуун зуун (магадгүй мянган) жилийн хугацаанд бид дэлхийн дээрх далайн ердөө 5 хувийг л судалж чадаад байгаа юм. Үлдсэн 95 хувь дээр нь хүний нүд ч тусаагүй байгаа!

Далай тэнгис бөмбөрцгийн 71 хувийг бүрхдэг. Эрдэм шинжилгээний байгууллагууд далайн гүний судалгаа хийж эхэлснээс хойш ихээхэн ахиц гаргасны дунд хамгийн гүн хэсгүүд рүү робот, шумбагчид илгээсэн байдаг. Гэхдээ л Марианы хонхороос ч гүнзгий цэгүүд байгаа гэсэн таамаг байгаа энэ үед хүний араг ясыг жигнэмэг мэт үйрүүлж чадах усны даралттай хэсгүүд рүү хүн илгээх хүртэл өдий байна даа.


07

Орчин үеийн соёл иргэншилтэй ойртож ч үзээгүй омгууд бий

Балар эртний хэв маягаа хадгалж, нийгмээс тусгаарлагдан нүүдэллэн амьдардаг омгууд дэлхий дээр бий. Гэхдээ эдгээрийн дийлэнх нь гадаад ертөнцтэй ямар нэг байдлаар холбогдсон байх агаад аялал жуулчлалаас орлого олж, арилжаа наймаа хийн, илүү сайн багаж зэвсэг хэрэглэдэг болсон байдаг.

Тэгвэл дэлхий дээр орчин үеэс бүрэн тусгаарлагдсан, “хүй нэгдлийн”, “зэрлэг” хүмүүс бий. Тэр бүү хэл ийм омог аймгуудын тоо 100-гаас ч их байдаг аж. Тэдний дийлэнх нь өмнөд Америкт байх аж. Тухайлбал, Перуд 15 омог, Бразил болон Амазоны орнуудад 77, Индонез, Шинэ Гвиней орчим хэдэн арав, Энэтхэгт хоёр омог байх бөгөөд Малайз, Төв Азид цөөн тооны зэрлэг омог амьдардаг юм байна. Эдгээр хүмүүс ихэвчлэн арал дээр, эсвэл ширэнгэн ойн гүнд амьдрах ба өөрсдөөс нь өөр хүмүүс, өөр газар гэж байдгийг ч мэддэггүй. Зарим нэгэнтэй нь холбоо тогтоох гэж оролдсон ч соёлын ялгаа, хүмүүсийн аж байдлаас гадна бие организмд нь бидэнтэй адил дархлаа тогтоогүйгээс болж асар их аюул учирдаг юм. Өнгөрсөн онд л гэхэд Бразилийн ширэнгэн ойгоос гурван хүн соёлт нийгмээс тусламж хүсэх гэж ирсэн ч тэр даруй хоёр нь ханиад хүрч, үүнээсээ ихэд айн гурвуулаа буцан зугтсан тухай мэдээ дэлхий нийтэд шуугиан тарьсан билээ. Энгийн ханиад байсан ч эмчлэхгүй бол асар аюултай. Иймд ширэнгэн ой руугаа буцсан гурван хүнээр дамжин бусад омгийнхныг бүхэлд нь өвчлүүлнэ хэмээн судлаачид ихэд санаа зовж байгаа юм. Энэ ч утгаараа эдгээр хүмүүсийг тайван аж төрөх боломжоор хангаж, аюул учруулахгүйг улс орнууд хичээдэг юм. Тухайлбал, Перу улсын хувьд эдгээр хүмүүстэй холбоо тогтоохыг хуулиар хатуу хориглосон байдаг аж. 


06

Амьдрал тэтгэх өөр гаригууд бий гэсэн баталгаа байдаг

Дэлхийгээс 20 гэрлийн жилийн цаана орших Gliese 581g хэмээх гариг бий. Энэ бол дэлхийгээс гадна амьдрал тэтгэх боломжит нөхцлийг бүрдүүлсэн хэмээн тогтоогдсон анхны гариг юм.

“Боломж бүрдсэн цагт амьдрал бий болно гэж би хувьдаа боддог. Харин тус гариг дээр амьдрал бий болох боломжийг би 100 хувь гэж үзэж байгаа. Надад эргэлзээ бараг байхгүй” хэмээн Калифорнийн их сургуулийн одон орон, астрофизикийн профессор Стивен Вогт хэлж байна.

Өөр нарны аймагт өөр одыг тойрон эргэн орших уг гариг дээрх температур нь олон төрлийн амьдралыг тэтгэхэд төгс зохицсон аж. Судалгаанаас харахад уг гаригийн хэмжээ болон од хүртэлх зай нь шингэн устай байх хамгийн зөв нөхцлийг бүрдүүлсэн юм байна. 



05

Гаргасан шийдвэр бүр чинь зэргэлдээ ертөнцийг үүсгэж байдаг

“Хэрэв би тэгэхэд тэр боломжийг ашигласан бол...?” гэх бодол толгойд чинь орж ирж л байсан биз дээ? Тэгвэл өөр нэг паралель ертөнцөд тэр боломжийг ашигласан өөр нэг “та” магадгүй илүү сайн, эсвэл илүү муу амьдарч байх байж л дээ.

Тайлбарлавал, Квантын физикийн онолын дагуу таны гаргасан жижиг гэлтгүй бүх шийдвэр нэгэн төрлийн паралель ертөнцийг бий болгож байдаг юм. Тухайлбал, та ажил руугаа машинаа унаад явлаа гэж бодъё. Тэгвэл нөгөө ертөнцөд та автобусаар явсан байж болно. Тус онолоын дагуу гуравдугаар төвшний паралель ертөнц нь одоогийнхтой ижил цаг хугацаанд болдог ба бид тийшээ нэвтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл, таны гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл бүрийн чинь тоогоор хязгааргүй олон тооны паралель ертөнц бий болдог.

Онол ч гэсэн төсөөлөөд үзэхэд догь байгаа биз?


04

200 эрийн 1 нь Чингис хааны удам

Одоогоос 1000 орчим жилийн тэртээ Монголчуудын дунд бий болсон их хааны удмын Y хромосом орчин цагийн дэлхий дээр буй 200 эр хүн тутмын 1-т нь өвлөгдөн ирсэн гэсэн судалгаа бий (зарим судалгаа үүнийг няцаадаг). Яг нарийн тоог гаргах боломжгүй ч 16-19 сая хүнд Чингис хааны үр удам байх магадлалтай юм.

Энэ таамгийг батлахын тулд Чингис хааны онгоныг нээн олж, аз таарвал жинхэнэ ДНХ-г судлах хэрэгтэй болох юм. 


03

Хүн төрөлхтөн дэлхийн нийт насын 0.004 хувьд нь л оршин тогтнож байна

Хүн төрөлхтөн дэлхий дээр үүссэн цагаас хойш 200 мянга гаруй жил өнгөрсөн байна. Дэлхий өөрөө 4.54 тэрбум жилийн настай гэж бодоход хүний ноёрхол цэнхэр гаригийн ердөө 0.004 хувьд л байжээ. Бас л сонирхолтой баримт.

Бид дэлхий дээр үүссэн цагаас хойш дэлхийн нийт насын 1 хувьд ч дөхөхгүй байна гэж бодохоор гайхмаар биш гэж үү? Гэсэн хэдий ч хүн төрөлхтний түүх үлэмж их. Бусад бүх амьтдаас хамгийн их нөлөө үзүүлж байгаа гэж хэлсэн ч буруудахгүй. Мөн хүн төрөлхтний жинхэнэ өсөлт дэвшилт ердөө 10,000 жилийн тэртээгээс л эхэлсэн гэдгийг санах хэрэгтэй.


02

Солир гаригийн өөр цэгт унасан бол үлэг гүрвэлүүд одоо хүртэл байх байсан

“Үлэг гүрвэлүүд үхсэн өдөр” хэмээх ВВС агентлагийн баримтад кинонд тайлбарласнаар эдгээр үлэмж биетүүдийг сөнөөсөн солир тухайн үедээ хамгийн их гамшиг авчрах цэгт унасан аж. Уг солир Юкатаны хойгийн гүехэн устай хэсэгт унасан нь газар доорх шохойн чулуун ордыг онож, агаар мандалд асар их хүхрийн үүл үүсгэсэн юм. Чухам энэ үүл л дэлхийн дээр тусах нарны гэрлийг хааж, мөстлөгийн эринийг эхлүүлсэн ба тухайн үеийн нийт амьд биетийн 75%-ийг устгасан билээ.

“Хэрэв энэ солир Атлантын далай эсвэл Номхон далайд унасан бол хүхрийн үүл үүсэхгүй байсан. Энэ тохиолдолд агаарт үүсэх үүл хамаагүй бага байх ба нарны гэрэл дэлхий дээр туссаар байх байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл солирын дараа үлэг гүрвэлүүдийг устгасан үр дагавраас зайлсхийх байжээ” хэмээн баримтат киноны тайлбарлагч Бен Гаррод хэлсэн юм. Солирын тусгал багахан хэмжээнд өөрчлөгдсөн бол Юрийн галавын цэцэрлэг кино энэ цагт бодит байх магадлалтай байх байжээ.


01

Орчин үеийн нийгэм хүрээгүй газар одоо хүртэл бий

Хэдийгээр хуурай газар дэлхийн 30 хүрэхгүй хувийг эзэлдэг, орчин цагийн тээвэр биднийг хүссэн газар руу маань хүргэх хүчин чадалтай болсон хэдий ч орчин үеийн нийгэм огт хүрээгүй газрууд олон бий.

Эдгээрийн хамгийн алдартай нь Бразилийн Вале до Явари юм. Энэ газарт нийт 2000 орчим хүнтэй 14 омог байдаг. Цаг хугацаа нь чулуун зэвсгийн үед хүрээд зогссон мэт энэ газрыг засгийн газрууд хамгаалж байдаг. 

Бидний сайн мэдэхгүй өөр нэгэн нууцлаг газар бол Папуа Шинэ Гвиней улсад орших Оддын Уулс. Биднээс тусгаарлагдсан энэ хэсэгт алдарт Хинденбургийн хана бий. Энэ бол 1.6 километр өндөртэй үргэлжилсэн шохойн чулуун хад, уулс юм. Тэнд буй эко систем, амьд биетүүдэд хүрсэн хүн бараг үгүй. Судалгааны багуудын хийсэн шинжилгээгээр эндээс 1109 амьтан, ургамлын төрөл зүйлс олсон байдгийн 100 орчмыг нь шинээр нээн илрүүлсэн байх аж.

Технологийн дэвшлээс болж бид дэлхийг хэдхэн хоногийн дотор тойрох нөхцөл бүрдсэн өнөө үед энэ бол гайхахын аргагүй зүйл юм. Бид эх дэлхийнхээ талаар мэдлэг тун бага бөгөөд сурч мэдэх, шинээр нээх, хүрч очих зүйлс асар их байгааг харуулж байгаа билээ.



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Төв азид ямар омог бдг юм болдоо? Гоё нийтлэл болжээ :)
+3
Сонирхолтой юм байна. Нээрээ л Ром, Египет хоёрын хооронд тийм их хугацаа өнгөрсөн байдаг гэж бодохоор
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд