Арав.мн

“Түргэн” хувцасны түрэмгийлэл

“Түргэн” хувцасны түрэмгийлэл

“Загвар гэдэг зөвхөн гоё даашинз биш. Загварын ертөнцийнхөн цаг үеийнхнийхээ санаа бодол, өдөр тутмын үйл явдал, өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэх ёстой, олон нийтийн тусын тулд үйлчлэх хэрэгтэй” гэж Коко Шанель хэлсэн байдаг. Харин орчин цагийн хувцас үйлдвэрлэгчид нийтэд үйлчлэх нь бүү хэл нийгэм, байгаль орчинд ихээхэн халгаатай салбар болжээ. 2000-гаад оны эхэн үеэс эрчээ авсан “түргэн” хувцас үйлдвэрлэгчид хэн хүссэн нь худалдан авч болох боломжийн загвартай, хямд хувцсыг хурдан түргэн түгээдэг ч их хэмжээний хог хаягдал үүсгэж, байгаль экологийг хамгийн ихээр сүйтгэгчдийн тоонд ороод байна.


10

“Түргэн” хувцас гэж юу вэ?

Яг л түргэн хоол шиг хямдхан, хүртээмжтэй, өмнөх загварынхаа ганц “орц найрлага”-ыг өөрчлөөд л шинэ стиль хэмээн худалдаанд гаргадаг, хэн бүхэнд зохимжтой байх, өдөр тутмын энгийн өмсгөлийг “түргэн” хувцас гэнэ. Ийм хувцас нь загварын шоуны тайзнаас хэдхэн сарын дотор дэлгүүрийн лангуу руу шилжих бөгөөд шинэлэг загварт хошуурсан олныг ид анхаарал хандуулж байх зуур хурдхан их хэмжээний ашиг олох гэсэн брэндүүдийн бүтээгдэхүүн юм.


09

Хямд, элбэг, чанаргүй

“Түргэн” хувцас харахад үзэмжтэй, биед эвтэйхэн байдаг ч хямдхан, муу материалаар хийдэг тул эдэлгээгүй, дахин ашиглах боломжгүй байдаг. Харин арай чанартай хэсэг нь эдэлгээг нь уртасгах гэсэн олон төрлийн химийн бодис агуулдаг байна. Тийм бодисууд байгальд хортойн дээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Индүүдэх шаардлагагүй, үрчийхгүй, тоос татахгүй, өнгө алдахгүй, толбо тогтохгүй хэмээн сурталчилдаг зарим хувцас нь хорт хавдар хүртэл үүсгэж мэдэх хортой бодис агуулдаг гэнэ. 


08

Дийлэнх нь хог болдог

“Түргэн” хувцасны ердөө 16 хувийг дахин ашигладаг. Бусад нь хог болж, байгаль орчин сүйтгэдэг бөгөөд Хятадад 28, АНУ-д 41, Европын холбооны орнуудад 35 сая тонн хувцас, бөс даавуун эдлэл жил бүр дахин ашиглагдахааргүй хаягддагийн нэлээд хувь нь, зарим тохиолдолд бүр 70-аад хувь нь “түргэн” хувцас байдаг аж. Зах зээлийн дундаж үнээс хямд зарагддаг тул “түргэн” хувцсыг голдуу хөгжил буурай орнуудад, өндөр цалин хөлс шаарддаггүй хямд ажлын хүчнээр, гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүд хийлгэдэг. Энэ нь саяхныг хүртэл олон нийтийн мэддэг ч тэр бүр яриад байдаггүй нууц байв. 


07

Гол үйлдвэрлэгчид

Харин 2013 оны дөрөвдүгээр сард Бангладешийн Дака хотод “Саваар” хэмээх найман давхар үйлдвэрийн барилга нурж, 1100 гаруй хүн нас барсан нь “түргэн” хувцас үйлдвэрлэлийн сөрөг талыг олон улсад таниулсан, ихээхэн дуулиантай явдал болжээ. Нурсан барилгаас “United Colors of Benetton”, “Mango”, “Primark”, “The Children's Place” зэрэг нийт 28 брэндийн хувцас олдсон байна. Амиа алдсан ажилчид эдгээр компанийн яаралтай захиалгыг гүйцэтгэж байж. Үйлдвэрийн эзэд барилгад цууралт үүссэнийг мэдэж байсан ч тэднийг ажиллахгүй бол цалинг нь олгохгүй гэж сүрдүүлсэн байдаг.  Дээрх компаниудаас гадна “Zara”, H&M, “Bershka”, C&A, “Dots”, “Forever 21”, GAP, “Mixxo”, “Next”, “Peacocks”, “Topshop”, “Uniqlo” зэрэг брэнд “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. 


06

“Удаан” загварынхан

Эдгээр компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн, үйлдвэрлэлийн явцдаа ажилчдын эрх ашгийг зөрчихгүй байхыг хичээж, байгальд ээлтэй байхыг эрхэмлэдэг, улирал тутамд бус 1-2 жилд нэг удаа эдэлгээтэй, сайн чанарын, дахин ашиглагдахуйц хувцас үйлдвэрлэдэг компаниудыг эко буюу “удаан” загварынхан гэнэ.


05

Байгальд түрэмгийлэгчид

1980-аад онтой харьцуулахад дэлхий нийт өдгөө хувцасны шүүгээндээ дөрөв дахин их хувцас хадгалдаг болжээ. Энэхүү хэрэгцээ шаардлага, хүсэл шуналыг (нэг талаар өөрсдийнхөө үүсгэсэн зах зээлийн орон зайг) хангахын тулд хувцас загварынхан бие биеэсээ өрсөн байж шинэ коллекцоо худалдаанд гаргадаг. Харин хурдтай байхын тулд бүтээгдэхүүнээ нэг дор хэдэн саяар нь үйлдвэрлэж, тэгэхдээ ажилчдыг бараг боолчлохоос гадна байгалийн нөөц, хүрээлэн буй орчинд түрэмгийлдэг нь “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн хамгийн том гэмт хэрэг юм.  Төв Азийн Арал тэнгис гэхэд л хувцас загварынхны эл зогсолтгүй үйлдвэрлэлээс болж ширгэсэн гэж судлаачид үздэг. Нэгэн цагт дэлхийн хамгийн том дөрвөн нуурын нэг байсан, нутгийнхны тэнгис далай хэмээн дээдэлдэг уг нуурын дөрөвний гурван хувь нь 1960-аад оноос хойших 30 гаруйхан жилд ширгэж хатжээ. Үүнд дэлхийд дээгүүрт орох Укбекистаны хөвөн даавууны үйлдвэрлэл хамгийн их нөлөөлсөн байна.


04

Нэг цамц үйлдвэрлэхэд 2700 литр ус зарцуулдаг

Нэг кг хөвөн даавуу гаргаж авахад дунджаар 6000 литр ус зарцуулдаг бөгөөд нэг цамц хийх даавууг 2700 литр ус зарцуулж байж үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. 

Дэлхийн хэмжээнд хувцас үйлдвэрлэгчид жилд дунджаар 378 тэрбум литр усаар туйлдаг байна. Дэлхийн банкны судалгаагаар үйлдвэрлэлийн бохир усны 17-20 хувийг хувцас үйлдвэрлэгчид ялгаруулдаг бол тэд нэг кг бөс барааг будганд оруулахдаа 70-100 литр ус хэрэглэдэг аж. Харин “түргэн” хувцас үйлдвэрлэгчдийн хувьд энэ тоо 150-170 литр байна. 


03

Эрчим хүчний “мангасууд”

Хувцас загварынхан уснаас гадна эрчим хүчний “мангасууд”. Эрчим хүчний хамгийн өндөр хэрэглээтэй 10 салбарын нэгд загварынхан багтах болоод 12 жил өнгөрчээ. Хувцас, бөс бараа үйлдвэрлэгчид өдгөө жилд дунджаар нэг их наяд кВт/цаг эрчим хүч хэрэглэж байна.


02

Тоо биш чанарыг эрхэмлэ

“Түргэн” хувцасны түрэмгийлэлд яаж өртөхгүй байх вэ, хэсэг зуур өмсөөд л хогийн цэг дээр хаягдах чанаргүй хувцаснаас яаж татгалзах вэ гэж бодож байвал юуны өмнө хэт нийтлэг болсон брэндүүдээс татгалзаж, олон янзын гэхээсээ чанартай, цөөхөн хувцастай байхыг мэргэжилтнүүд уриалж байна. 


01

Эко үйлдвэрлэгчид

Дахин боловсруулсан материал, байгаль экологид сөрөг нөлөөгүй будаг, бодис ашигладаг, насанд хүрээгүй хүүхдүүдээр хар ажлаа хийлгэдэггүй, эко хувцас үйлдвэрлэгчид санаснаас олон бий. Тухайлбал үйлдвэрлэлийн явцдаа хүн, амьтны эрх зөрчөөгүй, амьтны гаралтай түүхий эд ашиглаагүй, дахин ашиглах боломжтой зэрэг тодотгол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ-ын “Alabama Chanin”, Ганын “Della”, Английн “Carrie Parry”, Канадын “Elroy”, Нидерландын “Kuyichi” зэрэг компанийг дурдаж болно. Мөн аль ч орны дотоодын оёдолчид, тэр дундаа үндэсний хувцас урлагчид олон улсын сүлжээ брэндүүдээс хувь илүү чанартай хувцас үйлдвэрлэгчид юм. 


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Mash chanartai medeelel bna :)
https://m.facebook.c om/profile.php?id=16 84434088495684&ref=c ontent_filter
Minimalist livestyle sontsgooe humuusee. Bas zero waste fb groupt negdeerei.
+2
Хямд чанаргүй олон хувцас хийж зарах нь компанид ашигтай, хүмүүс нэг төрлийн хувцас байнга өмсөх сонирхолгүй. Минимализм дэлгэрч том компаниуд байхгүй бол тэгээд энэ асуудал шийдэгдэнэ дээ. Зара Бэннэтоны хувцас маш муу. Угаахад өнгө нь алдагдаж сунадаг. А-брэнд маш үнэтэй. Хэцүү хорвоо
+3
Бэлэн хувцас биш л дээ. Ашгийн төлөө болохоор яах аргагүй fast food шиг тусдаа үзэгдэл, тусдаа салбар болчихоод байгаа юм. Шинэ үеийн үзэгдэл юм даа. https://www.huffin gtonpost.com/shannon -whitehead/5-truths- the-fast-fashion_b_5 690575.html
Бэлэн хувцас*
+4
Тун зөв сэдэв хөнджээ. Энэ их хувцас, энэ их хэрэглээ эцэстээ байгаль эх цаашлаад хүмүүс биднийг мөхөөх байхдаа
+3
Хүн мөнгийг зохиогоод, мөнгө нь хүн төрөлхтнөө устгаж байгаа юм
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start