Эрчим хүчний 10 сонирхолтой эх үүсвэр
Мод, нүүрс, газрын тос зэрэг цөөхөн зүйлээр хүн төрөлхтөн эрчим хүчний хэрэглээгээ хангасаар ирсэн. Эдгээрийг сүүлийн үед цөмийн болон ус, салхи, нарны эрчим хүчээр орлуулах болсон ч дэлхийн хүн ам өсөж, байгаль орчин туйлдахын хэрээр олон улс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд эрэлхийлж байна. Тэднээс хамгийн сонирхолтой, басхүү амжилт олж, цаашид өргөн хэрэглэх боломжтой гэж мэргэжилтнүүдийн таамаглаж буй арван эх үүсвэрийг танилцуулъя. Зарим нь танд аягүй, зарим нь инээдэмтэй санагдах вий.
Түм түжигнэж, бум бужигнасан газар дэлхийд хэд билээ. Тэр бүх газарт асар их эрчим хүч дэмий үрэгдэж байна гэж эрчим хүчний мэргэжилтнүүд үздэг. Дэлхийн хамгийн том хотын нэг Токиод бужигнасан олны хөл хөдөлгөөнийг эрчим хүч болгох төсөл саяхнаас хэрэгжиж эхэлжээ. Төслийг хэрэгжүүлэгчид галт тэрэгний буудал, тасалбар олгох цэг зэрэг олны хөл тасардаггүй газарт даралт мэдрэгчтэй цахилгаан үүсгүүр байрлуулсан байна.
Голландын Роттердам хотод “Ватт” нэртэй клуб мөн ийм аргаар эрчим хүч гаргаж авдаг. Тэд клубээ “Байгальд тустай дэлхийн анхны бүжгийн клуб” гэж нэрлэсэн байна. Эндхийн гишүүд LED гэрэл бүхий тайзан дээр эрчим хүч гаргахаар бүждэг бөгөөд клубийнх нь байр зөвхөн бүжигчдийнх нь хөлс, хүчээр гэрэл цахилгаантай байдаг гэнэ.
Харин Английн BTU буюу Дулаан ялгаруулах салаа нэртэй эко төвд хүүхэд, залуус дугуй унаж, эрчим хүч гаргадаг. Тэд жилд 3.6 мегаватт эрчим хүч “үйлдвэрлэдэг”.
Америкийн эрдэмтэн Жон Канзиус радио долгионоор хорт хавдрыг эмчлэх арга эрэлхийлж байгаад 2007 онд радио давтамжийн генератор далай тэнгисийн шорвог усны молекулыг эвддэг болохыг анзаарчээ. Тэгэхдээ гол хоёр элемент буюу хүчилтөрөгч, устөрөгчийг нь ялгасан байж. 1937 онд болсон Хинденбургийн ослын талаар дуулсан хүн бүр хүчилтөрөгчөөс болж устөрөгч дэлбэрэх аюултай болдгийг мэднэ. Далайн усыг “шатаах” гэж нэрлэдэг эрчим хүч гаргах шинэ арга нь Канзиусын ажиглаглалтын дүнд бий болсон бөгөөд энэ аргыг далайн ус цэвэршүүлэхэд мөн хэрэглэдэг.
Мал, амьтны дайвар бүтээгдэхүүн хамгийн их хаягддаг зүйлийн нэг. Үүнийг хэрхэн ашиглах талаар олон жил судалгаа хийсэн Америкийн “Changing World Technologies” компани цацагт хяруулын цувдай, тахианы толгой, хонь, ямааны шийр зэрэг хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүн, мал, амьтны сэгийг боловсруулан түлш гаргаж эхэлжээ. Тус компанийн мэргэжилтнүүд энэ ажлаа эхлэхдээ байгаль эхээс суралцсан гэнэ. Өдгөө бидний хэрэглэж буй газрын тос, байгалийн хий нэгэн цагт амьтан, ургамал байсан бөгөөд хэт халуун, даралт болон нүүрстөрөгчийн нөлөөгөөр олон сая жилийн өмнө газрын гүнд орон “боловсорсон” юм.
Хог шатаахад их хэмжээний метаны хий ялгардаг. Америкийн “EcoLine” төслийнхөн тэр их метаныг ашиглаж, Нью Хемпширийн их сургуулийн эрчим хүчний 85 хувийг хогийн цэгээс ялгардаг хийгээр хангах болжээ. Энэ сургуулийн эргэн тойрноос хог үнэртэх нь бүү хэл хог хаягдал ч хуримтлагддаггүй байна. Хог хаягдлын хий нүүрснээс хямдхан бөгөөд агаар бохирдуулдаггүйгээрээ мөн давуу талтай.
Дэлхий нийтийн хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний жагсаалтад газрын тосны дараа хоёрт бичигддэг үнэт зүйл бол кофе. Гэхдээ нефтийн үйлдвэрлэлтэй харьцуулахад кофены салбар маш их хог хаягдал ялгаруулдаг. Невадагийн их сургуулийнхан кофены шаарыг ашигтай бүтээгдэхүүн болгохоор олон жил ажиллажээ. Тэд кофенд бага хэмжээний тос байдгийг тогтоож, тослог чанарыг нь алдагдуулалгүйгээр үрлэн түлш гаргаж аваад байна. Дэлхийд тэргүүлэгч кофены компани болох “Starbucks”-аас жилд дунджаар 210 сая тонн шаар гардаг бөгөөд үүнийг боловсрууллаа гэхэд гурван сая галлон буюу 11 сая литр био түлш, 90 тонн хатуу түлш болно.
Аргентиний эрдэмтдийн тооцоолсноор 550 орчим кг буюу дундаж жинтэй үнээ өдөрт 800-1000 литр метаны хий ялгаруулдаг бөгөөд тэр нь унгас болон хэхрэхэд нь ялгардаг хий гэнэ. Нүүрстөрөгчийн давхар исэлтэй харьцуулахад метан хариу урвал үзүүлэх нь илүү бөгөөд шатахдаа ч хор бага ялгаруулдаг. Тиймээс энэ ашигтай талыг нь харгалзан бэлчээрийн болон гэрийн тэжээвэр амьтдын биеэс ялгардаг “эрүүл” хийг ялгаж авах төхөөрөмжийг Германы эрдэмтэд зохион бүтээжээ. Үнээнээс ялгардаг метан одоогоор их хэмжээний эрчим хүч “үйлдвэрлээгүй” ч саравч, хашаа хороог гэрэлтүүлэхэд хангалттай аж.
Шведийн био хий үйлдвэрлэгч “Svensk Biogas AB” компани гааль дээр хураагдсан 700 мянган литр согтууруулах ундааг түлш болгож, 1000 гаруй автобус, ачааны тэрэг, бүр галт тэрэг хүртэл хөдөлгөсөн байна. Шведийн Гаалийн байгууллага өмнө нь буруу замаар орж ирсэн согтууруулах ундааг устгадаг байсан бол одоо аварга том төмөр сав руу цутгаж, дээрх компанид хүлээлгэж өгдөг болжээ.
Согтууруулах ундааг халааж, био газ гаргаж авдаг “Svensk Biogas AB” компанийн үйлдвэр Стокгольм хотоос баруун өмнөд зүгт 200 орчим км зайд байрладаг. Үйлдвэрийн эзний ярьснаар түүхий эдийг нь улсаас үнэгүй өгдөг болохоор спиртлэг түлшний үйлдвэрлэл ойрын хэдэн жил Скандинавын орнуудад өргөжих боломжтой гэнэ.
Спортоор хичээллэх үед эмэгтэйчүүдийн хөх байнгын хөдөлгөөнтэй байдаг. Харин тэр хөдөлгөөнөөс эрчим хүч гаргаж авах хачин жигтэй санаа япончуудад төржээ. Японы “Triumph Japan” компанийн бүтээсэн багашаархан төхөөрөмжийг гүйх үедээ хөхний даруулгандаа зүүвэл, iPod болон гар утас цэнэглэдэг байна. Энэ төхөөрөмжийг 1985 оноос хойш зөвхөн тамирчин эмэгтэйчүүдийн хөх судалсан ЛаЖин Лоусон гэдэг мэргэжилтэн “Nike” компанитай хамтран бүтээжээ.
Дэлхий нийт жилд ойролцоогоор 120 тэрбум живх хэрэглэдэг гэдэг. Гэтэл живх далай тэнгист 500, газрын хөрсөнд 450 жилийн дараа л задарч, шингэдэг аж. Хүн ам нь хурдацтай хөгширч байгаа Японд гэхэд л жилд том хүний таван тэрбум орчим живх худалддаг байна. Харин тэр олон живхийг зүгээр булахын оронд шатааж, эрчим хүч гаргаж авах санаа тус улсын “Super Faiths” компанийнханд төржээ. Туршилт амжилттай болж, “SFD Recycle System” хэмээх аварга том төхөөрөмжөөр их хэмжээний шингэн агуулсан живхийг хүртэл хурууны чинээ шахмал “сум” болгох технологи нэвтрүүлсэн байна. Живхэн “сум” бага зэргийн үнэртэйг эс тооцвол утаа гаргадаггүй, бас модноос дутуугүй илч дулаан ялгаруулдгаараа эрчим хүчний боломжит эх үүсвэр гэгдэж байна.
Их Британийн Бристоль хотын Робот, техникийн хүрээлэнгийн судлаачид хүний шээснээс эрчим хүч ялгаруулж, гар утас цэнэглэж үзсэн нь амжилттай болжээ. Тэдний баталж буйгаар хүний шээс химийн хувьд маш идэвхтэй бөгөөд азот, шүвтэр, хлорид, кали, билирубин зэрэг ашигт бодис ихтэй аж. АНУ-ын Сансар судлалын хүрээлэн буюу НАСА үүнээс санаа авч, сансрын нисэгчдийнхээ “шингэн”-ээр сансрын хөлөг дэх тоног төхөөрөмжүүдээ ажиллуулахаар зэхэж буй гэнэ. Сонирхуулахад, Бристолийн эрдэмтдийн тооцоогоор дэлхий дээрх долоон тэрбум хүн өдөрт дунджаар 10.5 тэрбум литр шээс “үйлдвэрлэдэг” байна. Энэ нь том хэмжээний 4200 усан санг дүүргэхээр юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.