Арав.мн

Мод бүрийг тоолохуй: Норвегичуудын ойгоо аварсан нууц

Мод бүрийг тоолохуй: Норвегичуудын ойгоо аварсан нууц

Кнут Олэ Викений амьдрал тэр чигтээ ойтой холбоотой юм. Бага байхдаа зуны дэлгэр цагаар Хойд туйлын бүслүүрийн ойролцоох тайгад аавтайгаа хамт амардаг байсан тэрбээр мод тоолж, ой хэмжсээр өсчээ. Викен тийнхүү аавтайгаа мод тоолж сурснаасаа 27 жилийн дараа өөрийнхөө гар бие оролцсон ажил өнөө ч бүтэмжтэй байгааг, нутгийнх нь ой хөвч улам бүр тэлж байгааг харж сууна.

Норвегийн ой хөвч устаж үгүй болохын даваан дээр байсан нь экологийн цаг үеэр тооцвол ердөө саяхны явдал юм. Хэдэн зуун жилийн турш ойгоо сүйтгэж, ойн модыг хөгшин, залуу ялгалгүй тайрч, хэдэн саяар нь дүнз бэлтгэж байснаас Норвегийн нутаг ердөө 100 жилийн өмнө нүцгэрээд байлаа. Харин одоо тус улсын ойн хэмжээ мөнхүү үетэй харьцуулахад даруй гурав дахин өсчээ. Түүгээр ч зогсохгүй залуу ойн хамрах хүрээ нь жилээс жилд тэлж байна. Норвегичуудын ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 60 хувь нь ойдоо шингэдэг гэсэн судалгаа бий.

Олэ Викений ярьснаар XIX зууны сүүлч хүртэл Норвеги улс Европын мод бэлтгэлийн гол цэгийн нэг байж. Нутгийн ард ч ойгоо сүйтгэж, түлээ түлшнээс эхлээд байшин барилга барих зэрэгт модыг үлэмж хэмжээгээр нь хэрэглэж байсан нь хэдэн зуун га газрыг нүцгэн тал болгожээ. Тэгтэл ойг нөхөн сэргээх, мод нэмж тарих нэг ч хөтөлбөр хэрэгжиж байсангүй.

Харин 1800-гаад оны сүүлчээр л Норвегийн эрх баригчид газар нутгаа удахгүй ой модгүй болно гэдгийг ойлгожээ. Чингээд эл бэрхшээлтэй гардан тэмцэхээр хэн бүхний санаанд орохооргүй ажил эхлүүлсэн нь улс орныг бүхэлд нь хамарсан ойн тооллого байлаа. Тооллогын дүнд буюу 1919 онд Норвеги орон бүх модоо төрийн мэдэлд авсан, дэлхийн түүхэн дэх анхны улс болжээ. Европын бусад улс хамгийн их ойтой нутгаа л хамгаалж байхад Норвегийн Үндэсний ой тооллогын хороо байгуулагдсанаар тус улсын Засгийн газар их, бага ялгаагүй ой бүрээ хянаж байхаар болов. Нутгийн аль хэсгийн ой илүү өтгөн шигүү байна вэ, хаана нь хамгийн олон төрөл зүйлийн мод ургаж байна вэ, аль нь тухайн нутгийн уур амьсгалд зохицож хурдан ургадаг вэ, чухам ямар төрлийн мод ховордож, устах аюулд өртөж вэ гээд ой хөвчтэй холбоотой бүхий л асуудлыг дээрх хороо хариуцаж эхэлжээ.

Кнут Олэ Викен бол тус хорооноос олон арван жил хэрэгжүүлсэн сайн дурынхныг ой хамгаалах үйлсэд татан оролцуулах хөтөлбөрт хамрагдсан зуу зуун энгийн иргэний нэг юм. Зуу илүү жил хэрэгжсэн тус хөтөлбөрийг өдгөө Норвегийн Био эдийн засгийн судалгааны хүрээлэн хариуцаж байна. Уг хүрээлэнгийн Ойн хэлтсийн 25 мэргэжилтэн эдүгээ нутгийн хаа сайгүй тархан байрласан ой хамгаалах байнгын бүсүүдийн тавны нэгд нь жил бүр ажиллаж ойн судалгаа, тооллого хийдэг. Тухай бүрт тооллого дуусмагц нутгийн өөр хэсэгт дахин нэг тооллого эхэлнэ. Харин бүх тооллогын дүнг таван жилд тутамд нэгтгэн, тэгж дуусмагц тооллогын бүс бүрт дээрх ажлыг дахин эхнээс нь давтана. Ийнхүү хэсэгчлэн тоолсноор таван жилийн хугацаанд ойн хэмжилтэд дунджаар 15 мянга орчим тооллогын цэгийг хамруулдаг байна.

Энэ нь туйлын бэрх ажил. Викений хэлэх нь нэг газарт хүрэх гэж өчнөөн цаг алхах, салхи шуурга, цас бороо, халуун хүйтнийг ажралгүй, өдөр шөнийн алинд ч явах шаардлага гарах нь олонтаа гэнэ. Гэвч ийм бэрхшээлтэй, зорилго нь тодорхой ажлыг ч шүүмжлэх хүмүүс байдаг аж. Өтгөн ой хөвч Норвеги орны үзэсгэлэнт байгалийн нэрийн хуудас болсон сүрлэг уулс, халил хадыг халхалж, үзэгдэх бараагүй болгодог гэх хүн бий бол “албадан” ойжуулалт нь нутгийн онгон шинж төрхийг үгүй хийдэг гэх хүмүүс ч бий гэнэ. Одоогоор Норвегийн нийт ойн дөрвөн хувь нь үндэсний цогцолбор газар, байгалийн нөөц гэгдэн хамгаалагдаж байна. Харин бусад нь эдийн засгийн эргэлтэд оруулахад зориулагдсан буюу хожмоо огтлогдох ой юм. Гэхдээ тийм газрын ой модыг зогсолтгүй нөхөн сэргээнэ гэсэн үг.

Нэгэнт огтолж, сүйтгэсэн ойд шинэ мод тарихад өмнөх биологийн олон талт байдал нь алдагдаж, модны төрөл зүйл цөөрдөг нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байгаа ганц ноцтой асуудал. Саяхныг хүртэл албаныхны онцолж анзаараагүй энэ өөрчлөлтийг Норвегийн төрийн түшмэд хэдэн жилийн өмнөөс анхаарч, Засгийн газрын түвшинд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь биологийн олон талт байдлыг хадгалах, ховор зүйлийн мод, бутлаг ургамалтай газар орныг хамгаалахад чиглэж байлаа. Мөн ойн хатаж өгөршсөн, хортон шавьжид идэгдэж үхсэн  модыг олж, ойг цэвэрлэх ажил үүнд багтана.

Норвегийн ой тооллого, ой хамгааллын хөтөлбөр үндсэндээ ихээхэн үр өгөөжтэй байгаа ч ой модгүй болж, нүцгэрэх аюул ард үлдэхтэй хамт өөр нэг аюул өндийж ирсэн нь хүний зүй бус ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол юм. Тус улсын оршдог Скандинавын хойгийн хойд зах, мөн тус улсын нутаг дэвсгэртэй нэг бүслүүрт байх Канад, Оросын нутаг хэзээнээсээ дэлхийн хамгийн хурдтай дулаарч буй газар нутаг билээ. Уур амьсгал дулаарахын хэрээр эдгээр нутгийн ой хөвч яажшуу өөрчлөгдөхийг, цаг хүндрэхэд хэрхэн дасан зохицохыг одоогоор хэн ч таамаглаж чадахгүй байна. Харин Норвегийн Засгийн газар болзошгүй ямар ч өөрчлөлт хувиралд бэлэн байхын тулд тусгай судалгааны баг ажиллуулж эхэлжээ.

Тус улсын Улсын их сургуулийн Биологийн тэнхимтэй хамтран ажилладаг Данийн нийслэл дэх Копенгагений их сургуулийн Макро экологи, хувьсал, уур амьсгал судлалын төвийн судлаач Челси Кисгхольмын хэлснээр их хөвч тайгыг ямар ирээдүй хүлээж байгааг мэдье гэвэл өнөөгийнх шиг уур амьсгалын өөрчлөлт өмнө нь тохиоход байгаль дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг судалж мэдэхээс өөр арга байхгүй гэнэ. Харин модны төрөл, зүйл бүр орчны өөрчлөлтөд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг тул энэ нь амаргүй ажил юм. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар энэ цагийн уур амьсгалын өөрчлөлт төрөл, зүйл бүрт нэг янзаар биш, бүр амьд организм тус бүрт харилцан адилгүй нөлөөлж байгаа нь дээрхийн адил судалгааг улам хүндрэлтэй болгож байна. Норвегичуудын хувьд ор мөргүй болохын даваан дээр сэргээж, аварч хамгаалж чадсан ойгоо дулаарлын урхагаас болж сүйтгэчихгүйн тулд нутаг дэвсгэр дээрх бараг мод тус бүрийнхээ ДНХ-г тогтоох хэрэгтэй болжээ.

Огтоос боломжгүй мэт санагдах энэ хүнд ажлыг Кисгхольмын ахалсан баг хариуцаж, мод тус бүрийг биш гэхэд тухайн газар орны байдлыг харгалзан хэсэг бусгаар нь судалж, ДНХ-г нь тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр моддын наанадаж 100 жилийн амьдрал, өөрчлөлт хувирлыг тандана гэсэн үг. Тэгвэл өмнө нь яажшуу өөрчлөгдсөнөөс нь улбаалан хойшид хэрхэх, орчны өөрчлөлтөд яаж дасахыг нь таамаглаж болох юм. Огтлох ширхэг ч модгүй үлдэхийн даваан дээр ойгоо хамгаалж, сэргээж чадсан норвегичууд одоо ширхэгчлэн тоолдог мод бүрээ дулааралд бэлтгэх хэрэгтэй болж байна.

BBC


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start