Арав.мн

Дэлхийн хүн амын 7-10 хувь нь солгой

Дэлхийн хүн амын 7-10 хувь нь солгой

Жил бүрийн наймдугаар сарын 13-нд Олон улсын солгой гартнуудын өдөр тохиодог. Энэхүү өдрийг Олон улсын солгой гартнуудын холбоог үүсгэн байгуулагч Дийн Р.Кэмпбэллийн санаачилгаар 1976 оноос хойш тэмдэглэж иржээ. Зөв гартнуудад зориулсан ахуйн болон үйлдвэрлэлийн багаж хэрэгслээс болж тахир дутуу болсон юм уу, амиа алдсан хүмүүсийг дурсах, солгой хүмүүсийн эрхийг хамгаалах, бусдаас өөр төрснөөсөө болж гадуурхагдсан хүүхэд, залууст сэтгэлийн дэм өгөх зорилгоор уг өдрийг тэмдэглэдэг байна.

Дэлхийн хүн амын 7-10 хувь нь солгой гэсэн судалгаа байдаг аж. Судлаачдын тогтоосноор солгой болон зөв гартнуудын харьцаа бүр эрт дээр үеэс л 9:1 байжээ. Гэхдээ баруун гартнууд солгой хүмүүсээс яагаад илүү олон байдгийн учрыг эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс өнөө ч бүрэн тайлж чадаагүй байна. Орчин цагийн хүн үүссэн үеэс солгой гартан бий болсон гэдэг. Солгой хүмүүстэй холбоотой хамгийн эртний ул мөр Кенийн нутгаас олдсон, 500 мянга гаруй жилийн настай 54 хэсэг бүхий чулуун зэвсэг юм. Босоо явдалт хүний дээд өвөгтэй нэгэн үед хамт амьдарч байсан гэх неандертальчуудын дунд хүртэл солгой гартан байсныг 150 мянган жилийн тэртээх чулуун зэвсэг нотолдог. Солгой гартнуудын дунджаар 85-90 хувь нь бичих, хоол идэх зэрэг ойр зуурын үйлдлийг баруун гараараа хийх чадвартай байдаг. Тэд гараа хоёуланг нь ашиглаж чадах ч баруун, зүүн тал нь нэгэн зэрэг идэвхтэй байх аргагүй. Аливааг хоёр гараараа ижил түвшинд хийх чадвартай хүн маш ховор бөгөөд бараг 10 сая хүн тутамд нэг байдаг байна. Солгой гартнуудыг багаас нь баруун гартан болгохоор хүчилж болно. Гэхдээ тийм хүмүүсийн олонх нь энгийн зүйлсийг хоёр гараараа хийх чадвартай болоод ч зүүн талаа илүүд үзэх нь хэвээр байдаг аж. Тэгээд ч энэ нь тухайн хүний сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй бөгөөд зарим солгой хүнийг шизофренид ч хүргэх аюултай. Солгой төрөхөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь мэдээж удамшил. Эцэг эхийнх нь хэн нэг нь солгой бол солгой хүүхэд төрөх магадлал өндөр. Үүнийг 2004 онд 5-10 сартай 200 гаруй урагт хийсэн судалгаагаар эцэслэн тогтоожээ. Мөн солгой байх нь эмэгтэйгээс илүү эрчүүдийн дунд түгээмэл байдгийг олон жилийн судалгааны эцэст 1990-ээд оны эхээр тогтоосон байна. Эрдэмтдийн үздэгээр солгой хүмүүс баруун гартнуудаас илүү удирдах чадвартай, тоо, логикийн ухаан болон гадаад хэлний авьяастай, ой тогтоолт сайтай байдаг. Үүнийг анзаарч, солгой хүмүүсийг онцгой содон хэмээн тэмдэглэсэн түүхэн дэх анхны баримт 2300 жилийн тэртээд хамаарна. Хүний тархины зүүн талынх нь чадвар давамгайлсан үзэгдлийг судалж, энэ талаар мэргэшсэн эрдэмтдийг тэргүүлэгч, Лондоны их сургуулийн Сэтгэл зүй, анагаах ухааны тэнхмийн профессор Крис Макманусын олонтаа нотолсноор солгой хүмүүс аливааг баруун гартнуудаас түргэн сурдаг. Сэтгэл зүйн хувьд ч тогтвортой, хүлээцтэй байдаг байна.

Дэлхийн түүхнээ онцгойрсон алдартай солгой гартнуудын уртаас урт жагсаалт гаргаж болно. Аристотель, Юлий Цезарь, Леонардо Да Винчи, Микеланжело, Македоны Александр хаан, Европын эцэг гэгддэг Их Карл, Жанна д’Арк, Наполеон Бонапарт, Альберт Эйнштейн, Мари Кюри, Уинстон Черчилл, Чарли Чаплин, Пеле, Роберт Де Ниро, Пол МакКартни, Билл Клинтон, Барак Обама гээд олон зуун алдартан солгой юм. Гэхдээ солгой гартнууд сондгой байх нь олонтаа ч олны дунд хэзээд цөөнх байж ирсэн учир таагүй зүйлстэй учрах нь их. Ахуйн олон хэрэгсэл зөвхөн зөв гартнуудад зориулсан байдгаас солгой гартнууд гэмтэж бэртэх юм уу, амиа алдах тохиолдол дэлхийн хэмжээнд жилд дунджаар 1000 орчим бүртгэгддэг байна. Мөн солгойгоосоо болж найз нөхдийнхөө дунд ганцаардах, сурах сонирхолгүй болох хүүхэд олон. Өнөө цагт нүүдэггүй бэх, тосон бал бий болсон. Харин дүрдэг болон шингэн бэхийг түгээмэл хэрэглэдэг байсан цагт бичсэнээ гараараа арччих гээд байдаг нь солгой гартнуудад амаргүй байв. Солгой хүмүүст хамгийн тохиромжтой бичлэгтэй хэл бол баруунаас зүүн тийш бичдэг араб, перс, урду юм. Мөн дээрээс доош бичлэгтэй Азийн хэд хэдэн хэл солгой гартнуудад тохиромжтой.

Солгой байх нь зөвхөн хүнд л ажиглагддаг. Хүнтэй дээд өвөг нэг, ижил төстэй шинж олонтой гэхэд шимпанзе, гориллад ч нэг гараа нөгөөгөөс илүүд үзэх хандлага ажиглагддаггүй байна. Аль нэг талаа илүүд үзэх эл онцгой шинж нь хүний хэл ярианы хөгжилтэй холбоотой гэж зарим судлаач тайлбарладаг. Хүн бүр адилгүй ч олонх хүний хэл ярианы чадварыг тархины зүүн тал хянадаг. Тиймээс хэл яриа хөгжиж, хүний оюуны чадавх сайжирсан үеэс солгой гартнуудын “сонин” түүх эхэлсэн гэж болно.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


mmm
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start