Арав.мн

Хамгийн олон дагагчтай YouTube одод – 2017

Хамгийн олон дагагчтай YouTube одод – 2017

Олон дагагчтай блог, видео-блог хөтөлдөг хүнд асар их боломж гарч ирдэг. Бизнесийн байгууллагууд хамтран ажиллах санал ирүүлж, сая сая ам.долларын ашиг олох үндэс болдог байна. Түүнчлэн тэдний олон нийтэд нөлөөлөх нь их хүчтэй. Иймдээ ч энэ чиглэлээр ажилладаг хүмүүс маш олон. Манай улсын хувьд Molpedia, Mesmerism зэрэг влоггерууд залуусыг байлдан дагуулж байгааг бид мэднэ шүү дээ. Харин дэлхийн хэмжээнд өнөө үеийн хамгийн алдартай, олон дагагчтай YouTube влоггеруудыг нэрлэвэл...


17

Epic Rap Battles – 14.2 сая дагагч

Эпик Рэп тулаанууд бол YouTube-ийн хамгийн хурдан амжилт олсон сувгуудын нэг мөнөөс мөн. Сувгийг үүсгэн байгуулагч Петер Шукофф (NicePeter) болон Ллойд Алквист (EpicLloyd) нар түүхэн эсвэл олон нийтийн танил дүрүүдээс хоёрыг сонгон авч, хооронд нь рэп тулаан хийлгэдэг байна. Видеонууд нь маш хөгжилтэй бөгөөд Хитлер, Дарт Вэйдер хоёр, Цасан цагаан болон Элса хоёр гээд янз бүрийн дүрүүд бие биенээ “дисс”-лэхийг үзэж болно.


16

DanTDM – 14.4 сая дагагч

25 настай Дэниель Миддлтон буюу YouTube-д TheDiamondMinecart нэрээр алдаршсан залуу Minecraft тоглоомын влог хөтөлдөг. Өдөр бүр тоглолт, тойм бичлэгүүд хийдэг бөгөөд мөн өөртэй нь ижилхэн Minecraft влоггер JemPlaysMC гэх бүсгүйтэй гэрлэсэн байдаг.


15

Jacksepticeye – 14.8 сая дагагч

Ногоон үст Шон Виллиам МакЛауфлин нь 27 настай, Ирланд гаралтай нэгэн бөгөөд 2013 онд влоггер PewDiePie өөрийнх нь тухай ярьсны дараа жинхэнэ алдарт хүрчээ. Тэрбээр видео тоглоомын влог хөтөлдөг ба маш эрч хүчтэй, хөгжилтэй тайлбарууд хийдэг юм.


14

Fine Brother Entertainment – 15 сая дагагч

Бруклинээс гаралтай Бэни болон Рафи Файн ах дүүс YouTube-д “Хүүхдүүдийн хариу үйлдэл”, “Өсвөрийнхний хариу үйлдэл”, “Өндөр настнуудын хариу үйлдэл”, “YouTube влоггеруудын хариу үйлдэл” зэрэг видеонуудаараа маш их хандалт авдаг. Тэд янз бүрийн хошин бичлэгийг настангуудад үзүүлэх, 1980-аад оны дуу хөгжмийг 10 гаруй насны хүүхдүүдэд сонсгон тэдний сэтгэгдлийг буулгах мөн кассеттай хөгжмийг өсвөр насны хүүхдүүдэд өгч ажиллуулах гэж хэрхэн будилж буйг нь харуулах зэрэг видео хийдэг. Өдгөө өөрсдийн гэсэн томоохон компанитай болоод байгаа.


13

KSI – 16 сая дагагч

Олажиде Олатунжи нь бага байхын л EA Спортын тоглоомуудын FIFA тоглоомыг хэдэн цагаар ч хамаагүй тоглож суудаг байсан бөгөөд 2009 оноос эхлэн өөрийнхөө тоглож байгааг онлайнаар цацаж, тайлбарлаж эхэлжээ. Одоо KSIOlajidebt нэрээр тоглож үзүүлдэг.


12

Dude Perfect – 16.2 сая дагагч

Техасаас гаралтай Кори болон Коби Коттон хэмээх ихэр залуус ба тэдний хамгийн сайн гурван найзын хөтөлдөг влог юм. Тэд бүгд ахлах сургуульдаа сагсан бөмбөгийн багт тоглодог байсан бөгөөд одоо спортын үзүүлбэр, хошигнол болон спортын стереотипийг элэглэж үзэгчдийг хөгжөөдөг байна.


11

Markiplier – 16.8 сая дагагч

Markiplier нэрээрээ олонд танигдсан Марк Фишбах нь мөн л тоглоомын бичлэгүүд хийдэг. Маш их сэтгэл хөдлөлтэй, хараалын үг урсгадаг Марк цаашид хөгжим, кино урлагт хүч сорихыг хүсдэг байна.


10

JennaMarbles – 16.9 сая дагагч

JennaMarbles буюу Женна Моури нь YouTube-ийн хамгийн олонд танигдсан влоггеруудын нэг юм. Тэр “Өөрийгөө хөөрхөн хэмээн бусдыг хуурах арга” хэмээх нүүр будалтын алиа бичлэгээрээ тэсрэлт хийсэн билээ. Шинэ зууны залуу бүсгүйн амьдралын талаарх инээдтэй бичлэгүүд хийдэг. 


09

Vegetta777 – 17.3 сая дагагч

Испани гаралтай Самуэль де Люк бол маш алдартай влоггер бөгөөд “Minecraft”, “Saint’s Row”, “Battlefield” зэрэг компьютер тоглоомуудын тоглолтын бичлэгт дуу оруулдгаараа алдартай. Түүний гол хэв маяг бол тоглолтод ашиглаж буй дүрүүддээ түүх зохион өгүүлэгчийн зүгээс ярьж “кино мэт” болгодог. “Миний тухай” хэсэгтээ өөрийг нь дагасан хүмүүс өөр шиг нь галзуу болох эрсдэлтэй хэмээн бичсэн байдаг. 


08

Whinderssonnunes – 17.7 сая дагагч

22 настай Виндерссон Нюнес гэгч энэхүү Бразиль залуу элэглэгч бөгөөд влог хөтөлдөг нэгэн. Тэрбээр 15 настайдаа видео хийж эхэлсэн ба ихэвчлэн цээж нүцгэн байдаг. Бичлэгүүд нь хүн дуурайж шоглох, дуулах, кино шүүмжлэх зэрэг байх бөгөөд өдөр тутмын амьдралаа ярьж өгдөг байна. 


07

Yuya – 17.8 сая дагагч

Нүүр будалт, гоо сайхны влоггер Yuya нь 23 настай бөгөөд Мексик гаралтай. Түүний бичлэгүүд нь нүүр будалт, үс засалт болон бусад гоо зүйн зөвлөгөө, хичээл байдаг. Мөн өөрийн өдөр тутмын амьдралынхаа талаар ярьдаг YouTube сувагтай. Влог нь үнэхээр их амжилтанд хүрсэн тэрбээр Vogue сэтгүүлд бичигдэж, Мексикийн телевизээр гарч байжээ.


06

NigaHiga – 19.3 сая дагагч

Райн Хига нь өөрийн YouTube-дээ NigaHiga хэмээх нэрийг ашигладаг бөгөөд YouTube-ийн хамгийн анхны том оддын нэг. Түүний сувгаас инээдтэй бичлэгүүд, зураг зурах, хөгжим, болон поп-соёлын талаар сонирхолтой хэлэлцүүлгүүдийг үзэх боломжтой. NigaHiga-ийн бичлэгүүд мэргэжлийн өнгө аястай, чадварлаг студид хийгдсэн мэт байдаг. 


05

VanossGaming -20.2 сая дагагч

VanossGaming бол Эван Фонг гэх 24 настай Канад залуугийн YouTube нэр юм. Фонгийн талаар тийм ч их мэдээлэл байхгүй ч видео тоглоом тоглож байгааг нь харах маш хөгжилтэй. Ижил төстэй бусад влоггеруудаас ялгагдах гол онцлог нь түүний редакторлах чадвар нь юм. Олон цагийн тоглолтоо монтажлан, нэг инээдтэй видео болгож үзэгчдийг баясгаж чаддаг. 


04

Smosh – 22.6 сая дагагч

YouTube-ийн ахмад влоггерууд болох Иан Хекоз, Энтони Падилла нар олон нийтэд алдартай болсон анхдагчдын нэг. Тэд мөн л видео тоглоом, поп-соёлын талаар хошин бичлэгүүд хийдэг бөгөөд одоо хэр нь маш идэвхтэй ажилладаг. Нийт долоон суваг ажиллуулдаг Иан, Энтони хоёр 2016 онд 7 сая ам.долларын цалин авсан гэсэн тооцоо бий.


03

ElRubiusOMG – 23.5 сая дагагч

Рубен Доблас Гундерсен буюу YouTube даяар ElRubiusOMG нэрээрээ алдартай энэ залуу 27 настай бөгөөд Испани гаралтай. Мөн л тоглоомчин тэрбээр тоглолтын явцын бичлэг оруулж шүүмж, хэлэлцүүлэг хийх бөгөөд бичлэгүүдээ хошин яриагаар давсалдаг. Мөн 2014 онд “Тролл” хэмээх интерактив ном хэвлүүлсэн байна.


02

German Garmendia (HolaSoyGerman) – 31.2 сая дагагч

Чили гаралтай Герман Гармендия нь Латин Америкийн хамгийн том YouTube од. Хошин шогч, хөгжимчин залуу YouTube-ийн хамгийн олон дагагчтай топ 20 сувгийн хоёрынх нь эзэн. 2016 онд "#Chupaelperro." гэдэг номоо гаргаж байсан байна. Анх “Амьдралд байдаг тодорхой зүйлс” хэмээх бичлэгээрээ сенсаац тарьж байжээ.

HolaSoyGermanсувгаас гадна “JuegaGerman” гэх 18 сая дагагчтай, видео тоглоомын сувагтай. Түүний 2016 оны орлого 5,5 сая ам.доллар байжээ.


01

PewDiePie -54.1 сая дагагч

PewDiePie бол 27 настай Феликс Кьеллберг гэгч Швед залуу юм. Видео тоглоом тоглож байгаа бичлэгүүдээ оруулдаг бөгөөд тун хөгжилтэй мөн асар их хараал хэлдгээрээ алдартай. Дагагч нартайгаа харьцахдаа маш нийтэч “хамуудаа”, “хөгшөөн” зэрэг үг их ашигладаг. Саяхан WallStreet Journal-аас түүний бичлэгүүдэд Еврей үндэстний эсрэг ёс бус агууламж их байна хэмээн ихээхэн шүүмжилсэний дараа Disney болон YouTube-ийн зүгээс бизнесийн шууд харилцааг зогсоосон байдаг. Гэхдээ ингэлээ гээд YouTube-ээс түүнийг хөөгөөгүй байгаа.

Влоггерын хувьд хэтрүүлсэндээ уучлалт гуйсан хэдий ч хэвлэлийн байгууллагуудад хандсан хариу бичлэгтээ өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгээ хэлж, дунд хуруугаа хүртэл гозойлгожээ. Энэ үйлдлийн дараа түүний дагагчдын тоо улам нэмэгдсэн байна. 2016 оны байдлаар түүний орлого 15 сая ам.доллар хүрчээ. 


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Bitgii hutsaa gremmy lalraar yadiin
-1
Баахан тоглоомчид байдаг юм биздээ
+1
FBE best
-1
Bi zugeer baahan gamer l meddeg shss pewdiepie jacksepticeye markiplier geel xaxxaxa bas manai greeeemy bnshd xD
+3
ineemtgiizaluu гээд монголоос 121К дагагчтай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start