Арав.мн

Монголын богино өгүүллэгийн мастерын 10 богино өгүүллэг

Монголын богино өгүүллэгийн мастерын 10 богино өгүүллэг

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ.  Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.


10

Совин

Эмнэлэгт олон сар хүнд өвчтэй хүүхэд сахисан эх өгүүлрүүн:

-          Хоёр сар нойргүй хонохдоо хүн ямар муухай амьтан болохыг өөр дээрээ мэдлээ. Хааяа нэг дугхийхдээ өөрийн хүүхдийг янцаглахад сэрдэг атлаа хүний хүүхэд үхчихээд бөөн юм болж байхад огт мэддэггүй байна шүү...


09

Бидэн хоёрын болзоо

Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ.


08

Оршуулга

Хүн үхнээ гэдэг далайд гарахтай адил юм. Зарим нь хөлөг цагаан онгоц шиг зон олноор үдүүлээд дуутай дохиотой гарч байхад зарим нь загасчны далбин завь шиг ус шол шол хийлгэн сэлүүрдэж, харанхуй бүрэнхийн завсраар алга болоод өгөхөд хэн ч анзаарч мэдэхгүй л байх юм.


07

Дарга галч

Ховдын хязгаарт хориод оны дундуур аймгийн яам байгуулагдахад ардын засгийн газрын төлөөлөгч үг хэлж

-          Аймгийн яам болбоос тус аймгийн дэвсгэр нутгийн бүх алба байгууллагуудыг захиран шийтгэнэ. Ажил хариуцсан түшмэл бүхэн өөрийн чиглэлээр хязгаар нутгийн хэргийг удирдан даргална гэхэд яамны галч:

-          Тэгэхээр би чинь энэ аймгийн бүх галч нарын дарга болох нь ээ гэжээ.


06

Харамын сэтгэл унтдаггүй

Тэр жил намайг Москвад сурч байхад аспирант найз минь нэг өдөр инээсээр орж ирээд ингэж ярьсан юм.

-          Надтай хамт ажиллаж байсан нэг нөхөр Польш уруу ажлаар явж байгаа юм байна. Ирж хоноод өнөөдөр явлаа. Өчигдөр онгоцноос буугаад шууд ирэхээр нь би хоол унд хийж тэгээд хоёулаа багагүй уусан тул ядарч агсагдсан нөхөр маань унаад өглөө. Би толгой түрүү нь өвдөх бий гэхдээ аль болох сэрүүн унтуулах санаатай оймсыг нь тайлах гэсэн элэг дүүрээ дэлбэ тийрэх гээд болдог юм биш. Өглөө өөрт нь хэлсэн чинь арга байж уу, тэнд чинь би хэдэн рублиэ нуучихсан юм” гэж байхгүй юу.

Харамын сэтгэл унтдаггүй ажээ.


05

Эвэр

Алтайн хүрэн цохионы нөмөрт хавсаргатай өдөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.

Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгаагаа там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрбээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ.

Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана

Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж бөлгөө

Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.

Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.

Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо.

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж, эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө.


04

Халуун гурил

Намайг бага байхад ах минь гурил зуурч эгч элдэнэ. Ахын зуурсан гурил цав цагаан , голын захын чулуу шиг мөлгөрхөн хавтгай , бариад үзэхэд бүлээхэн байдагсан.

Ах минь дайнд яваад эргэж ирээгүй. Тэгээд би гурил элдэж сурсан юм. Миний зуурсан гурил бас л цав цагаан голын чулуу шиг мөлгөрхөн боловч ер халуун болдоггүй байлаа. Эгч маань ахын зуурсан гурилыг шууд элддэг атлаа миний зуурсан гурилыг нухаж байж элдэх нь гагцхүү халуун хүйтний зөрүүнд  л байна даа гэж би боддог байжээ. Тэгээд нэг өдөр гурилаа халуун болтол нь нухахаар шийдлээ. Эртээ гэгч гурилаа зуураад  эгчийн үнээгээ сааж байх хооронд нь удаан гэгч нухаж билээ.

Нухсаар байтал  би өөрөө их л халууцан, гурил ч бүлээн болох шиг санагдав. Эгч минь гурилыг авч эргүүлэн тойруулан дарж үзээд над руу харж инээмсэглэн нухалгүй элдэж орхилоо. Би ч халуун гурил зуурсандаа ихэд баясан ахын дайтай болсон шиг санаж явжээ.

Энэ гурилыг өчнөөн ядарч бүлээн болгов. Гэтэл ах минь хормын дотор халуун болгодог мөн ч бүлтэй хүн байж дээ гэж би бодно. Энэ тухайд эгчдээ хэлбэл , тэрбээр сүүгээ самрах мэт   уртаар санаа  алдсанаа ахтайгаа улам адил болж өсөж байгаа дүү намайгаа ширтэн инээмсэглэхэд сэтгэл нь өрөмтөн байгаа сүү шиг хөөсөрч байлаа.


03

Таяг

Харандаагаар бичсэн энэ шүлэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналдуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ. Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад , “Тэр өвөө хөлөө янгинан өвдөж ,өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ… тэрбээр  хэвтрээсээ хүчлэн өндийж хана эргэнэгээ түшсээр гадаа гарч нар ,тэнгэр,Жавхлант хайрхан,Улаан дэлийн хажуу дээр идэшлэж яваа хөгшин цагаан морио  эцсийн удаа харахдаа над захисан таягаа эрхгүй нэг дурсаа даа” гэж бодохунаа , ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.

Еэ илээ гэж… нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой…


02

Хатуу үг

Манай хотонд Данигай гэж хатуу хар өвгөн байх. Багад нэг өдөр хонь хариулж яваад ил тавьсан хүүр анх удаа үзэж, айгаад уйлан давхиж ирэхэд Данигай хонь эзгүй орхилоо хэмээн хилэгнэж:

-          Үхсэн хүнээс юунаас нь айдаг юм бэ? Амьд хүнээс л айж бай гэж насанд минь ахадсан хатуу үг, хөлдүүс хоёроор шидэн буцааж билээ. Нээрээ л би Данигайг үхсэнээс нь хойш айхаа больсон шүү.


01

Бугуйн цаг

Хүн дуурайсан болох ч юм уу, электрон цаг аваад зүүчихсэн чинь харахад л өөдөөс "төдөн минут" гэж цэргийн хүн шиг илтгээд бодох тооцоолох юмгүй амар байлаа. Тэгснээ сүүлдээ нэг л юм дутаад байх шиг "Илжиг модон хударгадаа" гэгчээр бэлэн мэдээллээр хооллож сураагүй тархи голоод байх шиг санагдаж, яагаад байгаа учрыг нь олохгүй мөртлөө нүд сэтгэл хоёр цухалдаад байв. Хуучин муу баадуутай цагаа зүүгээд харсан чинь ухаан тэлж, хараа сунаад явчих шиг санагдлаа. Арван хоёр тоотой дугариг цагны нүүр гэдэг хорвоо юм гээч. Энд одоог заах зүүнээс гадна өнгөрсөн ирээдүй хоёулаа харагдаж байна. Хүн гэгч дурсамж, мөрөөдөл хоёргүйгээр амьдарч чаддаггүй ажээ. 


7.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (16)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


За
+3
Ямар гоё өгүүллэгүүд вэ
+2
Mash goo oguulleg b laa
Сайн нь түрүүлээд явчих юм гэдэг сайн яваад муу нь үлддэг бол хорвоо даахааргүй биз үлдсэндээ дурсагдахаар амьдарах юмсан энэ сахалтай хүнтэй уулзаагүй ч өвгөн болсон надад бурханы ороноос ухаан заасаар
Gahabshigtai ehvvd bn
-1
Баастын Золбаярын Бүтэн,Бүгээн гээд тунчиг чамин урлан бүтээсэн сайхан зохиол бас уншив.тансаг юм аа.
+1
Тансаг, гайхамшиг! Баярлалаа
+3
goy eh bnaaa buur bogino eh baigaa yu
Gaihamshig
+4
Gaihaltai
+10
Сайхан монгол ахуйтайгаа уулзах шиг боллоо... Олон хүн олж уншаасай даа, ийм ахуйгаар дутаж яваа хүмүүс их л байгаа даа... Их баярлалаа!!!
+6
Хулангийн өмнө нь бичсэн үлгэр, энэ өгүүллэг гэсэн нийтлэл естой гоё байна. Дутагдаж байгаа сэдэв
+7
Бүр нэг монголжуу. Яасан ч сайхан бичдэг юм
+13
"Итгэл" гэж бас хөөрхөн өгүүллэг байдаг даа. Гоё юм уншлаа. Баярлалаа.
+19
"Эвэр" өгүүллэг нь ямар гоё юм бэ!
+9
тансаг юм
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start