Арав.мн

Миний Болонья (тэмдэглэл)

Миний Болонья (тэмдэглэл)

Хот гэдэг амьтай юм шиг сонин бүтэцтэй тухай Гоодалийн эрхлэгч Ц.Амгалангийн нэг нийтлэлээс саяхан уншлаа. Та ямар байхаас  хамаарч хот танд өөрийнхөө олон төрхийг харуулна. Тэр таныг өөртөө татан өөрчилж, өөрөө бас таны нэг хэсэг болон уусан шингэдэг. Tив бүрээс зорин ирэх түмэн жуулчны өмнө зуун зууныг дамнуулан хадгалж чадсан үнэт өвөө үзүүлж бишрүүлэх хуучин Ром, дурлалын хот Парис, бүгдийг холиод хутгачихсан нийслэл салад шиг бидний Улаанбаатар, тэрбум хүнтэй аварга гүрний нийслэл Бээжин, усан дээр хэдэн зуун жил бүүвэйлэгдсэн Венеци гээд хот бүрийн өвөрмөц онцлог оршин суугчдад нь шингэсэн байдагт одоо итгэж байна.

Милан, Ром, Венеци шиг жилийн дөрвөн улиралд олны хөлд дарагддаггүй, жижгэвтэр, улаан өнгөтэй нэгэн хот Италид бий. Эмилья Романья мужийн нийслэл, гурван зуун наян мянга гаруй оршин суугчидтай, Болонья хэмээх энэ хотод дурлах арван шалтгааныг танилцуулъя.

Фото зургуудыг: Ц.Нима


10

Хоол

Болонья ямар хот вэ гэвэл италичууд "Улаан, Тарган, Ухаалаг" - La rosssa, La grassa, La totta гэж хэлдэг. Дэлхийн хамгийн анхны их сургуулиудын нэг байдаг тул - ухаалаг. Барилга, байшингууд нь улбар, улаан өнгөтэй тул - улаан. Гэхдээ үүнд Болоньягийнхны улс төрийн байр суурь бас нөлөөлдөг байх. Бүх л итали улсаас хамгийн их зүүний үзэлтэй хот бол Болонья. 

Харин тарган гэдэг тодорхойлолт энэ улаан хотын иргэд хичнээн сайн хооллодогийг илэрхийлнэ. Магад идэж буй хоолондоо хэр анхаарал тавьдаг гэвэл зохилтой. Өглөөний цай, бага үдийн цай, өдрийн хоол, оройн хоолны өмнөх зууш буюу аперитиво, тэгээд оройн хоол. Мортаделла, пицца, паста, таллиателлэ, тортеллини, улаан дарс, цагаан дарс, спритц... Өглөө эрт гудамжаар алхаж байхад гудамжны үзүүрийн баарнаас кофены сэтгэл сэргээм үнэр хамар цоргиж, шилэн хоргоны цаадах гоёмсог амттангууд таны нүд, ходоодыг булаах болно. Гүйцээ... Идэхээс өөр ямар ч арга байхгүй.


09

Их сургууль

Хамгийн анхны их сургуулиудын нэг гэгдэг Болоньягийн их сургууль 1088 онд албан ёсоор байгуулагджээ. Үүнээс өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан гэж үздэг ч албан ёсоор байгуулагдсан он нь 1088 аж. Ная орчим мянган оюутантай энэ их сургуулийн байрнууд улаан хотын ёстой нэг хаа сайгүй байрлана. Хууль, эдийн засаг, философи, хэлний сургуулийн ихэнх байрнууд хотын төвд байдаг бол инженер, анагаах ухаан, хөдөө аж ахуйн сургуулийн байрнууд хотын захдуу байрлалтай. 

"Инферно" (Там)-г бичсэн, Италийн уран зохиолын оргил Данте Аллигиери, Ферраригийн үүсгэн байгуулагч Энзо Феррари, этгээд найруулагч Пиер Паоло Пасолини, дэлхий биш нар ертөнцийн төвд байна гэдгийг нээсэн Коперник, философич Эрасмус зэрэг алдартнууд энэ их сургуульд суралцаж байжээ.


08

Алхъя

Алхацгаая. Камераа аваад, чихэвчээрээ хөгжим сонсоод, найзуудтайгаа хөгжилдөөд, эсвэл зүгээр л алхацгаая. Цастай, бороотой, нартай байсан ч, шүхэргүй байсан ч хамаагүй алхацгаая гэдгийг Болоньяд амьдардаг хүн л хамгийн түрүүнд хэлэх байх. Учир нь энэ хотод уртаас урт үргэлжилсэн портичи (арк, нуман хаалганууд) байдаг. Олон ч удаагийн бороонуудаас, мөн дөчин хоёр градусаар шарж байсан нарнаас эдний ачаар аврагдсан даа. Хотын төвд гэхэд л 38 км бөгөөд захын дүүргүүдийнхтэй нийлээд 53км урт болдог энэ улаан портичиг ЮНЕСКО соёлын өв хэмээн бүртгэж авчээ.


07

Сайхныг бишрэх

Дэлхий дээрх бүх л соёлын өвийн 70 хувь нь Италид байдаг. Жижигхэн тосгон дахь хаягдаж хоцорсон цайз, Колизей, Пантеоноос эхлүүлээд Ромын бүх юмс, усан дээр намуухан хөвөх Венецийн Гэгээн Маркогийн сүм, үлгэрийн зурагт номноос гараад ирсэн юм шиг Флоренцын дуган зэрэг олон аялагчдын зүгийг заадаг газрууд Италийн сайн сайхан юмсын дөнгөж эхлэл нь. Готик маягийн сүрлэг хийцтэй Миланы дуган эсвэл Ватикан дах Гэгээн Петрийн сүм ямар ч хүнийг хэдэн хором чимээгүй болгодогт би зуун хувь итгэлтэй байна.

Болоньягийн төвөөр зуны орой бол амтат мөхөөлдөс идэнгээ, сэрүүхэн үед бол ганц хундага вино уусны дараа алхахад... америк, англи цэргүүд дайны үеэр ирж машинаа зогсоохдоо эмтэлж гэмтээсэн төв талбайн чулуун хашлага, Ватиканаас том сүм дуганыг Болоньягийнхан барих гэж байна гэдгийг сонсоод дургүйцсэн пап лам, түүний явуулганаас үүдэж дутуу баригдаж хоцорсон хотын төв дуган, хамгийн анхны их сургуулийн гудамж, номын сангууд гээд байшин барилга бүр нь түүх өгүүлнэ.


06

Суралц, Номын сангууд

Болоньягийн номын сангуудыг их сургуулийн хамгийн хуучин номын сан, тэнхимүүдийн номын сан, сургуулиудын номын сан, хотын нийтийн номын сан, дүүргүүдийн номын сан, музей, галлерей доторх номын сан, кино театрын хажууд байдаг номын сан гэж ангилж болно. Эсвэл 1088 онд их сургууль байгуулагдахад анх нээгдсэн музей шиг номын сан, Замбони гудамжны 36 тоот буюу оюутнуудын бослого гаргадаг номын сан, хамгийн галзуу элдэв зураг чимэглэлүүдтэй урлаг судлалын сургуулийн номын сан, өдрийн 16 цагийн үеэр үргэлж дүүрэн байдаг эдийн засгийн сургуулийн номын сан, лифтэнд сууж байгаа юм шиг ордог хуулийн сургуулийн номын сан, шөнөжин ажилладаг анагаахын сургуулийн номын сан, гадаах жижигхэн цэцэрлэгт нь оюутнуудын завсарлахаар “саарал” манан татчихдаг философийн сургуулийн номын сан, урт дараалал хаалганаас нь эхлээд Вердигийн талбайн нөгөө захад заримдаа хүрчихдэг Палеотти, Харри Поттер дээр гардаг шиг гайхмаар гоё хуучны номын сан Аркижиннасио, бүр доор нь хотын анхны туурь үлдэгдэл байдаг шилэн шалтай Сала Борса, хэзээ ч билээ шатсан номнуудыг хадгалдаг музей шиг тэгэхдээ зөвхөн урлагийн номнуудтай, “хонхтой” номын сан гэх мэтээр ангилж бас болно. Бүх нийтээрээ суралцацгаа, номнуудаа авцгаа, уншицгаа.


05

Урлагт дурлах

Сар бүрийн эхний ням гарагт Италийн ихэнх хотуудад музей, галлерейнууд иргэдэд үнэгүй үйлчилдэг. Урлаж бүтээж чадсан, түүнийгээ бас хадгалж чадсан тул энэ сайхныг олон хүмүүст үзүүлнэ. Хотын музей, Болоньягийн модерн арт музей, улбар шаргал гудамнуудын хаа нэгтээ байх галлерейнуудын үүдээр ороод л урлагийн бүтээл гэгч ямархан мэдрэмжийн салхи татуулахыг харж болно. Урлагийн академын оюутнуудын жилд хоёр удаа гаргадаг үзэсгэлэн хүртэл сонирхолтой. Музей, галлерейд байнга байх үзвэрүүдээс гадна богино хугацаагаар зохиогддог үзэсгэлэн, фестивалиуд ч олон. Дали, Ван Гог, Дэвид Бови, Фрида Кало, Мирогийн бүтээлүүдийг үзэх хувь Болоньяд тохионо. 

Хоёр жилд нэг удаа зохиогддог үйлдвэрлэлийн сэдэвтэй гэрэл зургийн биэнналэ, олон орны уран бүтээлчид ирдэг кино фестивалиуд энд зохиогдоно. Эдэн дундаас хамгийн сайхан нь өчнөөн олон зууны өмнө баригдаж эхэлсэн дуганы өмнөх талбай дээр, од харагдахгүй манан ихтэй зуны шөнийн тэнгэр дор, үзэсгэлэнтэй улбар барилгуудын дунд, томоос том дэлгэцээр “жинхэнэ кинонууд” үзэж суух юм аа.


04

Шөнийн амьдрал, оюутны гудамж

/Оюутнуудын шөнийн амьдралын тухай зураг оруулахгүй байсан нь дээр гэж бодлоо, учир нь Болоньягийн шөнийн зурагнууд бүгд фокусгүй байдаг/

Их сургуулийн төв гудамжны эхлэлд, хотын театрын урд, Жузеппе Верди гэдэг нэгэн алдарт талбай, тэр талбайгаас цааш үргэлжлэх Петрони хэмээх нэгэн гудамж бий. Цаг үргэлж оюутнуудын хөлд дарагдаастай байдаг энэ талбай, энэ гудамж хоёр Болоньягийн их сургууль үүссэн тэр жилээс хойш ганц өдөр ч унтаж амраагүй байх. Хямдхан хавчуургатай талх, зүсэм пицца зэрэг идэх юмаа өдөр нь эндээс авч, харин орой нь ууна. Вино, пиво, нэг евроны шоттой барнууд, хөгжим тоглоод дуулаад яриад хөгжилдөөд сууж болдог барнууд Петронигийнх. Онцгой баярууд, эсвэл хагассайн өдөр энд заримдаа зөрөх ч хэцүү их хүнтэй.
Шөнө дунд дөхөж барнууд хаахад клаб руу бүжиглэхээр, эсвэл дахин уухаар явж, эсвэл хаа ч хамаагүй гадаа суугаад дуртай зүйлээ хийж болно. Поп хөгжимтэй, техно хөгжимтэй, гадны дижэй нар ирдэг, хотын захад байдаг, латин америк дуунуудтай, Эрасмусын оюутнууд очдог, ЛГБТ хүмүүсийн, “хачин” хүмүүсийн очдог гэх мэт олон төрлийн газрууд бий. “Болоньяд сурч байгаа бол уйдахгүй ээ, харин хичээлээ хийх цаг гаргах л хэцүү байдаг юм” гэсэн нэг итали өвөөгийн үгийг энд давтья.


03

Шинэ хүмүүс

Болоньяд элдэв янзын сонин хачин маш олон хүмүүстэй танилцаж болно. Сүүлийн жилүүдэд эндхийн их сургуульд суралцах гадаад оюутнууд нэмэгдсэний дээр, энд түр ажил хийх гэж ирсэн, эсвэл аялж байгаа хүмүүс дунд ч сонирхолтой хүмүүс олон. Сонирхолтой гэж - магадгүй ганцхан удаа түрхэн ярилцсан, дахиад хэзээ ч уулзахгүй хэрнээ ямар нэг асуулт үлдээж, сайхан мэдрэмж төрүүлж, гайхшруулж, юмсыг харах бас нэг өнцөг нэмж нөлөө үзүүлдэг хүмүүсийг хэлье. Наян мянган оюутантай энэ хотод ямар сонирхолтой шинэ танилуудтай болохыг хэн хэлж мэдэх вэ дээ. Юу тохиохыг бидний хэн нь ч тааж мэддэггүй тул – яг энэ л – хамгийн сайхан. Магад хэдэн жилийн өмнө бол та их сургуулийн танхим руу лекц уншихаар алхаж яваа Умберто Эког ч олж харж болох байлаа.


02

Тав тух

Зундаа халуун нар шарж, хамаг хүмүүс нь далай руу яваад ялангуяа наймдугаар сар хачин уйтгартай, өвөлдөө чийгтэй жихүүн хүйтэн нь голд ортол дааруулдаг ч эндхийн хавар эрт эхэлж, намар нь хамгийн үзэсгэлэнтэй өнгөнүүдийг харуулна. Өглөөхөн гарсан шинэ корнетто идэх, гудамж талбай цэвэрхэн бөгөөд тайван байх, ойролцоо дэлгүүрт шинэхэн жимс зарж байх, гудманд таарсан танихгүй хүн инээмсэглэх гээд бүгд сайхан. Олон оюутантай учраас байр олоход маш хэцүү байдаг, гадаад оюутан байх бас л хэцүү, өвөл зундаа хэт огцом цаг агаартай, байрнууд нь халаалт муутай гээд тоочоод байвал цааш урт үргэлжлэх олон сул талууд байгаа ч тав тухтай, бас тэгээд сонирхолтой өдөр хоногуудтай оюутны хот – Болонья.


01

Энд юу ч тохиолдож болно

Шинэхэн дурлалтайгаа учирч, цаашид олон жил сарыг хамтдаа туулах найзуудтай болж, уйлж, инээж, баярлаж, шалгалтны стресст өртөж болно. Арван хоёрдугаар сарын нартай нэг өдөр хэсэг хүмүүс төгсөлтөө тэмдэглэж байхад, цаахна нь байдаг номын санд хүмүүс хичээлээ хийж, өнөө номын сангийн цонх руу нэг нөхөр авирч, наана нь нэлээн хэдэн нөхөд юуг ч юм эсэргүүцэн жагсаал хийж байдаг. 

“Би өнөө орой Францаас ирсэн, энэ байранд амьдрах ёстой, энэ миний байрны гэрээ, надад өөр хонох газар байхгүй” гээд хуудас цаас үзүүлэн уйлж эхэлсэн огтоос танихгүй охиныг гэртээ хонуулсан монгол, испани, итали, унгар дөрвөн охин. Тэгээд хамгийн инээдтэй нь тэр шөнөдөө нэгнийхээ төрсөн өдрийг нөгөө танихгүй охинтойгоо хамт тэмдэглэсэн гэж байгаа. Энэ мэтийн санаанд ч оромгүй галзуу учралууд, сонин тохиолдлууд, адал явдалтай өдөр хоногууд Болоньяд тохиодог. Хоёр өндөр цамхагтай, намартаа мананд хучигддаг, хуучнаас хуучин улбар шар өнгөтэй, портичи доор нь байшин барилгуудынх нь сайхныг бишрээд алхаад л баймаар энэ хотод юу ч тохиолдож магадгүй. 

Бүр юу ч тохиолдож... магадгүй.

Ц.Нима 2018.01.22


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Гоё юм аа. Залуу байсан бол очиж 3-4 жил амьдрахсан
+6
Амжилт хүсье. Эх орондоо хэрэгтэй хүн болоорой :)
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start