Арав.мн

Монголд өнгөрүүлсэн талархлын баяр

Монголд өнгөрүүлсэн талархлын баяр

The New Yorker агентлагийн нийтлэлч, 2014 онд Үндэсний сэтгүүлүүдийн шагналын эзэн Ариел Левигийн Монгол улсад хийсэн золгүй нэгэн аяллын дурсамж өгүүллэгийг хүргэж байна.

 

“Ертөнцийн хязгаар дахь адал явдал, шаналал минь”

Би хүүхэд байхдаа “Мумми, хайгуулч хоёр” гэж тоглох дуртай байж билээ. Аав бид хоёр нэг нь нүдээ анин, гараа цээжин дээрээ солбиж тавин хөдөлгөөнгүй хэвтээд, нөгөөх нь “Би олон жилийн турш энэ пирамидуудаар явлаа. Тутанхамоны шарилыг олох юм болов уу?” гэж үглэн дүрд хувирч тоглодог байв. (1970-аад оны үед Тутанхамоны шарил Метрополитенд ирсний дараа бид ойр ойрхон очиж үздэг байсан юм.) Тоглоомын өрнөл хэсэгт хайгуулч занданшуулсан фараоныг олно. (Одоо аймаар юм болно шүү). Мумми гэнэт нүдээ нээн амь ороход хайгуулч нь цочирдсон дүр эсгэж, “Шинэ юм юу байна” гэхэд мумми “Чи!” гэж хариулдаг байлаа.

Би айл гэрдэж тоглох дургүй. Оронд нь далайн дээрэмчин, хүлэг баатрын адал явдалт түүх бүтээж, дүрд орох нь илүү санагддаг байв. Түрэмгий, хүлээцгүй, маш яриа, дээрээс нь айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, бусад хүүхдийн дунд орохоороо толгой эргэдэг байлаа. Надад тийм ч олон найз байгаагүй. Гэрийн арын хашаанд надад зориулж хийсэн бяцхан модон цайздаа Робинзон Крузо болж тоглоно. Тэр цайзад байхдаа би нийгмээс тусгаарлагдсан охин биш, харин өөрөө бүх асуудлаа шийдвэрлэх чадвартай, зоригтой, төөрсөн тохиолдолд амьд үлдэх арга чаргыг гарамгай эзэмшсэн нэгэн болдог байлаа.

Үгс болон адал явдалд дуртай хүүхдийн хувьд миний жам ёсны байх газар бол ном байв. “Моби Дик”, “Урт оймс Пиппи”, эсвэл “Хоббит”-ыг уншиж өгвөл их баярлана. Том болоод зохиолч болно гэж эртнээс шийдсэн. Энэ бодол  миний мэргэжлээс эхлээд ямар хүн болохыг минь тодорхойлсон юм. (Хүссэн үедээ дуртай зүйлээ хийдэг чөлөөтэй нэгэн). Гурав дугаар ангиасаа хойш өдрийн тэмдэглэл хөтөлж, түүндээ нэр өгч Анна Франктай адил ганцаараа суудаг болсон билээ. Энэ өдрийг хүртэл өөрт тохиолдсон юмаа бичих үзэг, цаас хоёр л байхад хичнээн танихгүй орчинд ч хамаагүй ганцаардлаас ангижирч чаддаг хэвээр байна.

Сүүлийн 20 жилийг би аль болох ойр ойрхон танихгүй орчинд байж өнгөрүүлсэн юм. Нэг ч таних хүнгүй газар руу явахаас илүү таашаал өгдөг зүйл байхгүй. Учир нь тэндхийн бүх зүйл надад шинэ. Тиймээс түүний талаар бичиж болдог. Хамгийн анх нийтлэл бичихээр Африк явахдаа маш их догдолсноосоо болоод хоёр долоо хоногийн аяллын турш бараг унтаагүй. Бүх зүйл шинэлэг байлаа.  (Махны амт, Кэйп Таун хотын дээгүүр суунаглах ягаан униар, Хайелитша хотхоны гудамжнууд дахь чимээ, эмх замбараагүй байдал гээд бүх зүйл). Нью Йорк хотод ирсний дараа ч нөхрөө тахиа шарах зуур ширээний ард суун юмаа бичиж байхад минь хүртэл энэ аяллын дурсамж, сэтгэл хөөрөл мэдрэгдсээр байсан юм.

Найзууд маань нэг нэгээрээ залуу бүсгүйгээс эх хүн болж эхлэх үед надад тийм зүйл тохиолдоогүй л байлаа. Лю Рийдийн “Гайхамшигт аяллын эхлэл” дууг сонсоод эх хүн болох ямар байх тухай бодно. “Мөрөөдлийг минь дүүргэх бяцхан би эсвэл тэр, амьдралыг минь утга учиртай болгож буй нэгэн зүйл” хэмээн найдвар тээсэн өнгөөр Лю дуулдаг. Энэ дуу ээж болох талаар бодох бүрт минь толгойд эгшиглэх болсон юм. Гэвч хүүхэдтэй болно гэдэг мэргэжлийн аялагчийн амьдралыг минь бараг байхгүй болгоно гэсэн үг. Гэхдээ нөгөө талаасаа миний амьдралын хамгийн галзуу аялал  байх юм шиг санагдаж байв.

Би аяллынхаа өмнө үргэлж айдастай тулгардаг. Тэгэх бүрт өөртөө энэ удаагийн аялал өөр байх болно гэж итгүүлэхийг оролдох ч газрын зураг хараад ойлгохгүй байх, Англиар ярьдаггүй хүмүүстэй ойлголцохгүй байх, эсвэл хайж байгаа нийтлэлдээ таарах хүмүүсийг олохгүй бол яах билээ гэх мэт бодол орж ирнэ. Энэ үед би будилж, эмзэг, хэврэг нэгэн болж хувирна. Харин очих газраа хүрсний дараа энэ бүх сандрал маань догдлол болон хувирна. (Үргэлж л тэгдэг юм). Тэглээ гээд явахаас өмнөх айдас багасна гэж байдаггүй нь хэцүү. Хүүхэд тээх тухай бодоход ч үүнтэй адил зүйл болдог. Би 10 жилийн турш айж байна. Надад хүүхэд байх таалагдаагүй. Тэгтэл надтай ижилхэн хүүхэд гараад ирэхвий гэж эмээдэг. Бас өөрийгөө муу ээж болохвий гэж айдаг. Нэг газраа гацаад, үлээвэр хөгжим, математикийн гэрийн даалгавартай 18 жилийн турш зууралдах юм биш байгаа гэж айна.

Афинд номын аяллаар явж байх үедээ би  хүүхэдтэй болъё гэж нэг мөр шийдсэн юм. Ээж болох  шийдвэрийг өөрөө бэлэн болсон үедээ гаргаарай гэж хэлдэг хүн буюу амьдралын хамтрагч маань хамт явж байлаа. Нэг үдэш бүх тохироо бүрдэж, бие биедээ бүрэн татагдах мэдрэмж төрсөн юм. Тэр бол гэр бүл болсон үеийн хамгийн сайхан мөч билээ. Грек дэх хэвлэн нийтлэгч маань биднийг бүжгэнд урин, хүүхэд, найзууд, муссака болон тамхины утаагаар дүүрсэн гэртээ хоол хийж өгсөн юм. “Америкчууд чөлөөтэй, тайван байж чаддаггүй” гэж гартаа гурван настай хүүхдээ тэврэн узо уух нэг зочин надад хэлж билээ. Грек улс бутран унаж байлаа. Тэжээвэр амьтныхаа зардлыг дийлэхээ больсны улмаас эзэндээ хаягдсан нохой, муураар Афины гудамжнууд дүүрсэн байв. Гэсэн ч биднийг хүлээн авч байгаа хүмүүс баясгалантай байлаа. Тэдний хувьд гэр бүл нь дарамт болсон шиг санагдаагүй, харин ч бүр үдэшлэг шиг байв. Өөрийн хүсэл, аялах эрмэлзлээсээ өөр зүйлд захирагдах нь надад таашаал өгөх төдийгүй чөлөөлөгдсөн мэт санагдах юм байна гэж тэр үед би бодсон.

Би амархан жирэмсэлсэн. 38 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн. Яг л гэйт хаагдахын дөнгөж өмнө онгоцондоо амжиж орсон мэт тийм сэтгэгдэл төрж байлаа. Ердөө хоёр сарын дараа гэхэд би эмчийн өрөөнд хэвлийд минь байгаа үрийнхээ зүрхний цохилтыг сонссон. Яг л ид шид мэт. Тогоондоо ньютийн нүд хийчихээд амьд биет бүтээх чадлыг олсон шулам шиг санагдаж байв. Робинзон Крузо шиг эзгүй арал дээр гав ганцаархнаа биш ч бид энэ дэлхийг ганцаараа л туулж өнгөрүүлдэг. Харин бие давхар байхад хүн хэзээ ч ганцаараа байхаа больдог юм билээ.

Жирэмслэлтийн сүүлийн гурван сар хүртлээ онгоцоор нисэхэд асуудалгүй гэж эмч хэлсэн тул би эцсийнхээ том аяллыг хийхээр шийдсэн юм. Дахиж гэрээсээ хэдэн долоо хоногоор явж, шинэ газрын амтыг (яг л нэг шинэ амрагтай болсон мэт мэдрэмж, гоё биш зүйл нь хүртэл гайхамшигтай, нууцлагдмал, сонин санагддаг шиг) мэдэрч чаддаг болтол хамгийн багадаа дахиад нэг жил, магадгүй хоёр жил болно. Ингээд Талархлын баярын өмнөхөн би Монгол улсыг зорьсон юм.

Хаашаа явах гэж байгааг минь хүмүүс сонсоод их цочирдож байсан ч надад энэ нь таалагдаж байв. Хорин хоёр насандаа Энэтхэг рүү ганцаараа явж чадсан шиг жирэмсэн байхдаа ч Говь руу явж чаддаг тийм эмэгтэй болно гэхээр сайхан байлаа. “Чамайг миний гэдсэнд байхад хоёулаа ертөнцийн хязгаарт очиж байсан шүү” гэж хүүхдэдээ ярина гэх бодол ч надад таалагдаж байв. Надад үнэндээ Монголын өвлөөс өөр айдас хүргэсэн зүйл байсангүй. Жуулчдын цуваа 10-р сард буурсан байдаг тул 11-р сарын сүүлээр би онгоцонд суун, шөнөдөө -20 хэмийн хүйтэнг чиглэсэн юм. Гэхдээ би бэлтгэлтэй байсан. Томорч буй гэдсийг минь багтаах цасны хоёр өмд, өөрийнхөө өмсдөгөөс хоёр размер том урт дотуур хувцас цүнхэлсэн байв.

Жирэмсэн байна гэдэг бүх үед ямар нэг байдлаар тав тухгүй байхыг хэлдэг мэт. Эхний хэдэн сард өглөө бүр шартсан мэт байна. (дотор муухайрч байгаа мөртлөө өлсөж, толгой өвдөн, зурагт үзээд ёолж хэвтэхээс өөр зүйл хийх чадваргүй болчихно). Цаг хугацаа өнгөрч, Монголыг зорихоос ердөө долоо хоногийн өмнө урьд нь мэдэрч байгаагүй тийм өвдөлт хэвлийд минь мэдэгдэж эхлэв. Жирэмсэлж байсан хүн бүрээс л “Дугуй шөрмөсний өвдөлт” гэж сонсож байсан юм. Хүүхэд томрохын хэрээр сав томорч, зүгээр нэг махлаг эмэгтэй шиг биш, үнэхээр жирэмсэн хүн шиг харагдаж эхлэх үеийн шинж тэмдэг гэж интернетээс уншиж байсан тул юм бодсонгүй. Бээжин хүртэлх 14 цагийн нислэгийн турш энэ бодол намайг тайвшруулж байлаа. Би ч нислэгийн турш өвдөлтөө намжаах эвтэйхэн байрлал олох гэж тонгочсоор таарсан юм.

Дамжин суусан онгоц маань Монголд буух үед өглөө болж байсан ч саарал униараас болж бүрэнхий байлаа. Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн бохирдолттой бас хамгийн хүйтэн хотуудын нэг. Хот руу орох замдаа хөлдсөн тал, бөөгнөрсөн гэрүүд (эсгий майхнуудаа тэд ингэж нэрлэдэг)-ийн хажуугаар явсаар Зөвлөлтийн үеийн олон айлын орон сууцууд, Төвдийн буддын сүм хийдүүд болон троллейбус болон шугам сүлжээний утас хэлхэлдсэн хөл хөдөлгөөн ихтэй газар ирэв. Гудамжинд байх хүмүүс нь хүйтнээс болж давхарлан өмссөн хувцсандаа түүртсэн мэт болхидуу боловч хурдан алхацгаах аж.

Би энд уул уурхайн салбараас урсан орж ирэх мөнгөний ачаар эдийн засаг нь хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгаа талаар бичихээр ирсэн юм. Монгол орон нүүрс, алт, зэсийн хүдрээр баялаг бөгөөд эндээс орж ирэх хөрөнгө таван жилийн дотор хоёр дахин өснө гэсэн прогнозтой. Гэсэн хэдий ч хүн амын гуравны нэг нь нүүдэлчин амьдралаасаа салаагүй, малаа маллаж, гэрт хоноглож, хог болон нүүрс түлэн дулаацаж байсан юм. Монголын дараагийн нэг өсөлттэй салбар нь ноолуурын экспорт байв. Улаанбаатарт 12 жил амьдарч байгаа Теннессигээс ирсэн залуу зөвлөх Жэксон Коксын хэлснээр “Сарлагийн мах, ямааны үсэн дээр тулгуурласан эдийн засаг” юм.

Би очсон анхны өдрөө Кокстой уулзлаа. Тэр намайг тосох машин, жолоочийн хамт илгээсэн  байсан (УБ-д байгаа бүх барууныхан жолооч бас машинтай) ба би ч онгоцны буудлаас хүйтэн тэнгэрийг зүсэх мэт харагдах аварга загасны сэрвээ шиг хэлбэртэй шилэн цамхаг болох Блю Скай зочид буудалд ирсэн юм. Гэрт нь орох үед тэр Нью Жерсигээс ирсэн уул уурхайн салбарын хуульч найзтайгаа Beyoncé сонсонгоо оргилуун дарс ууж байлаа. Гэр нь цэвэрхэн, орчин үеийн байсан ч харьцангуй даруухан санагдав. УБ-д байгаа гаднынханд мөнгөө үрэхээс хуримтлуулах нь хялбар аж. Бид Франц ресторанд орж, үхрийн махан хоол авав. Хятад, Орос гэх хоёр том хөршөөрөө далайгаас тусгаарлагдсан Монголын хувьд далайн хоол гэх зүйл маш онцгүй. Үүний дараа бид “100 Хувь” гэх ижил хүйстнүүдийн нууц бааранд оров. Монголчууд байшин дотор тамхи татдаг хэвээр байлаа. Ижил хүйст монголчуудын дунд бүүдгэр өрөөнд тамхины утаан дунд суух нь надад таалагдаж байлаа. Гэхдээ бие минь нэг л биш байсан тул би тэр шөнийг эрт дуусган, гэртээ харьсан юм.

Маргааш өглөө нь сэрэхэд хэвлийгээр өвдөх нь нэмэгдсэн байлаа. Хүмүүсийн хэлсэн шиг удахгүй хүүхэд хөдлөх гэж байгаа юм болов уу гэж бодов. Нөхөр рүүгээ залгаж энэ тухай хэлэхэд намайг барууны эмнэлэг олох хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Би Кокс руу имэйл бичин эмчийнх нь дугаарыг авч, дордвол залгана гэж бодон уулзах хүмүүстэйгээ ярилцлага хийхээр гарлаа. Байгаль орчны сайд, Уул уурхайн нийгэмлэгийн ерөнхийлөгч болон эцэст нь нүүдэлчин ардаас усыг нь булаан авч байгааг хүчтэй эсэргүүцэж байсан малчин, байгалийн нөөцийн төлөө тэмцэгч Цэцэгээгийн Мөнхбаяр гэдэг хүнтэй уулзах байв. Би түүнтэй Блю Скай-ын лоббид Ёндонгийн Бадрал хэмээх орчуулагчаараа хөлсөлсөн ухаалаг, ёжтой эрийн хамт уулзсан юм. Орчуулагч маань надтай УБ-д байх хугацаанд болон Land Rover машин хөлөглөн Говь руу явж, малчин ард, уурхайчидтай уулзах хэд хоногийг хамт өнгөрүүлэх байлаа. Бадрал жинсэн өмд, ноосон цамц өмссөн байсан бол Мөнхбаяр үндэсний хувцас болох дээл, орой дээрээ жижигхэн шонхорын дүрс бүхий төмөр чимэгтэй үстэй малгайгаар гоёсон нь надад Чингис хаантай латте ууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун.

Ярилцлагын дундуур Бадрал миний царайг хараад бие тавгүй байгааг анзаарсан бололтой завсарлаж, надаас арай олон сартай жирэмсэн эхнэрт нь ч ийм байсан тухай хэлэв. Тэр Мөнхбаярт энэ талаараа ярьж өгч байлаа. Нүүдэлчин эрийн арьс нь салхинд хуурайшч, ягаарсан байх агаад хамар, нүд, чих нь хүйтнээс зугтах гэж нүүр рүү нь шигдэн орсон мэт харагдана. Ийм байж аялж яваа намайг зоригтой байна хэмээн магтахад нь би өөрөөрөө бахархав. Гэсэн хэдий ч санаа минь зовж эхэллээ.

Тэр орой Америкчуудтай оройн хоол идэхээр тохирсноо цуцлах шахсан ч юм идэх хэрэгтэй гэж бодоод манай зочид буудал дотор байрлах Япон ресторанд хооллох болов. Кокс Талархлын баярыг тохиолдуулан маргааш нь нутаг буцах гэж байгаа ба бизнес ангиллаар нисэхийн тулд маш их мөнгө үрсэндээ гэмшиж байгаа тухайгаа ярьж байлаа. Би ийшээ ирэх тав тухгүй нислэгийнхээ талаар санаад бизнес ангиллаар ниссэн нь дээр гэж хэлэв. Харин Коксын найз нь “Чи гүнж шиг аашилж байна” гэж түүнийг шоолох үед би үнэндээ л инээж чадсангүй. Дотор минь нэг л зүйл болохгүй байлаа. Би хоол ирэхээс ч өмнө явсан юм. 

Өрөө рүүгээ гүйн орж, өмдөө тайлаад угаалгын өрөөний шалан дээр яг л 10 жилийн өмнө Камбожид цусан суулгаар өвдөхдөө суусан шигээ явган суув. Гэвч энэ байрлалаар суухад тэсэхийн аргагүй өвдөж байсан тул өвдгөн дээрээ суугаад, мөрөөрөө газар тулан хүйтэн шаланд хацраа наагаад “Түүхэн дэх хамгийн солиормоор зүйл энэ л байх” гэж бодож байснаа санаж байна.

Дотор минь аймшигт шуурга дэгдэх шиг болж, бүх зүйл харанхуйлсан юм. Би нэг бол өвчнөөсөө болж ухаан алдсан, эсвэл тэр дурсамжаа өөрөө арчин хаясан байх. Тэр үед миний өмнө дахин нэг хүн шалан дээр хэвтэж байх нь тэр. Гар, хөлөө хөдөлгөх амьд хүн. Би чангаар “Энэ лав сайн зүйл биш” гэж хэлж байгаагаа сонссон. Гэхдээ харахад бол тэр сайн л байх шиг байсан. Миний бяцхан үр яг л далайн хясаа шиг хөөрхөн байлаа.

Тэр тунгалаг, ягаан бөгөөд маш, бүр маш жижигхэн байсан. Гэхдээ түүнд өөлөх зүйл байгаагүй. Хөөрхөн уруулаа ангалзуулан шинэ ертөнцийг амталж байсан юм. Би энэ байдалд цочирдон, хөшиж удаан суусан. Хуруу бүр нь, хөлийнх нь хумс бүр нь, хөмсөгнийх нь алтлаг туяа, мөрнийх нь төгс төгөлдөр байдал, энэ бүгд гайхамшигтай, ид шидийн мэт санагдаж байлаа. Түүнийг аваад нүүрэндээ ойртуулахад толгой, мөр нь миний гарт багтаж, хөл нь тохойны минь ойролцоо унжиж байв. Ээж нь байна шүү, бүх зүйл ээжийнх нь хяналтад байгаа гэдгийг ойлгуулах эх хүний хийх ямар нэг зүйлийг бодож олох гэж хичээсэн. Тэгээд духан дээр нь үнсэхэд арьс нь гайхалтай зөөлөн  байсан юм.

Маш их цус алдаж байгаагаа бүүр түүр мэдэрч байсан ч яваандаа энэ нь надад сонирхолтой санагдсан. Би өөрийн үр болон угаалгын өрөөний шалыг дүүргэх цусаа ээлжлэн харж, хүйг нь яах вэ гэдгээ гайхан бодож байлаа. Гайхмаар нь хүүхдийн хүй бүдүүн, хувхай цагаан олс шиг санагдсан. Кинон дээр гардагчлан хамгийн эхлээд үүнийг салгах ёстой гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч тасалчихвал хүүхэд маань ямар нэг байдлаар бүтчих юм шиг санагдан айж байв. Надад хайч байгаагүй. Тиймээс би нэг хүчтэй, хурдан хөдөлгөөнөөр биеэсээ сугалан гаргасан юм.

Гар дээр минь байх хүүхдийн минь арьс хөхрөн, аажмаар нил ягаан болж эхлэв. Би өрөө рүүгээ орж, цусаа гоожуулан утас руу алхаж, Коксын эмч рүү залгалаа. Авсан хүнд өөрийгөө Блю Скай зочид буудалд төрсөн, гэхдээ 19 долоо хоногтой байсан гэдгээ хэлэв. Харилцуурын цаана байх хоолой хүүхэд амьд үлдэхгүй гэж хариулав. “Одоо амьд байна аа” гэж зүүн гарт минь байгаа хүүхдээ харангаа би хэллээ. Нөгөө хоолой үүнийг ойлгож байгаа ч амьд үлдэхгүй гээд, яг одоо түргэн тусламж явуулна гэлээ. Хэрэв хүүхэд амьд үлдэх ямар ч боломжгүй юм бол би өөрөө такси аваад очъё гэхэд тийм ч сайхан санаа биш гэж надад хэлсэн юм.

Утсаа тавихаасаа өмнө би хүүгийнхээ зургийг авсан. Хэрэв ингэхгүй бол би түүнийг байсан гэдэгт хэзээ ч итгэж чадахгүй байх гэж санаа зовсон хэрэг л дээ.

Түргэн тусламжийн хоёр эмч орж ирэх үед би гөлийсөн байдалтай байхаа больж эхэлсэн. Нэг нь надад тампон өгөхөд би авах ёсгүй гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ өөрийгөө эмчээс илүү мэдлэгтэй байгаагаа мэдэх үед дотор муухайран балмагдаж, бөөлжмөөр байна гэдгээ хэлсэн юм. Тэр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэж асуухад нь би гомдож “Үгүй ээ. Харин гутарч байна” гэж хариулав. “Уйл даа” гэж тэр надад хэлсэн. “Зүгээр л уйл, уйл, уйлаад л бай.” Түүний хамтрагч нь миний гар руу бүдүүн зүүгээр хатгах үед би Монгол ДОХ авчихвий гэж санаа зовсон ч уйлаад л, уйлаад л, уйлахаас өөр юу ч хийж чадахгүй болсон байлаа. Надаас хүүхдийг минь авах гэж оролдоход би гарыг нь хазмаар санагдсан. Эмнэлгийн машины ард алчууранд ороосон хүүгээ цээжиндээ тэврэн хэвтэж байх зуур хөлдүү хот цонхны хажуугаар жирэлзэн өнгөрч байгааг харж байв. Би галзуурч байгаа юм болов уу?

Эмнэлэг дотор маш тод гэрлүүд, илүү олон зүү, илүү олон судас тариа намайг угтав. Би хүүхдээ тавьж, тэр цагаас хойш дахиж хэзээ ч хараагүй. Тэр нэг ширээн дээр, би өөр ширээн дээр зайдуу газар тод гэрлийн дор хөдөлгөөнгүй хэвтэж байв. Гэнэт хаалгаар хорвоогийн хамгийн царайлаг хүн орж ирээд, миний эмч гэж өөрийгөө танилцуулахад би их гайхсан. Түүний хоолой таатай, мөн танил санагдах аж. Та Өмнөд Африк хүн үү гэж асуухад тэр гайхан, яаж мэдэв гэж надаас асуулаа. Би түүний төрөлх нутагт сурвалжлага хийж байсан тухайгаа тайлбарлаад, Африкийн үндэсний конгрессын ирээдүйн талаар, Кэйп Таун хотын гоо үзэсгэлэнгийн талаар жаахан ярив. Би өөрийгөө цусандаа хутгалдан, мэгшин уйлахын хажуугаар сээтэгнэж байгаагаа ухаарсан юм.

Удалгүй тэр гэр рүүгээ явахдаа намайг Блю Скай зочид буудал руугаа буцаж болохгүй, өрөөндөө цус алдаад амиа алдаж магадгүй гэж хэлэв. Би тэр шөнөдөө эмнэлэгт футболка, том хүний живх өмсөн хонох болоход эелдэг, тарган, инээмсэглэл тодруулсан залуухан сувилагч орж ирсэн юм. Миний хувцсыг өмсүүлж дуусаад “Цай ууж, талх идмээр байна уу” гэж асууж билээ. Сүүтэй бас чихэрлэг цай надад Гималайд найзтайгаа үүргэвч үүрэн аялж байхдаа ууж байсан Непал цайг санагдуулж байлаа. Тэр үед надад үр тогтоох нас минь дуусах хугацааны талаар бодол орж ч ирээгүй байж. Залуухан, хүчтэй биеэ сорин уул өөд, ногоон шаргал тал дундуур, ямаа ихтэй тосгонуудын хажуугаар, унавал үхэх олсон гүүрээр хавцал дээгүүр аялсан юм. Бид Сникерс болон хашишаар  хооллон явсаар хэд хэдэн уулчдын аминд хүрсэн ч биднийг жаахан дааруулснаас бусдаар гэмтээгээгүй тийм цасан шуурган дунд орчихож билээ.

Би маш азтай хүн байлаа. Тэр орой угаалгын өрөөний шалан дээр болсон явдлаас өөр аймшигтай зүйл өмнө нь надад бараг тохиож байсангүй. Хүүхэдтэй болохыг хүсдэг гэдгээ, одоо ч гэсэн хүсч байгаагаа ухаарч, хувь заяаны энэ эргүүлэг миний буруугаас болсон гэдгээ ойлгосон. Би өөрийнхөө бардам зан, хувиа бодсон байдлаасаа болж онгоцонд сууж, үүнийг минь Монголын бүүдгэр тэнгэр шийтгэсэн. Би шулам хэвээрээ ч хүч чадал минь бүгд намайг орхин одсон байлаа.

Маргааш өглөө нь эмч ирээд, надад өөр зүйл хэлсэн юм. Миний эхэс ховхорсноос болж зулбасан гэж тайлбарлав. Хожим судалж үзэхэд энэ шинж тэмдэг хар тамхичин, эсвэл өндөр даралттай хүнд тохиолддог ховор зүйл байсан юм. Заримдаа зүгээр л нас  явсан эмэгтэйчүүдэд тохиолддог байлаа. Энэ явдал үнэндээ хаана ч болж болох байж. Эмч өмнөх өдрийнхөө адилаар нислэг болон зулбалт хоёрын хооронд ямар нэг хамаарал байгаагүй гэж баталж байв. Түүнийг ердөө эелдэг зан гаргаж байна гэж бодож байгаагаа хэлээд, Дотоод хэргийн төрийн нарийн бичгийн даргатай товлосон 11 цагийн уулзалтандаа очих хэрэгтэй байгаагаа тайлбарлав. Би Блю Скайд эргэн ирж, аллагын газар мэт болсон өрөөндөө шүршүүрт ороод удалгүй Дотоод хэргийн төрийн нарийн бичгийн албан өрөөнд очсон юм.

Дараагийн таван өдрийг би өрөөндөө өнгөрүүлсэн. Говь руу явснаас гэр рүүгээ буцах нь дээр гэж шийдсэн ч явж чадахгүй л байлаа. Талархлын баяр өнгөрөв. Бүх зүйл сүүмийсэн, хар бараан, хөшүүн болж байв. Би орондоо хэвтэн Сникерс идэж, мини барнаас авсан жижиг лонхтой виски уунгаа шинэ амьдрал шиг минь хачин, хоосон хөндий санагдах телевизийн нэвтрүүлэг үзэж байсан юм. Тэр орой тусламж хүсэн утсаар ярихдаа үүсгэсэн орны минь хажууд байх хамгийн том цусны толбон дээр хэн нэгэн цагаан биеийн алчуур дэвссэн ч цус алчуурыг нэвчсэн байв. Би тийшээ харлаа. Дараа нь хуучин Орос барилга дээрээс унаж буй цасыг ажиглав. Гэвч хамгийн их харсан зүйл минь хүүхдийн минь зураг байж билээ.

Монголоос буцаж, гэртээ ирэхдээ би маш их сэтгэлээр унасан байсан. Амьсгаа ч авч чадахгүй болсон байлаа. Надад тохиолдсон зүйлийг сонссон ээжүүдтэй тав, зургаан удаа уулзахад намайг харангуутаа уйлж байлаа. (Нэг удаа эрэгтэй хүн ч ингэсэн.) Шинэ хүүхэдтэйгээ нүүж орох гэж байсан шинэ байрны төлөвлөгөө долоо хоногийн дараа гэхэд байхгүй болов. Гурван долоо хоногийн дотор гэрлэлт маань нурлаа. Хөхнөөс минь сүү гарч эхлэв. Дээр нь дахин цус алдаж эхэллээ. Би гэнэт л цурхиран уйлдаг болов. (Орондоо, хурлын үеэр, метрон дотор). Тэгэхэд нүх сүв бүрээс минь уй гашуу урсаж байх шиг санагддаг байж билээ.

Монголд болсон зүйлээ хүнд ярихгүй өнгөрч чадахгүй байлаа. Хэвлийдээ байхгүй үрийг минь багтаах зориулалттай сунадаг материалтай биш ч таргалж томорсон биед минь таарах хувцас авахаар явахдаа өөрийн мэдэлгүй худалдагчид “Би хэмжээгээ мэдэхгүй байна. Яагаад гэвэл би саяхан хүүхэд төрүүлсэн ч тэр үхчихсэн. Гэхдээ сайн мэдээ нь гэвэл одоо би таргалчихаж” гэж хэлж байгаагаа хөндлөнгөөс сонсож байв. Зарим сайн санаат эмэгтэйчүүд “Би ч гэсэн зулбаж байсан” гэж хэлэхэд би өөдөөс нь огцом “Тэр АМЬД байсан” гэж хариулдаг байлаа. Би хүүхэд төрүүлсэн,  хэдийгээр тэр богинохон амьдарсан ч гэсэн би амьд хүн төрүүлсэн. Яагаад ч юм энийг хүмүүс ойлгох ёстой мэт санагддаг байлаа. Дараа нь би тэдэнд хүүхдийнхээ зургийг утаснаасаа үзүүлэх гэж оролддог байв.

Хэдэн долоо хоногийн дараа би энэ зургаа өдөрт нэг л хардаг болсон байлаа. Харин хэдэн сарын дараа гэхэд долоо хоногт нэг хардаг болов. Одоо бол хүүхдийнхээ зургийг тийм ч их хардаггүй. Гэхдээ удаан уулзаагүй хүмүүс над дээр ирээд “Чамд тохиолдсон явдалд их харамсаж байна” гэж хэлэхэд тэдний тайтгаруулах үгс надад таалагддаг юм.

Үнэндээ бол би арав, хорин минутын хугацаанд хэн нэгний ээж байсан нь үнэн. Үүнийг би ямар ч адал явдлаар, ямар ч газар руу хийх аяллаар солихгүй. Заримдаа энэ талаар бодохдоо би дотроо шаналдаг. Энэ бодол намайг ганцаараа байхад минь орж ирвэл би Монголд очихоос өмнө огт гаргаж байгаагүй тэр авиаг гаргадаг. Яг л ой дотор уйлан гашуудах шархадсан шулам шиг дуу.

Бусад үед бүх зүйл ерөнхийдөө хэвийн. Жам ёсоороо. Байгалийнхаараа. Байгаль эх. Хийхээр шийдсэн ямар ч зүйлээ хийх чадалтай байгаль эх.


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (12)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Хэнэггүй бардам хүүхэн байж л дээ. Хаана юу яаж хийхээ мэддэггүй юмуу хаашаа юм, ид утааны хахир хүйтнээр үхсэнээ хийж хар холоос жирэмсэн гэдсээ чирж ирдэг байна аа? Яджийтал 38тай, америк эмч нар нь болохгүй ээ аюултай, гэртээ амарч хэвтээ гэж хэлсэн нь л байж таараа. Үхсэн нохойн оцгор, хөл хүнд говьд очиж од болно гэж бодсон гэжуагаа солиотойн. Насаараа тэнэчихээд 9хөн сар гэртээ амараад хүүхдээ аятайхан төрүүлэхээ бодохгүй! Тэгсэнээ тариагаар тарих үед ДОХ авна гэж айсан нтр, гуцдаг гөлөг вэ! Энэтхэг непалдаа илжрээд явж байхгүй, тэнд л жинхэнэ элдэв өвчин чинь тариураар халддышдээ эргүү авгай вэ хохь чинь
Zaya chin ter de gedeg shig uuruul buruutai bj uuriinhu azgui tavilanda tuhain uil yavdal bolson gazar oron humuusiig buruutgaad yahu de
гэйт хаагдахын өмнө- хаалга хаагдахын өмнө
https://en.wikipedia .org/wiki/Ariel_Levy _(journalist)
+10
Энэ гэхдээ өөрийгөө мааш сайн ойлгодог, юу бодож юу мэдэрч байгаагаа сайн мэддэг, тэрийгээ бол нүдэнд харагдтал бичжээ
+2
Америк ДОХын өлгийй нутаг
Дарвайсан цагаан хүүхнүүдийн л нэр байна. Аалз чинь Mongolian AIDS гэж шаахын
+1
Зулбасанд нь Монгол ямар буруутай юм болаа?
Харамсалтай л юм. Хорвоо дээр өөр юугаар ч сольж болшгүй бас юутай ч дүйцүүлэшгүй эрхэм ажил бол эх хүн байх.
+3
Энэ явдалд өөрөө л буруутай!!!!
+8
зоригтой, давилуун хүүхний гашуун ч үнэн түүхийг харуусал, дургүйцэл хольж уншлаа
+3
солиотой авгай вэ
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд