Арав.мн

Дөрвөн хөлтөөс гурван хуруут

Дөрвөн хөлтөөс гурван хуруут

Хүн төрөлхтний соёл иргэншил 400 мянга орчим жилийн өмнө үүссэн. Гэхдээ хүний биеийн хувьсал огт зогсоогүй. Өнөөдөр ч хүн өөрчлөгдөн хувьссаар байгаа бөгөөд ирээдүйд хүний бие галбир, царай төрх ямар байхыг судлаачид таамаглах гэж оролдсоор байна. Энэ талаар Оросын эрдэмтэд саяхан “Шинжлэх ухааны кафе” хэмээх уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлгийнхээ тайланг “Хими ба амьдрал” сэтгүүлд нийтэлжээ. Мөнхүү тайлан мэдээний сонирхолтой дүнг 10 баримтаар багцлан хүргэе. 


10

Түүхийн эхлэл

Ойролцоогоор 65 сая жилийн өмнө дэлхий дээр анх дөрвөн хөлт амьтан бий болсон гэдэг. Ийм амьтныг шинжлэх ухааны нэршлээр Primas буюу анхдагч гэнэ. Хүн, бич зэрэг оюун ухаант амьтдыг бусад амьтнаас ялгах нэр болсон энэ үг өдгөө бипедализм (хоёр хөлөөр явагч, босоо явагч гэсэн утгатай)-тай хоршин хүн дүрстнүүдийг бусдаас дээд, анхдагч төрлийнх гэдгийг онцгойлон илтгэх болж. Босоо явагчид долоон сая жилийн тэртээ бий болжээ. Тэр үед хүний бие, толгойн аль аль нь бараг 100 хувь бич шинжтэй байсан ч эрдэмтэд чухам энэ үеэс л хүний хувьслын түүхийг тооцоолдог. Босоо явагчид үүнээс 2.5 сая жилийн дараа буюу одоогоос 4.5 сая жилийн өмнө хагас бич, хагас хүн гэмээр төрхтэй болсон гэдэг. Гэвч бидний дээд өвөг илүү хурдан сэтгэн бодож, өнөөгийн хүнтэй төстэй болтол дахин 1.5 сая жил улирсан байна.


09

Цочир хүйтрэлийн нөлөө

Бипедализм анх хэрхэн үүсэв гэдэг нь антропологич бүрийн сонирхлыг татдаг. Олонх судлаачийн санал нийлдгээр дөрвөн хөлтнүүд урд мөч, их биеэрээ өндийж, босоо явагч болсон нь орчин цагийн хүн төрөлхтний өлгий өнөөгийн Африк тивд долоон сая жилийн тэртээ цочир хүйтэрсэнтэй холбоотой гэнэ. Дээр дурдсан “Шинжлэх ухааны кафе” уулзалтад Москвагийн их сургуулийг төлөөлөн оролцсон тус сургуулийн Антропологийн биологи судлалын тэнхмийн ахлах зөвлөх Станислав Дробийшевскийн хэлснээр цочир хүйтрэл нь ой хөвчийг тал нутаг болгож, зэрлэг амьтдаас нуугдах халхавч үгүй болсон тул хүний дээд өвөг өвс ургамал ихтэй, энгэр ээвэр газар эрэн нүүдэллэжээ. 


08

Өндийж босов

Харин зам зуураа аюулаас сэргийлж, байнга сэрэмжтэй байхын тулд алсын барааг илүү сайн харах гэж өндийн босож, босоо явдалтан болсон байна. Энэ нь Энгельсийн тодорхойлсон хоол хүнсээ олох, багаж зэвсэг хийх зэрэг шаардлагатай хослон улам хөгжжээ. Босоо явдалтанд хувирч, урд мөчийн хөгжил сайжирснаар идэш тэжээл нь ч өөрчлөгдөн, яваандаа мах идэх болж. Мах харин хүний тархины жинг нэмсэн гэдэг. Тархинд маш их энерги, тэжээллэг хоол хүнс шаардлагатай. Тиймдээ ч дунджаас том толгойтой хүний сэтгэн бодох чадвар хавьгүй сайн байдаг.


07

Соно бялзуухай шатар тоглодоггүй

Гэвч мах, ургамлын үндэс зэрэгт агуулагддаг уураг, нүүрс ус дангаараа хүнийг оюун ухаантай болгосон гэж үзэх нь өрөөсгөл юм. Зөвхөн тархины хэмжээгээр оюуны чадавхыг хэмжинэ гэдэг үнэнээс хол. Бяцхан соно бялзуухайн тархи биеийнх нь 12-ны нэгтэй тэнцэхүйц жинтэй. Тэгэхээр биеийнх нь хэмжээ, жинтэй харьцуулахад соно бялзуухай дэлхий дээрх бүх амьтнаас хамгийн том тархитай гэсэн үг. Гэтэл антропологичдын онцолдгоор соно бялзуухай шатар тоглож, биет зүйл бүтээхээр ухаалаг биш билээ. Үүнээс үүдэн хүнийг бүх амьтнаас оюун ухаанаараа ялгардаг болоход тархины өсөлт хөгжил, хоол хүнснээс гадна харилцаа холбоо, хөдөлмөрлөх чадвар хамгийн их нөлөөлсөн гэж судлаачид дүгнэдэг байна.


06

Харилцан хамаарлын ач тус

Тэдний нэг ОХУ-ын Удамшил зүй судлалын ерөнхий хүрээлэнгийн ген судлалын тэнхмийн ахлах судлаач Светлана Боринскаяагийн тайлбарласнаар зэрлэг амьтад, байгалийн догшин үзэгдлийн өмнө ганцаараа байх нь аймшигтай байсан тул эртний хүн дүрстнүүд яваандаа нэгдэн нийлж, аажмаар отоглон амьдарч эхэлсэн нь хүнийг хүн болгожээ. Гагцхүү нийгэмшсэн ёс суртахуун, нэгнээ ойлгож, хайрлах чадвар л хүнийг бусад бич төрөлтнөөс ялгадаг гэж тэрбээр дээрх уулзалтын үеэр онцолсон байна. “Нэгнээсээ ямагт хамааралтай байх аж төрөхүйн хэмнэл, тогтолцоо нь хүнийг мэдрэмтгийгээс гадна бодож сэтгэдэг, санан дурсдаг болгосон нь орчин цагийн оюун ухаантнуудын тархины хөгжлийн эх байлаа” гэж С.Боринскаяа тэмдэглэжээ.


05

Бичил хувьсал

Бипедализмын хувьслын 1.5 сая жилийн түүх бол үнэн чанартаа хүн хэрхэн сэтгэл зүрхтэй болсон тухай юм. Мөн генийн салаа “мөчрүүд” Homo sapiens-ийг хэрхэн дэлхийгээр тархаан суурьшуулсан тухай түүх. 200 мянган жилийн өмнө өнөөгийн төрхөө олсон гэгддэг орчин цагийн хүний хөгжил сонирхолтой бөгөөд тун тодорхой. Жишээ нь, Чингис хааны үр сад буюу удам зүй судлаачдын Чингизид хэмээн тодорхойлсон бүлэгт өдгөө 16 сая гаруй хүн хамрагддаг билээ. Үүний ердөө найман хувь нь Чингис хааны төрөлх нутаг өнөөгийн Монгол Улсад аж төрж байна. Өнөө ч үргэлжлэн буй энэхүү хамаарлыг антропологийн шинжлэх ухаанд бичил хувьсал буюу микроэволюц гэдэг аж.


04

Хөнгөн цагааны шид

Москвагийн улсын их сургуулийн Антропологийн хүрээлэн-музейн тэргүүн Елена Годинагийн хэлснээр хүний бичил хувьсал сүүлийн 200 жилд ихээхэн идэвхтэй, хурдацтай явагджээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхээсээ илүү өндөр юм уу, эсвэл тэднээсээ хавьгүй бага залуудаа бэлгийн хувьд бүрэн бойжих зэрэг шинж орчин цагийнхнаас улам бүр ажиглагдах болсон байна. Үүнийг зарим эрдэмтэн нарны идэвхжилттэй холбож үздэг бол зарим нь эдийн засгийн хөгжилтэй, тэр дундаа хөнгөн цагааны хэрэглээ ихэссэнтэй уялдуулан тайлбарлажээ. XX зууны эхэн хүртэл хөнгөн цагааны хэрэглээ дэлхийн хэмжээнд хязгаарлагдмал байсан ч гэр ахуйн олон хэрэглэлийг өвөрмөц шинж ихтэй энэхүү металлаар хийх болсноор орчин цагийнхны өсөлт хурдассан байх талтай гэнэ. Хөнгөн цагаанаас гадна өөр хэдэн зүйлийн металл яс, үе мөчинд химийн ямар ч бодисоос илүү нөлөөлдөг аж. Гэхдээ тун нь ихэдвэл үхэл дагуулах аймшигт өвчинд хүргэж ч мэдэх юм. Тиймээс хөнгөн цагаанаар гэр ахуйн бүтээгдэхүүн хийх нь өдгөө багасаад байна.


03

Бие томорч, тархи жижгэрэх үү?

Футурологич буюу ирээдүйг зөгнөгч эрдэмтдийн дунд ирээдүйн хүн аварга том болно гэж үздэг хүн олон. Тэд бичил хувьслын хурд болон материалист хэрэглээний өөрчлөлттэй холбон эл таамаглалаа зөвтгөдөг. Тэдний үзэж буйгаар бол 500-1000 жилийн дараа хүний биеийн өргөн бараг метр хүрч, өндөр нь дунджаар хоёр метр болно. Харин тархи томхон хушганы чинээ болж агших ч толгойн хэмжээнд гойд өөрчлөлт орохгүй гэнэ. Тархи агших нь хүний сэтгэн бодох чадвар муудна гэсэн үг биш. Ердөө мэдээлэл хүлээж авах, боловсруулах, өөрийгөө илэрхийлэх болон хариу үйлдэл үзүүлэх зэрэг тархины үндсэн үйл ажиллагаанууд илүү боловсронгуй, ээдрээ багатай болсноор тархи шахсан бяслагархуу болж хэмжээний хувьд жижгэрэх магадлалтай аж. Энэ нь биеийн хүчний ажил үгүй болж, яс нарийсахтай мөн холбоотой. Чадавх сайтай тархинд илүү цусан хангамж хэрэгтэй. Тиймээс ирээдүйн хүний зүрх, уушги ч томорно гэж эрдэмтэд таамаглажээ. 


02

Том хүүхдийн “аварга” ээж

Ерөөс хүний биеийн ерөнхий хэмжээ яаж өөрчлөгдөх бол гэсэн асуулт судлаачдыг талцуулсаар байна. Сэтгэн бодох чадвар сайжирч, тархи хөгжсөнөөр толгойн хэмжээ томорно, том толгойтой хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэй хүн дасан зохицохын хуулиар өргөн ташаатай, пагдгар биетэй болно гэж үзэх судлаачид ч байгаа аж. Тархи илүү боловсронгуй болбол хүнд том бие хэрэггүй гэж тэд онцолсон бөгөөд ганц нэг хуруу, биеийн зарим хэсгийн үс, өвчлөмтгий зарим нэг “илүүц” эрхтэн ч үгүй болохыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ зарим бич дүрстний сүүлээ гээх явц хэдэн сая жил үргэлжилснийг мартаж болохгүй.


01

Илүү эрхтнээ гээх магадлал

Ирээдүйн хүн үлэмж биетэн биш, одой сэтгэгч болно гэж үзэх эрдэмтэн судлаачид одоогоор тооны хувьд давамгайлж байна. Тэд хүнийг дөрвөн мөчдөө тус бүр гурван хуруутай, жижиг бие, том толгой, онигор нүдтэй болно хэмээн төсөөлжээ. Гарын зургаан хуруу одоогийнхоос хавьгүй урт байх ба энэ нь айсуй цагийн илүү дэвшилт технологитой, бүр тодруулбал товчлуур дарахад зохицсон байх гэнэ. Гэхдээ ийм гаж төрх эдүгээ олон хүний эмээж байгаа шиг байгаль орчны доройтол, дулаарал зэргээс болохгүй. Орчны өөрчлөлтөд дасан зохицохын тулд хүн үс үгүй болж, хамар, чих нь томорч, нүд жижгэрэх зэргээр хувьсаж мэдэх ч биеийн ерөнхий бүтэц, хэлбэр өөрчлөгдөх нь гагцхүү амьдралын хэв маяг, оюуны хөгжилтэй холбоотой гэдгийг судлаачид онцолжээ.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start