Арав.мн

Өвөрмөц содон 10 цэцэг

Өвөрмөц содон 10 цэцэг

Сав шимийн ертөнц дэх ер бусын хэлбэр дүрстэй, этгээд хачин цэцэгсээс 10-ыг нь танилцуулъя.


10

Чөтгөрийн савар (Chiranthodendron pentadactylon)

Эртний ацтекчүүдийн бурхны савар хэмээн дээдэлж ирсэн энэ цэцэг зөвхөн Мексикийн өмнөд хэсэг болон Гватемалын нутагт ургадаг. Уг цэцгийн үрийг уушги, зүрхэнд сайн хэмээн уламжлалт анагаах ухаанд мөн ашиглаж иржээ. Ердийн дэлбээтэй цэцэг дундаас гэнэт сарвайж гарсан гар шиг харагдах Чөтгөрийн савар "Мексикийн гар" нэрт нэгэн зүйлийн модон дээр ургах ба мод нь 10-27 метр өндөр байдаг. Харин Чөтгөрийн савар цэцэг ойролцоогоор 7-10 см ургана.


09

Бичин нүүрт дракула (Dracula simia)

Цахирмаа цэцгийн бүлэгт багтах энэ ер бусын цэцгийн нэр нь л дангаараа хачин жигтэй юмсын жагсаалтад орно. Перугийн өтгөн ой ширэнгэ, Эквадорын зүүн өмнөд нутагт далайн түвшнөөс 1000 метр болон түүнээс дээш өндрийн бүсэд ургадаг уг цэцэг жилийн хэдийд ч дэлгэрдэг онцлогтой. Бичин нүүрт мөн амтат жүржийн үнэртэй гэх бөгөөд жимсний үнэртэй цор ганц цахирмаа аж.


08

Тоть цэцэг (Impatiens psittacina)

Тайландын Чингмай, Энэтхэгийн Манипур мужийн нутаг болон Мьянмарын цөөхөн бүсэд алаг цоог ургадаг Тоть цэцэг олдоц муутай, тун ховор үзэгддэг тул ийм цэцэг үнэхээр байдаг эсэхэд эргэлздэг хүмүүс бий. Устаж үгүй болохын ирмэгт буй энэ цэцгийг дээрх орнуудад тасдах, цуглуулгад ашиглах, хилээр гаргахыг хоригложээ. Далавчаа дэвэн нисэж буй, олуулаа ургасан хэсэгтээ бүр хошуугаа нийлүүлсэн тоть шиг харагдах энэ цэцэг бальзамин буюу хумхан цэцгийн овогт багтана.


07

Зөгийт цахирмаа (Ophrys bombyliflora)

Үхэр хэдгэнэ хэрэв инээмсэглэдэг бол энэ цахирмаа шиг харагдах биз ээ. Дээр нь зөгий суусан мэт “нүүр”-тэй энэ цэцгийн Ophrys хэмээх латин нэр грек хэлний хөмсөг гэсэн үгнээс гаралтай бөгөөд хөмсгөө өргөсөн, инээвхийлсэн амьтан байгаа мэт харагддагаас ийн нэрлэгдсэн бололтой. Зарим Зөгийт цахирмаа цэцэг шаргал, хүрэн бор өнгөтэй байх бол зарим нь алтан шар, усан ягаан зэрэг хурц тод өнгөтэй байна. 

Энэ цэцэг дээр нь хэдгэнэ суусан мэт харагдахаас гадна үхэр зөгийг хамгийн их татдаг цэцэгний нэг тул мөн ийм нэртэй болжээ. Мальта улсын нутгаас өөр хаа ч ургадаггүй байсан Зөгийт цахирмааг сүүлийн үед Европын бусад хэсэгт нутагшуулах нь нэмэгдээд байна.


06

Сарьсан багваахайн нүүрт куфея (Cuphea llavea)

Мексикийн уугуул, зөвхөн халуун дулаан бүсэд ургадаг энэхүү олон наст куфея тод гэгчийн улаан, нил ягаан дэлбээтэй, сарьсан багваахайг санагдуулам үслэг, хар голтой цэцэг юм. Өөрөөр Тамхины ургамал, Петерийн цэцэг, Туулайн чих зэрэг сонин содон нэршилтэй уг цэцгийн бут 1-2 метр өндөр бөгөөд маш өтгөн багвайж ургана. Хуурай, халуун орчинд тэсвэртэй, бүтэн сар хүртэл усгүй байж чаддаг Сарьсан багваахайн нүүрт эрээн далт шувуу, эрвээхий зэргийн эргэлддэг хамгийн дуртай цэцэгсийн нэг.



05

Хүүрийн үнэртэй сараана (Amorphophallus titanum)

Зөвхөн Индонезийн Суматра аралд ургадаг энэ цэцэг хачин нэртэй, муухай үнэртэйгээс гадна дэлхийн хамгийн том цэцэг юм. 3.6 метр хүртэл ургаж, 12 кг хүртэл жин татдаг энэхүү аварга сараана хэдэн жилд ганц удаа дэлгэрдэг бөгөөд дэлгэрэхдээ яг л өмхийрсөн сэг зэм, муудсан хүүрнийх шиг үнэр ялгаруулна. Ийм үнэрт ямар амьтан татагддаг байна аа гэж гайхаж байвал зөвхөн сэм зэмээр хооллодог, өмхий үнэрт дуртай цох хорхой, ялаа байдгийг санана уу. 

Өмхий сараанын тухай бас нэгэн сонирхолтой баримт дурдвал энэ цэцэг Борнео арлын үндэсний цэцэг юм.


04

Чулуун цэцэг (Lithops comptonii)

Тасалгааны тун тансаг цэцэг болох Чулуун цэцэг нь хуурай, халуун орчинд ургадаг мэт харагдах ч үнэн хэрэгтээ шүүслэг ургамлын зүйлд багтана. Онгон байгальд зөвхөн Өмнөд Африк улсын нутагт ургадаг энэхүү ер бусын гоёмсог цэцэг орчны аливаа өөрчлөлтөд маш тэсвэртэй тул хатуу чулуу шиг харагдах үндсийг нь ердийн чулуун дээр байрлуулсан ч ургадаг байна. Чулуун цэцэгт ургаж төлжихөд нь нэг л зүйл хамгаас чухал. Энэ цэцэг нарны гэрлээс холдвол л ганц өдрийн дотор үхнэ.


03

Нүцгэн эр (Orchis italica)

Нүцгэн эр, Дүүжлэгдсэн хүн зэрэг этгээд сонин нэртэй энэ цахирмаа Газар дундын тэнгис орчмын бүсэд ургадаг, эгээ л хүн шиг хэлбэртэй өвөрмөц цэцэг юм. Олон янзын өнгө, хэлбэртэй энэ цэцгийн зарим нь бүр юүдэн, бортого, бүчтэй малгай өмссөн хүн мэт харагдах агаад бүгд анхилам, зөөлөн үнэртэй байдаг. Нүцгэн эрийг нутгийн иргэд элдэв амттан, цай ундаанд хэрэглэж иржээ. Чухам үүнээс болж уг гоёмсог цахирмаа нэн ховор цэцгийн тоонд ороод байна. Нүцгэн эрийн үр болон болцууг нь нунтаглан хийдэг нэгэн зүйлийн гурилыг Газар дундын тэнгис орчмын бүс нутгаас экспортлохыг мөн хоригложээ.


02

Манцуйтай хүүхэд (Anguloa uniflora)

Андын нурууны Колумбын нутаг дахь хэсгээс 1777 онд анх олдсон энэхүү өхөөрдөм алтанзул 20-иод жилийн дараа буюу 1798 онд л албан ёсоор шинжлэх ухаанд бүртгэгдэж, нэртэй болжээ. Жил бүр зуны эхэн сард дэлгэрдэг Манцуйтай хүүхэд ойролцоогоор 10 см болж ургах бөгөөд онцгой анхилам үнэр ялгаруулан, “өлгий”-гөө задлах нь 5-7 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сайхан үнэрт нь хууртсан хорхой шавж манцуй руу нь орж, наалдамхай шингэнд нь баригддаг байна.


01

Янхны уруул (Psychotria elata)

Колумб, Коста Рика, Панамын нутагт ургадаг энэ цэцгийн “уруул” нь үнэндээ дэлбээ биш, иш нь юм. Янхны шунхан улаан уруул жилд ганц удаа буюу цэцэг нь гарахаас хэдхэн хоногийн өмнө энэхүү зураг дээрх шиг “үнсэхэд” бэлэн болох бол дундаас нь дэлбээлэх жижигхэн шар, цагаан цэцэг нь хэл шиг харагдана. Янхны уруулын өнөр бүлд 1990-ээд дэд зүйлийн цэцэг багтдаг. Тэдгээрийн зарим нь уруул дээрээ “яр” шиг харагдах хар хар толботой агаад тэр нь нэгэн зүйлийн хортой бактери байдаг байна. Уугуул тархац нутаг нь ойн хорогдлоос болж ихээхэн хумигдсан тул Янхны уруул устаж болзошгүй цэцгийн жагсаалтад бичигджээ.



7.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


yanxnii uruul xxax
+1
Янхны уруул нь юу вэ хахаха
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start