Арав.мн

Хамгийн өндөр насандаа дэлхийг тойрсон аялагч

Хамгийн өндөр насандаа дэлхийг тойрсон аялагч

Фрэнцис Чичестер дэлхийг завиар тойрон ганцаараа аялахаасаа өмнө найз нөхдөө хэд хэдэн удаа гайхшируулаад авчээ. Тэрээр дэлхийг тойрон ганцаараа нисэхийг оролдож байсан ч бүтэлгүйтэж байв. Тэр нь 1931 оны явдал аж.

Он жил улирч, тэр нисэхээ болиод завиар аялах болжээ. Түүндээ ч ихэд дуртай болж. Чичестер ноён Атлантын далайг завиар туулах анхны уралдаанд түрүүлэхдээ аль хэдийнээ 58 нас хүрээд байлаа. Удалгүй түүний дэлхийг тойрон аялах мөрөөдөл ахин сэргэж, энэ удаад завиар аялахаар шийджээ. Найз нөхөд болон эмч нар нь түүнийг энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй гэж бодож байв. Учир нь ноён Чичестер уушгины хорт хавдартай байлаа. Гэсэн ч тэр төлөвлөснөө биелүүлэхээр сэтгэл шулууджээ. 1963 оны наймдугаар сард бараг 65 настайдаа, олон хүний тэтгэвэртээ суудаг насанд Чичестер ноён амьдралынхаа хамгийн аугаа аяллыг эхэлвэй.

Удалгүй тэрээр “Цыган эрвээхий” нэрт 16 метр урт завьтайгаа аяны замд гарсан байлаа. Ноён Чичестер 19 дүгээр зууны их хөлөг онгоцуудын аялсан замаар явжээ. Гэхдээ мөнөөх хөлөг онгоцууд бүгд багийн олон гишүүнтэй байсан. Харин ноён Чичестер ганцаархнаа, бүр гол залуур нь далайн хүчит шуурганд эвдэрч сүйдсэний дараа ч ганцаараа байв. Тэрээр Австралийн Сиднейн эрэгт хүрч зогсохоосоо өмнө 14100 орчим бээр газрыг туулжээ. Энэ нь урьд өмнө ганцаараа завиар аялсан ямар ч хүний туулсан замаас бараг хоёр дахин хол зай юм.

Тэрээр арванхоёрдугаар сарын 12-нд, Англиас гараад ердөө 107-хон хоногийн дараа Австралийн эрэгт хүрчээ. Түүнийг австраличууд болон тэнд өөрийг нь тосож уулзахаар онгоцоор нисэж очоод байсан ар гэрийнхэн нь халуун дотноор угтан авсан байна. Чичестер ноён эрэг дээр буугаад хэн нэгний тусламжгүйгээр алхаж чадахааргүй байлаа. Хүн бүр л “Тэр хангалттай ихийг хийлээ. Одоо цааш аялаад хэрэггүй” гэлцэж, яг ижил зүйл хэлцгээж байв. Гэвч тэрээр энэ үгийг хүлээж авсангүй.

Сиднейд хэдхэн долоо хоног амраад ноён Чичестер найз нөхдийнхөө ятгалгыг ч үл тоон дахин холын замд гарчээ. Аяллынх нь хоёр дахь хагас илүү аюултай, түүнийг аймшигт Сайн Итгэлтийн хошуугаар хүртэл тойруулсан тийм л аюултай аялал байлаа.

Тэрээр нэгдүгээр сарын 29-ний өдөр Австралиас явжээ. Дараагийн шөнө нь түүний урьд хожид үзээгүй хамгийн гүн харанхуй шөнө тохиож, тэнгисийн ус ч догшин ширүүн болсноос завь нь бараг хөмрөхөө шахав. Хоол хүнс, хувцас хунар нь хагарч бутарсан шилтэй холилдож хутгалдав. Аз болоход ор нь бүрэн бүтэн байсан тул ноён Чичестер дугхийгээд авчээ. Харин дараа өглөө нь сэрэхэд тэнгис номхон дөлгөөхөн болсон байлаа. Гэвч эргэн тойронд нь ямар нэг хөлөг онгоц байхгүй л бол түүний радио дохиогоор холбоо барьж болох хамгийн ойрын газар нь 885 бээрийн алсад байв. Ноён Чичестер Сайн Итгэлтийн хошууг амжилттай тойрсныхоо дараа дараах зурвасыг Лондон руу илгээжээ: “Надад яг л хар дарсан зүүднээс дөнгөж сэрсэн мэт санагдаж байна. Ямар ч зэрлэг догшин унаа мал намайг дахиад Сайн Итгэлтийн хошуу хийгээд санаа муут Өмнөдийн далай руу авчирч хүчрэхгүй.”

1967 оны тавдугаар сарын 28-ны үдэш, оройны есөн цаг болохоос хэдхэн хормын өмнө тэрээр Английн эрэгт хүрчээ. Түүнийг 250 мянга гаруй хүн угтаж авахаар хүлээж байлаа. Дараахан нь хоёрдугаар Элизабет хатан тэртээ олон зууны өмнө хатан хаан анхдугаар Элизабетийн дэлхийг тойрон аялах анхны аяллыг адислаж байсан яг л тэр илдээр ноён Чичестерийг Сэр хэргэмд өргөмжилжээ. Сэр Чичестерийн Англиас явж, эргэн ирэх хүртлээ туулсан нийт аяллын замын урт 28500 миль орчим байлаа. Аялал нь нийт есөн сар үргэлжилснээс 226 хоногт нь тэр завин дээрээ явжээ. Ноён Чичестер ийнхүү зорьсноо гүйцэлдүүлэв.

Бусад адал явдал эрэлчдийн нэгэн адил тэрээр айдас хүйдсийг мэдэрч, түүнийгээ даван туулжээ. Түүнийхээ хүчинд өөрийнхөө талаар ямархан нэгийг шинээр таньж мэдсэн нь ч эргэлзээнгүй. Гэхдээ хүн төрөлхтөн машин төхөөрөмжөөс ихэд хамааралтай болсон эдүгээ цагт ноён Чичестер дэлхий дахинаа шинэхэн бахархал төрүүлсэн нь, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүйг харуулсан нь үүнээс ч илүү чухал юм. 1972 онд 71 насандаа өөд болсон тэрээр одоо ч хамгийн өндөр насандаа дэлхийг ганцаараа завиар туулсан аялагчаас гадна хамгийн богино хугацаанд буюу есөн сар, нэг хоног дэлхийг тойрсон гэх амжилтыг эзэмшсээр байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Циган,эрвээхэй...
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start