Арав.мн

Хараахан дуусгаж амжаагүй хосгүй бүтээлүүд

Хараахан дуусгаж амжаагүй хосгүй бүтээлүүд

Уран зураг яагаад хагас дутуу хөсөр хаягдан үлдэж хоцордог вэ?

Зураачийн онгод хийсэн одов уу? Захиалсан эзэн нь мөнгөө төлөхөөс цааргалав уу? Эсвэл зураач зүгээр л уйдаж, залхаж, урам зориг нь мохов уу? Эс бөгөөс зураач, эсвэл захиалагч нь цагаасаа өмнө халин одов уу?

Бүтээл бүрийн ард түүх оршиж байдаг. Харин хараахан дуусгаж амжаагүй хосгүй бүтээлийн ард бүр ч онцгой түүх байж таарна. 


10

ЛЕОНАРДО ДА ВИНЧИ – МЭРГЭДИЙН ХҮНДЭТГЭЛ

Тал бүрийн авьяастан, агуу их сэтгэгч Леонардо да Винчи “Чанар чансаа цаг хугацаа шаарддаг” хэмээхийн бодит жишээ байжээ. Инженер, шинжлэх ухаан, математик гээд олон талын авъяас, шинийг эрэлхийлэх сэтгэлгээндээ автаж Да Винчи нэг бүтээлдээ асар их хугацаа зарцуулдаг байв.

1481 онд Да Винчи Флоренцид аж төрж байлаа. Августины санваартнууд түүнд Есүс Христийг мэндэлсний дараа дорно зүгээс мэргэн хүмүүс ирж, бяцхан Есүстэй уулзаж буйг дүрсэлсэн зураг зуруулахаар захиалга өгчээ. Жилийн хугацаа өнгөрөхөд Да Винчи хааш хаашаа 2.1 метр ам дөрвөлжин, яг бодит хэмжээтэй зураг хагас дутуу бүтээсэн байв.

Гэвч суут зураач бүтээлээ дуусгаж чадсангүй, оронд нь их мөнгөний төлөө өнөөх зургаа хөсөр хаяжээ. Чинээлэг гүн Людовико ил Морогийн таашааснаар тэр 1482 онд Миланд очив. Тэнд Да Винчи алдарт “Сүүлчийн оройн зоог” зургаа зуржээ. Гэхдээ тэрээр Миланд өнгөрүүлсэн 17 жилийн хугацаанд ердөө зургаан зураг зурсан байна.

“Мэргэдийн хүндэтгэл” зургийг тэр хэзээ ч гүйцээсэнгүй. Филиппино Липпи оронд нь шинийг зуржээ. Өдгөө дутуу, гүйцэт хоёр зураг хоёул Флоренцийн Уффици галлерейд хадгалагддаг байна. 


09

БЕНЖАМИН УЭСТ – ПАРИСЫН ГЭРЭЭ

Америкийн Хувьсгалын дайныг цэглэж, АНУ-ын тусгаар тогтнолыг тунхагласан 1783 оны Парисын гэрээ америкчуудын хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал юм. Жон Адамс, Бенжамин Франклин тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Парист очиж, Франц, Испани, Голланд болон Британийн талтай хэлэлцээрийн ширээнд суусан. Үр дүнд нь Английн колони байсан 13 муж тусгаар улс болж, дайны үеэр Британийн талд олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авахаар болов.

Түүхэн энэ үйл явдлыг дүрсжүүлж, урлагийн бүтээл туурвих даалгавар Бенжамин Уэстэд ирчээ. Гэвч британичууд ялагдлаа гавъяа мэтээр сэтгэж, уран зурагт дүрээ мөнхлөх нь ичгүүртэй бөгөөд шившигтэй хэрэг гэж үзсэн тул зуруулахаас татгалзсан байна. Ингээд Бенжамин Уэстийн зургийн өрөөсөн тал нь цагаан цаас хэвээр үлдэж хоцорчээ.

Харамсалтай нь, англичуудын “бултсан нь” амжилт олсонгүй. Хагас дутуу ч гэсэн энэ зураг өдгөө АНУ-ын Массачусеттс мужийн Адамсын үндэсний түүхэн дурсгалт газрын номын санд өлгөөтэй байдаг.


08

ПИТ МОНДРИАН – ЯЛАЛТ БУГИ-ВУГИ

Голландын зураач Пит Мондрианы абстракт бүтээлүүд геометрын тод дүрс, өнгөний “тоглолт”-оороо алдартай.

“Ялалт Буги-Вуги” зургаа Мондриан Дэлхийн II дайны ялалтыг зөгнөж зурсан гэдэг. Харамсалтай нь, Мондриан 1944 онд хатгалгаа тусч, бүтээлээ хараахан гүйцээж амжилгүй насан эцэслэжээ.

Өдгөө “Ялалт Буги-Вуги” бүтээл Гааг хотын музейд хадгалагддаг. Голландын Төв банк уг бүтээлийг Америкийн цуглуулагчаас 80 сая гульденээр /40 сая орчим евро/ худалдан авч, Үндэсний урлагийн санд бэлэг болгон дурсгаж байжээ. 


07

ЭЛИС НИЛ – ХАР ЦЭРЭГ ЖЕЙМС ХАНТЕР

Хэдий дутуу дулимаг ч гайхалтай урлагийн бүтээл болж чадсан энэ тосон зураг Америкийн хөрөг зураач Элис Нилийн бүтээл юм. “Хар цэрэг Жеймс Хантер” нэртэй бүтээлээ зураач өөрөө гүйцээлгүй үлдээсэн гэдэг. Учир нь хагас дутуу энэ л хэвээрээ түүний гаргахыг, харуулахыг хүссэн эмоцийг илэрхийлж байсан хэрэг. Тиймээс ч Элис Нил дутуу хэвээр нь гарын үсгээ зураад Уитни музейд дэлгэжээ.

Олон нийтэд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөж, таашаагдаж чадаагүй Элис Нил гол төлөв үл таних нэгнийг урландаа урьж, хөргийг нь зурдаг байв. Нэгэн удаа, 1965 онд тэрээр Вьетнамын дайнд үүрэг гүйцэтгэхээр цэрэгт татагдаж байсан Жеймс Хантер гэгчийг сонгожээ. Урдах сандалдаа суулгаад Хантерыг цаасан дээр буулгаж суухдаа Элис түүний уй гашууд автсан гэмээр дүнсгэр, цаг ямагт үл мэдэх зүйлийг эргэцүүлсэн төрхийг нь анзаарав. Эхний удаад Элис царайг нь зурж, биеийнх нь хар зургийг гаргаж амжжээ. Харин Хантер дахин зуруулахаар ирсэнгүй...


06

ПАРМИЖАНИНО – УРТ ХҮЗҮҮТЭЙ ЭХ ДАГИНА

Пармижанино нэрээрээ алдаршсан зураач Жироламо Франческо Мария Маццола бол Италийн сэргэн мандлын үеийн төлөөлөгч юм. Тэрээр маньеризм буюу байгалийн харьцааг зориудаар гуйвуулж, гоо үзэсгэлэн, сүр жавхланг тодотгож харуулахын тулд хэт ихэсгэх арга маягаар бүтээлээ туурвидаг байж.

Пармижанино Гэгээн Мэри, бяцхан Есүс нарыг дүрсэлсэн “Урт хүзүүтэй эх дагина” зургаа эхлүүлснээс хойш гар хүрч ядан, засаж залруулсаар нэлээд хэдэн жилийг үджээ. Гэвч 1540 онд хумхаа өвчнөөр нас барж, зураг нь дутуу хэвээр үлдэж хоцорсон байна.



05

ГИЛБЕРТ СТЮАРТ – ЖОРЖ ВАШИНГТОНЫ ХӨРӨГ

Оршин буй тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай хөрөг зураач Гилберт Стюарт 1000 гаруй хүний хөргийг бүтээжээ. АНУ-ын ерөнхийлөгч нараас гадна Европын хаан, хатдын хөргийг урлаж байв. Түүний хамгийн алдартай бүтээл нь харин хараахан гүйцээж амжаагүй хөрөг байдаг.

Стюарт 1795 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөргийг бүтээсэн нь тун амжилттай болсон тул ерөнхийлөгчийн гэргий Марта 1796 дахин зураачид ханджээ. Тэрээр нөхрийнхөө зургийг дахин зуруулах захиалга өгсөн нь хэзээ ч бүрэн гүйцэт болж чадаагүй юм. Стюарт ерөнхийлөгчийн нүүр царайг, бас арын дэвсгэрийн нэгээхэн хэсгийг зураад дутуу орхижээ. Түүнийг зориуд дуусгаагүй гэж зарим судлаачид тайлбарладаг.

Стюарт зургийн хуулбар бүрийг 100 ам.доллараар үнэлж, гэрээ хийсэн байсан бөгөөд насан эцэслэх хүртлээ 130 орчим хуулбар зурсан гэдэг.

Энэ л зураг зуун дамнан америк долларын нэгтийн дэвсгэрт дээр хэвлэгдсээр ирсэн юм. Түүнчлэн Жорж Вашингтоны дуусгаж амжаагүй энэ хөрөг 19-р зуун, 20-р зууны энэ үеийн Америкийн шуудангийн марк дээр хэдэн сая хувь хэвлэгджээ.


04

НАТАЛИ ХОЛЛАНД – ОСКАР: ЗАВСАРЛАСАН ХӨРӨГ

Төрөлхийн тахир дутуу хэдий ч өөрийгөө ялан дийлж, өрөөл бусдад асар их урам зориг, сэтгэлийн тэнхээ хайрласан “Илдэн дээр гүйгч”-ийг олон хүн “баатар” гэж үнэлдэг. Паралимпийн наадмаас зургаан алтан медаль хүртсэн Оскар Писториус хиймэл хөлтэй боловч эрүүл саруул тамирчидтай мөр зэрэгцэн зуны олимпод оролцсон нэгэн. “Лондон-2012” олимпийн эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаанд өрсөлдсөнийх нь дараа орос гаралтай зураач Натали Холландад түүний хөргийг зурах санал иржээ.

Дутуу орхисон энэ зураг Натали Холландын зурсан Оскарын гурав дахь хөрөг юм.

“Илдэн дээр гүйгч”-ийн толгой, гарыг дөнгөж зурж дуусчихаад байх үед Оскар найз бүсгүйгээ буудаж, амийг нь хөнөөсөн тухай мэдээ цацагджээ. Баяр бахдал дүүрэн сэтгэлээр хөрөг бүтээж байсан зураачийн сэтгэл хөрж, зураг ч дутуу хэвээр хоцров.

Харин Оскар Писториус хүн амины хэргээр шүүх танхимд дуудагдаж, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.


03

ЕЛИЗАВЕТА ШУМАТОВА – ДУУСГААГҮЙ ХӨРӨГ

Елизавета Шуматова анхандаа Франклин Рузвельтийн хөргийг зурна гэхдээ тун дурамжхан байсан гэдэг. Шалтгаан нь “хүсээгүй, эсвэл төлөвлөөгүй” зүйл байсан гэх. Гэхдээ энэ зургийнхаа ачаар зураач бүсгүй хүн төрөлхтний түүхийн өчүүхэн боловч хэсгийг бүтээсэн юм.

Шуматова 1943 онд Рузвельтийн хөргийг зурах гэж оролдоод санаанд нь хүрсэнгүй, 1945 онд дахин зурахаар болжээ. Ерөнхийлөгчийн хаанаас ч юм тасралтгүй ундарч байдаг эрч хүчийг илэрхийлэх нь түүний хүсэл бөгөөд сорилт байв.

Зураач бүсгүй Рузвельтийн биеийн байдал тааруу байгаа гэж сонссон ч ерөнхийлөгч өөрөө хөргөө зуруулахыг ихэд хүсэж байсан гэдэг. Долоо хоногийн турш тэр сэтгэл санаа өөдрөг, Уинстон Черчиллийг шоглон дуурайж, Иосиф Сталин эхнэрээ хордуулж хөнөөсөн гэдэгт итгэдэг тухайгаа ярьж, бие нь тэнхлүүн байжээ. Гэвч нэг өдөр Шуматова түүнийг өмнөө суулгаад, зурж суутал Рузвельт толгой хүчтэй өвдөж байна гээд, бие нь тавгүйрхэж, гэнэт сандлаасаа унав. Тэр цус харвасан байсан бөгөөд удаах өдөр нь насан эцэслэжээ.

Шуматова хожим Рузвельтийн энэхүү хөрөг зургийн хуулбарыг зурсан юм. Гэхдээ бүрэн бүтэн болгож зуржээ. Улмаар Рузвельтийн амьдралынхаа эцсийн мөчийг өнгөрүүлсэн “Жижиг Цагаан ордон” гэх түүний хувийн байшинд дурсгал болгон бэлэглэсэн байна. Өдгөө “Жижиг Цагаан ордон” музей болсон юм.


02

МИКЕЛАНЖЕЛО – БУЛШ

Христийг цовдолсны дараа шарилыг нь оршуулахаар булшинд хийх үеийг дүрсэлсэн, дутуу орхигдсон зураг юм. Энэ зургийн цаана учир битүүлэг олон зүйл бий гэдэг.

Зурагт ямар ч гарын үсэг, тамга, тэмдэг үлдээгээгүй, зураг дээрх зарим хүний дүр төрх огт гараагүй, зураг нь өөрөө хэдэн зууны турш ор сураггүй байж байгаад олдсон гэх мэт. Микеланжелогийнх гэж магадлах зүйл нь тухайн үед Ромын Сант-Агостино сүмээс түүнд тахилын ширээний зураг зуруулах захиалга өгсөн тухай баримт байдаг. Гэхдээ хожим Микеланжело сүмээс авсан мөнгөө буцаан өгсөн байжээ. Харин сүмийн удирдлага түүнээс чухам ямар төрлийн зураг хүссэн тухай баримт байдаггүй.

Микеланжело яагаад зургаа гүйцээж чадалгүй орхисон байх вэ? Тэр үед зураач эр Ромоос гарч, Флоренци руу явахад зураг нь хаягдсан гэж судлаачид үздэг. Флоренцид очоод тэр алдарт “Дэвид” баримлаа бүтээсэн байдаг.


01

ПОЛЬ СЕЗАНН – ТАХИР ЗАМ

Францын зураач Поль Сезанны хожуу үеийн бүтээлүүд нь “Ямар үед зургийг бүрэн дууссан гэж үзэх вэ” гэж асууж байгаа мэт санагдана. Хөнгөн бийрний үзүүрээр товшсон ганц л алдаатай зураас зотон дүүрэн зургийг баллаж орхино гэж Сезанн итгэдэг байж. Тэр бол “бага байх тусмаа илүү” хэмээдэг импрессионист байлаа.

Түүний нэлээд хожуу туурвисан “Тахир зам” зурагт зотонгийн нэлээд хэсгүүд нь “нүцгэн”-ээрээ харагдана. Зарим урлаг судлаачид түүнийг нүдний хараа муу тул санамсаргүйгээр орхигдуулсан гэж маргадаг. Шалтгаан нь юу ч байсан, дууссан, дуусаагүй бай хамаагүй, энэ зураг хүмүүний сэтгэлийг татах увдистай бүтээл юм.



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start