Арав.мн

“Саарал цунами” айсуй

“Саарал цунами” айсуй

Дэлхийн II дайны дараа дэлхий дахинд их үржихүйн үе тохиосон байдаг. Цэрэг дайчид гэртээ харихтай хамт АНУ болон Баруун Европ, Зүүн Азид 1940-өөд оны сүүлчээс 1950-иад оны дунд үе хүртэл хүн амын их “сэлгээ” хийгджээ. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын хүн ам ч гэсэн 1960-1970-аад онд мэдэгдэхүйц өссөн байна. Үүнд нялхсын эндэгдэл буурсан нь голлон нөлөөлсөн байдаг. Харин тэр үеийнхэн өндөр настны эгнээнд шилжиж, эдүгээ их насжилтын эринийг эхлүүлээд байна. Мэргэжилтнүүдчухам энэ явцыг “Саарал цунами” хэмээн нэрийдэж буйбөгөөд энэхүү үзэгдэлтэй холбоотой 10 баримтыг хүргэе. 


10

Ахимаг настнуудын “арми”

НҮБ-ын Хүн ам зүйн хорооны тооцоогоор ирэх 40 жилд дэлхийн хүн ам долоон тэрбумаас 9.1 тэрбум болж өснө. Гэхдээ энэ нь урьд хожид байгаагүй хачирхалтай өсөлт юм. Эл өсөлт шинээр мэндлэгсдийн бус ахимаг настнуудын “армиар” сэлбэгдэнэ. Ирэх 25 жилийн дотор 65 ба түүнээс дээш насныхан 600 саяас 1.1 тэрбумд хүрч, хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ нь дэлхийн хүн амын 13 хувь гэсэн үг.

2010 онд 25-64 насны 100 хүн тутамд 65 ба түүнээс дээш насны 16 хүн ногдож байсан нь 1980 оныхоос бараг өөрчлөгдөөгүй үзүүлэлт бол энэ тоо 2035 он гэхэд 26 болж нэмэгдэх төлөвтэй байна. 


09

Уруудал

Өндөр настнуудын тоо өсөж, төрөлт буурснаар дэлхий хүн ам нэгэнтээ хурдтай өссөн шигээ эргэн хурдтай уруудах нь тодорхой болжээ. ОХУ-ын хүн ам гэхэд л 1991 оныхоос даруй долоон саяар буурчихаад буй. Харин төрөх насны япон эмэгтэй дунджаар нэг хүүхэд төрүүлж байгаа нь цаашдаа өөрчлөгдөхгүй бол хорвоо дээрх сүүлчийн япон хүн 2959 онд төрнө гэсэн судалгаа байна.

Ромын Тацит, Цицероноос эхлээд Арабын Ибн Халдун нарын эртний мэргэд хүн амын хорогдол, насжилтыг баян чинээлэг нийгмийн үр хөврөл гэж үздэг байсан нь саяхныг хүртэл хүн ам зүйчдийн гол баримтлал байлаа. Гэтэл тансаг хангалуун амьдралын тухай төсөөлөл ч үгүй орнуудад хүртэл шинээр мэндлэгсдийн тоо хурдтай буурч эхлэв.


08

Хөгжиж буй орнуудыг хамарсан нь

Анх 1970-аад оны сүүлчээр Скандинавт тохиосон “үл нөхөгдөх үржил” хэмээх энэ үзэгдэл тун богино хугацаанд Европ, Орос болон Ази, Өмнөд Америк, Карибын орнуудад ажиглагдах болж Энэтхэг, Ливан, Марокко, Иран зэрэг улсыг хүртэл хамарсан байна. Өдгөө хүн ам нь тогтвортой өсөхөд шаардагдах үзүүлэлтүүд нь хамгийн сул гэгддэг 59 орны 18 нь НҮБ-ын тодорхойлолтоор хөгжиж буй улс байна. Үнэхээр ч хөгжиж байгаа орнуудыг тэргүүлэгч улсуудын хүн ам бүр ч хачирхалтай хурдаар цөөрчээ.

Ираныг жишээ татъя. Саяхан буюу 1970-аад оны сүүлчээр дундаж иран эмэгтэй долоон хүүхэдтэй байсан бол өдгөө энэ үзүүлэлт тодорхойгүй шалтгаанаар 1-2 болтлоо буурчээ. Уг нь тус улсын хүн амын тогтвортой өсөлтөд дор хаяж гурав гэсэн тоо хэрэгтэй юм. 60 ба түүнээс дээш настнууд иранчуудын 7.1 хувийг эзэлдэг үзүүлэлт 2010-2050 онд 28.1 хувь болон өсөх тооцоо бий. Энэ нь өнөөгийн баруун Европ дахь 60 хол давсан настнуудаас ч олон гэсэн үг. 2050 он гэхэд хойд Европт ч гэсэн Ираны адил гэнэтийн насжилт ажиглагдана гэдэг. Гэхдээ баруун Европоос ялгаатай нь Куба, Хорват, Ливан зэрэг Иран шиг хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтөөс үл хамаарах гэнэтийн насжилттай тулгарчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайжирч, амьдралын баталгаа, эрүүл ахуй дээрдсэн зэрэг нь өрнийн орнуудад нэгэнтээ нөлөөлсөн шиг хөгжиж буй орнуудын хүн амын наслалтад нөлөө үзүүлээгүй байна. 


07

Хотжилтын нөлөө

Үүний гол шалтгааны нэг нь мэдээж хэрэг хотжилт юм. Өдгөө дэлхийн хүн амын тэн хагас нь хот суурин газарт амьдарч буй. Хэдий ядуу тарчиг амьдралтай байлаа ч хотод амьдрагсдын амь нас илүү баталгаатай байдаг. Мөн тосгон юм уу, хязгаар нутагт амьдрахтай харьцуулахад ажлын байрны олдоц сайн. Энэ нь иргэдийн орлого, эрүүл мэнд зэрэгт сайнаар нөлөөлж, хүн ам өсөхөд хүргэнэ. Хачирхалтай нь, хүн амын өсөлтийг хянах олон арван төсөл хөтөлбөр дэлхийн дахины өнөөгийн хурдацтай насжилтад бараг нөлөөлөөгүй байна. 1970-аад онд хүн амын өсөлтийг тогтворжуулахын тулд залуу гэр бүлүүдийг хүчээр шахам хүүхэдтэй болгож байсан Энэтхэг зэрэг улсад ч төрөлт буурчээ. 


06

Технологийн “балаг”

Гэр бүл төлөвлөлтөд эрх баригчид нь хошуу дүрээгүй атал тодорхойгүй шалтгаанаар төрөлт нь буурсан Бразил шиг орон ч олон байна. Эдгээр улсад телевиз, компьютер зэрэг орчин цагийн цахилгаан хэрэгслүүд төр засгийн бодлого, шийдвэрээс илүү иргэдийн ахуй амьдралд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Бразилд зурагт анх мужаас мужид танигдсан бөгөөд “аялсан” маршрутыг нь тандахад зурагттай болсон мужуудын төрөлт “шидэт хайрцаг” ирсний дараагаас буурсан нь харагдана. Бразилийн “савангийн дууриуд” үүнд буруутай юу, эсвэл хосууд зурагтаа унтлагын өрөөндөө байлгадгийн “уршиг” уу гэдгийг харин тодруулах аргагүй юм. 



05

Дорнын “ангал”

Харин дорно зүгт байдал бүр ч дор байна. Азийн зуун айсуй тухай яригсад тус бүс нутгийн хүн амын “ангал”-ын тухай огт дурддаггүй. Хамгийн олуулаа атлаа азиуд хүн амын хорогдлын хамгийн хүчтэй цунамид өртөөд байна. Хөгжингүй бүс нутаг дундаа Өмнөд Солонгос, Тайвань шиг төрөлтийн хувь нь хурдацтай буурсан улс үгүй. Эдгээр улсын хүн ам одоогийн эрчээр цөөрсөөр байвал ердөө 15-хан жилийн дотор хүн ам нь гуравны нэгээс гуравны хоёр хүртэлх хувиар буурах төлөвтэй байна. БНХАУ-ын хувьд одоохондоо хүн амын өсөлтөө хянаж чадсаныхаа үр дүнг эдийн засгийн шимээр хүртэж буй ч нэг хүүхдийн бодлого нь хүн ам зүйчдийн тодорхойлдгоор тус улсын хүн ам зүйн “шатлал”-ыг “4-2-1” гэсэн онцлогтой болгожээ. Энэ нь айлын ганц хүүхэд эцэг эхээсээ гадна хоёр эмээ, хоёр өвөөгөө асарч тэтгэнэ гэсэн үг. 


04

Доройтол

Атлантын далайн цаадтай өндөр настнуудын ирээдүй бүр ч баргар байна. Ахимаг насны америкчууд хөндлөн түшлэгтэй дөрвөн хөлтэй таяг, цахилгаан удирдлагатай тэргэнцэртэй гудамжаар явж, их дэлгүүрүүдийн лангуу дундуур тухтай нь аргагүй сэлгүүцдэгийг та зурагтаар хардаг биз. Өнгөц дүгнэхэд, АНУ-ын эрх баригчид ахмадуудынхаа эрүүл мэндэд анхаарч, хэрэгцээт бүхнээр нь хангаж буй мэт боловч нийгмийн хэмжээнд тусгайлан судалбал энэ нь ахимаг насныхны эрүүл мэнд дордсоныг илтгэнэ. 50-64 насны америкчуудын 40 гаруй хувь нь 2-3 давхар өөд амралгүйгээр шатаар өгсөх, ганц км алхах зэрэг өдөр тутмын ердийн үйл хөдлөлд ч ядардаг гэнэ. Энэ нь ердөө арван жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 50 хувиар дордсон үзүүлэлт юм.

Иймэрхүү дүр зураг хөгжингүй аль ч оронд ажиглагдана. Тэгэхээр шинэ үеийн өвөө, эмээ нар одоогийн тэтгэврийн настнуудтай харьцуулахад дорой буурай, идэвхгүй байна гэсэн үг. Мэдээж хэрэг, олон улс өндөр настнуудынхаа эрүүл мэндэд анхаарна, тэгэх ч учиртай. Гэвч тэр нь дэлхийн эдийн засагт хүнд ачаа болох нь тодорхой юм. Улс орнуудын төсвийн багагүй хэсэг зөвхөн тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдана. Залуусын эгнээ хумигдсанаар байр, орон сууцнаас эхлээд ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авагчид цөөрч, тэр хэрээр дотоодын болон гадаадын зах зээлийн хүрээ хумигдана.


03

“Өндөр настнуудын амар амгалан”

Гэхдээ хүн ам зүйчдийн дунд ийн нэгэн нэр томъёо бий. Энэ нь ганц хүүхэдтэй гэр бүл нэмэгдэж, тэр хэрээр цэрэг армийн хүч суларч, дайн дажин, үймээн самуун үгүй болохыг хэлдэг. Нийгмийн халамжид зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ өссөнөөр зэвсэгт хүчний төсөв ч дундарна гэж найддаг судлаачид бий. Гэвч энэхүү хялбархан дүр зургийг бодит байдал болгоход хэд хэдэн ноцтой бэрхшээл тулгарч байна. Юуны өмнө, хурдацтай насжиж буй орнууд ямар ч үед нийгмийг бусниулж чадах залуу үеийнхнийг төрүүлсээр байх болно. Мөн залуус цөөрөх нь олон нийтийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлөх нийгмийн сөрөг өөрчлөлтийг дагуулж мэдэх юм.

Нэг жишээ дурдахад, Освальд Шпенглерийн “Өрнийн доройтол”, Лотроп Штоддардын “Цагаан арьстнуудын ертөнцийг эсэргүүцэх өнгөтнүүдийн сэргэлт” хэмээх бүтээл, мөн аричуудын төрөлт буурсан зэрэг нь фашист үзлийн суурь болсон гэдэг. Фашизмын аймшиг өдгөө олон хүний ой тойноос арчигдсан ч шинэ үеийн европчууд исламын шашинтнуудын их нүүдлээс болж хүн ам зүйн хувьд дахин “тавгүйтэж” эхлээд байна. Хүн амын өсөлт буурч байгаа нь Энэтхэгт хиндү шашинт үндсэрхэг үзэлтнүүдийг сэрээж буй бол есдүгээр сарын 11-ний халдлага болсон газар исламын сүм барих эсэх маргаан гарсан нь АНУ-д цагаачлалын асуудал улам ноцтой болсны нэг баталгаа билээ. 


02

Өөдрөг төсөөлөл

Гэхдээ “Саарал цунами” дайран өнгөрсний дараах дэлхий ертөнцийг арай өөдрөгөөр төсөөлөх гээд үзье. Төрөлт буурч, хөдөлмөрийн насныхан цөөрөх нь нэг талаар цөөхөн хүүхдийн боловсрол, хүмүүжилд сайнаар нөлөөлнө. Цөөн хүүхэд төрүүлж өсгөх нь хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог өсгөнө. Эдгээр нь эргээд чадварлаг боловсон хүчин нэмэгдэх, эдийн засгийн өсөлт тогтворжих зэрэгт тустай. Япон улс яг ийм эргэлтэд 1960-1970-аад онд орсон бөгөөд БНХАУ эдүгээ чухам эл үзэгдлийн үр шимийг хүртэж байна.


01

Ядуурах эрсдэл

Эрдэмтэн, судлаачдын үздэгээр өрхийн аж ахуйг хөгжүүлэх нь төрөлтийг өсгөхийн хажуугаар эдийн засгийг дэмжих хамгийн зөв арга юм. Хуучин цаг шиг өрх бүр үйлдвэрлэгч байж, амьжиргаа нь бусдаас хамааралгүй болбол үр хүүхэдтэй болно гэдэг шалгуур бус шаардлага байхсан. Өрх айл гэдэг ердийн хэрэглэгчид биш улс орны ирээдүйг тодорхойлогч хүн амын нэгж байх тийм л нийгэм дэлхий нийтэд хэрэгтэй. Өрхийн амьжиргаа нь улсын эдийн засгийн суурь болж чадах “эрүүл” нийгэмд л гэрэл гэгээтэй ирээдүй бий. Үгүй бол өндөр настнуудаар дүүрэн дэлхий ертөнц саарлаас гадна ядуу тарчиг болох аюултай юм.



9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start