Арав.мн

Нийслэл хотын нүүдлийн түүх

Нийслэл хотын нүүдлийн түүх

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө нэртэйгээр одоогийн нийслэл хотын суурийг үндэслэжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачсан байна. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлснээр нийслэл үүссэн гэж үздэг.
Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болов. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд, Оросын консулын газар 1861 онд тус тус байгуулагджээ.

Монголд бий болсон олон хүрээ, хийд тэр бүр хот болон хөгжиж чадсангүй. Харин Их Хүрээ хот болон хөгжсөн нь нэгдүгээрт, Орос-Монгол-Хятадын худалдаа, харилцааны их зам дагуу суурьшсан, хоёрдугаарт, Монгол орны аж ахуйн байдалд гарсан өөрчлөлтүүдээс шалтгаалжээ хэмээн түүхчид үздэг байна.
Хүрээ хоёр их гүрний худалдааны гол замын уулзварт суурьшсан явдалд энд хятад-орос, хятад-монгол, орос-монгол, мөн монголчуудын хооронд худалдаа харилцаа хөгжих боломжтой зангилаа болж, улмаар хот болон хөгжих чухал алхамд оржээ.
Нийслэл Хүрээний нүүдлийн түүхэн товчоон:

  • 1639 он – Ширээт Цагаан нуурын орчимд Өргөө үүссэн.
  • 1651 он – Хутагтын өргөөнд анхны долоон аймгийг байгуулжээ.
  • 1888 он – Өгөөмөрт Өргөө засав.
  • 1706 он – Цэцэрлэгийн Эрдэнэ толгойд Их хурлын дуган Рибогэжигандан шадублин (Бат цагаан) байгуулж Өргөө нэрийг халж Их хүрээ нэртэй болов.
  • 1707 он – Хүрээний хэргийг эрхлэх хамба, мөн да ламыг бий болгосон.
  • 1719 он – Их Хүрээг Дагаандэлд засав.
  • 1722 он – Их Хүрээг Тамирт засав.
  • 1723 он – Их Хүрээг Жаргалант, дараа нь Ивэн голд засав.
  • 1724 он – Их Хүрээг Угтаал жаргалантад засав.
  • 1725-1728 он – Орос-Манжийн хаант улсын хооронд Буурын голын (Хиагтын) гэрээ байгуулж, Хиагт-Хүрээ-Хаалганы их зам өргөжөв.
  • 1729 он – Их Хүрээг Хужирт булан буюу Жаргалант, Бургалтайд засав.
  • 1732 он – Их Хүрээг Сөгнөрөгт засав.
  • 1733 он – Их Хүрээг Тэрэлжид засав.
  • 1736 он – Их Хүрээг Хүй Мандалд засав.
  • 1739 он – Их Хүрээнд Дэчингалбын дацан байгуулсан.
  • 1740 он – Их Хүрээг Хунцалд засав.
  • 1742 он – Их Хүрээ, Өдлөгт засав.
  • 1743 он – Их Хүрээг Өгөөмөрт засав.
  • 1747 он – Их Хүрээг Сэлбэд засав.
  • 1748 он – Хан уулын өвөрт Манзуширын хийдийг барьж дуусчээ.
  • 1756 он – Их Хүрээг Улиастайд засав.
  • 1756 он – Их Хүрээнд Цанидын дацан байгуулсан.
  • 1758 он – Улиастайн манж сайдын төлөөний Монгол амбан Их Хүрээнд тогтмол суух болов.
  • 1760 он – Их Хүрээнд эмчийн дацан байгуулсан.
  • 1762 он – Их Хүрээг Сэлбэд засав.
  • 1765 он – Шашныг бадруулагч сүм (Дамбадаржаа)-г барьжээ.
  • 1772 он – Их Хүрээг Хүй Мандалд засав.
  • 1778 он – Их Хүрээг Сэлбэд засжээ. Мөн оноос эхлэн Богд хан уулыг тайх болжээ.
  • 1779 он – Их Хүрээнд Зурхайн дацан байгуулжээ.
  • 1800 он – Их Хүрээнд модон гэр дуганаас гадна урлаж гоёмсог барьсан Дэчингалбын сүм мэт том барилга бий болов.
  • 1836-1839 он – Хүрээг Толгойтын орчим засав. Энэ үед Гандангийн хэсэг үүсэв.
  • 1837 он – Их Хүрээнд Пандалин, Гүнгаадэжидлин гэж хоёр сүмийг чулуу, ваар, тоосгоор барив. Энэ нь анхны чулуун барилга болно.
  • 1851 он – Хүрээний худалдааны иргэдээс газрын жилийн түрээсэнд 600 лан мөнгө хураажээ.
  • 1855 он – Их Хүрээг Сэлбэд дахин засав.
  • 1860 он – Оросын Консул Их Хүрээнд суужээ.
  • 1863-1865 он – Консулын дэнж дээр анхны хоёр давхар европ маягийн байшин барьжээ.

Бэлтгэсэн Г.Гантулга
Ашигласан эх сурвалж:

  • О.Пүрэв "Монголын улс төрийн төв" 1994
  • С.Идшинноров " Улаанбаатар хотын түүхий хураангуй" 1994
  • Л.Дүгэрсүрэн " Улаанбаатар хотын түүхээс" 1999
  • Г.Гантулга, Б.Чинбат " Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал, функционал бүсчлэл" 2011
  • "Улаанбаатар хотын 370 жил" товч танилцуулга

ЗУРАГ: нэр “Хүрээний нүүдэл”, Ардын зураач Ү.Ядамсүрэн, 1961 он


8.9

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start