Арав.мн

Нийгэм хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах зурагт сурталчилгаанууд

Нийгэм хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах зурагт сурталчилгаанууд

“Ай, хуучны сайхан цагт бүх юм сайхан байжээ” хэмээн санаа алдах хүмүүс олон. Магадгүй тухайн үед үнэхээр сайхан байсан байж болох ч цаг үеээ дагаад маш олон зүйл дээр алдсанаа мэдэж, түүнийгээ залруулан илүү сайн сайхан руугаа эргэсэн байдгийг анзаараагүй өнгөрсөн байх магадлалтай. Эсвэл танд бүх зүйл одоогийнх шигээ л байсан мэт санагддаг уу?

Ердөө хагас зуун жилийн тэртээ нийгэм ямар байсныг хүмүүс аль хэдийнээ мартчихсан байдаг аж. Тиймээс бидний амьдарч буй цаг үе, нийгэмд ямар их дэвшил гарсныг дараах зурагт хуудсуудаас хараад та гайхах байх. Харин дахиад 100 жилийн дараа одоогийн “энгийн” зүйлс үр хойчийн маань нүдийг орой дээр нь гаргах болов уу?


10

Тамхины сурталчилгаанд эмч нар болон хүүхдүүдийг дүрсэлдэг байв

1940-өөд оны үед “Camel” тамхины компани өөрсдийн бүтээгдэхүүнээ биед сайн мэтээр сурталчлах гэж оролдож байв. Тэд сурталчилгаандаа эмч нарыг ашиглаж байлаа.

Сурталчилгааг утгачилбал, “Эмч нар бусад тамхинаас илүүтэй Camel-ыг татдаг” гэх гарчиг доор салбартаа тэргүүлэгч судалгааны гурван компаниар янз бүрийн мэргэжлийн 113,597 эмчийн дунд хийсэн судалгаагаар хамгийн их татдаг тамхи нь Camel байсан юм хэмээн бичсэн байна.

Харин 1950-аад онд “Marlboro”компани сурталчилгаандаа хүүхдүүдийг ашиглаж байжээ. Өхөөрдөм жаахан хүүхдүүд эцэг, эхдээ хандан “Ээж ээ, намайг загнахаасаа өмнө Marlboro асаасан нь дээр байх аа” эсвэл “Аав аа, та юм бүхний хамгийн сайныг нь сонгох юм аа? Marlboro хүртэл авчхаж” гэсэн утгатай үг хэлж буйгаар дүрсэлсэн байна. Үүний хариуд аав, ээж нь “Хэт ихийг татчихлаа гэсэн мэдрэмж хэзээ ч төрөхгүй. Marlboro-гийн гайхамшиг нь энэ” хэмээн баясгалантай хариулна.


09

Эмэгтэйчүүд бол гэрийн боол

“Kellogg” компанийн PEP витамины энэ сурталчилгаа 1930-аад онд гарч байв. Сурталчилгаанд эхнэрээ сайн ажиллах тусам илүү хөөрхөн болж байгааг гайхсан нөхрийг дүрсэлсэн байдаг.

“Хонгор минь, чи хоол хийх, цэвэрлэх, тоос арчихдаа гарамгай юм аа. Би харин ажил тарах үед сунаж унах дөхөх юм. Нууц чинь юу вэ?” гэх нөхрийнхөө асуултад “Аминдэм шүү дээ, хонгор минь. Би үргэлж аминдэмээ уудаг” хэмээн жаргалтайгаар хариулж буй эхнэрийг та харж болно.                

Түүнчлэн “Hardee’s” компанийн сурталчилгаанд эмэгтэйчүүдийг гал тогооны өрөөнөөс өөр газар байх ёсгүй хэмээн бичсэн байгааг та харж байгаа байх. “Эмэгтэйчүүд нөхөртөө амттай хоол хийгээд гэртээ байх ёстой. Гэхдээ таныг хүлээх бяцхан хатагтай байхгүй, та гоонь эрийн амьдралаар амьдарч буй бол Hardee’s-д ирээд хоолоо идээрэй”.

1960-аад онд “Hoover” компанийн сурталчилгааны хуудас дээр “Эхнэр чинь зул сарын өглөө Hoover-тэй байвал илүү жаргалтай байх болно” гэж бичсэн байдаг. 


08

Эхнэртээ гар хүрэх нь энгийн үзэгдэл байжээ

Гэр бүлийн хүчирхийлэл, нөхөр нь эхнэртээ гар хүрэх нь энгийн зүйл байсан бололтой. Энгийнээр барахгүй зайлшгүй байх ёстой зүйл мэтээр бичсэн нь аймшигтай.

“Шинэхэн кофег ‘дэлгүүрт нь шалгаагүй’ гэдгийг нөхөр чинь мэдвэл” гэх гарчиг дор худалдан авахаасаа өмнө шалгаагүйгээс болж шинэ кофе аваагүйгээсээ болж нөхөртөө зодуулж буй эмэгтэйг дүрсэлсэн байна.

Түүнчлэн “Та эхнэрээ зоддог хэвээрээ юу?” гэх гарчигтай энэ зурагт хуудсанд “Яагаад эхнэрээ зодож байх хэрэгтэй байдаг вэ?” хэмээх сурган хүмүүжүүлэх номыг сурталчилж байна. Энэ номыг ‘эхнэрээ зодох урлагийг’ бүрэн эзэмшсэн эр хүн бичжээ. 


07

Хар арьстнууд бол бохир, бүдүүлэг бас зэрлэг

1952 оны “Van Heusen” компанийн Оксфорд буюу дугуй захтай цамцны сурталчилгаанд “Таван хүн тутмын 4 нь Оксфордыг сонгодог” хэмээн бичсэн бөгөөд тав дахь нь зэрлэг хүнтэй адил хэмээн хар арьст хүнээр дүрсэлсэн байдаг.

Түүнчлэн NK Fairbank Co. компанийн савангийн сурталчилгаанд цагаан арьст охин хар арьст хүүхдээс “Ээж чинь яагаад чамайг Fairy савангаар угаадаггүй юм бэ?” хэмээн асууж буйгаар харуулжээ.

Тэр бүү хэл Pear’s савангийн компанийн 1900-гаад оны сурталчилгаанд “Цэвэр байдлыг түгээх нь цагаан арьстны үүрэх ачаа юм” хэмээн бичиж, бохир бүдүүлэг хар арьстнуудад саван хэрэглэхийг зааж буйгаар харуулж байжээ.


06

Хийжүүлсэн ундаа бол хүүхдүүдийн дуртай ундаа

1950-аад онд 7-Up компани өөрсдийн хийжүүлсэн, өндөр сахарын агууламжтай ундаагаа нялх хүүхдүүддээ өгөхийг уриалж байлаа. Зурагт хуудас дээрх хүүхэд 11 сартай бөгөөд түүнээс ч бага насны хүүхэд ууж болох ундаа хэмээн сурталчилгаан дээр бичсэн байна. Мөн сүүгээ уухгүй байгаа хүүхдийн сүүтэй хольж хэрэглэхийг зөвлөжээ.

Үүнтэй адилаар Soda Pop Board of America кола ундааг бага насны хүүхдэд уулгаж сургаснаар шилжилтийн өмнөх болон шилжилтийн насан дээрээ илүү нийтэч нэгэн болно хэмээн сурталчилж байлаа.  


05

Хүүхнүүд юу ч чадахгүй

1950-аад оны Volkswagen компанийн алдарт Цох машины сурталчилгаанд бүсгүйчүүдийг автомашин жолоодож чадахгүй хэмээн доромжилсон байдаг. “Хэзээ нэг өдөр эхнэр чинь Volkswagen-ыг сонгох хамгийн гол шалтгааныг чинь гэрт тань авчран харуулах болно. Эмэгтэйчүүд уян, зөөлөн. Даанч тэд юм мөргөчихдөг. Харин Volkswagen-ыг унаж яваад эхнэр чинь юм мөргөхөд та тийм ч их хохирол амсахгүй. Яагаад гэвэл VW-гийн сэлбэгүүд хямд бөгөөд солиход амархан” хэмээн бичжээ.

Харин энэхүү дайны үеийн суртал ухуулгад “Цэргүүдэд бидний тусламж хэрэгтэй байна! Америк эмэгтэйчүүд цуглахтун! Бүсгүйчүүд та нар минь ингэж нэг хэрэг болох гэж!” гэсэн утгатай үгсийг бичсэн байгааг харж байгаа байх.


04

Нөхрийн ходоодноос чухал зүйл үгүй

Хөл хүнд эмэгтэйн хордлогыг намжаах “Mornidine” эмийн сурталчилгаанд “Одоо тэр буцаад өглөөний цайг бэлддэг болно” гэж бичсэн байна. Хордлоготой байлаа гээд зүгээр хэвтэж, хоол хийхгүй байж болно гэсэн үг биш бөгөөд гэдсэнд нь өсч буй хүүхдээс илүү нөхөр өлсөхгүй байх нь чухал гэх мэдрэмж төрж байгаа биз?


03

Хүүхдүүдэд кокэйн зардаг байв

Мансууруулах бодисын аюулыг төдийлөн мэдээгүй байх үедээ морфин, кокэйн зэрэг аюултай бодисуудыг эмчилгээнд өргөн ашиглаж байв. Энэ алдааг гаргаж байсан компаниудын нэг болох Lloyd Manufacturing Co. компани хүүхдүүдэд зориулсан шүдний өвчин намдаах зориулалт бүхий хамгийн хүчтэй мансууруулах бодисын нэг кокэйн агуулсан эмээ гаргаж байжээ. Тэд ердөө 15 центээр шүдний өвчинг хормын төдий алга болгох “ид шидтэй” хэмээн хоёр бяцхан хүүхдийн зурагтайгаар хэрэглэгчдээ татдаг байжээ. 


02

Хүүхдүүдийг сексийн агуулгатай сурталчилгаанд ашиглаж байв

1970-аад онд “Love Cosmetics” компани Baby Soft үнэртний сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдийг секс бэлгэ тэмдэг болгон харагдуулахаас огт санаа зовоогүй байна. Зураг хуудсандаа тоглоомон бамбарууш тэвэрсэн бяцхан охиныг нүүрийг нь будсан байдалтай харуулсан байх бөгөөд “Энэхүү салахын аргагүй, цэвэрхэн хүүхдийн үнэрийн ачаар ямар ч том хүн секси мэдрэмж авна. Зөөлөн үнэртэй. Цэвэр, ариухан. Магадгүй хамгийн тачаангуй үнэртэн энэ байх” хэмээн бичсэн байдаг. Ийм сурталчилгаа явуулсных нь төлөө шүүхэд хандаж, үйл ажиллагааг нь зогсоосон ч багадна.


01

Эмэгтэйчүүд дарамтлуулах дуртай

Эмэгтэйчүүд сайн залуугаас илүү муу залууд татагдах гээд байдаг тал байдаг ч тэглээ гээд тэдэнд бэлгийн дарамт үзүүлж, дорд үзсэн байдал гаргахад дуртай гэсэн үг биш юм. Тухайлбал, “Tipalet” тамхины зурагт сурталчилгаанд таалагдсан бүсгүйгээ өөрийн болгохын тулд тамхиныхаа утааг нүүр рүү нь үлээ хэмээн бичжээ. Интоор, усан үзэм зэрэг жимсний үнэртэй уг тамхины үнэрийг авсан ямар ч эмэгтэй таныг хаашаа ч хамаагүй дагаад л явах юм гэнэ.

Түүнчлэн эрчүүдэд зориулсан гутал, зангианы сурталчилгаанууд дээр “Түүнийг байх ёстой газарт нь байлга” болон “Түүнд энэ бол эр хүний ертөнц гэдгийг ойлгуул” хэмээн бичиж, эмэгтэй хүн эрчүүдэд үйлчлэх зориулалттай доод төвшний хүн хэмээн харуулж байв.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Шинэ эхлэл !!!
+3
Уур инээд хоёр зэрэг хүрлээшд хаха
Маш сонирхолтой
+8
ОДоо ч ийм бодолтой, хандалгатай эрчүүд байдаг гэхээр харамсмаар юм. Тэд бүгд бөөнөөрөө аваарт орж үхэцгээгээсэй
+7
Бүсгүйчүүд та нар минь ингэж нэг хэрэг болох гэж! гэнэ үү? хахаха
+11
Энэ номыг ‘эхнэрээ зодох урлагийг’ бүрэн эзэмшсэн эр хүн бичжээ хаха
+9
уур хүрмээр ч юм шиг, инээд хүрмээр ч юм шиг
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start