Арав.мн

TIME сэтгүүлийн 2017 оны шилдэг 10 гэрэл зураг

TIME сэтгүүлийн 2017 оны шилдэг 10 гэрэл зураг

2017 он мэдээллийн ертөнцөд тун завгүй жил байлаа. Дональд Трамп ерөнхийлөгчийн албыг авснаас хойш улс төр, эдийн засгийн байдал хурцдаж, дээр нь олон хүний аминд хүрсэн аллага, дайн, байгалийн гамшиг дэлхий даяар аюул учруулж байв. Энэ бүх үйл явдлын гэрч болсон гэрэл зургууд ч олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж ирсэн билээ. Ингээд Time сэтгүүл бүтэн жилийн турш олон нийтэд дэлгэгдсэн мянга мянган гэрэл зургийг гэрэл сүүдэр, гоо үзэмж, түүх, зохиомж зэрэг шалгуураар шалгаруулж, энэ оны хамгийн шилдэг 10 гэрэл зургийг түүхийнх нь хамт онцолж байна.


10

“Над руу даллан мэндчилэв” – Кэролин Көүл /9-р сарын 25/

Хар салхинаас хойш 7 хоногийн дараа Сан Хуан дахь хана нь байхгүй болсон гэртээ суугаа хоёр хүн. Гэрэл зургийг Лос Анжелес Таймс агентлагийн зурагчин Кэролин Көүл авсан байна.

"Энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Пуэрто Рикод Мария хар салхинаас болж газар нурж, зарим газарт нисдэг тэрэгнээс бусад замаар очих боломжгүй болжээ. Цагт 145 милийн хурдтай салхи мод, цахилгааны шонгуудыг сугалж, 3.4 сая оршин суугч цахилгаангүй болов. Дээвэргүй болсон байшингууд, сүйрсэн тариан талбай, үндсээрээ сугарсан ой, үерт автсан гудамжуудыг нисдэг тэрэгнээс харж болж байв. Гэвч миний авсан гэрэл зургуудад нэг гол элемент байхгүй байсан нь хүмүүс байлаа. Сан Хуаны нисэх онгоцны буудал руугаа буцах замдаа би нисгэгчээ далайн эргийн ойролцоох хот дагуу нисэхийг гуйсан юм. Энэ хотод зочид буудал, орон сууцны барилгууд их байдаг. Тэдний нэгийн хажуугаар нь нисч байхдаа хана нь бүхэлдээ байхгүй болсон нэг байшинг хараад дурангаараа татахад 13 дахь давхарт юу ч болоогүй мэт тухлан суугаа эмэгтэйг олж харсан юм. Би хоёр зураг л дарсан бөгөөд эмэгтэй над руу гараараа даллан мэндчилж байлаа. Энэ аймшигт явдлын дараа ч Пуэрто Рикогийн хүмүүс өөдрөг, сайхан зан чанараа хадгалж үлдсэн байгаа нь надад мэдрэгдсэн юм.


09

“Яагаад тэр вэ?” – Меридит Кохут /8-р сарын 21/

Венесуэлийн Сан Касимирод хоол mэжээлийн хомсдлоос болж Кенербер Агуино Мерчан гэх 17 сартай хүүхдийн зүрх нь зогсож нас барсан байгааг үеэл ах, эгч нар нь тойрон зогсож байгаа энэхүү зургийг Нью Йорк Таймс сэтгүүлийн зурагчин Меридит Кохут авсан юм.

"Хүү нас барахдаа ердөө 3.9 кг буюу дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй адил жинтэй байжээ. Намайг түүний аав Карлостой уулзах үед тэрбээр эцэж турсан хүүгийнхээ цогцсыг моргоос авч байсан юм. Би түүнийг даган Сан Касимиро дахь гэр рүү нь явж, энэ гэрэл зургийг авсан билээ.

Дэлхийд газрын тосны хамгийн томд тооцогдох нөөцтэй улс гэхэд Венесуэльд зуу зуун хүүхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд өлсгөлөнгөөс болж хорвоог орхиод байна. Хоол тэжээл, эм тарианы хомсдол, нярайн нэмэлт тэжээл олдохгүй байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямрал дэгдсэнтэй холбоотой.

Энэ гэр бүл хоол олж идэх гэж зовдог төдийгүй мөнгө зээлж, ихээхэн золиос гаргаж байж Кенерберийн оршуулгын зардлыг олжээ. Салах ёсоо гэртээ хийж, мөнгө хэмнэх зорилгоор залуухан ажилтныг хөлслөн хүүгээ оршуулахад бэлдсэн байна. Хүүгийн цогцсыг хоосон хөргөгчний хажууд байх хуучин буйдан дээр хэвтүүлж, цусыг нь арчиж цэвэрлэн, занданшуулах бодис тарив. Гэр бүлийн бусад хүүхдүүд гал тогоогоор эргэлдэж, дүүгээ харах гэж хичээх ч авга эгч нь тэднийг гаргаж байлаа. Энэхүү гэрэл зургийг оршуулгын ажилтан ажлаа дуусгаад, саарал авсанд хийн салах ёс гүйцэтгэхэд бэлэн болгосны дараа авсан юм.

Оршуулгын ёслолд ирсэн хүмүүс хээрийн цэцэг авчран авсных нь эргэн тойронд тавьж, Засгийн газраас тусламж болгон өгч буй хүнсний саваар сахиусан тэнгэрийн далавч хайчлан бурхны оронд очих жигүүрийг нь бэлдсэн байх аж. Карлос “Яагаад тэр вэ?” хэмээн уйлж, орхин одсон хүүгээ тайтгаруулах мэт авсыг тэврэн “Аав нь чамайгаа дахиж хэзээ ч харахгүй нь” гэж шивэгнэн хэлж байлаа."


08

“Айдас намайг бүрхэн авсан” – Дэвид Бэкер /10-р сарын 1/

Лас Вегаст 10-р сарын 1-ний өдөр хөгжмийн наадмын үеэр хажуугийн зочид буудлын цонхноос нэгэн хүн автомат буугаар бөөгнөрсөн үзэгчид рүү гал нээж, 57 хүний аминд хүрч, 515 хүнийг шархдуулсан үйл явдлын үеэр зугтаж буй хүмүүсийн зургийг Дэвид Бэкер гэх зурагчин авсан байна.

"10-р сарын 1-ний өдөр Route 91 дэх Harvest хөгжмийн наадмын сүүлийн тоглолтын зургийг авч дуусаад авсан зургаа янзлаад майхандаа сууж байхад гэнэт чанга дуу гарч эхэллээ. Хамгаалагч үүнийг галын наадам эсвэл дууны систем эвдэрсэн байх хэмээн тайлбарлав. Би ч түүнд итгэн ажлаа үргэлжлүүлж эхэлсэн ч дахин чимээ гарч, үзэгчид тал тал тийшээ зугтаж эхлэх нь тэр. Би зөн совингоороо камераа аваад гартал концертын гэрэлтүүлэг унтарсан байсан ба зугтаж буй болон газарт хэвтэх хүмүүсийн зургийг авч эхлэх үед маш харанхуй байв. Арваад минутын дараа майхан дотор маань миний компьютерийн дэлгэцээс бусад бүх гэрэл байхгүй болсон байлаа. Би зургуудаа компьютертээ хуулж эхлээд юуны зургийг авсан болохоо хараад айдаст автсан юм. Миний гар чичирч, нэг гараа нөгөөгөөрөө барьсаар зургуудаа янзалж эхэлсэн юм.

Цагдаа нар ирж, бүх хүмүүсийг явахыг шаардахад би гэрэл зургийн хэрэгслүүдээ хураагаад гарах хаалгыг чиглэсэн юм. Энэ зураг бол миний хамгийн анх тавьсан зургуудын нэг. Хамт зугтаж буй бүсгүйчүүдээ “Гүйгээд бай” хэмээн хэлж буй залуугийн төрх эргэн тойронд буй үймээн самууны дунд тод харагдана.

Би тэр шөнийг гудамжинд машин дотроо авсан зургуудаа янзалсаар өнгөрүүлсэн юм. Бүх хүн шоконд орсон байлаа. Миний утас хангинаж, гэр бүл, найз нөхөд маань надруу залгах үед Getty Images-т тавьсан зураг маань олон нийтэд хүрсэнийг мэдсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс надруу залгаж, тайлбар хүсч эхлэхэд ямар том зүйлийн гэрч болсоноо ойлгосон. Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигтай алан хядлага байсан билээ."


07

“Хамгийн хачин бодит байдал” – Маркус Ям /12-р сарын 5/

Томасын түймэр газар авч, Калифорни мужийн Вентура дахь гэрт нь ойртох үед гэрээ орхин зугтахад бэлдэж буй гэр бүлийн зургийг 12-р сарын 5-ны өдөр Лос Анжелес Таймс сэтгүүлийн зурагчин Маркус Ям авсан юм.

"12-р сарын 4-ний өдөр Калифорни мужийн Санта Паулагаас эхэлсэн түймэр хүчээ авч байгааг мэдээд би салхины чиглэлд нь орших газрууд руу түрүүлж очин, түймрийн замд буй Вентурад байрласан юм. Гамшиг аймшигтай тархаж, түймэр бүх зүгт чиглэн замдаа тааралдсан бүгдийг шатааж байлаа. Оршин суугчдын зарим нь аль эрт дүрвэсэн байсан бол зарим нэг нь эцсийн мөч хүртэл хүлээснийхээ дараа машиндаа эд зүйлсээ хийн зугтахад бэлдэж байв. Цахилгаан тасарч, утаа униараас болж юм ч харагдахгүй болж байлаа.

Харанхуй гудамжинд машинаа зогсоогоод Викторийн хийцтэй байшинг чиглэн ирж буй галыг чиглэн алхлаа. Байшингийн эзэд тайван гэгч нь эд зүйлсээ машиндаа хийж байгааг хараад “Бурхан минь, тэд унтлагынхаа хувцастайгаа байна шүү дээ. Унтаж байсан юм байх даа” гэж бодож байснаа санаж байна. Би камераа гарган тамын галд автаж буй үзэсгэлэнт Калифорнийн нутаг дахь хамгийн хачин бодит байдлын хэд хэдэн зургийг авсан юм. Байшингийн эздийг машинаа бариад харанхуй руу явахыг харан зогсохдоо би чичирч байлаа.

Гэрэл зургийг интернетэд байрлуулснаас хойш 2 цагийн дараа Кирби Дитто гэх хүнээс надад имэйл ирсэн нь Вентурад амьдарч буй ээжтэйгээ холбоо барьж чадахгүй байсан ч миний гэрэл зургаас аюулаас амжиж зугтсан болохыг хараад баярласан хүн байлаа."


06

“Тэр үймээн рүү орон алга болсон юм” – Кевин Фрэйр /9-р сарын 20/

Бангладеш дахь Кокс захын Балухали дүрвэгсдийн хуаранд тусламжийн бараа хүргэж буй ачааны машин дээр авираад уйлж буй хүүгийн зургийг 9-р сарын 20-ны өдөр зурагчин Кевин Фрэйр авсан юм.

"Би Рохингягийн хямралаас хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу 9-р сарын дундуур Бангладешийн Кокс зах дээр ирсэн юм. Энэ үйл явдлын эхэн үеэс хойш амь тэмцэх гэж хичээж буй эрх нь алдагдсан олон зуун мянган хүний дүрвэн зугтаж буй явдлын талаарх гэрэл зураг, түүхүүд тархаж байв. Би ч өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэж шийдсэн юм.

Хүүгийн зургийг би анхныхаа аяллынхаа үеэр авсан. Хоол хүнс маш хомс байсан тул хүнсний тусламж үзүүлж буй байдлыг гэрэл зурагт буулгахыг зорьж байлаа. Би ачааны машиныг тойрон зогссон хүмүүсийн дэргэд байв. Маш их үймээнтэй байсан бөгөөд өлссөн, хаягдсан хүмүүс хашхичин гараа сунгаж байсан юм. Хүмүүс бие биенээ маш ихээр түлхэж байсан тул би машин дээр авиран гарав.

Яг энэ үед энэ бяцхан хүүг харсан юм. Тэр ачааны машин руу дөнгөж авираад байсан бөгөөд уйлж байв. Хэтэрхий их шуугиантай байсан тул түүний юу хэлж байгааг би сонсож чадсангүй. Хүү гараа сунган, дээр нь зогсох хүнээс хоол гуйж байлаа. Тэгээд тэр хүний хөлөөс нь зуурав. Энэ нөхцөл байдал миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн юм. Хөөрхий хүү аргаа барсандаа ачааны машин руу авирсан байлаа. Би түүний талаар илүү ихийг мэддэг байсан ч болоосой. Гэхдээ тэр эргэн тойрон дахь хаос дунд шингэн алга болсон юм."



05

“Алив явъя. Яг одоо” – Эндрью Миллс /7-р сарын 2/

Нью Жерси мужийн амбан захирагч Крис Кристи Island Beach State Park дахь зуны байшиндаа гэр бүлийнхээ хамт 7-р сарын 2-ны өдөр эрэг дээр амарч байгааг NJ Advance Media байгууллагын зурагчин Эндрью Миллс авсан байна.

"Ням гариг Жерсигийн эрэг дээр цагаа өнгөрүүлэхэд таатай байдаг. Гэвч төрийн өмчит эрэг, цэцэрлэгт хүрээлэнгүүд төсөвгүйгээс болж хаагдахад хүрсэн байв. Өмнөх баасан, бямба гариг Трентонд маш хэцүүхэн өдрүүд болсон ч амбан захирагч Крис Кристигийн хувьд ням гаригаа сайхан өнгөрүүлж, алжаалаа тайлах хэрэгцээ гарсан бололтой. 9 сая гаруй Нью Жерсичүүд далайн эрэг дээр амрах боломжгүй энэ үед амбан захирагч маань амралтынхаа өдрийг "хувийнхаа далайн эрэг дээр өнгөрүүлнэ" гэж хээв нэг хэлж байв. Тэр бүү хэл “Амбан захирагч болчих. Тэгвэл энд өөрийн гэсэн байшинтай ч болж болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн байдаг.

Би 7-р сарын 4-ний өдөр нисэж, мужийн хамгийн хөл хөдөлгөөнтэй далайн эргийн гэрэл зургийг авах төлөвлөгөөтэй байлаа. Тэгээд нисгэгчээ хамт явах боломжтой эсэхийг нь тодруулахаар нисэх онгоцны буудал руу очоод Кристигийн унадаг Цагдаагийн албаны нисдэг тэрэг байгааг харсан даруйдаа “Алив явъя. Яг одоо” гэж хэлсэн юм. Агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа би далайн эрэг дээр буй цөөн хэдэн хүнийг харав. Би “Cessna” нисдэг тэргийн хаалганд наалдан цонхоор цухуйгаад 50 милийн хурдтай хоёр тойрог хийсэн юм. Кристи яг над руу харах үед би Canon EOS-1Dx аппаратаараа 86 зураг авч амжив.

Амбан захирагч энэ явдлаас хойш хэдхэн цагийн дараа хэвлэлийн бага хурлын үеэр “Би нарлаж ч амжаагүй” гэж хэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Зургаа янзалж дуусаад удалгүй интернетэд байршуулснаар олон нийт тэр чигтээ галзуурах шахлаа. Төсөв гэх үг мэдээнээс хасагдаж, оронд нь “beachgate” гэх үг гарч ирэв. Даваа гаригт Амбан захирагч төсвийн тушаалд гарын үсэг зурж, хүмүүс Тусгаар тогтнолын өдрөө далайн эрэг дээр өнгөрүүлэх боломжтой болсон юм."


04

“Миний мартагдашгүй төрсөн өдөр” – Дар Ясин /8-р сарын 1/

Сринагарын өмнөд хэсэгт болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан Кашмирийн иргэний охин дүүг тайтгаруулж буй зургийг 8-р сарын 1-ний өдөр AP-ын зурагчин Дар Ясин авсан юм.

"Өнөөдөр миний төрсөн өдөр. Хүүхдүүд маань өглөөний цайныхаа үеэр л оройныхоо баярын төлөвлөгөөг ярьж байлаа. Төд удалгүй найз гэрэл зурагчин маань над руу залган Кашмирийн өмнөд хэсэгт зэвсэгт мөргөлдөөн болсон тухай хэлэнгүүт би гараад гүйсэн юм. Намайг очих үед байдал хэдийнээ зэргэлдээх тосгонууд хүрэн даамжирсан байв. Босогчдын хоёр ч том удирдагч үхэж, ажиллагааны үеэр ашигласан тэсрэх бөмбөгнөөс болж хэдэн байшин сүйрчээ.

Хэвлэл мэдээллийнхний хувьд ийм нөхцөл байдалд босогчид болон иргэдийн оршуулгын ёслолын талаар сурвалжилдаг тул бид нэг босогчийн гэрт нь орж, оршуулгын ёслолыг сурвалжилсан юм. Зэргэлдээх тосгонд энгийн иргэн амиа алдсан тухай мэдээ бидэнд ирж, би ч босогчид болон аюулгүйн албаныхны буудалцааны үеэр амиа алдсан Фирдоус Ахмад Хан гэх 30 настай эрийн гэрт ирлээ. Тосгоны хүмүүсийн хэлснээр залуу буудалцааны үеэр биш, цагдаа нарт алуулсан гэж хэлж байв.

Шоконд орсон гэр бүлийн дунд талийгаачийн хөл хүнд эхнэр болон эгч дүүс нь байсан юм. Цурхиран уйлж буй тэднийг хамаатнууд нь болон тосгоны иргэд тайтгаруулах гэж хичээж байлаа. Хайртай хүнээ алдсан тайтгаруулах аргагүй уй гашуу бүхий ийм хувийн нөхцөл байдалд саад болохгүй гэсэндээ би хурдхан шиг цөөн хэдэн зураг авсан юм. Гэр рүүгээ явах замын турш тэдний уйлж буй дуунаас өөр юу ч сонсогдоогүй.

Ядарсан, савласан би гэртээ ирэх үед эхнэр, хүүхдүүд маань над руу гүйн ирж, намайг тэврэн авлаа. Нэг л мэдэхэд би төрсөн өдрийнхөө баярын голд байж байв. Би тэр оройг нүүрэндээ инээмсэглэл, зүрхэндээ шаналалтайгаар өнгөрүүлсэн билээ. Энэ төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй."


03

“Цэвэр рефлекс байсан” – Райн М.Келли /8-р сарын 12/

8-р сарын 12-ын өдөр цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг жагсаж байсан хүмүүсийг нэгэн хүн автомашинаараа мөргөн, дайрах үеэр тал бүр тийш шидэгдэж буй хүмүүсийн дүр зургийг Daily Progress агентлагийн зурагчин Райн М.Келли авсан байна.

"Өнөөдөр уг нь The Daily Progress дахь миний сүүлийн ажил байх ёстой байлаа. Хэдхэн долоо хоногийн өмнө би сэтгүүл зүйгээс өөр салбарын ажилд орох урилгыг хүлээн авсан боловч шинэ ажлаа зориуд 8-р сарын 12-ны өдөр Charlottesville-д болох жагсаалын дараа эхлэхээр төлөвлөсөн юм.

Өглөөний турш тал бүрээс янз бүрийн бүлэг хүмүүс ирж, үймээн дэгдээж, бүгд л тэвчээрийн хязгаартаа хүрээд байв. Жагсаал эхлэхээс ч өмнө энэ хэсэгт хууль бус цугларал үүсч, цагдаа нар хүмүүсийг албадан тарааж байсан юм. Үүнээс хойш хэдэн цагийн дараа хэдэн зуун хүнээс бүрдсэн сөрөг жагсагчид дуу дуулан, уухайлан алхаж эхлэв. Энэ бол тэр өдрийн хамгийн нам тайван мөч байсан юм. Би 4 дүгээр гудамжинд зогсон тэднийг тосон, зураг дарж эхэллээ.

Урдаа байгаа хүмүүсийн зургийг авах гэж зам хөндлөн гарав. Гэтэл яг миний ард хурдаа авах машины дуу гарах нь тэр. Ямар нэг аюултай зүйл болох гэж байгааг мэдэгдсэн ганц зүйл нь энэ байв. Машин миний хажуугаар явах үед би камераа гарган дурангаа машиныг дагуулан аль болох олон зураг дарж эхэлсэн. Цэвэр рефлексээрээ хийсэн үйлдэл. Олон жилийн турш фото-сэтгүүлч хийсэн надад зөн совингоороо хөдлөхийг сургаж, булчингууд маань ч дасан зохицон эдгээр зургуудыг авсан юм.

Жагсагчдын дундуур дайран гарсан машин ирсэн замаараа эргэн явж, салаа зам дээр ирээд эргэн, дахин явсаар байв. Энэ бүх хугацаанд би машиныг даган гүйсээр байсан юм. Автомашин холдон явсны дараа л би зургийн аппарат руугаа харан халдлагын зургуудыг авсан болохоо мэдсэн юм. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн ба миний бүх зураг бүрэлзсэн байх ч боломжтой байсан билээ.

Хамт байсан зурагчин Эндрью Шартлеффтайгаа хальт уулзсан болоод би машиндаа суун мэдээний алба руугаа зургуудаа явуулахаар компьютерээ гаргасан юм. Өдрийн хамгийн гол үйл явдал байсан гэдгийг би мэдэж байсан ч компьютерийнхээ дэлгэцэн дээр авсан зургуудаа томоор хараад л энэ явдлын жинхэнэ төрхийг ойлгосон.

Халдлагын гэрч болсон нь миний бодож байсан шиг намайг зовоогоогүй. Хэдийгээр машины дугуй чихрах болгонд би цочдог болсон ч аз болоход түүнээс бусдаар гайгүй байгаа. Бүх зүйлийг линзний цаанаас харсан маань намайг бага зэрэг тусгаарласан байх. Гэхдээ авсан зургууд маань миний тархинд шивэгдэн үлдсэн. Би тэднийг хэзээ ч мартахгүй боловуу."


02

“Тэр арай ядан зогсож байсан” – Кристина Миттермайер /7-р сар/

Өнгөрсөн 7-р сард Канадын Арктикт сурвалжлага хийж байсан SeaLegacy байгууллагын зурагчин Кристина Миттермайер турж эцсэн туйлын цагаан баавгайн зургийг авсан юм.

"SeaLegacy байгууллагын судлаачдын баг маань Канадын Арктик дахь Сомерсет арлын зүүн эрэг дээр белуга цагаан халимын эрэлд явж байлаа. Тэнд бид эзгүй орхигдсон загасчлалын газрыг олж, дурангаараа харах үед газарт хэвтэх цагаан зүйлийг харав. Бид юу гэдгийг нь мэдэхгүй байсан ба хэсэг хугацаа өнгөрсний дараа толгойгоо хөдөлгөхөд нь цагаан баавгай байна гэдгийг нь мэдсэн юм. Бид нөхцөл байдлыг илүү сайн судлахын тулд 500 яардын зайд унтах маш их сульдсан энэ баавгайг холоос ажигласаар байв. Хэсэг хугацааны дараа баавгай босч, биднийг чиглэн хамаг хүчээ гарган алхаж эхлэв. Ингэхэд нь л бид түүнийг ямар их зовсныг ухаарсан юм. Тураалд орсон энэ баавгай идэх юм хайн арай ядан зогсож байв. Газрын тосны торхноос түлэнхий хөөсөнцрийн хог гаргаж ирээд түүнийгээ зажлах нь сэтгэл эмтрэм.

Манай баг бүхэлдээ хямарч, харж буй зүйлдээ итгэж ядаж байлаа. Дахиад жаахан алхаж байгаад хөөрхий баавгай дахин хэвтэв. Бага зэрэг амраад босоод ус руу оров. Бид түүнийг сэлж чадахгүй байх гэж бодсон ч усанд байх нь илүү амар байгаа нь мэдэгдэж байлаа. Тэр биднийг орхин сэлэн одсон юм.

Дэлхий даяар цаг уурын дулаарлын эсрэг маргаан гаргасаар байгаа энэ үед шийдвэрлэх үйлдэл дутагдаж буйгаас болж Арктикийн зэрлэг байгальд ан амьтад ямар нөхцөлд байгаа гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн минь энэ."


01

“Түүнд юу тохиолдсон бол гэж бодоод үлдсэн” – Фелипе Дана /3-р сарын 19/

Мосулын баруун хэсгийн газар нутгийг Иракийн зэвсэгт хүчин чөлөөлсний дараа сүйрсэн байшин, машинуудаар дүүрсэн гудамжаар дугуйгаа унан явах хүүгийн зургийг 3-р сарын 19-ний өдөр AP-ын зурагчин Фелипе Дана авсан юм.

"Би Associated Press агентлагийн даалгавраар Мосулд ажиллаж, лалын босогчдоос Иракийн хоёр дахь том хотыг хүчээр чөлөөлөн авч буй явдлыг сурвалжилж байв. Ажиллагаа 2 сар үргэлжилсний дараа хотын зүүн бүсийг Иракийн зэвсэгт хүчин хэдийнээ чөлөөлчихсөн байв. Харин хүн ард илүү нягт байдаг баруун хэсгүүдийг чөлөөлөхөд дахин хэдэн сар шаардлагатай бөгөөд илүү аймшигт байлдаан гарах нь тодорхой байлаа. Лалын босогчдын эзэмшилд байсан бүс нутагт тохиолдсон аймшигт дүр төрхийг хараад би шоконд орсон.

Нэг өдөр бид сүйрсэн гудамжуудаар явж байгаад байшингийн балгас дээр яаж ч юм гарсан машин байхыг харав. Гудамж хоосон байсан тул бүх зүйл аюулгүй гэдгийг баталгаажуулаад би энэ итгэмээргүй зүйлийн зургийг авахаар алхав. Илүү сайн зураг авахын тулд нэг байшингаас үлдсэн нуранги дээгүүр авиран камераа чиглүүлэх үед тайван гэгч нь дугуйгаа унах хүүхэд гарч ирэх нь тэр. Би түүнийг хараад гайхсан шиг тэр ч намайг хараад гайхсан ч зогсолгүй жийсээр өнгөрсөн юм.

Энэ богинохон уулзалтын дараа би түүнд юу тохиолдсон бол гэж бодон үлдсэн юм. Би дахиад хэд хэдэн удаа Мосулд очсон ч түүнийг дахин олж хараагүй. Энэ зургийг харах бүртээ би мянга мянган хүнийг зугтахад хүргэсэн аймшигт явдал, мөн үлдэхээр шийдэж, яаж ч юм амьдарсаар байгаа бусад хүмүүсийн талаар өөрийн эрхгүй боддог."



9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
гэрэл зурагчин байна гэдэг бас л их тэвчээр, сэтгэлийн тэнхээ бас зориг шаарддаг юм байна.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд