Арав.мн

Өвлийн олимпийн хамгийн шилдэг 10 тамирчин

Өвлийн олимпийн хамгийн шилдэг 10 тамирчин

Өвлийн олимпийн XXIII наадам нь сар хүрэхгүй хугацааны дараа БНСУ-ын Пёнчан хотод болох гэж байна. Пёнчан хот гуравдахь удаагаа дараалан нэрээ дэвшүүлсний эцэст зорилгодоо хүрсэн бөгөөд өмнөх хоёр удаад Ванкувер, Сочи хотуудад яльгүй зөрүүгээр ялагдаж байсан юм. Өмнөд Солонгост өвлийн олимп анх удаа зохиогдох юм. 2018 оны олимпийн тоглолтууд хоёрдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа дараа өдөр нь болох аж. Харин хаалт нь хоёрдугаар сарын 25- ны өдөр болох юм. Энэ удаа уншигчдад өвлийн олимпийн наадмын хамгийн агуу 10 тамирчныг танилцуулж байна.


10

Аполо Антон Оно – АНУ

Олимпийн медалийн тоо – 8

АНУ-ын хурдны тэшүүрийн тамирчин Аполо Оно бол тус улсын түүхэн дэх хамгийн шилдэг өвлийн олимпийн тамирчин юм. Гурван удаагийн Олимпийн наадамд оролцсон тэрбээр хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу нийт найман медаль хүртжээ.

1982 онд төрсөн Оно 1996 оноос эхлэн тамирчин болох гараагаа эхэлсэн юм. Тэрбээр 1997 онд буюу ердөө 14 настай байхдаа улсын аварга болсон хамгийн залуу тамирчин болсон ба 2001-2009 оны хооронд аваргын байр сууриа алдалгүй, нийт 12 удаа түрүүлж байсан юм.

Оно 2013 онд зодог тайлах хүртлээ олимпийн медалиудаас гадна дэлхийн аваргын тэмцээнээс 8 алт, 7 мөнгө, 6 хүрэл медальтай ба Дэлхийн аваргын багийн төрөлд 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан тамирчин билээ.


09

Рико Гросс – Герман

Олимпийн медалийн тоо – 8

Гүйлтийн цанаар спортын гараагаа эхэлсэн Гросс 13 насандаа биатлоноор хичээллэж эхэлсэн байна. Түүний спортын карьер маш амжилттай бөгөөд Олимпийн 8 медаль (4 алт) хүртсэн юм.

1970 онд төрсөн Гросс анх 20 насандаа Дэлхийн цомын тэмцээнд уралдсан байдаг. Тэрбээр 1992, 1994 болон 1998 оны Өвлийн олимпийн наадмаас 4 х 7.5 км төрөлд алтан медаль хүртсэн. Харин 2002 онд энэ төрөлд Германы баг мөнгөн медаль, харин 12.5 км-ийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авсан юм. Хамгийн сүүлд 2006 оны Турины олимпоос алтан медаль хүртсэн билээ.

Дэлхийн аваргын тэмцээнүүдээс 20 медальтай (9 алт) тэрбээр 2010 онд Германы биатлоны эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон ч 2015 оноос ОХУ-ын биатлоны эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.


08

Эрик Хайден – АНУ

Олимпийн медалийн тоо – 5

Хайден Өвлийн олимпийн наадмын түүхэнд нэг удаагийн тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин юм. Тэрбээр хурдны тэшүүрийн 5 тэмцээнд 5 алтан медаль хүртсэний 4 нь олимпийн рекорд тогтоож, нэг дэлхийн рекорд эвдсэн байдаг. Хайден энэ амжилтаа 1980 оны наадмаар ердөө 9 хоногийн хугацаанд тогтоожээ. Энэ үед ердөө 21 настай байсан ба оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн юм. Нью Йоркийн Олимпоос Хайдены ганцаараа авсан медалийн тоо ЗХУ (10) болон Зүүн Герман (9) улсаас бусад бүх улсаас дээгүүр бичигдсэн байдаг.

Хайден карьерийнхээ туршид Олимпийн медалиудаас гадна Дэлхийн аваргын 7 алт, 1 мөнгөн медальтай ба дэлхийн рекордыг 15 удаа эвдсэн юм.


07

Клаудия Пехштайн - Герман

Олимпийн медалийн тоо – 9

Герман улсын бүх цаг үеийн хамгийн шилдэг хурдны тэшүүрчин Клаудия Пехштайн нийт 9 медаль хүртсэн юм. Түүний 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл авсан амжилтыг эрэгтэй тамирчид ч гаргаагүй. Зүүн Берлинд төрсөн Пехштайн Олимпийн дараалласан таван наадмаас (1992-2006) медаль хүртсэн анхны тамирчин юм. 2006 оны Турины олимпийн наадмаас 5 дахь алтан медалиа авсан тэрбээр 2010 оны Ванкуверын наадмыг өнжиж, 2014 онд Сочигийн олимпийн наадамд уралдан 3000 метрийн уралдаанд 4 дүгээр байр, 5000 метрийн уралдаанд 5 дугаар байранд орж ирсэн байдаг.

Хэрэв допингийн асуудлаас болж 2010 оны наадмыг өнжөөгүй бол түүний амжилт үүнээс ч илүү байх байсан биз. Түүний 2002 онд тогтоосон 3000 м (3:57:70) болон 5000 (6:46:91) метрийн Олимпийн рекорд одоо хүртэл эвдэгдээгүй байна.


06

Райса Сметанина – ЗХУ

Олимпийн медалийн тоо – 10

Гүйлтийн цанын төрөлд өрсөлддөг Райса Сметанина бол Өвлийн олимпийн наадмаас 10 медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин юм. Эдгээр медалийн хоёр алт, нэг мөнгөн медалийг 1976 оны олимпоос авсан билээ. Сметанина нийт таван олимпийн наадамд оролцохдоо ЗХУ-ыг төлөөлж дөрвөн удаа оролцсон бол хуучин зөвлөлтийн улсуудын тамирчдаас бүрдсэн “Нэгдмэл баг”-ийг төлөөлж 1992 онд 39 насандаа оролцохдоо 4 х 5 км төрлөөс алтан медаль хүртэж, Өвлийн олимпоос алтан медаль хүртсэн хамгийн настай эмэгтэй тамирчин болсон байдаг.

Нийт 4 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн энэхүү домогт тамирчны медалийн санд Дэлхийн аваргын 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль бий.



05

Стефания Белмондо – Итали

Олимпийн медалийн тоо – 10

Олимпийн наадамд нийт 5 удаа оролцохдоо хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медалийг гүйлтийн цанын төрлөөс авсан Белмондо бол Итали улсын хамгийн амжилттай өвлийн спортын тамирчин билээ. Дэлхийн аваргын тэмцээнээс дөрвөн алтан медальтай Белмондо гурван настайгаасаа эхлэн цанаар хичээллэсэн ба 1987 онд спортын анхны тэмцээндээ оролцсон байдаг. 1992 оны Альбертвилийн наадмаас анхны алтан медалиа авсан энэ тамирчин 2002 оны хамгийн сүүлд оролцсон Солт Лэйкийн олимпоос алтан медаль хүртэж, спортын карьерээ өндөрлөсөн нэгэн.

Тэрбээр 2006 оны Турины наадмаар өөрийн төрөлх нутагтаа Олимпийн бамбарыг асаасан билээ.


04

Соня Хени - Норвеги

Олимпийн медалийн тоо – 3

Ердөө 10 настай байхдаа Норвегийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан уран гулгалтын тамирчин Соня Хени бол 1928, 1932 болон 1936 онуудад болсон Өвлийн олимпийн наадмаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн гайхамшигтай тамирчин юм. Тэрээр 10 удаа Дэлхийн аварга (1927-1936) болж, зургаан удаа Европын аварга (1931-1936) болсон байдаг. Хени шиг олон медаль авсан уран гулгалтын тамирчин одоо хүртэл гарч ирээгүй байгаа билээ.

Соня Хени алдартай тамирчнаас гадна Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчин байсан юм. Тэрээр “Thin Ice”, “My Lucky Star”, “Second Fiddle” болон “Sun Valley Serenade” зэрэг хит кинонуудад тоглож байв. Харамсалтай нь 1960-аад онд цус багадах өвчинтэй болох нь тогтоогдож, 1969 онд 57 насандаа Парисаас Осло хүрэх нислэгийн үеэр нас барсан байдаг.

Соня Хениг 1976 онд Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд залсан юм.


03

Бьорн Дэли – Норвеги

Олимпийн медалийн тоо - 12

Норвегичууд өвлийн спортоор маш өндөр амжилт үзүүлдэг. Тэдний нэг Бьорн Дэли Олимп, Дэлхийн 29 медальтай тамирчин юм. Дэлиг спортын түүхэн дэх хамгийн амжилттай гүйлтийн цанын тамирчин гэдэг.

Олимпийн 8 алт, 4 мөнгө, дэлхийн 9 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтай тэрбээр 1997 онд бүх 5 төрлөөс медаль хүртжээ. Дэли харамсалтай нь зуны бэлтгэлийн үеэр гэмтэл авсан нь зодог тайлахад хүргэсэн бөгөөд хэрэв гэмтээгүй байсан бол амжилтаа улам ахиулах байсан нь дамжиггүй.

Дэли зодог тайлсныхаа дараа үл хөдлөх хөрөнгө, хувцасны бизнес эрхлэх болж амжилтад хүрсэн.


02

Хьетиль Андре Омодт - Норвеги

Олимпийн медалийн тоо – 8

Бүх чадвар нь төгс цогцолсон уулын цанын тамирчинг нэрлэ гэвэл Омодтыг нэрлэхэд буруудахгүй. Тэрбээр уулын цанын бүх төрөлд оролцож, Дэлхийн цом, Дэлхийн аваргын тэмцээнээс олон медаль хүртсэн байдаг. Уулын цанын таван төрлөөс тавууланд нь аваргалсан таван эрэгтэй тамирчин байдгийн нэг нь болох Омодт “Олимпийн алтан медалийг авсан хамгийн залуу, мөн хамгийн хөгшин уулын цаначин” гэх алдрыг зүүсэн нэгэн.

Омодт олимпоос 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, ДАШТ-ээс 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм. 


01

Уле Эйнар Бьёрндален – Норвеги

Олимпийн медалийн тоо – 13

Өвлийн спортын тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол Норвегийн шигшээ багийн тамирчин “Биатлоны хаан” хочит Уле Эйнар Бьёрндален юм. Тэрбээр Олимпийн наадмаас 13 медаль, Дэлхийн аваргын тэмцээнээс 45 медаль (!!!) хүртсэн юм. Бьёрндалены араас бичигдэх тамирчдаас Мартин Форкэйдээс бусад нь түүний медалийн тооноос хоёр дахин цөөн медальтай.

1992 онд өсвөрийн ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн тэрбээр цаашид Олимпийн 13 медаль (8 алт), ДАШТ-ээс 45медаль (20 алт) хүртсэн домогт тамирчин болсон юм.

2014 оны 2-р сараас хойш Бьёрндаленыг Олон улсын олимпийн хорооны Тамирчдын коммисын гишүүнээр 8 жилийн хугацаатай томилсон байдаг. Гэвч 2018 оны Өвлийн олимпийн наадамд оролцохын тулд тэрбээр энэ ажлаасаа 2016 онд саналаараа огцорсон билээ. Уле Эйнар Бьёрндален бол энэ жилийн олимпийн наадмаас медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор орж байгаа юм.



8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Бьёрндален гэж нөхөр ямар аймар юм бэ. Энд хуучин ЗХУ н тэшүүрчин хэн билээ нэг эмэгтэй байх ёстойдоо уг нь. Өвөл зун ялгаагүй ерөөс олимпод орсон тамирчдаас хамгийн олон медаль авсан рекорд эзэмшиж байгаад сүүлд usa н Micheal Phelphs түүнийг гүйцэж байсан. Бас голландын тэшүүрчин Свен Крамер орнодоо. Олимпын 2 алт 4 мөнгөтэй, 5, 10 мянгын олимп дэлхийн рекорд эзэмшигч, дэлхийн рекордыг 6 удаа шинэчлэн тогтоосон, энэ олимпод холын зайд алт авах хамгийн өндөр магадлалтай айхтар нөхөр бийдээ
+7
Бьёрндален энэ жил дахиад алт авчих юм бол тэгээд гүйцэх аавын хүү гарч ирэхгүй байх даа
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд