Арав.мн

Цогцосны бизнесийн тухай 10 баримт

Цогцосны бизнесийн тухай 10 баримт

Украины албаныхан 2014 оны хоёрдугаар сарын 24-нд сэжиг бүхий нэгэн микро автобуснаас олон арван хэсэг болгон шуудайлж, хөлдөөгчинд хийсэн хүний яс, эд эрхтэн олжээ. Тэдгээр нь бэлэн мөнгөтэй дугтуй, англиар бичсэн шошго зэрэгтэй байсан нь бүр ч сэжиг төрүүлсэн байна. Сайтар шалгатал тэр бүхнийг Америкийн Флорида мужид төвтэй эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “RTI Biologics” компанитай хамтран ажилладаг Германы нэгэн нийлүүлэгчид хүргэх гэж байж. “RTI Biologics” нь үрчлээ арилгах, давсаг чангалах эмчилгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүн, мөн хиймэл шүд зэргийг хүний эд эрхтнээр үйлдвэрлэдгээрээ салбартаа тэргүүлэгчийн нэг гэнэ.


10

Үндэстэн дамнасан гэмт хэрэг

Зөвхөн АНУ-ын зах зээлд гэхэд л жил бүр хүний эд эрхтнээс гаргаж авсан хоёр сая гаруй бүтээгдэхүүн зарагддаг байна. Хараагүй хүмүүсийг хараа оруулж, доголон нэгнийг цэх алхуулдаг, үхлийн ирмэгт тулсан хүнд өвчтөнүүдийг авардаг гэж үзвэл ийм “үйлдвэрлэл” байх ёстой.

Харамсалтай нь, өөд болоочдыг мөнгө гэж хардаг сувдаг шунахай хүн олон болжээ. Үндэстэн дамнасан далд бизнес, гэмт хэргийн сүлжээнийх нь талаар олон нийт мэддэггүй. Тиймдээ ч бурхан болсон ойр дотнынхноо цогцосны наймаачдад алдах эрсдэл өндөр байдгийг тоодоггүй байна. Ийм явдал голдуу дайн дажин, үймээн самуунаас болж хөл, толгойгоо алдсан орнуудад, эсвэл албаны хүмүүс нь авлига, хээл хахуульд идэгдсэн, цогцосны бизнесээс их хэмжээний ашиг олдог “томчууд”-тай улсад тохиолддог.


09

Ази, Европыг холбосон хамгийн том цэг

Тийм улсын нэг нь Украин. Тус улсын тусгай албаныхны үздэгээр Хар тэнгисийн эрэгт орших Николаев муж нь Ази, Европыг холбосон энэ төрлийн сүлжээний хамгийн том дамжин өнгөрүүлэх цэгийн нэг гэнэ. Виктор Янукович зугтаж, зүүн украинчууд зэвсэг барин боссоноос хойш энд байдал бүр ч замбараагүй болжээ. Эд эрхтнийг нь авчихсан, олон арван цогцос эндхийн хот, суурингуудаас олдсоор байна. “RTI Biologics” шиг томоохон компаниуд “Иймэрхүү бусармаг явдал гардаггүй. Бид хууль зөрчдөггүй” гэж мэдүүлдэг. Гэвч энэ талаар Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) огт өөр зүйл мэдээлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн баг 2012 оноос цогцосны наймаачдын мөрийг мөшгөж, 2014-2016 онд 11 улсад найман сарын хугацаатай ажиллажээ. Бурхан болоочид амьд үлдэгсдэд буян болж эд эрхтнээ “гэрээслэн” үлдээх нь нэмэгдсэн ч талийгаачдаар мөнгө “хийх” нь хэрээс хэтэрсэн, үүнд эрх баригчид буруутай гэж тэд дүгнэсэн байна.


08

“Анатоми судлалын материал”

19 настай украин хүү Сергей Малишийг 2008 онд амиа егүүтгэн нас барснаас хойш эцэг эх нь нэг ч хоног тайван суусангүй. Ялангуяа хүүгийнх нь гарыг улаан эрээн болгосныг оршуулгын үеэр харснаас хойш шөнө ч унтаж чадахаа байсан гэнэ. Учир нь хүү судсаа ханаж биш, өөрийгөө боомилж амиа хорлосныг тэд сайн мэдэж байлаа. Холбогдох албаныхныг олон жил эргүүлдэж, дээр дооргүй хөөцөлдөж байж хүүгийнх нь гарын арьс, зарим эд эрхтнийг “анатоми судлалын материал” нэрээр хил давуулчихсаныг Малишийнхан олж мэджээ. Харин ашиг хүртсэн хүмүүс нь моргийн ажилчид байв.

“Анатоми судлалын материалууд” голдуу амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүсийг аврахад зориулагддаг ч гоо сайхны мэс ажилбарт хэрэглэгдэх нь их. Гэхдээ гоё сайхан бологчдын олонх нь шинэ эд эрхтнээ хаанаас ирснийг мэддэггүй, мэдье ч гэж боддоггүй. 


07

Гоо сайхны мэс ажилбарын далд аюул

Америк шинжээчдийн 2009 оны судалгаагаар гоо сайхны хагалгаанд орсон 15 мянган хүн тутмын дунджаар 1300 нь суулгуулсан эдээсээ болж ямар нэг халдвар авах юм уу, дархлаа нь мууддаг гэнэ. Хүний эд эрхтнийг хил давуулах бүртээ цаашид ямар зорилгоор, яаж хувиргадгийг мэдэх боломжгүй нь ийм сүлжээний хамгийн аюултай тал юм.

Украин, Словак зэрэг улсаас авсан эд эрхтнийг германчууд бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн болгоод Америк, Өмнөд Солонгос руу гаргана. Харин солонгосчууд цааш Мексик рүү, америкчууд 30 гаруй улсад нийлүүлнэ. Тэдгээр улс нь үндэстэн дамнасан, анагаахын чиглэлийн корпорац олонтой Хятад, Канад, Тайланд, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил, Австрали, Шинэ Зеланд болон Европын холбооны орнууд байдаг байна.


06

“Шинэ” цогцосны ханш

Жинхэнэ бизнес тэдгээр корпорацын ар хударгаар, хар зах гэгддэг хууль бус наймаачдын үүр уурхайд өрнөдөг ч энэ салбарынхан ашгаа хувь тэнцүү хувааж авдаг. Хууч өвчингүй, амиа хорлож юм уу, гэнэтийн ослоор өөд болсон хүний “шинэхэн” цогцос 80-200 мянган ам.доллар хүрнэ. Цогцсыг анх олж, сүйхээтэй ажилласан нь цогцос бүрээс ойролцоогоор 10 мянган ам.доллар халааслах бол тэдний гол хамсаатнууд болох эмнэлэг, морг, оршуулгын газрын ажилтнууд үүнээс арай бага, гэхдээ чамлахааргүй шан харамж хүртэнэ.

“RTI Biologics” шиг хууль ёсны гэгдэх өнөөх том компаниуд бүр ч ашигтай ажилладаг. 2012 онд тус компани талийгаачдын эд эрхтнийг дахин боловсруулсныхаа ачаар татвар төлөхөөс өмнөх ашгийг нь тооцвол 11.6 сая ам.долларын орлого олжээ.



05

“Утсан яргай загас”

Талийгаачдын эд эрхтнийг муутгалгүй, шингэнийг нь сорон авч, чанарыг нь алдуулахгүй байх шинэ арга 2005 онд нэвтэрснээс хойш цогцосны наймаачид бүр ч олширсон байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумынхны олж мэдсэнээр хуулийн дагуу ажилладаг компаниудад түүхий эд нийлүүлдэг хууль бус наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ заримыг “Утсан яргай загас” гэсэн шошготойгоор тээвэрлэдэг гэнэ.

“Утсан яргай загас” бүгдэд ашигтай наймаа учраас албаны хүмүүс хамар дор нь болж байгаа энэ муухай явдлыг мэдсэн ч мэдээгүй царайлсаар иржээ. Цогцосны хар зах хүрээгээ тэлж байгаад ийм гэмт хэргийн хохирогч болж, хайртай дотнын хүмүүсийнхээ цогцсыг алдсан юм уу, зэрэмдэглүүлсэн хүмүүсээс гадна эрүүл мэндийн салбарынхан хамгийн их санаа зовдог. Сайн хадгалаагүй, эсвэл олон гар дамжиж, хууль бусаар тээвэрлэсэн эд эрхтнүүд ДОХ-оос эхлээд халдварт олон өвчний вирус, элдэв нян, бактер тээх магадлалтай. Хэдийгээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хүний эд эрхтэн баар кодтой байдаг ч энэ тухай тусгайлсан хууль дүрэм хаа ч алга.


04

Ганц “цагдаа”-д нь ч итгэх аргагүй

Ийм бизнесийн гуравны хоёр хувийг нугалдагийн хувьд Америкийн Хүнс, эмийн хяналтын алба (FDA) энэ салбарын хамгийн том байгууллага, хяналт тавьдаг ганц “цагдаа” нь. Тус алба тайлбар, шошготой зарагддаг, хүний эд эрхтний гаралтай бүтээгдэхүүнүүдийг ямар ч аюулгүй гэж мэдээлдэг байна. Гэвч үүнийг батлах хангалттай баримт байдаггүй гэнэ.

1994-2007 оны хооронд FDA хүний эд эрхтнээр хийсэн 60 мянга гаруй бүтээгдэхүүн эргүүлэн татаж байжээ. Хамгийн дуулиантай хэрэг нь 2005 онд гарч байв. “Biomedical Tissue Services” хэмээх компанийн захирал Майкл Мастромарино хүний эд эрхтнээс гаргаж авсан бүтээгдэхүүнүүдээ борлуулахын тулд тухайн хүний өвчний түүх, нас барсан шалтгааныг худал мэдүүлж, хуурамч бичиг баримт үйлдсэн нь илэрсэн тул 1000 гаруй хүний цогцосноос авсан эд эрхтэн, боловсруулсан бүтээгдэхүүнийг зах зээлээс татсан байна. Мастромариногийн ярьснаар бичиг баримтаа л эргэлзээгүй хийчихвэл ямар ч цогцсыг олон улсын зах зээлд “шахаж” болдог гэнэ.

FDA гадаадын 340-өөд байгууллагын үйл ажиллагааг хянадаг гэдэг. Гэвч тэдний долоохон хувийнх нь мэдээлэл тус албанд бийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум тогтоожээ. Хүний эд эрхтнээс гаргаж авсан бүтээгдэхүүнд стандарт тогтоогч ганц байгууллагынх нь байр байдал ийм байхад хэнд ч, юунд ч итгэх аргагүй юм.


03

Гол тоглогчийн нэг нь Герман

Гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлэгч орны нэг Өмнөд Солонгост гэхэд л “FDA-ийн тусгай зөвшөөрөлтэй” гэсэн шошго наах нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах хамгийн сайн арга. Тус улсын гоо заслын салбарынхны 90-ээд хувь нь “FDA-ийн тусгай зөвшөөрөлтэй” бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Гэтэл тэдгээр нь бүгд баталгаатай биш болохыг Мастромариногийн хэрэг нотолно.

Америк, Өмнөд Солонгосын дараа орох энэ салбарын өөр нэг том тоглогч бол Герман. Тус улс хүний эд эрхтнээс гадна амьтны гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, дамжуулдаг гол орны нэг. “Tutogen” нэртэй, Германы нэгэн компани бүр 1999 оны есдүгээр сараас “RTI Biologics”-той хамтран ажилласан баримт ч бий. Эдгээр компани Чех, Эстони, Унгар, Латви, Украин, Словак зэрэг Зүүн Европын орнуудаас “эрүүл” цогцос худалдан авч эд эрхтнийг нь боловсруулаад Америк, Өмнөд Солонгос, Бразилд нийлүүлдэг байж. 


02

“Tutogen”-ий хэрэг

Энэ талаар 2003 оны гуравдугаар сард Латвийн хэвлэл мэдээллийнхэн мэдээлж, “Tutogen”-д түүхий эд нийлүүлдэг нутгийн дамчид талийгаачдын цогцсыг хууль бусаар олж авсан эсэхийг олон орны сэтгүүлч цагдаа нартай хамтран шалгаж байв. Тэгтэл гэмт этгээдүүд шүүх эмнэлгийн эмч нартай хуйвалдан, 400 гаруй хүний биеэс ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр эд эрхтнийг нь авсан нь тогтоогджээ.

“Tutogen”-тэй холбоотой өөр нэг хэргийг 2005 онд Украины цагдаа нар шалгасан байна. Гэхдээ ихээхэн сэжигтэй, дээрх явдалтай төстэй тэрхүү хэрэгт эрүү үүсгэх боломж бүрдээгүй гэдэг. Юутай ч 2007 оны сүүлч гэхэд “Tutogen”, “RTI Biologics” хоёр улам гүн гүнзгий харилцаатай болж, 2008 оны эхээр “Tutogen” хамтрагчийнхаа охин компани болжээ. Харин америкчууд герман “охин”-ыхоо нийлүүлэгчидтэй холбоотой хэргүүдийн талаар одоо ч ам нээгээгүй байна.


01

Бодит жишээ

Газар нутгийн ашигтай байрлалтай, эдийн засаг нь тогтворгүй, засаглалын “гажиг”-тай байсаар өдгөө бүр ч хүчгүйдээд байгаа Украин улс хүний эд эрхтний наймааны эцэс төгсгөлгүй гинжин хэлхээнээс гарах аргагүй болтлоо хүлэгджээ. Аливаа улс өөрийн гэх үнэт зүйлсээ алдаж, бусдын идэш болоход хүний ёсноос гажууд үйл ч газар авдаг байна.

Бичвэрийн эхэнд дурдсан өнөөх сэжигтэй микро автобусан дахь эд эрхтнүүдийн зарим нь 35 настайдаа саа өвчнөөр нас барсан Александр Фролов гэх хүнийх байлаа. Ээж, эхнэр хоёр нь түүнтэй салах ёс ч хийж амжаагүй байхад цагдаагийн газраас дуудлага ирсэн аж. Талийгаачийг маргааш нь оршуулах гэж байж. “Мөрдөн байцаагч биднийг хавтаст хэрэгтэй танилцуулсан. Тэгэхэд хүүгийн минь биеэс юу юу авсныг нэгд нэгэнгүй бичсэн байсан. Хоёр хавирга, шүд, тохой гээд цааш нь уншиж чадаагүй” хэмээн ээж нь ярив. Эмнэлгээс үзүүлсэн бичиг баримт дээр ар гэрийнхнийх нь гарын үсгийг дуурайлган зурсан байжээ.

Эх сурвалж: Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ)



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд