Арав.мн

Сэрүүн зүүдний ач тус

Сэрүүн зүүдний ач тус

Южин Родсепп

“Сэрүүн зүүдлээд байна уу даа? Ингэж суухын хэрэг юу байна? Өөр хэрэгтэй юм хийгээч!”. Олон ч залуус эцэг эхээ ингэж аашлахыг сонссон биз ээ. Саяхныг хүртэл хий дэмий мөрөөдөх нь үнэхээр ч муу нэртэй байлаа. Ийн суухыг ердөө цагийн гарз гэж үздэг байв. Бас бодит амьдралаас, үүрэг хариуцлагаас зугтах эрүүл бус арга ч гэж үзэх нь түгээмэл байлаа. Харин одоо үед зарим хүн сэрүүн зүүдлэх гэх энэ үзэгдлийг цоо шинээр харах болжээ. Бүр эрүүл, зөв хандлага ч гэж бодох хүмүүс байна. Ийнхүү өөрчлөгдсөн нь шөнийн зүүдийг хүмүүс өөрөөр ойлгох болсонтой төстэй юм. Нэгэн үе шөнийн зүүдийг хүний зохих амралт, нойрыг бусниулдаг гэж үздэг байсан бол судлаачид хүний нойрыг таслах гэж оролдтол огт зүүдэлдэггүй хүмүүс сайн амарч чаддаггүй нь тогтоогджээ. Зүүднээсээ цочиж сэрсэн хүмүүс биеэ барьж, цухалдаж бухимдах нь их байж. Түүнчлэн анхаарал төвлөрөлт нь муудсан нь ажиглагдсан байна. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн эрүүл мэндээрээ хэсэг зуур хохирсон бөгөөд ахин сэргэхийн тулд дахиад зүүдэлж нойрсох хэрэгтэй болжээ. Иймээс эдүгээ цагийн эрдэмтэд сэрүүн зүүдлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд тун ч чухал гэж үзэх болж. Энэ нь мөн хүний оюун тархийг амраадаг байна. Сэрүүн зүүдлэхийн ашиг тус үүгээр дуусахгүй. Олон ч сэтгэлзүйч туршилт судалгаа хийж, хэд хэдэн гайхмаар дүгнэлтэд хүрчээ.

Доктор Жоан Т.Фрэйберг гэхэд сэрүүн зүүдлэх үзэгдэл нь оюуны өсөлт хөгжлийг өдөөдөг болохыг тогтоосон байна. Анхаарал төвлөрөх, ажиглалт сайжрах, бусадтай илүү сайн харилцах зэрэгт ч сэрүүн зүүдлэх нь эерэг нөлөө үзүүлдэг аж. Мөнхүү судлаач сургуулийн сурагчдын дунд нэгэн туршилт явуулж, сэрүүн зүүдлэх буюу элдвийг бодон үе үе мөрөөдөж суудаг хүүхдүүд нарийн ширийн зүйлийг илүү анзаарч хардаг болохыг тогтоожээ. Тэр бүү хэл илүү баяр жаргалтай байдаг, хамтдаа илүү гар нийлдэг нь ч илэрхий байж. Харин өөр нэгэн судлаач сэрүүн зүүдлэх, хий мөрөөдөх нь биеэ сайтар хянах, илүү бүтээлч болоход хүргэдэг гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь эл сонин үзэгдлийн ердөө нэгээхэн хэсэг юм. Сэрүүн зүүдлэх, мөрөөдөхийн хамгийн гайхамшигтай үр нөлөө нь хүсэл биелэхэд хүргэдэг тэр л тусгал нь аж. Үйлдвэрийн эзэн Хенри Ж.Кайсерийн итгэж байснаар тэрээр “зөв сайхан” сэрүүн зүүдэлсээр амжилтад хүрчээ. Түүнийхээр эл үзэгдэл нь “ирээдүйгээ төсөөлөх” явц байлаа. Флоренс Найтингейл гэхэд сувилагч болно хэмээн зүүдэлж, Томас Эдисон өөрийгөө зохион бүтээгч болсон байгаагаар төсөөлдөг байж. Энэ мэт нэр хүндтэй, амжилттай хүмүүсийн хувьд сэрүүн зүүд нь бодит биелэл болжээ. 

Доктор Эмерсон Фосдикийн үздэгээр бид өөрсдийгөө хэрхэн зураглаж төсөөлдөг вэ, эцэстээ яг л тийм амьдрал туулах магадлал өндөр юм. Тэрээр ийн зөвлөж байна: “Оюун санаандаа өөрийнхөө зургийг барьж байгаад түүнийгээ сайтар ажигла. Хэрэв өөрийгөө ялагдаж, бууж өгсөн байгаагаар төсөөлбөл ялалт гэдэг огт боломжгүй зүйл мэт болно. Харин ялж, хожиж байгаагаар төсөөлбөл амжилт ойрхон санагдана. Тиймээс өөрийгөө тодорхой ямар нэгэн зүйлд хүрсэн мэт бүү төсөөл. Гагцхүү амьдралын урсгалд хөвж байна гэж бод”. Энэ мэт итгэл үнэмшил ямар ч хүнд тустай болохын баталгаа нь тамирчдад тохиолддог явдлууд юм. Тулгууртай харайлтын аварга Жон Юлсэс гэхэд тэмцээн бүрийнхээ өмнө мөрөөдөл болох буюу гиюүрэн сууж биеэ бэлтгэдэг байж. Тэгэхдээ өөрийгөө ялж байгаагаар, харайх өндрөө саадгүй тогтоож байна гэж төсөөлдөг байлаа. Тэр бүхнээ дотроо маш нарийн зураглаж цэнгэлдэх хүрээлэн, үзэгч олныг хүртэл ургуулан бодно. Бүр зүлэг ногоо, хөрс шорооны үнэрийг хүртэл төсөөлнө. Түүний хэлснээр ийнхүү сэрүүн зүүдлэх мэт үйл хөдлөлөө урьдаас харах нь жинхэнэ уралдаан тэмцээнд нь ой санамжийн үүрэг гүйцэтгэж, ихэд тус болдог байжээ. 

Оюун санаандаа юмсыг ийн зураглах нь яаж бодит амжилтад хөтөлдөг юм бол? Мэс засалч, зохиолч доктор Максвел Мальц “Хүний мэдрэлийн систем төсөөлөл, бодит байдал хоёрыг сайн ялгаж чаддаггүй. Аль нь ч бай зүгээр л өгөгдсөн мэдээллийг хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Хүний өөрийнх нь үнэн гэж итгэсэн бүхэнд хариулдаг” хэмээжээ. Харин хэрэг болгон мөрөөдөх нь тархинд шинэ ой санамж бий болгодог, тэрхүү эерэг дурсамж нь хүний өөрийгөө төсөөлөх төсөөллийг сайжруулдаг, өөрийгөө тийнхүү сайн сайхнаар зураглах нь тухайн хүний үйл хэрэг, амжилтад маш чухал нөлөөтэй гэж тэрээр үзсэн байна.

Хүн тэгэхээр өөрийнхөө ирээдүйг бүтээхийн тулд зориудаар сэрүүн зүүдлэх буюу мөрөөдөл болж чадах уу? Яагаад оролдоод үзэж болохгүй гэж? Бүтээлчээр мөрөөдөхийг дэмждэг хүмүүс үүнийг яаж хийх талаар ийн зөвлөж байна. Ганцаараа, хэн нэгэн саад болохооргүй байх тийм цагийг сонго. Тэгээд нүдээ аниад чөлөөтэй ургуулж, төсөөлөн бод. Өөрийгөө том дэлгэцийн өмнө сууж байгаагаар төсөөлөх нь хамгийн үр дүнтэй болохыг олон хүн хэлдэг. Тэд мөнөөх төсөөллийн дэлгэцэн дээрээ хүссэн дүр зургаа ургуулан хардаг байна. Одоо өөрийгөө байж болох хамгийн тодоор ямар байлгахыг хүсэж байна вэ, яг тэр байдлаараа зураглан хар. Тэгэхдээ хүссэн бүхэндээ хүрсэн байгаагаар төсөөлөхөө мартуузай. Дараа нь өнөөх зургийнхаа эс ширхэг бүрийг сайтар ажигла. Тодорхой, маш нарийн харж, тэр бүхнийг ой тойндоо сайтар суулга. Чухам тэр л ой санамж өдөр тутмын амьдралд тань эергээр нөлөөлж, өмнөө тавьсан зорилгод тань хөтлөх учиртай юм.  

Гэхдээ хий мөрөөдөж суух нь хүнд хүчир хөдөлмөрийг орлохгүй гэдгийг сайн санаарай. Спортод амжилт үзүүлэхийг хүсвэл маш их бэлтгэл сургуулилт хийж, авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Хичээл номдоо амжилт гаргая гэвэл бас л хоосон мөрөөдөж суух нь хүссэн үр дүнд хүргэхгүй. Харин өөрийгөө хөгжүүлэх илүү сайн аргуудтай хослуулсан цагт л онцгой чухал өөрчлөлт авчрахыг нь мартуузай. Тэрхүү багахан өөрчлөлт л ямар нэгэн зүйлд үнэнхүү сайн байх, эсвэл бүр шилдэг нь болон цолгорохын аль нэгийг шийддэг байх нь. Хэрэв эрдэмтэн судлаачдын хэлдэг үнэн бол төсөөлөл, уран сэтгэмжгүй амьдрал гэдэг үр өгөөжгүй, дутуу дундуур юм. Тиймээс ч өдөр бүр сэрүүн мөрөөдөхөд хэдхэн хором зарцуулж байхыг тэд санал болгожээ. Тэгж гэмээнэ та бие, сэтгэлээ төвшитгөнө. Төсөөллийн ертөнцөд өдөр бүр 10-15 минут “амарснаар” амьдрал тань илүү зугаатай, хөгжилтэй ч болно. Хожим таны хүсэл мөрөөдлүүд бодит биеллээ олох ч юм билүү, хэн мэдлээ.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start