Арав.мн

Монгол орны ховор амьтад - АРГАЛЬ

Монгол орны ховор амьтад - АРГАЛЬ

Ногоон байгууламж, ландшафт, мод үржүүлэг, нөхөн сэргээлт зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компанитай ARAV.MN сайт хамтын ажиллагаа эхлүүлж байна. Бид та бүхэнд Монгол Улсын ховордсон ан амьтан, ургамлын тухай сонирхолтой мэдээ, мэдээлэл болон мод, цэцэг, жимс зэргийг хэрхэн зөв тарьж, арчлах гэх мэт чухал зөвлөгөөг хүргэж байх юм. 
Энэ удаагийн "зочин"-оор зэрлэг хонь буюу аргаль орж байгаа бөгөөд түүний тухай 10 баримтыг дэлгэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Тугалмайтныхан
Дэд овог: Caprinae
Төрөл: Ovis
Зүйл: Ovis ammon


09

Статус

Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.


08

Таних шинж

Биеийн урт 150см (сүүлний үзүүрээс толгойн дагз хүртэлх хэмжээс), сэрвээний өндөр 125см, жин 180кг хүрнэ. Угалз, хомь (эм аргаль) хоёулаа эвэртэй. Угалз 125см урт, 25кг том эвэртэй. Хомины эвэр угалзныхаас жижиг нарийхан, урт 20-30см. Их бие зүс хүрэн бор, хүрэвтэр. Хэвэл цайвар.


07

Тархац, байршил нутаг

Монгол Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн уулс, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн зарим намхан уулс, Хан хөхийн нуруу, Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. Хөвсгөлийн хорьдол нурууны Нарийн бэлтэс, Арсайн голын эхээр хэсэгхэн газар тасархай популяци бий. Хэнтийн баруун, өмнө захын зарим уулсад түр хугацаагаар нүүдэллэн үзэгдэнэ. Монголын умар хязгаараас өмнөд хязгаар хүртэл уулын тайга, уулын ойт хээр, хээр, цөлийн бүс, бүслүүрт тархана. 

Өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ. Алтайн нуруунд 3500 м хүртэл, Өмнөговь, Алтайн өвөр говьд 1100 м-ээс дээш, Хөвсгөлд 1250-2500м өндөрт нутаглана. Алтай, Хангайн уулсад зун мөнх цасны зах хүртэл нүүдэллэн тагийн нуга, царам, ар хажуугаар бэлчиж, өвөл уулын дундаас доош бэл энгэр газарт байршина. Хээр цөлийн бэсрэг уулс, аараг толгодод цас, задгай ус, өвс ногоо дагаж улирлаар хол ойр нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг.


06

Амьдралын онцлог


Сүрэглэн амьдарна. Намар, өвөлд олноороо сүрэглэнэ. Зун өглөө болон оройн сэрүүнд, харин өвөл өдөржин идээшилнэ. Элдэв зүйлийн өвслөг ургамлууд, үет ургамал голдуу иднэ. Өвөлд сөөглөг ургамлын мөчир иднэ. Ус болон бэлчээрийн нөөцөөс хамаарч улирлаар бэлчээрээ сэлгэж байршина. Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална.  Угалз 20 хүртэл хомь хураана. Үржилд 3-4 настайгаасаа орно. Байгалийн нөхцөлд 10-18 жил насалдаг.


05

Тоо толгой, хомсдох шалтгаан

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлзэнэ. Монгол Алтай, Говь Алтайн зарим нутагт элбэг, Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Монголд далаад оны сүүлчээр, 40 орчим мянган толгой аргаль байснаас, Хөвсгөлд 200 орчим тохиолдоно. 2001 онд 13000-15000 толгой, 2009 онд хийсэн уулын туруутны судалгаагаар, аргаль хонь Монгол улсын хэмжээнд 50215.4 км2 талбайд тархсан бөгөөд дунджаар 18100 толгой нөөцтэй гэж үнэлжээ. Мөн сүүлийн 10 орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль хонины тоо толгой харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ 3.2 дахин, Төв аймагт 2.3 дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад 1.2-1.9 дахин нэмэгдсэн, Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нутгийн хэмжээ 1.1-2.3 дахин багассан болохыг тогтоожээ. 

Дээр үеэс эхлэн өнөө хүртэл хууль бусаар агнаснаас ховордсон. Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэснээс дайжин зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан чоно. Бүргэд нялх хургыг барина. Хааяа ирвэс, шилүүс хорооно. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн. Дэлхийн хэмжээнд ховордсон устаж болзошгүй зүйл.


04

Хамгаалсан байдал

1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус, Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.


03

Хэрхэн хамгаалах вэ?

Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, өсгөн үржүүлж, зохистой ашиглах, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн аргаль шинээр дахин нутагшиж байгаа болон улирлаар түр нүүдэллэн үзэгддэг газарт тогтворшуулан нутагшуулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд аргаль тархсан зарим нутгийг хамруулж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оруулах, цөл, хээрт аргаль ундлах задгай ус, булаг шандыг сэргээх, үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлөх, тусгай зориулалтын болон хууль бус агналтанд тавих хяналтыг сайжруулах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, зудын гамшиг тохиолдсон үед нэмэлт тавьж өгөх, уул уурхайн ашиглалтын дэд бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, дүйцүүлэн хамгаалах аргыг нэвтрүүлэх. 


02

Амьдралын түгээмэл ул мөр

Ус уусан газрын ойролцоох шавар дээр үлдсэн ул мөр, үс, хэвтэр зэргээр нь таних боломжтой. 


01

Амьдрах орчин

Монгол орны уулархаг нутгийн хад асгат налуу, тагийн бүсийн дэвсэгт бартаат уул толгодыг түшин тархдаг.


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (15)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Gaixaltai
+1
Муу байна
+1
Зүгээр юм байна
+1
Vneheer goy helehch vg alga mongolchuudaa bitgii oin amtidaa buudan horooj baigaarai jijighen shorgoolz hvrtel stooroh shinj baina shvv anhaaraarai
Чухам яагаад энэ амьтныг бид хамгаалах хэрэгтэй юм бэ? Энэ талаар тусгаж өгсөн бол их хэрэгтэй мэдээоэл болж өгөх байжээ
+11
Маш гоё мэдээллүүд оруулдагт баярлалаа
в
+1
Bayrlaa
+9
монгол орны чонын амьдралын тухай оруулаарай.( хангайн хөвчийн тал хээрийн говь цөлийн гэх мэт)
+8
маш сайхан мэдээлэл авлаа баярлалаа.монгол орны ан амьтад гэсэн гоё гоё өнгөт зурагтай ном гаргавал хүүхдүүдэд их сонин, бахархал болно доо.
+11
маш гоё мэдээлэл байна
+9
хэрэгтэй мэдээллээ авж чадлаа баярлаа
+9
Танин мэдэхүй талаасаа их хэрэгтэй мэдээлэл байна
+24
Үргэлжлүүлээд байгаарай. Энэ их хэрэгтэй сайт болж байх шиг байнадаа!
+16
Like
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start