Арав.мн

Хүний болзошгүй мөхөлтэй холбоотой 10 баримт

Хүний болзошгүй мөхөлтэй холбоотой 10 баримт

Хорвоо дээрх сүүлчийн хүн гэх ойлголт зөгнөлт зохиолд олонтаа тааралддаг. Харин хүн төрөлхтөн гариг дэлхийн хөрснөөс үнэхээр арчигдаж гэмээнэ, ертөнц дээр ганц эр, эм хоёр амьд үлдлээ гэхэд хүн мөхлөөс аврагдах уу? Дэлхийг дахин хүнээр дүүргэхэд хэчнээн жил шаардлагатай вэ? 


10

Боллын суваргын Адам, Ева

Энэ талаар таамаг дэвшүүлэхийн өмнө нэг жишээ дурдъя. Алслагдмал нэгэн арал дээр өмнө нь үзэгдэж харагдаагүй огт өөр төрлийн амьтад завиар ирж гэнэ. Тэд хоёрхон жилийн дотор мөнөөх арлын уугуул амьтдад өвчин тахал халдаан, бараг бүгдийг нь хиаруулжээ. “Бараг” гэж онцолсныг минь анхаараарай. Бүгд үхчихээгүй гэсэн үг. Энэ явдал Номхон далайн өмнөд хэсэгт буюу Австралийн зүүн эргээс 600-гаад км-ийн зайд орших Боллын суварга хэмээх жижигхэн арал дээр болжээ. Мөнөөхөн айхтар мөхөл сөнөлөөс хоёрхон амьтан, өөрөөр хэлбэл ганц эр, эм хоёр л амь зулбан зугтсан байна. Харин хос хоёр ердөө есхөн сарын дараа гэхэд 9000-уулаа болтлоо өсөж үржсэн байлаа.  

Та үүнийг үлгэр домог гэж эндүүрүүзэй. Ийм явдал үнэхээр болсон агаад тэрхүү азтай хос нь латинаар Dryococelus australis гэгддэг модны хавч байж. Хүний алгын чинээ том модны хавч нь залбирагч гэгддэг хорхойны нэгэн зүйл болох савхан шавж юм. Гол тархац нутаг нь болох Лорд Хоувын арал болон ойролцоох бүлэг арлуудад нь 1918 оноос хар хархнууд нутагшсанаас хойш модны хавчийг харийн гийчдийн идэш болж үгүй болсон, үндсээрээ устсан гэж судлаачид үздэг байж.  

Гэтэл модны хавч 83 жилийн дараа Боллын суварга арлаас олдох нь тэр. Мөхөхийн даваан дээр байсан уг амьтныг ганц хосын ачаар дахин өсөж үржсэнийг тогтоосон эрдэмтэд 2003 онд 150-иад метр өндөр хадны орой руу мацан байж өнөөх “баатарлаг” хосыг олжээ. Чингээд тэднийг Адам, Ева хэмээн нэрийдэж, Мельбурн хотын Амьтны хүрээлэн рүү шилжүүлсэн байна. 


09

Сонголтгүй сонголт

Гэхдээ шавжны ертөнц дэх мөхөл сүйрлээс мултарч, дахин үржинэ гэдэг тийм ч боломжгүй зүйл биш. Учир нь модны хавчны эм нь арав хоног тутамд өндөглөдөг бөгөөд нэг удаад 8-10 өндөг гаргадаг. Мөн нөхөн үржихийн тулд эсрэг хүйстнээсээ тусламж авдаггүй. Өөрөөр хэлбэл партеноген буюу ганцаараа үржилд орох чадвартай юм. Харин хүнд ижил зүйл тохиолдвол юу болох вэ? Дэлхий дээр үгээр өгүүлшгүй гай гамшиг болж, хүн төрөлхтөн мөхөж, ердөө хэдхэн хүн үлдлээ гэхэд өмнөх тоондоо хүрэхийн тулд хүнд хэчнээн жил хэрэгтэй вэ?  

Өөр гариг дээр хүн амьдрах боломжтой болбол чухам хэдэн хүн илгээж байж тухайн гаригийг бүрэн эзэгнэхийг тогтоох гэсэн НАСА-гийн судалгаанаас эхлээд мөхлийн ирмэг дээр байгаа нэн ховор амьтдыг аварч хамгаалах гэсэн элдэв туршилт хүртэлх ийм асуудалтай холбогдох олон тооны судалгааны ажил, олон ч таамаг, тооцоолол бий. Сүүлийн жилүүдэд бүр ч нэмэгдээд байна.  

Юуны өмнө 100 жилийн дараах цаг үеийг төсөөлөх гээд үзье. Хүн төрөлхтний хөгжил дэвшил буруу тийш замнаж, робот гэгч амьтан бүтээгч эзнээсээ илүү ухаантай болж, яг л Стивен Хокингийн 2014 онд зөгнөсөнчлөн бослого өдөөн, хүмүүн төрөлтнийг мөхөөж, нөхөн үржих насны ердөө ганц хос үлдэж хоцорч гэж саная. Чингэвэл их мөхлийн дараах эхний үеийнхэн өөр хоорондоо ах дүүс байх нь тодорхой агаад өөр боломжит гарц, сонголт үгүй юм. 


08

Бичээс давхцах эрсдэл

Гэтэл цусан холбоотой хүмүүс эр, эм бололцох нь эцэг эхийнхээ аминд хүрэхийн дараа орох, хүний үйлдэж болох хамгийн том нүгэл хилэнц гэж Зигмунд Фройд үзсэн байдаг. Энэ нь жигшмээр, ой ухаанд багтамгүйгээс гадна тун аюултай. Чехословакийн нэгэн буйд нутагт 1933-1970 онд төрсөн хүүхдүүдийн эцэг эхийнх нь бараг 40 хувь ойрын төрөл садангууд байсан бол хүүхдүүдийнх нь талаас илүү нь эдгэшгүй эмгэгтэй төржээ. Тэдний 14 хувь нь бага, өсвөр насандаа эндсэн байна. 

Цус ойртох нь яагаад аюултай болохыг ойлгохын тулд генетикийн талаар наад захын ойлголттой байх хэрэгтэй. Хүний ген бүрт эцэг эхээсээ нэг нэгээр нь өвлөсөн хоёр бичээс байдаг. Гэхдээ яг ижил хоёр бичээс таарахгүй л бол тэдгээр нь мэдэгддэггүй, идэвхждэггүй. Удамшлын өвчин эмгэг, биеийн элдэв гажиг гэхэд л ихэнх тохиолдолд чухамдаа генийн бичээсийн тийм давхцалаас болдог бөгөөд тэдгээр нь өөр бусдын нөлөөгөөр идэвхжээгүй, дангаараа байх үедээ өвчин үүсгэх нь үгүй юм. Тэр ч бүү хэл дундаж, эрүүл чийрэг хүн бүрийн генийн бичээст үхэлд хүргэх эрсдэлтэй 1-2 аюултай ген байдаг гэдэг. 


07

Далд аюул

Харин хос хоёр ойрын цусан холбоотой байлаа гэхэд мөнөөх аюултай, “муу” ген дорхноо идэвхжиж, үр хүүхдэд нь өвлөгдөнө. Огт өнгө ялгадаггүй өвчин болох акроматопсия гэх харааны эмгэгээр жишээ татъя. Уг өвчин 33 мянган хүн тутамд нэг тохиолддог бол генийг нь 100 хүн тутмын нэг нь тээж явдаг байна. Хэрэв мөхлөөс эсэн мэнд үлдэх ертөнц дээрх сүүлчийн эр, эм хоёрын нэг нь акроматопсиягийн генийг тээгч байлаа гэхэд тэдний дөрвөн хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй байх магадлал 50 хувь юм. Энэ нь аз болоход харьцангуй эрсдэл багатай гэсэн үг. Харин тэдний ач, зээ нарын хувьд 16 хүүхэд тутмын нэг нь өнгө ялгахгүй байх магадлалтай.  

Үүнтэй төстэй явдал үнэхээр болсон бөгөөд Номхон далайн баруун захад байх Пингэлап хэмээх жижигхэн арлын оршин суугчдын дунд хэт цус ойртолтын улмаас акроматопсиятай хүмүүс олон байдаг байна. Өдгөө тус арал дээр аж төрдөг бүх хүн XVIII зууны сүүлчээр далайн хар шуурганаас амьд үлдсэн 20-хон хүний (түүн дотор акроматопсиягийн генийг тээгч) үр хойчис ажээ. Хэт цус ойртолтоос болж өвчний ген хурдтай тархаж, Пингэлапийн одоогийн оршин суугчдын 10 хувь нь өнгө ялгадаггүй эмгэгтэй болтол газар авсан байна. 


06

“Санаандгүй” туршилт

Гэхдээ иймэрхүү эрсдэл байлаа ч хорвоо дээрх сүүлчийн эр, эм хоёр хэдий олон хүүхэдтэй болно төдий хэрээр эрүүл үр удамтай байх магадлал өндөр юм. Гэвч цус ойртолт олон зуун жилээр үргэлжилбэл яах вэ? Үүнийг мэдэхийн тулд алсын арлыг зорих хэрэггүй. Өөр хоорондоо гэрлэхийг чухалчилсаар ирсэн хэсэг бүлэг хүн хэдэн зуун жилийн турш амьдарч ирсэн нь Европын ихэс дээдэс билээ. Есөн үеийнхээ турш буюу 200 гаруй жил үеэл, хаяал, авга, нагац нартайгаа гэрлэж ирсэн Испанийн Хабсбургийн язгууртнууд гэхэд л цус ойртох нь хэчнээн аюултай болохын бэлээхэн нотолгоо, “санаандгүйгээр” хийгдсэн удамзүйн туршилт байлаа. Хабсбургийнхнаас хамгийн их танигдсан, ихэс дээдсүүдийн цус ойртолтын гол хохирогч бол II Карлос юм. Оюун ухаан, бие махбодийн дутуу хөгжилтэй төрсөн Карлос хаан найман нас хүртлээ хөлд ороогүй бол 15 хүртлээ өөрөө хоолоо идэж чаддаггүй байжээ. Түүний эцэг нь эхийнх нь нагац ах байлаа. Нас гүйцсэн хойноо ч бусдын асаргаанд байсан хаантан хоёр ч удаа гэрлэсэн ч үргүй байв. Энэ нь Испани дахь Хабсбургийнхны ноёрхол эцэслэх гол шалтгаан болсон түүхтэй.  

Испанийн эрдэмтэд II Карлосын өвчин эмгэгийг 2009 онд анх удаа нарийвчлан судалж, өвөг дээдсийнх нь цус хэр ойртсоныг генийн түвшинд тогтоосон байдаг. Тэдний үзсэнээр Карлосын генийн бичээс бараг л “орооцолдсон” байсан нь элэнц, хуланц, эмэг, өвөг нь хэдэн үеэрээ өөр хоорондоо гэрлэсний баталгаа юм. Хаантны генийн бичээс төрсөн ах дүү хоёрын дундаас төрсөн төрөлхийн эмгэгтэй хүүхдийнхээс ч илүү адармаатай байжээ. 



05

Амьтны ертөнц дэх цус ойртолт

Өнөө цагт иймэрхүү аюултай цус ойртолт амьтны ертөнцөд, тэр дундаа нэн ховор болон мөхлийн ирмэг дээр буй амьтдын дунд элбэг байна. Зөвхөн Шинэ Зеландад байдаг, нисэж чаддаггүй какапо хэмээх аварга том тоть гойд амтлаг махтай, дээр нь болхи, удаанаасаа болоод өдгөө 100 гаруйхан тоо толгойтой үлджээ. Какапог аварч хамгаалахын тулд амьтан судлаачид яаж ч хичээгээд өндөглөх чадварыг нь сайжруулж чадахгүй байна. Учир нь цус ойртолтоос болж эм какапо хэзээ ч хагарахгүй, дотроос нь дэгдээхий гарч ирэхгүй нь тодорхой “хоосон” өндөг гаргах нь нэмэгджээ. Мэргэжилтнүүдийн хамгаалалтад байгаа 125 какапо дунд ийм өндөг гаргах үзэгдэл 2000 онд нийт өндөгний 10 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 40 хувьд хүрсэн гэнэ. Үүнийг зөвхөн цус ойртолтоос л үүдэх эмгэг гэж судлаачид үзэж байгаа аж. Тэгэхээр идэш тэжээлээ олох чадвар муутай аварга том тотийг амьтны хүрээлэнд яаж ч асарч, хэчнээн хооллоод ч аварч үлдэх боломжгүй боллоо гэсэн үг. 

Тоо толгой нь цөөхөн үлдсэн ан амьтдын дунд дээрхийн адил нүдэнд үзэгдэхүйц эрсдэлээс гадна хожмоо хэдэн үе дамнан илэрч мэдэх, бүр ч аюултай өөрчлөлт ажиглагдах болсон нь дархлаа сулрах үзэгдэл юм.  

Орчны өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол зэрэгтэй аль чадахаараа дасан зохицож буй ч өнөө цагийн амьтдад цусаа сэлбэх боломж бараг үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан генийн бичээс гэгчээ тэд шинэчилж, удмын сангаа баяжуулж чадахгүй байна. 


04

500-гаас цөөрвөл мөхнө

Хүн неандертальчуудтай урт удаан хугацаанд цус холилдсон бол дархлаагаа илүү сайжруулах байсан гэх ойлголт бүр эрт дээр цагт хүртэл түгээмэл байлаа. Энэ нь оргүй таамаг биш. Орчин цагийн шинжлэх ухаан үүнийг хэдийн баталсан бөгөөд энэхүү хуулиар бол хүн төрөлхтөн ямарваа мөхөл сүйрлээс тэсэж үлдлээ гэхэд одоогийнхоос огт өөр байх нь эргэлзээгүй юм. Мөнөөхөн алслагдмал арлын түүх үүнийг баталсан билээ.  

Хүнийг одоогийнхоос нь онцын ялгаагүй байлгая гэвэл генийн хэчнээхэн хэмжээний янз байдал хэрэгтэй талаарх мэтгэлцээн бүр 1980-аад оноос эхтэй. Олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд эрдэмтэд цус ойртолтоос сэргийлэхийн тулд нөхөн үржихүйн насны 50 хүнийг, харин генийн гаралтай элдэв эмгэгээс сэргийлэхийн тулд дор хаяж 500 хүнийг тусгаарлаж болно гэж үзсэн байдаг. Нэн ховор болон ховордох эрсдэлтэй амьтдын Улаан номд багтсан төрөл зүйлсийг хамгаалахаар ажиллаж буй эрдэмтэд ч чухамдаа уг судалгаанд үндэслэн аливаа төрөл зүйлийн тоо толгой 500-5000-ын хооронд хэлбэлзэж байвал цаашид өсөж үржих боломжтой, харин 500-гаас цөөрвөл мөхөх аюултай гэж үздэг байна. 


03

Баялаг биш удмын сан

Гэхдээ зарим археологичдын итгэдгээр бидний дээд өвөг бараг сая жилийн турш ердөө 1000-уулхнаа байжээ. Харин эдүгээгээс 50-100 мянган жилийн өмнө өлгий нутаг Африкаа орхин нүүдэллэж, өөрсөдтэйгөө төстэй өөр бүлэг улстай учирсан нь хүн төрөлхтөн энэ хүртэл хяналтгүй шахам өсөж үржихийн эхлэл байв. Үүнээс үзэхэд хүний удмын сан тийм ч баялаг биш болж таарна. Зэргэлдээ амьдардаг шимпанзе бичний хоёр сүргийн генийн ялгааг 2012 онд судалсан эрдэмтдийн дүгнэснээр тэд өнөөгийн долоон тэрбум хүний дунд баймгүй удмын арвин сантай байж.  

НАСА-гаас 2002 онд хэвлүүлсэн антропологич Жон Мурийн нэгэн судалгааны ажилд хүний удмын санг хэрхэн баялаг байлгах талаар дурдсан байдаг. Тэрбээр огт хүнгүй нутгийг хүний өмч болгоё гэвэл хамгийн багадаа 160 хүн хэрэгтэй, тэднийг өнөөх “муу” гентэй үгүйг нарийвчилсан шинжилгээгээр тогтоож болно гэж үзсэн байна. Гэхдээ Мур хүнгүй болсон дэлхийн хүн амыг дахин өсгөх гэхээсээ урт удаан хугацаанд үргэлжлэх сансрын аяллын төлөвлөгөөг боловсруулжээ. Өнөөх 160 хүний үр удам өөр гариг дээр өсөж үржиж байгаад 200 жилийн дараа эх дэлхийдээ эргэж ирэхэд болно, түүнээс удвал цус ойртоно гэж Мур тооцоолсон байдаг. 


02

Хамгийн хурдан өсөлт

Энэ бүхнээс дүгнэхэд мөхлөөс амьд мэнд үлдэх эр, эм хоёрт өсөж үржих боломж ч байх нь, үнэхээрийн сүүлчийн хүмүүс байх аюул ч нүүрлэх нь. Гэхдээ эрдэмтэн судлаачдын дийлэнх нь хүн төрөлхтнийг ямар ч эрсдэл, мөхөл сүйрлийг даваад гарах чадвартай гэдэгт итгэлтэй байна. Хойд Америкийн шашны цөөнх, герман угсааны хаттерчууд гэхэд XX зууны эхээр хэдхэн мянгуулаа үлдэж, цус ойртсоны гайгаар хүүхэд, залуус нь төрөлхийн эмгэгтэй, дутуу хөгжилтэй байсан ч 2005 он хүртэл 17 жил тутамд хоёр дахин өссөн нь одоогоор түүхэнд бүртгэгдээд буй хүн амын хамгийн хурдан өсөлт аж. 


01

556 жил

Зөвхөн хаттерчуудын түүхээс жишээ авч, нарийвчилсан тооцоо хийвэл дэлхий дээр хоёулхнаа үлдэх эр, эм хоёр хожмын цус ойртох аюулаас сэргийлж наанадаж 10 хүүхэд төрүүлж чадвал хүн төрөлхтөн ердөө 556 жилийн дотор дахин одоогийнхоо хэмжээнд буюу долоон тэрбум хүртлээ өсөж үржих боломжтой гэсэн дүн гарна.  

Гэхдээ энэ нь маш хүнд “ажил”. Учир нь мөхлөөс амь мултарсан эр, эм хоёрын удам дахь эмэгтэй хүн бүр дунджаар найман хүүхэд төрүүлж байж энэ “амжилт”-д хүрэх юм. 



8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+9
маш сонирхолтой нийтлэл байлаа :)
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start