Арав.мн

Дэлхий дээр амьдрал бий юү?

Дэлхий дээр амьдрал бий юү?

Америкийн шог зохиолч Арт Бухвальдын (1925-2007) нэгэн хошин эсээг хүргэж байна. Тэрээр улс төр, нийгмийн ёгтлол егөөдлөөрөө алдартай, 500 гаруй сонин, сэтгүүлд нийтлэл, өгүүллүүдээ хэвлүүлсэн нэртэй зохиолч, сэтгүүлч байв. Доорх эсээ хэдий хошин аястай ч уншиж дууссаныхаа дараа та зохиогчийг тун ч бодолтой байсныг, гараг дэлхийн алс ирээдүйд ихэд санаа зовж байсныг ойлгох вий.

Энэ долоо хоногт Сугар гараг дээр бөөн хөл хөөр болж байна. Сугарын эрдэмтэд анх удаа Дэлхий дээр хиймэл дагуул буулгаж дөнгөсөн агаад тэр нь элдэв дохио, гэрэл зураг тасралтгүй илгээж байгаа аж. Мөнхүү хиймэл дагуул нь Манхэттэн хэмээх газарт төвлөрчээ (20 мянган гэрлийн жилийн тэртээ Дэлхийн энэ хэсгийг дуран авайгаараа анх олж илрүүлсэн Сугарын нэрт одон оронч профессор Манхэттэний нэрээр уг газрыг нэрлэсэн юм).

Уур амьсгалын таатай нөхцөл байдал, гойд тод буй дохиоллын ачаар Сугарын эрдэмтэд Дэлхий дээр хүн тээсэн хөлөг буулгах боломжийг судлах ихээхэн үнэ цэнтэй мэдээллийг цуглуулж буй аж. Сугар гарагийн Технологийн хүрээлэнд хэвлэлийн хурал зохиогджээ. Энэ үеэр профессор Зог "Бид өнгөрсөн долоо хоногийн хиймэл дагуул газардсан явдалд үндэслэн Дэлхий дээр амьдрал байхгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэж мэдэгдсэн байна. Харин “Яаж мэдэж байгаа юм бэ?” хэмээсэн “Сугарын үдшийн од” сонины шинжлэх ухааны сурвалжлагчийн асуултад тэрээр “Нэгд, Манхэттэн орчмын Дэлхийн гадарга зөвхөн хатуу гахиураас тогтсон, юу ч ургаж төлждөггүй газар юм байна. Хоёрт, агаар мандал нь нүүрстөрөгчийн хүчил тэргүүт хөнөөлт хийгээр дүүрэн, хэн ч тийм агаараар амьсгалаад амьд мэнд үлдэхгүй” хэмээн хариулжээ.

-Тэгвэл энэ нь манай хөлөг хөөргөх хөтөлбөрт ямар нөлөөтэй бол?

-Бид өөрсдийн хүчилтөрөгчөө авч явах хэрэгтэй болно. Тэгэхээр анхлан төлөвлөж байснаасаа хамаагүй хүнд жинтэй нисдэг таваг хөөргөнө гэсэн үг.

-Судалгааныхаа явцад олж мэдсэн өөр ямар хөнөөлтэй зүйлс байна вэ?

-Энэ зургийг хар даа. Дэлхий дээгүүр татсан зузаан хар үүлийг харж байна уу? Бид үүнийг Эдисоны бүслүүрийн нягтрал гэж нэрлээд байгаа юм. Энэ нь чухам юунаас үүсэн бүрэлдсэнийг бид мэдэхгүй байгаа ч үүнээс болж ихээхэн саад бэрхшээл үүснэ, “Сугарын оршихуй” хөлгөө илгээхээс өмнө ахиад олон туршилт хийх ёстой гэж үзэж байна. Энд бас гол мөрөн шиг зүйл байгааг анзаарч байгаа байх. Харин хиймэл дагуулаас ирсэн мэдээнээс харахад маш их бохирдолтой, ууж болохгүй ус болох нь батлагдсан. Иймээс бид өөрсдийнхөө усыг бас авч явах хэрэгтэй болно, нисдэг тавагны маань жин ахиад бүр ч ихээр нэмэгдэнэ гэсэн үг.

-Эрхэм ээ, зураг дээрх энэ жижигхэн хар толбонууд юу вэ?

-Бид сайн мэдэхгүй байна. Тодорхой чиглэлд хөдөлдөг металлын хэлтэрхий байх гэж бид бодож байгаа. Эднээс хий ялгарч, дуу чимээ гардаг, бас хоорондоо мөргөлддөг нь ажиглагдсан. Ийм металлын хэлтэрхийнүүд маш их, зам чиглэл нь ч замбараагүй тул манай нисдэг таваг аль нэгэнтэй нь мөргөлдөхгүйгээр газардах ямар ч боломжгүй юм.

-Энэ сталагмит шиг зүйлс юу вэ?

-Энэ бол шөнөөр гэрэл ялгаруулдаг боржин чулууд юм. Профессор Глом эднийг тэнгэр тулсан мэт харагддаг болохоор нь тэнгэр баганадсан барилгууд гэж нэрлэсэн.

-Хэрэв таны хэлж байгаа үнэн бол нисдэг таваг илгээх хөтөлбөр хэдэн жилээр саатах биш үү?

-Тийм ээ, гэхдээ Грабстартын нэмэлт хөрөнгө оруулалт ирсэн даруйд бид ажлаа үргэлжлүүлнэ.

-Профессор Зог, бид Дэлхий дээр амьдрал байхгүйг мэдсээр байж яагаад тийшээ нисдэг таваг илгээхэд хэдэн тэрбум зилч (Сугарын мөнгөн тэмдэгт) зарцуулж байгаа юм бэ?

Учир нь Сугар гарагийнхан бид Дэлхийн агаараар амьсгалж сурвал хаа ч амьдарч чадах юм.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start