Арав.мн

Гариг дэлхийн хураангуй түүх

Гариг дэлхийн хураангуй түүх

Манай гаригийг “бүтээсэн” эргэлтийн 10 цэгийг дэлхий судлалын хэлээр тоймлох нь. 


10

ДЭЛХИЙ “МЭНДЛЭВ”, АМЬДРАЛ ҮҮСЭВ

“Залуухан” нарыг тойрон бужигнаж байсан их тоос, тоосонцор, түүнээс үүдсэн их, бага чу­­луун биетүүдийн мөргөлдөөнөөс дэлхий үүсэв. 4.5 тэрбум жилийн тэртээх уг мөргөлдөөн асар хүчтэй байснаас ойр хавийн биетийг татаж цуглуулан, дэлхий бү­­рэлджээ. Манай гаригийн ганц дагуул бо­лох сар харин үүнээс хожуу буюу дэлхийтэй ой­рол­цоо хэмжээтэй аварга том биет дэлхийтэй мөр­гөлдсөнөөс болж үүссэн байна.

Амьд организм чухам хэдийд, хэрхэн, яаж үүс­сэнийг хэн ч мэдэхгүй. Одоогоор олдоод бай­­гаа хамгийн эртний чулуужсан үлдэгдлийг суд­­лахад нэг эст микро организм 3.5 тэрбум жи­лийн өмнө үүссэн байна. Гэхдээ тэр нь ямархуу “амь­тан” байсныг мэдэх боломжгүй юм.

Амьдралын бүхий л төлөвт эрчим хүч амин чухал. Дэлхий дээрх амьдралыг эрчим хү­чээр тэт­гэгч гол эх үүсвэр нь нар агаад анхны микро ор­га­низ­мууд бол нарны эрчим хүчийг ашиглан эгэл моле­кулаас чихэр үүсгэн, өөрийгөө тэтгэх бол­сон анхны ургамал буюу амьд биетүүд юм. Энэ яв­цыг фотосинтез гэдэг. Гэхдээ орчин цагийн но­гоон ургамлаас ялгаатай нь эрт цагийн орга­низ­мууд хүчилтөрөгч ялгаруулдаггүй байлаа.


09

ИХ ИСЭЛДЭЛ, ЭСИЙН ХУВЬСАЛ

Гариг дэлхий анхандаа агаар мандалдаа хүчилтөрөгчгүй байв. Харин зарим бактери ус болоод нүүрстөрөг­чийн давхар ислээс өөртөө шим тэжээл болох чихэр хуримтлуулахын тулд нарны энер­гийг татах болсноор хүчилтөрөгчийг биеэсээ хаягдал болгон гадагшлуулж эхэлжээ. Энэ нь 2.4 тэрбум жилийн өмнө явагдсан хувьсал бололтой байдаг. Гэхдээ гэ­нэт үүссэн их хүчилтөрөгч агаар мандал дахь ме­­таныг үгүй хийж, дэлхийг хөлдөөсөн байх магад­лалтай. 

Анхны организмууд өнөөгийн бактериас ялгарах юмгүй, энгийн ганц эстнүүд байсан бол зарим нь яваандаа эсийн нарийн бүтэцтэй болж иржээ. Ингэснээр эсийн бүрхэвч дотроо бөөм болоод бусад “дагалдах хэрэгсэл” агуул­сан эукариот хэмээгдэх амьд организмууд 2-1 тэрбум жилийн өмнө бий болов. Эсийн хувьслын үүднээс бүх амьтан, ур­гамал эукариот организм юм. Харин эсийн хувьслын дараа буюу одоогоос 1.8 тэрбумаас 800 сая жилийн өмнө тохиосон үеийг суд­­лаачид “Уйтгартай тэрбум жил” байсан гэж үз­дэг. Гэхдээ “хаалттай хөшиг”-ний цаана олон чу­хал үйл явдал өрнөж байлаа. Чухам тэр “уйт­­гар­тай” эринд буюу 1.2 тэрбум жилийн өмнө ор­га­низ­­мууд хоёр хуваагдаж, эвцэлд орж эхэл­жээ. Улаан өнгөтэй нэгэн зүйлийн замагны чу­лууж­сан үлдэгдлээс үрэнцэр тэргүүт нөхөн үржи­хүйн хэд хэдэн эс олдсон нь хүйсийн хуваагдал­тай холбоотой хамгийн эртний ул мөр юм.  

1-1.1 тэрбум жилийн өмнөөс амьд организмууд нэг эсээс бүрэлдэхээ болив. Энэ нь организмыг томруулж ам, үе мөч, дотор эрх­тэнтэй болголоо. Гэхдээ энэ явц чухам яаж болсныг мэдэх аргагүй. 2.1 тэрбум жилийн нас­тай том том организмууд олдсон нь бий ч олонх нь бүлэг бактерийн чулуужсан үлдэгдэл болж таарсан. Олон эстэй амьд организмаас ургамал ногоо түрүүлж хөгжсөн гэж мэргэжилтнүүд үздэг.


08

КЭМБРИЙН ГАЛАВЫН ИХ ТЭСРЭЛТ

850-635 сая жилийн өмнө гариг дэлхий дахин нэгэнтээ хөлдөж, 200 сая жилийн турш мөсөн бөмбөлөг шиг байжээ. Гэсэн ч энэ үед эрс тэс өөрчлөлтөд тэсвэртэй, генийн хувьд нарийн, төвөгтэй бүтэцтэй олон амьтан үүссэн байх магадлалтай юм.

Амьтад үүсэн бий болсны дараа хувьслын хоёр ч том үе тохиожээ. Кэмбрийн галавын үед орчин цагийн амьтны аймгийн бүх төлөө­лөл үүсэн бүрэлдсэн бол дараахан нь буюу 535 сая жилийн өмнө болсон их тэсрэлт, магад галт уулын дэлбэрэлтээс үүд­­сэн гамшигт үзэгдлээс болж зарим амьтан бай­­галийн шалгарлаар биеэ хамгаалах хуягтай болсон байна.


07

АНХНЫ МӨХӨЛ

Зарим амьтан 500 сая жилийн өмнө уснаас хуурай газар луу шилжсэн байх магадлалтай ч далай тэнгис рүү буцсаар байсан гэж эрдэмтэд үздэг. Харин амьтдаас түрүүлж ургамал хуурай газрыг “эзэлжээ”. 465 сая жилийн өмнө газар дээр гарч ирсэн ногоон замагны нэгэн төрөл газар дээрх анхны ургамал байв. 

Эрт төрмөлийн эриний хоёрдугаар галавт амьдрал ийнхүү хэдийн цэцэглээд байлаа. Гэтэл сүүлчийн хагаст нь, өөрөөр бол 460-430 сая жилийн өмнө дэлхий огцом хүйтэрч, хоёр туйлын мө­сөн бүрхэвчийн хүрээ тэлжээ. Үүнийг Андын нуруу болон Сахарын цөлийн мөстлөг гэдэг нь эдгээр газраас энэ үеийн ул мөр олдсонтой хол­боотой. Энэхүү гэнэтийн хүйтрэл дэлхийн түү­хэн дэх анхны их мөхлийн шалтгаан болж, далай тэнгис дэх амьт биетийн 85 хувийг устгажээ. Үүнээс хойш загас усны хамгийн элбэг амьтан болов.


06

СЭРВЭЭТНҮҮД ХӨЛТЭЙ БОЛЖ, ХЭВЛЭЭР ЯВАГЧИД ҮҮСЭВ

Ургамал газарт тархсан нь усны амьтдыг хуурай газар луу дуудав. Газар луу “нүүсэн” анхны амьтан бол 400 сая жилийн өмнө уснаас гарсан хорхой шавж юм. Удалгүй загас газрын амь­танд хувилж, дөрвөн мөчтэй боллоо. Тик­таа­лак хэмээх усны гүрвэл ийн хувьссан анхны амь­тан агаад бүх хоёр нутагтан, хэвлээр явагч, сүүн тэжээлтнүүдийн дээд өвөг болсон юм.

Анхны хэвлээр явагчид үүсэх үед буюу 320 сая жилийн өмнө дэлхий хүйтэн хэвээр байлаа. Тэд өнөөгийн үүт гүрвэл шиг хоёр нутагтнуудаас үүсчээ. Өмнөх үеийнх­нээ бодвол анхны хэвлээр явагчид хайрсархаг, зу­заан арьстай болж, хатуу хальстай өндөг гар­гаж эхлэв. Эдгээр давуу тал нь тэднийг хуурай газрын хамгийн хүчтэй амьтад болголоо. Эртний зарим хэвлээр явагч 4.5 метр урт байжээ.



05

СУПЕР ТИВ БА ИХ МӨХӨЛ

Дэлхийн бүх хуурай газар техтоник хөдөл­гөөний нөлөөгөөр нийлж, нэг том супер тивийг бий болгов. Энэ нь нэг том тив үүссэн сүүлчийн тохиолдол юм. 300 сая жилийн өмнө үүссэн Пангея хэмээх мөнхүү эх газар 175 сая жил оршин тогтноод олон сая жилийн явцад хуваагдан, өнөөгийн тивүүдийг үүсгэжээ.

Тивүүд ийнхүү одоогийн төрхөө олж, олон янзын амьтан үүсэн амьдрал цэцэг­лэж байтал гариг дэлхийн түүхэн дэх хамгийн айм­шигтай мөхөл тохиов. 252 сая жилийн тэртээ нүүрлэсэн Пермийн галавын их гамшгаар усны амьтдын 96, хуурай газрын амьт­дын 90 хувь нь устаж үгүй болон, ургамлын та­лаас илүү нь газрын хөрснөөс арчигджээ. Чу­хам юунаас болж ийм гамшиг болсныг мэ­дэх аргагүй. Энэ үеэс галт уулын хүчтэй дэлбэрэлтийн ул мөр олдсон нь бий.

Үлэг гүрвэл бий болсон энэ үед анхны сүүн тэжээлтнүүд үүсэн бүрэлджээ. 220 сая жилийн тэртээх анхны хөхтөн амь­тад нохой шиг төрхтэй, үсэрхэг гүр­вэл шиг харагддаг байсан болов уу. Мөн шөнө л идэвх­тэй байсан нь бодисын солилцоонд нь нөлөөлж, хэдэн сая жилийн явцад тэднийг өд­рийн турш идэвхтэй байх, халуун цустнууд болгосон байх талтай.


04

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЭРИН

Хуурай газрын хамгийн хүчирхэг амьтан үлэг гүрвэл болохтой хамт буюу 200 сая орчим жилийн өмнө ихтиозавр хэмээх аварга том хоёр нутагтан хамгийн аймшиг­тай махчин боллоо. Гэтэл чухам юунаас болсон нь үл мэдэгдэх дахин нэг гамшиг болж, Триасын галавын сүүлчээр бүх амьд биетийн 80 хувь устаж, үгүй болжээ. Үүний дараа үлэг гүрвэл гариг дэлхийн эзэд болов. Тэдний хамгийн том нь 59 тонн жинтэй байлаа.

Далавчтай үлэг гүрвэлээс жигүүртнүүд үү­сэв. Эртний шувуудаас олон нийтэд хамгийн их танигдаж, чулуужсан үлдэгдэл нь хамгийн олон олд­сон жигүүртэн бол 150 сая жилийн тэртээ амьдарч асан археоптерикс юм.


03

УРГАМАЛ ЦЭЦЭГЛЭДЭГ БОЛЛОО

Энэ хачин санагдаж мэдэх юм. Гэхдээ цэцэг бол байгаль эхийн саяхны бүтээл билээ. Ургамал 465 сая жилийн өмнө хуурай газрыг бүрхсэн ч энэ хугацааны ердөө гуравны нэгд нь буюу 130 сая жилийн өмнөөс л цэцэглэгч ургамал газар дэлхийг чимжээ. Ердийн өвс ногоо ч гэсэн саяхан буюу ердөө 70 сая жилийн өмнө үүссэн байна.


02

ҮЛЭМЖ БИЕТНҮҮДИЙН МӨХӨЛ

65 сая жилийн өмнө аварга том солир өнөөгийн Мексикийн ну­тагт унаж, үлэг гүрвэлийг мөхөөв. Энэ нь айм­шигтай сүйрэл байсан ч хор хохирол нь бүр ч их гамшиг дагууллаа. Солир унаснаас үүдсэн дэлбэрэлтээс болж агаар мандалд их хэмжээ­ний тоос хуримтлагдаж, дэлхий дээр нарны илч өмнөхөөсөө бага тусах болов. Энэ нь манай гаригийн тав дахь их мөхөл байв.

Тав дахь мөхлийн дараа буюу одоогоос 60-55 сая жилийн өмнө сүүн тэжээлтнүүд ихэстэй болов. Энэ нь өнөөгийн хүний дээд өвөг болох оюун ухаант бич, сармагчингууд үүсэхийн эхлэл юм. Гэх­дээ өнөөгийн Ази тивийн ой ширэнгэд нутаглаж асан анхны бич дүрстэн маш жижигхэн, 30 гаруйхан грамм жинтэй байжээ.


01

БИД ИРЛЭЭ

Их бичнүүд ойролцоогоор 25 сая жилийн өмнө Африкт үүсчээ. Одоогоор мэдэгдээд буй анхны хоминид буюу хүн дүрст бич долоон сая жилийн тэртээ амьдарч байсныг эртний чулуужсан үлдэгдэл нотолсон. Мөн үед буюу 25 сая жилийн өмнө амьд организмын нарны энергийг химийн энерги болгон хувиргах явц буюу фотосинтез улам боловсронгуй болж, зарим ургамал эрс тэс ор­чинд энергиэ нөөдөг боллоо.

Харин оюун ухаант хүн буюу Homo sapiens одоогоос 200 мянга орчим жилийн өмнө их бич­нээс үүсэв. Бид сая жилийг тав хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд л дэлхий дээр байгаа ат­лаа бүх тивд эзэн сууж, огторгуйн уудамд хүр­тэл гарав. Байгалийг хайрлаж, хамгаалж чадаагүй бидний үйлдлээс болж өдгөө зургаа дахь их мөхөл нүүрлэж, дэлхийн түүхэн дэх хамгийн хурдтай уур амьс­галын өөрчлөлт болж байна. Гэхдээ бид эх дэл­хийнхээ түүхийг ийн судалж, хураангуйлж чадах цорын ганц “амьтан” билээ.



9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ok
+7
үнэхээр сонирхолтой байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start