Арав.мн

Уран барилгыг эгнэгт өөрчилсөн Салхит хот

Уран барилгыг эгнэгт өөрчилсөн Салхит хот

Тэнгэр баганадсан, дэлхийн анхны барилга Чикагод баригдсанаас хойш энэ хот өнгөрсөн болоод энэ зууны уран барилгын хөгжил дэвшил, чиг хандлагыг өөрчлөгч, хотын соёлын түүчээ байсаар ирсэн тухай BBC агентлагийн сэтгүүлч Жонатан Глэнси ийн бичжээ.  

Чикагог Салхит хот хэмээдэг. Харин яагаад ийм нэртэй болсныг нь хотынхон өөрсдөө ч сайн мэддэггүй. Хот оршин буй өвс ихт нуга хөндий, Их нууруудын зүгээс сэвэлзэх их салхин үүнд хувь нэмрээ оруулсан нь лавтай. Гэхдээ зарим хүний хэлэх нь хот ширүүн салхинд туугдах аятай онцгой хурдаар өөрчлөгдөж, өргөжин тэлсэн байна.

Мичиган голын баруун өмнөд эрэг дээр 1830 онд шавыг нь тавихад Чикагод 200 ч хүрэхгүй хүн суурьшжээ. Долоон жилийн дараа гэхэд аж үйлдвэрлэлийн бичил хот болгоно гэсэн төлөвлөгөөн дор байгуулагдсан тус хотын хүн амын тоо төдий хугацааны дараа 4000-д хүрээд байлаа. Тэр цагаас хойш буюу 1837 оноос хэдэн зуун мянган хар ажилчин, цагаач, дүрвэгчдийг тээсэн галт тэргүүд Америкийн төв баруун нутгаас Чикаго руу тасралтгүй хөвөрчээ.  

Харин 1848 онд Иллинойз мужийн захиргаа Мичиган голын төв сувгийг Их нууруудын бэлчир нутгаас өмнөдийн Нью Орлеанс муж хүртэл буюу Миссиссиппи мөрний зүг сунгасан худалдааны бүстэй зэрэгцүүлж татсанаар Чикаго хот Нэгдсэн Улсын бүх л бүс нутагтай төмөр замаар холбогдсон байна. Ингэж дэлхийн өнцөг булан бүрээс элдэв бараа таваар эндхийн худалдаа зээлийн газрууд руу цувж, Чикаго Америкийн санхүү, эдийн засгийн гол төвийн нэг боллоо. 1865 оноос хэдэн сая малыг эндхийн нядалгааны газарт төвлөрүүлснээр тус хот мөн америкчуудын малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулдаг нийслэл болон өргөжжээ. Чикагогийн зөвхөн мах, махан бүтээгдэхүүн савлагааны салбарт гэхэд л 1900 оны үест 25 мянган хүн ажиллах болж, дотоодын мах, махан бүтээгдэхүүний зах зээл дэх худалдаа, арилжааны 80 хувь энд явагдаж эхлэв. Эл хурдацтай наймаа үр ашгаа өгч Чикагод томоохон үйлдвэрээс эхлээд банк, дэлгүүр хоршоо, үзвэрийн газрууд, цэцэрлэгт хүрээлэн, Америкийн түүхэн дэх орчин цагийн, бүрэн хэмжээний анхны цэвэр, бохирын систем гээд юм бүхэн шинээр бий боллоо. 

1880 онд хотын хүн ам 505 мянга давав. Түүнээс хойш, 1929 оны Уолл Стритийн санхүүгийн их хямрал хүртэлх арван жил тутамд Чикагогийн хүн ам тогтмол хагас саяар өссөн байна. Тэр олон хүнийг орох орон, ажлын байртай болгох гэсэн нь хотод бас нэгэн салбар хурдтай хөгжихийн эхлэл болжээ. Тэр нь барилгын салбар юм. Бүх талаар өсөж өндийж байсан хотын хувьд Чикагод өдөр өнжилгүй шинэ барилга сүндэрлэн байлаа. 1880 оны дунд гэхэд дэлхийн анхны, тэнгэр баганадсан барилга хотын төвийг чимэх болов.

Үнсэн дундаас өндийсөн нь

Гэхдээ өндөр барилгууд Чикагогийн тэнгэрийг ахар богинохон хугацаанд эзэлж эхэлсэнд хүн амын огцом өсөлтөөс гадна нэгэн золгүй явдал илүүтэй нөлөөлжээ. 1871 оны аравдугаар сарын 8-нд хотын дөрвөн бээр хэрийн нутаг дэвсгэр түймэрт сүйдэж, 300 гаруй хүн амь эрсдэн, 100 мянга орчим хүн орон гэрээ алдаж, 17 мянга гаруй байшин барилга ашиглагдахааргүй болсон байна. Энэ нь хотын нийт хөрөнгийн гуравны нэг нь үнс нурам болсон гэсэн үг. Гэсэн ч Чикаго хотынхон санаснаас хавьгүй хурдан хөл дээрээ босчээ. Хотын төвийг шинэ байршилд төлөвлөж, галд тэсвэртэй, уран барилгын хамгийн сүүлийн үеийн шийдлийг ашигласан өвөрмөц, содон барилгууд баригдаж эхлэв. Үүнд тухайн цагийн хоёр ч онцгой нээлт ихэд нөлөөсөн байдаг. Нэг нь Элиша Отисийн зохион бүтээж, 1854 оны Нью-Йоркийн үзэсгэлэн яармагийн үеэр анх ашиглалтад оруулсан, аюулгүйн ажиллагаатай цахилгаан шат бол нөгөө нь 1856 онд үйлдвэрлэлд нэвтэрсэн хямд төсрөөр, үлэмж хэмжээгээр ган үйлдвэрлэх арга юм. 

Ингээд Чикаго хот урьдынхаас огт өөр өнгө үзэмжтэй болж, хот төлөвлөлт, барилга байгууламжийг нь тухайн цагт гагц Нью-Йоркийнхтой л жишиж болохуйц их хотын дүртэй боллоо. Арилжааны ч бай, амины сууц болон нийтийн байр ч бай XIX зууны дунд үе хүртэл байшин барилгууд таваас олон давхар байх нь ховор байв. Хүнд юм бариад дээш өгсөх нь бүү хэл, дээд давхар луу шатаар мацахыг ерийн биш зүйл гэж хүмүүс боддог байлаа. Харин 1884 онд Чикагогийн Ла Салль болон Адамс гудамжны огтлолцох цэг дээр “Home” хэмээх даатгалын компанийн 10 давхар байр ашиглалтад орсноор хүмүүс өндөр барилгаас айх биш, түүнийг сонирхох болов. Уг барилгыг орчин цагийн, дэлхийн анхны өндөр барилга гэж үздэг юм. Битүү ган хийцтэйн сацуу дээр дурдсан шинэлэг, хөнгөн гангаар араг ясыг нь зангидсан эл барилгын гадна өнгөлгөөг Сэргэн мандалтын үеийнх шиг гантиг, боржин чулуугаар хийсэн ч жин нь түрүү үеийн аварга том чулуун байгууламжуудтай харьцуулахад ердөө гуравны нэгтэй нь тэнцэхүйц хөнгөн байлаа. Гэвч барилгын мэргэжилтнүүд санаа зовж, дээрх байрыг ашиглалтад орсны дараа Америкийн өнцөг булан бүрээс цугласан уран барилгачид Чикагод чуулж хөнгөн материалаар барьсан ийм өндөр барилга ер аюултай юу, цаашид үүнээс ч олон давхар байгууламж барих боломж, нөхцөл бий юү, тийм бол 25 давхар хүртэл барьж болох уу гэхчлэн санал солилцож, мэтгэлцсэн байдаг. Үүний хажуугаар олон давхар барилга эдийн засгийн хэр үр өгөөжтэй вэ гэсэн хэлэлцүүлэг ч өрнөж байв. 

Дэлхийн анхны 10 давхар барилгыг 1931 онд нурааж, суурин дээр нь 54 давхар “Field” нэрт албан байгууллагын байр сүндэрлэсэн түүхтэй.  

Тэнгэр өөд 

Ихээхэн амжилт олж, дэлхийн өнцөг булан бүрээс 27 сая хүн татаж чадсан 1893 оны Дэлхийн үзэсгэлэнгийн дараа Чикаго хотын удирдлага төдийгүй хүн зоных нь сэтгэл урьд хожид байгаагүйгээр тэнийж, ирээдүй хойчоо гэрэл гэгээтэйгээр төсөөлөн, бүтээн байгуулахын төлөө хамаг байдгаа зориулахад бэлэн болжээ. Өөрсдийг нь шинэ зуунд юу хүлээж байгаа тухай, хотын хөгжил цааш яажшуу эргэх талаар сэхээтнүүд болоод шийдвэр гаргагчдынх нь дунд тухайлан хэлэлцүүлэг өрнөсөн нь олонтаа.  

Дээрх Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр баригдсан 200 орчим түр байрны загварыг гаргасан, тэр цагийн хамгийн нэртэй уран барилгачийн нэг Даниэл Бюрнхэм тийм нэгэн хэлэлцүүлгийн үеэр Чикагогийн төвийг шинээр төлөвлөсөн хар зургаа танилцуулжээ. Тэрээр хотыг буа хэмээгддэг, франц маягийн сонгодог хэв загвартай болгохыг хүссэн байна. Санаа нь ихэд таашаагдсан ч төлөвлөгөө ёсоор нь барьвал их хэмжээний газар, зардал мөнгө хэрэгтэй байсан тул Чикаго хотынхон франц загвараас татгалзаж, Луис Салливан хэмээх уран барилгачийн зөвлөснөөр дан өндөр барилгаар буюу босоо тэнхлэгт хотоо тэлэхээр шийджээ. Гэхдээ буа хэв маягийг шинэлэг аястай хослуулахаар тогтсон байна. Салливаны санааг дэмжиж, түүнийг тойрон хүрээлсэн залуу уран барилгачид “Өнөд үлдэх өв бүтээе гэвэл өчүүхэн багыг ч гүйцэд хий” гэсэн уриатай болсон нь Америкийн уран барилгын шинэ хөдөлгөөний тулгуур үзэл болов. Тэдгээр залуусын дунд хожмоо XX зууны хамгийн агуу уран барилгач гэгдсэн Фрэнк Лойд Врайт байлаа. Тэрээр 1890-ээд онд Чикаго хотын захаар баригдсан орон сууцнуудын загвараараа анх танигдсан юм. Харин үүнээс хагас зууны дараа гаргасан түүний өөр нэгэн алдартай загвар, тэнгэр өөд хагас бээр хүртэл өндийх “The Illinois” нэртэй, хотын удирдлагын шинэ байрны төсөөлөл нь хэдийгээр биеллээ олж, бодитоор босоогүй ч тэнгэр баганадсан давтагдашгүй байгууламж бүтээх Чикаго хотынхны хүсэл зоригийг улам хурцалж орхижээ.  

Шинэчлэгчдийн өлгий 

XXI зууны эхний арван жилд Чикагогийн SOM барилгын компанийн уран барилгач Адриан Смитийн загвараар Дубай дахь Бурж Халифа буюу дэлхийн хамгийн өндөр барилга сүндэрлэсэн билээ. Уг компани үүнээс өмнө хамгийн гэх тодотголтой олон ч барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тэдний нэг нь 1974 онд ашиглалтад орсон Чикагогийн хамгийн өндөр барилга 108 давхар Уиллис цамхаг юм. Уг цамхагийг Сирс хэмээх хуучин нэрээр нь хүмүүс андахгүй. Гучаад жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилга хэмээн цоллуулсан Уиллис цамхагийн ерөнхий инженерээр бангладеш гаралтай Америкийн иргэн Фазлар Хан ажиллажээ. Тэрээр 1960-аад онд нарийн, хөнгөхөн ган хоолойгоор өндөр барилгын дотор биеийг зангидах, түүнийгээ гадна бэхэлгээтэй нь давхар боох шинэ арга нэвтрүүлснээрээ өндөр барилга барих техник ажиллагааг шинэчилж, бүр ч өндөр барилга барих нөхцөл бололцоог бүрдүүлж өгчээ. Барилгын дотор талд сунаж, орооцолдсон урт урт, хүнд төмөр байхаа больсноор тэнгэрийн уудмыг бүр ч илүү ашиглах боломжтой боллоо. 

Фазлар Ханы эл дэвшилт арга өндөр барилгын өлгий нутаг Чикагогийн урлаг соёлын хөгжил, хүн ам, эдийн засгийн огцом өсөлт, ердийн их хотоос олон үндэстний, олон соёлын онцлогтой дэлхийн хот болон тэлсэн үетэй нь давхацсанаар Америкт төдийгүй дэлхийд гайхагдах өвөрмөц содон, тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэж эхлэв. 1920-иод онд баригдсан, Францын Сэргэн мандалтын үеийн нөлөө бүхий Уиринглийн ордон, Испанийн цогчин дуганы хэв маяг бүхий цамхаг, 82 давхар Акуа цамхаг, 1960-аад онд баригдсан минималист хийцтэй Холбооны төв байр гээд цаг үеийнхээ загвар хийцийг эвдэж, туг нь болсон олон шинэлэг барилга Чикагод бий. Эдгээрийн хамгийн сайшаалтай тал нь энэ бүх содон барилга хэн бүхэн сонирхож, хажуугаар нь алхаж болохуйц хотын төвд байрладаг. Хотын төвдөө хамгийн уран тансаг, харууштай барилгуудаа нэг дор сүндэрлүүлдэг орчин цагийн их хотуудын жишиг чухам эндээс эхтэй гэвэл буруудахгүй юм. Бусад олон хотод загвар болж, шинэ үеийн уран барилгачдын оюун санааг хөглөхөөс гадна Салхит хотын тэнгэр баганадсан барилгууд урлаг соёлынхны сэтгэлийг татах нь олонтаа. Фрэнк Синатра хүртэл ийн дуулсан нь учиртай юм:

Холдож чамаас явах бүрт, Чикаго минь 
Хормой, ханцуйг ч гэгэлзүүлнэ чи, Чикаго минь
Өндөр өндөр барилга чинь, Чикаго минь
Үндэстний минь өв мөн өө, Чикаго минь
Өөр нэг ч хот сэтгэлийг минь чам шиг татсангүй ээ, 
Үнэхээрийн миний л хот доо чи, Чикаго минь.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд