Арав.мн

Хамгийн чанга 10 дуу чимээ

Хамгийн чанга 10 дуу чимээ

Өдөр бүр л чанга дуу чимээ гарч байдаг. Нохой хуцах чимээнээс цочих, барилгын дуу чимээний хажуугаар чихээ дарж өнгөрөх гэх мэтчилэн бид өөрсдийгөө дуу чимээнээс хамгаалдаг. Чихэнд эвгүй мэдрэмж төрүүлэх буюу сонсголын эрхтэн гэмтээх чимээ нь 120-130 децибел /дБ/ байдаг. 85 дБ-с дээш чимээ сонсох эрхтэнд ямар нэг хэмжээгээр гэмтэл учруулдаг байна. Дууны чадал болон үргэлжлэх хугацаанаас хамаарч бидний чихэнд хэр гэмтэл учрах нь шалтгаалдаг. Бид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн чанга 10 дуу чимээг танилцуулж байна. Танд сануулахад, хүмүүс ярихдаа 25-35 дБ чимээ гаргадаг.


10

Рок концерт / чанга яригч


400 000 ваттын рок тоглолт эсвэл цахилгаанд залгасан ойролцоо хэмжээний чанга яригч чихийг гэмтээхүйц 35-145 дБ-ын чанга дуу гаргадаг. 

Хамгийн их хүн цугласан концертоор  Rod Stewart-ын Рио де Жанейро хотод болсон 1994 оны тоглолт ордог бөгөөд нийт 3, 5 сая хүн үзэж сонирхжээ.

1991 онд Москва хотод "Рок Мангасууд" шоуг 1.6 сая хүн үзсэн бөгөөд энэ тоглолтонд Metallica, AC/DC, Pantera зэрэг олон хамтлагууд оролцсон юм.


09

Галын наадам


Хэдийгээр ойрхон сонсогддоггүй боловч, галт наадмын дуу тэсрэх чимээ чанга байдаг. Тэнгэрт дуугарах чимээ чанга хэдий ч чих гэмтэхээр чанга байдаггүй. Гэвч тэсрэх цэг дээрээ 145-150 дБ чимээ гаргадаг байна. Иймээс салютыг туршихдаа дуу намсгагч чихэвч зүүх хэрэгтэй. 

2012 оны шинэ жилээр Дубай хот 400 000 салют буудуулж дэлхийн рекордыг тогтоож байсан боловч 2015-2016 он солигдох мөчид буудуулсан салютнаасаа болж дэлхийд өндрөөрөө 19-т ордог тансаг “Address Downtown" зочид буудлын барилгыг шатааж байсан түүхтэй.


08

Буун дуу

Буун дуунаар 145-155 дБ-ын чимээ үүсэх ба хэрэв энэ үед хажууд нь зогсож таарвал таны сонсох эрхтнийг гэмтээнэ.  Ийм учраас та буудлагын дасгал хийхдээ чихэвч зүүж хамгаалах ёстой байдаг.


07

NHRA уралдааны машины хөдөлгүүр

Уралдааны машины замын ойролцоо суухад чанга дуу чимээнд нь зөвхөн таны чих ч биш бүхэл бие тань таагүй болно. 155-160 дБ-ын чимээнд та зөвхөн сонсголоо алдаад зогсохгүй нүд тань бүрэлзэн, шүлсээ залгиж чадахгүй болдог. 


06

Сансрын хөлөг хөөрөх

Сансрын хөлөг газраас хөөрөх үед та дор хаяж хагас милийн зайтай байх нь ухаалаг хэрэг болдог. Хэрэв тэгэхгүй бол 165-170 дБ-ын чимээ таны чихийг гэмтээнэ. Пуужингийн хөдөлгүүр нь газраас хөөрөхөд шаардагдах тийрэлтийг үүсгэдэг ба тогтмол дуу чимээг гаргадагаараа бусад чанга дуу чимээнээс ялгардаг.



05

Цэнхэр халим

Цэнхэр халим ихэвчлэн усан дор хол зайд сонсогдох маш чанга, нарийн бүтэцтэй, давтагдсан бага давтамжтай дуу гаргадаг. Энэ дуугаараа бусад халимтайгаа харилцах, ялангуяа хосоо олоход ашиглана. Хөх халимны дуу 188 дБ болдог. Энэ онцгой чанга дуу хэдэн зуун километрийн  цаана ч усан дор сонсогддог. Халим нь манай дэлхийн хамгийн том мөн хамгийн чанга дуутай амьтан билээ.


04

Кракатоа галт уулын дэлбэрэлт

1883 оны Кракатоагийн дэлбэрэлтээр (Индонез) 25 гаруй шоо километр хад чулуулаг, үнс цацагдсан ба, 180 дБ чанга чимээ гаргасан нь түүхэнд хамгийн чанга чимээ болон тэмдэглэгджээ. Дэлбэрэлтийн чимээ 3110 км зайтай Австарлийн Перт, 5000 км зайтай Маврикийн ойролцоох Родригесын арлуудад хүртэл сонсогдсон юм. (Улаанбаатараас Москва хүртэл шулуун шугамаар явбал 4636 км болно)

Кракатоа галт уулын дэлбэрэлт нь Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс даруй 13000 дахин хүчтэй дэлбэрсэн бөгөөд 40 орчим мянган хүн амь үрэгдсэн гэдэг.


03

1 тонн TNT тэсрэх бөмбөг

1 тонны тэсрэх бөмбөг дэлбэрэхэд 75 метрийн радиуст 210 дБ-ын чимээ үүсдэг. Хэрэв та чихээ маш сайн хамгаалж зориулалтын чихэвч зүүх юмуу эсвэл дуу нэвтэрдэггүй хоргодох байранд орж амжихгүй бол зөвхөн хүчтэй чичиргээ нь л таныг алах чадалтай.

Нагасаки, Хирошима дээр хаясан бөмбөг нь 13 мянган тонн TNT хүчтэй байсан юм. (TNT гэж тэсрэх бөмбөгнөөс гарч байгаа эрчим хүчийг хэмжих нэгжийг хэлнэ)

Хүн төрөлхтний туршиж үзсэн хамгийн хүчтэй бөмбөг нь 1961 онд ЗХУ-ын туршсан "Царь" устөрөгчийн бөмбөг байлаа. (Хирошимад хаясан бөмбөгнөөс 1500 дахин хүчтэй). Туршилтын үр дүнд үүссэн мөөгөн хэлбэртэй үүлний өндөр 64 км хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест оргилоос даруй 7 дахин их юм. Энэ харамсалтай бөгөөд айдас төрүүлэм туршилтын үр дүнд хэдэн зуун км газар үргэлжлэх радиуст барилга, тосгод сүйдсэнээр барахгүй хаа хол орших Норвеги, Финляндад байшингуудын цонх хүртэл хагарсан байдаг.


02

Рихтерийн шаталбараар 5 баллын газар хөдлөлт

Газар хөдлөлтөөс үүдэн 235 дБ-ын чанга чимээ үүсч байшин барилга нурж сүйрэл болдог. Хэрэв энэ үед та нисдэг тэрэг, онгоц гэх мэт дээр биш газар дээр байвал нурангид дайруулж үхэхээсээ өмнө энэ чанга дуу чимээ, чичиргээнээс болж үхэх эрсдэлтэй.


01

Тунгусын солир

1908 оны 6-р сарын 30-ны өглөөний 7:17 цагт одоогийн ОХУ-ын Красноярск, Тунгус голын орчим асар хүчтэй дэлбэрэлт болсон юм.  Энэ дэлбэрэлт нь солир унаснаас болсон билээ. Өнөөдрийг хүртэл тухайн солир нь байтугай солирын тогоо нь ч олдоогүй бөгөөд 20-р зууны хамгийн гайхалтай нууцуудын нэг бол яах аргагүй Тунгусын солир. Эрдэмтдийн дунд олон таамаг байдгийн нэг нь секундэд 15-18 км-ийн хурдтай орж ирсэн уг солир газарт хүрэхээс 5-10 км-ийн зайд дэлбэрсэн байж болзошгүй гэдэг таамаг юм . 

Энэ дэлбэрэлт 300-315 дБ-ын чанга дуу авиаг гаргаж, 1000 мега тэсрэх бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэхүйц хөнөөлтэй байлаа (Царь бөмбөгний 1/3-тэй тэнцэх хэмжээний). Мөн тухайн бүс нутагт 5 баллын газар хөдлөлт үүсгэсэн аж.  Тунгусын дэлбэрэлтийн долгион нь дууны хурдаар тархаж байсан бөгөөд 1 цагийн дараа гэхэд Эрхүүд, 4 цагийн дараа Подстам, Берлинд, 8 цагийн дараа Вашингтонд хүртэл мэдрэгджээ. 

Ийнхүү дэлхийн түүхэнд xамгийн чанга дуу чимээ гаргасан үйл явдал нь Тунгусын дэлбэрэлт болж тэмдэглэн үлдсэн юм.  



8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
гоё
+3
Иймэрхүү мэдээлэл өшөө оруулаарай
+7
Сонирхолтой мэдээ байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start