Арав.мн

Антропоцений галавт тавтай морил

Антропоцений галавт тавтай морил

Нас ахих тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг гэдэг. 4.5 тэрбум жилийн настай манай гараг ч үүнийг далдуураа мэдэрдэг байх. Зарим судлаачийн үзэж буйгаар дэлхийн шинэ галав хэдийн эхэлсэн бөгөөд геологийн насны хувьд наснаасаа хэдэн сая жилээр хурдан өтөлсөн нь энэ гэнэ. Дэлхийн геологийн насыг чулуулгын давхаргаар нь тогтоодог бөгөөд бүхэл эрин дунджаар 300 гаруй сая жил үргэлжилдэг. Одоогийн буюу Дөрөвдөгч галав (Голоцений дэд галав) 11500 орчим жилийн өмнө эхэлсэн. Харин органик ертөнцийн геологийн түүхээр мэргэшсэн зарим судлаач дэлхийн шинэ галав буюу Шинэ цагийн шинэ хүний галав (Антропоцений) хэдийнээ эхэлсэн гэж үзэж байна. Антропоцен хэмээх нэр томъёо шинэ санаа биш ээ. Дээрх дүгнэлтийг хийсэн эрдэмтний нэг, Нидерландын шим мандлын химич, Нобелийн шагналт Паул Крутцен 2002 онд анх нийтэд дэлгэсэн судалгаандаа орчин цагийн хүн аж үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш буюу сүүлийн 200 орчим жилийн хугацаанд дэлхийн экосистемийг туйлдуулж, насжилтыг нь түргэссэн гэж онцолжээ.

Харин сүүлийн судалгаа нь шинэ тооцоо, ажиглалт гэхээсээ Крутцен нарын эрдэмтдийн Антропоцений дэд галавын онолыг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ээлжит оролдлого юм. Газар нутгийн хорогдол, орчны бохирдол, амьд биетийн мөхөл зэрэг хүнтэй шууд холбоотой сөрөг үзэгдлүүд дэлхийн чулуулгын давхаргыг урьд хожид байгаагүй хурдаар өөрчилж буй гэнэ. Крутцений хамтрагч, Британийн Лестерийн их сургуулийн палеобиологич Иан Заласиевичийн тайлбарласнаар дэлхийн гадарга, геологийн насжилт, хувьсал өөрчлөлт зэрэгт өдгөө хүн шиг нөлөөтэй хүчин нэгэнт үгүй болжээ.

Үүнтэй санал нийлэх хүн олон бий ч Геологийн шинжлэх ухааны олон улсын холбоо буюу дэлхийн геологийн шинжлэх ухааны тэргүүн байгууллага шинэ галав, (эсвэл дэд галав ч гэж үзэж болох) эхэлсэн эсэхийг албан ёсоор баталтал цөөнгүй жил, бүр хэдэн арван он ч улирч магадгүй.

Антропоцений галавын тухай онолыг дээрх байгууллага батлахаар болбол онол дэвшүүлэгчид юуны өмнө галав эхэлсэн мөчлөгийг тодорхой гэгч нь заах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, чулуулгын үе давхаргын заагийг олох шаардлагатай болно. Өнөө цагийн эрдэмтэд Антропоцений галавыг аж үйлдвэржилтийн хувьсгалтай хамт эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилийн дараах геологичид энэ цаг үеийг хүний галав гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маргаангүй гэж Антропоцений галавын онолыг дэмжигч тэргүүн эрдэмтний нэг Британийн Лидсийн их сургуулийн палеоклиматологич Алан Хейвүүд онцолжээ. Дээрх судалгаанд оролцоогүй Хейвүүдийн хэлснээр Антропоцений галав эхэлснийг батлах чулуулгын давхаргын гол ул мөр 1945 оны цөмийн дэлбэрэлтээс үлдсэн ул мөр байх магадлал хамгийн их гэнэ.

Хүн төрөлхтний түүхэнд цөмийн бөмбөг хаясан ганц тохиолдлын ул мөр дэлхийн өнцөг булан бүрт бий. Цөмийн бөмбөгийн ул мөрөөс гадна солирын ул мөрөөр Цэрдийн болон Гуравдагч галавын хоорондох заагийг тогтоох боломжтой аж. 65.5 сая жилийн тэртээх тэрхүү зурвас үед их үлэг гүрвэлүүд мөхөж үгүй болсон гэж эрдэмтэд үздэг. Өнөөгийн амьд биетүүд чулуужсан цагтаа буюу ирээдүйд Дөрөвдөгч болон Шинэ хүний галавын завсрын үед хамаарах магадлалтай.

Антропоцений галав хэдийн эхэлсэн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх оролдлого нь шинжлэх ухаанч эрмэлзлээс ч илүү хэрэг ажээ. Олон улсын "Орчны шинжлэх ухаан ба технологи" сэтгүүлд дээрх онолыг дэмжигч эрдэмтдийн онцолсноор Шинэ хүний хэмээх шинэ галав эхэлсэн гэдгийг дэлхий нийт албан ёсоор хүлээн зөвшөөрвөл хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, газар нутгийн хорогдлын хурдыг сааруулах зэрэг дэлхий дахины хамтын олон ч үйл хэрэгт ихээхэн тустай юм. Лидсийн их сургуулийн эрдэмтэн Хейвүүдийн тайлбарласнаар шинэ галавын тухай албан тунхаг хүн төрөлхтөн гараг дэлхийг хэчнээн өөрчилж буйг тодотгох давхар түүхэн ач холбогдолтой онцгой явдал болно. Мөн байгаль орчныг хамгаалахыг улстөрчдөөс шаардахад ч түлхэц болно гэжээ.

Антропоцений битгий хэл Дөрөвдөгч галавыг ч эхлээгүй гэж үздэг судлаачид бий. Тэднийхээр Голоцений буюу хожуу үеийн Дөрөвдөгч галав бүр бие даасан, тусдаа галав ч биш, 2.6 сая жилийн өмнө эхэлсэн Плейстоцений галав доторх ердийн дулаан үе гэнэ. Ийм үзэлтэй эрдэмтэн судлаачдын нэг Кэмбрижийн их сургуулийн геологич Филип Гиббардын тайлбарласнаар бид өдгөө мөстлөгийн үед аж төрж байна. Хүний нөлөөллөөс үүдсэн цаг уурын дулаарал дэлхийн геологийн насыг өөрчлөхгүй бөгөөд энэ мөстлөгийн үе багаар тооцоход дахин сая жил үргэлжилнэ. Ирэх сая жилд дэлхий хэдэнтээ халж, хөрөх ч чулуулгын давхарга буюу дэлхийн өнгө төрх эрин, галав гэж ялгагдах хүртлээ өөрчлөгдөхгүй гэж тэрбээр тайлбарлажээ.

Хүний үүсэл, хөгжлөөр дэлхийн насыг тодорхойлохыг хүсвэл дахин шинэ эрин, галавын тухай ярих хэрэггүй, эхлэлийг нь соёл иргэншлийн үүслээс тооцож болох Дөрөвдөгч галав л хүнд илүү хамаатай гэж Антропоцений эсрэг үзэлтнүүд үздэг. Гиббардын тайлбарласнаар Шинэ хүний галав хэмээх ойлголт нялуун цайнд элсэн чихэр нэмэхтэй адил гэнэ.

Геологийн шинжлэх ухааны олон улсын холбоонд Антропоцений галавын онолын талаар зөвшилцөх тусгай хороо хүртэл байгуулагджээ. Заласиевичийн таамаглаж буйгаар хорооны ажил 5-10 жил үргэлжилнэ. Харин Шинэ хүний галав эхэлсэн үгүйг багаар бодоход арван жилийн дараа л албан ёсоор зарлах бололтой. Гэвч албан тунхаглал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо гарсан ч, эс гарсан ч цөмийн эрин, шинэ хүний галав, Антропоцений дэд галав нэгэнт эхэлсэн нь, хүн төрөлтөн гараг дэлхийг ахин шинэ болохооргүй туйлдуулчихаад буй нь хэнд ч илэрхий билээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start