Арав.мн

Хамгийн их гамшиг дагуулсан галт уулын дэлбэрэлтүүд

Хамгийн их гамшиг дагуулсан галт уулын дэлбэрэлтүүд

Хуучин цагт хүмүүс сүрлэг их уулсын “уур хилэн”-г бурхны гэсгээл гэж үздэг байлаа. Харин уул дэлбэрэх нь ердөө тектоник хөдөлгөөний нөлөөгөөр дэлхийн цөм дэх халуун магма оргилон гарч ирэх үзэгдэл болохыг орчин цагийнхан бүгд мэдэх болжээ. Гэвч энэхүү “жирийн” үзэгдэл өгүүлшгүй их зовлон дагуулах нь бий. Дараах 10 галт уулын дэлбэрэлт тийнхүү гай барцад тарьж, сая сая хүний амьдралд нөлөөлсөн байгалийн гамшгууд юм. Эдгээрийг амь үрэгдсэн хүнийх нь тоогоор бус байгаль орчин болон тухайн бүс нутагт хожим үзүүлсэн дам нөлөөгөөр нь эрэмбэллээ. 


10

Ламингтон (Lamington)

1680 метр өндөр энэ уул Папау Шинэ Гвиней улсын Оро мужийн нутагт оршдог. Харамсалтай нь нутгийн иргэд 1951 он хүртэл Ламингтоныг ердийн нэг модот даваа гэж боддог байж. Гэтэл мөн оны нэгдүгээр сарын 18-ны шөнө мөнөөх “гэмгүй” уул гэнэтхэн л утаа савсуулан оргилж, гурав хоногийн дараа хойд оройгоосоо дэлбэрчээ. Хэдий жижигхэн уул ч Ламингтоны дэлбэрэлтийн нөлөө олон сар үргэлжилсэн бөгөөд халуун лава, чулуулаг нь 20 гаруй км-ийн цаана хүртэл цацагдаж, 3000 гаруй хүний аминд хүрсэн байна. 


09

Папандайян (Papandayan)

Индонезийн Ява аралд орших Папандайян асар том хорготой, хагас идэвхт галт уул юм. 1772 онд уулын нэг тал дэлбэрснээс хормой бэлд нь байсан 40 орчим тосгон бүхлээрээ сүйджээ. Нийт 3000 гаруй хүн амь үрэгдсэн гэх уг гамшгаас хойш Папандайян орчимд хүн суурьшихыг хориглосон байна. Уулын эргэн тойронд мөн газар хөдлөлт их болдог бөгөөд 1923, 1942, 2002 онд хүчтэй газар хөдлөлт болж, уул идэвхжин албаныхныг сандаргаж байв. Мэргэжилтнүүд Папандайяныг ойрын хугацаанд дэлбэрэх магадлалтай уулын жагсаалтад байнга багтаадаг. 


08

Келуд (Kelud)

Мөн л Ява аралд байх энэ уул ойр ойрхон идэвхждэг бөгөөд хамгийн сүүлд 2014 онд дэлбэрчээ. Албаныхан хугацаа алдалгүй ажиллаж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тул энэ үеэр гурван хүн л амь үрэгдсэн байна. Гэхдээ хэдэн мянган барилга, байгууламж сүйдэн, Индонезийн эдийн засаг хэдэн зуун сая ам.долларын хохирол хүлээжээ. Келуд уулын хамгийн их гамшиг дагуулсан дэлбэрэлт нь 1919 оны тавдугаар сарын 19-нд болсон тэсрэлт юм. Тэр үед халуун магмын хэд хэдэн “нуур” бүтээсэн Келуд хэдхэн хормын дотор зэргэлдээх суурингуудыг час улаан тосон дөлөөр хучиж, 5000 орчим хүний аминд хүрсэн байна. Энэхүү хүчтэй дэлбэрэлтээс үүссэн үнс тортог 1923 онд хүртэл Келуд орчмыг бүрхсэн хэвээр байсан гэдэг. 


07

Үнзэн (Unzen)

Японы Күюшюүд байх энэ уул олон жижиг галт уулаас бүтэх давхраат уул юм. 1500 орчим метр өндөр Үнзэн одоо ч идэвхтэй бөгөөд Олон улсын галт уул, дэлхийн дотоод хэсгийн судалгааны байгууллагаас (IAVCEI) тодруулсан хамгийн аюултай 16 галт уулын тоонд багтдаг. Энэ уулын хамгийн хөнөөлт дэлбэрэлт 1792 онд болжээ. Лава агуулагч олон “сав” нь нэгэн зэрэг тэсэрсэн нь цунами үүсгэж, 15 мянга орчим хүний аминд хүрсэн байна. Энэ нь Японы түүхэн дэх галт уулын хамгийн том гамшиг, хамгийн олон хүн үрэгдсэн дэлбэрэлт юм. Үнзэнийг сүүлд 1991 онд дэлбэрэхэд 43 хүн амь үрэгдсэний дотор галт уул судлаач гурван эрдэмтэн байлаа. 


06

Руис (Ruiz)

Колумбын Невадо дел Руис галт уул дэлбэрэх бүртээ ойр орчмынхоо сул шороог нурааж, хормойд нь аж төрдөг хүмүүст давхар гамшиг учруулдаг. Руисийг 1595 онд дэлбэрэхэд 635, 1845 онд дэлбэрэхэд 1000 гаруй хүн чухам ийм шалтгаанаар магма, сул шороо, лаг шаварт дарагдан амиа алджээ. Гэтэл ийм гашуун түүх байсаар атал Армеро хэмээх сууринг Руисийн хормойд буюу хатаж дагтаршсан магма дээр барьсан байна. Руисийг 1985 оны арваннэгдүгээр сарын 13-нд дэлбэрэхэд Армерогийн 31 мянган оршин суугчийн 23 мянга нь галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй лахар хэмээгдэх халуун лава, лаг шаварны холимогт дарагдан амь үрэгджээ. Энэ нь галт уулын лахараас болсон, дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүн эндсэн байгалийн гамшиг юм. 



05

Пеле (Pelée)

Францын хилийн чанад дахь олон эзэмшил нутгаас хамгийн их жуулчин татдаг Мартиник аралд байх энэ уулын 1902 оны тавдугаар сарын 7-ны өдөр болсон дэлбэрэлтийг XX зуунд болсон галт уулын бүх л гамшгаас хамгийн олон хүний аминд хүрсэн нь гэдэг. Тухайн цагт Мартиникийн хамгийн том хот байсан Сен-Пьерийг бүхэлд нь сүйтгэж, бүх оршин суугчийг нь буюу 30-аад мянган хүнийг хөнөөсөн Пелег бүтэн сарын өмнөөс уур манан савсуулж, утаа тортог хаян, хүхэр цацаж байхад нутгийн иргэд болон эрх баригчид айсуй аюулыг ер тооцоолоогүй байна. Гамшгаас хоёрхон хүн амьд үлдсэн агаад тэдний нэг нь халуун магма урсаж ирэхээс өмнө амжиж тэнгисийн ус рүү үсэрч, буцлам халуун усанд түлэгдсэн ч амь гарсан жирийн гуталчин, нөгөө нь хотын зах дахь шоронгийн умгар өрөөнийхөө үүд, цонхыг нойтон хувцсаараа халхалж дөнгөсөн хар арьст хоригдол байлаа. 


04

Кракатоу (Krakatoa)

Индонезийн Сунда хоолойд байх энэ уул 1883 оны наймдугаар сард хэд дахин дэлбэрчээ. Тэр олон дэлбэрэлтээс хамгийн хүчтэй нь Хирошимад хаясан цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс 13 мянга дахин хүчтэй байсан гэдэг. Тэсрэлтийн чимээ нь Австралид буюу 4800 км-ийн цаана хүртэл сонсогдсон мөнхүү дэлбэрэлтийн уршгаар 37 мянган хүн нас барсан гэх албан ёсны тооцоо бий. Харин цунами, өлсгөлөн зэрэг дам нөлөө, дараах гамшигт нь өртсөн хүний тоог нэмбэл энэ тоо 120 мянгад хүрнэ. 


03

Тамбора (Tambora)

Индонезийн 130 орчим идэвхтэй галт уулын нэг энэхүү сүрлэг уул далайн түвшнөөс дээш 2722 метр өндөр агаад XVIII зуунд 4300 орчим метр байжээ. Тус улсын Сумбава арал дээр орших Тамбора 1815 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд хэд хэдэн удаа дэлбэрч, агаарын давхар мандалд нөлөөлснөөр дэлхийн уур амьсгалд гэнэтийн өөрчлөлт авчирсан байна. Бага мөстлөг гэгддэг энэ явдал олон улсыг хамарсан өлсгөлөн, ядуурал, үймээн самууны шалтгаан болсон байдаг. Түүхэнд Зун болоогүй жил хэмээн тэмдэглэгддэг 1816 оны цочир хүйтрэл чухамдаа Тамборагийн дэлбэрэлтээс үүдсэн байгалийн гамшиг байлаа. Дэлбэрэлтийн уршгаар Сумбава болон ойролцоох арлуудад нь 12 мянган хүн үрэгдсэн бол бусад үүдэлтэй хүчин зүйл, тэр дундаа өлсгөлөнгийн улмаас олон улсад 100 мянга гаруй хүн нас барсан гэх судалгаа бий. Тамборагийн дэлбэрэлтээс болж дараах хэдэн жилд нь дэлхийн ихэнх хэсэгт тэнгэрийн хаяа цусан улаан, тэргэл сар нил ягаан үзэгдэж байсан гэдэг. Норвегийн зураач Эдварт Мүнкийн алдарт “Хашхираан” зураг дээрх улаан тэнгэр ч Тамборагийн “бүтээл” юм. 


02

Везувий (Vesuvius)

Помпей хотын үүх түүхээр дамжин дэлхий дахинаа танигдсан энэ уул хөнөөсөн хүнийхээ тоогоор бус, түүхэн дэх хамгийн алдартай галт уул бөгөөд Европын хамгийн хөнөөлт “нойрсож буй араатан”-ы хувиар жагсаалтын хоёрт орж байна. Везувийн хамгийн хүчтэй, олон нийтийн хамгийн сайн мэдэх дэлбэрэлт нь нийтийн тооллын 79 онд болсон агаад тэр гамшгаар чухам хэдэн хүн амиа алдсан нь өнөө ч тодорхой бус. Гэхдээ 25 мянга гаруй хүн үрэгдсэн гэх таамаг бий. Тэрхүү дэлбэрэлтээр Везувийн хормой бэл дэх хэдэн арван суурин, түүний дотор ид хөгжин цэцэглэж байсан Помпей, Херкуланум хотууд сүйдсэн билээ. 32 мянган метрийн өндөрт үнс тортогоо цацсан Везувий 20 гаруй цаг хайрга, чулуугаар оргилсон гэдэг. Түүнээс хойш 10 гаруй удаа дэлбэрсэн энэ уул хамгийн сүүлд 1944 онд дэлбэрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн зуунд Европын эх газарт болсон галт уулын цор ганц дэлбэрэлт юм. Везувий эдүгээ чдэлхийн хамгийн аюултай галт уулын нэг гэгддэг. Хэдийд ч дэлбэрэх магадлалтай дэлхийн бусад галт уултай харьцуулахад энэ уулын хормойд хамгийн олон хүн буюу гурван сая гаруй хүн аж төрж байна. 


01

Лаки (Laki)

1783 онд дэлбэрэхдээ Исландын бүх амьтны 50 хувийг хөнөөж, бараг бүх ургацыг сүйтгэн, хүн амынх нь дөрөвний нэг хувь буюу 20-иод мянган хүний аминд хүрсэн (дийлэнх нь өлсгөлөнгөөр нас баржээ) Лаки галт уул тэсрэлтийнхээ оргил үед 1400 метр өндөр лаван оргилуур үүсгэн, ойролцоогоор 42 тэрбум тонн чулуулаг агаарт цацжээ. 1725 метр өндөр энэ уулын дэлбэрэлтийн нөлөө дэлхий даяар мэдрэгдсэн бөгөөд британичууд 1783 оны зуныг Элсээр шуурсан зун хэмээж байв. Харин бөмбөрцгийн хойд хагасыг бүхэлдээ хорт хий, хар үүл нөмөрснөөс мөн оны өвөл урьд байгаагүйгээр хахир хүйтэн болж, зөвхөн Британийн арлуудад гэхэд 8000 гаруй хүн осгон, 23 мянга гаруй хүн агаарын бохирдлоос болж амиа алдсан гэх судалгаа бий. Францад уур амьсгал эрс тэс болж, ган гачиг нүүрлэн, өвөл нь хэт хүйтэн, зун нь хэт халуун болсон нь мөн л энэхүү Исландын уулын нөлөө байлаа. Ялангуяа 1785 оны ган гачиг хэдэн сая хүнийг өлсгөлөн, ядуурал руу түлхсэн нь 1789 оны хувьсгал дэгдэх урьдач нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Хойд Африк, Энэтхэгт хүртэл 1783-1786 онд ургац буурч, хэдэн мянган хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэдэг ч тодорхой тоо баримт байдаггүй байна. 1784 оны өвөл Америкийн эх газрын түүхэн дэх хамгийн урт өвлөөр бүртгэгдсэн нь бас л Лакигийн дэлбэрэлтийн нөлөө юм. 



7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
goe site bn
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start