Арав.мн

Хүүхдүүдэд уншиж өгөхөд тохиромжгүй арван үлгэр

Хүүхдүүдэд уншиж өгөхөд тохиромжгүй арван үлгэр

Уолт Диснейн шидэт үлгэрүүд дэлхий ертөнцийг өөрчлөх хүртэл үлгэр гэдэг хэтэрхий харгис, аймшигт адал явдлаар дүүрэн зарим нь бүр эмгэнэлтэй байжээ. Эдгээр аймшигт үлгэрийг та хэзээ ч хүүхэддээ ярьж өгөхийг хүсэхгүй л болов уу.


10

Галуу маллагч охин

Энэ жагсаалтын эхэнд ах дүү Гриммийн үлгэрийг оруулжээ.

Эрт цагт нэгэн хатан өөрийн охиноо хүнтэй гэрлүүлэхээр өөр улс руу явуулах болж гэнэ. Хатан сайхан сэтгэлт бусад ээжүүдийн нэгэн адил охиноо байдгаар нь гоёж гоодон, өөрийнхөө цусаар хамгаалалт хийж өгөөд, нэгэн зарц охинтой цуг Фалада хэмээх ярьдаг морь унуулан  холын замд үджээ.

Хэсэг явж байгаад гүнжийн ам цангаж зарц охиныг холгүйхэн урсаж байгаа голоос ус авчирч өгөхийг хүсэв. Гэтэл зарц гүнжид үйлчилэхээс татгалзаж, “Ус уумаар байгаа бол өөрөө очоод уу” гэжээ. Охин гол руу очоод ус авахаар тонгойтол хувцсан дээрх ээжийнх нь цус арилчихаж гэнэ. Гүнжийг ямар ч хамгаалалтгүй болсныг харсан зарц охин тэр даруй очиж хувцас хунар, морийг нь булаан авч өмсөөд гүнжид өөрийнхөө зарцын даашинзыг өмсүүлээд үнэнийг хэнд ч хэлэхгүй гэсэн андгай тангараг тавиулжээ. Хэрэв гүнж ам өчиг өгөхгүй бол түүнийг хэдэн хэсэг тасчаад, эзгүй ойн гүнд хаяна хэмээн сүрдүүлэв.

Тэд явсаар хөрш зэргэлдээх хаант улсад ирэхэд зарц өөрийгөө гүнж хэмээн танилцуулж, харин жинхэнэ гүнж галуу маллах болжээ. Зарц ул мөрөө баллахын тулд хөөрхий Фаладаг мал нядлагчид өгөв. Үнэнч найзаа алдсан гүнж махны худалдаачинд мөнгө өгч Фаладагийн толгойг хотын хаалган дээр өлгөхийг гуйжээ. Ингээд гүнж өдөр бүр морины толгойтой ярилцах болов.

Нэгэн өдөр нэг хүү гүнжийн алтан үснээс сугалж авах гэтэл малгай нь салхинд хийсч, араас нь гүйн одов. Тэгээд хүү хаанд очиж, өдөр бүр хотын хаалган дээр морины араг ястай ярилцаж зогсдог, цаг агаарыг удирддаг хачирхалтай охины тухай ярьжээ. Хааны сониуч зан хөдлөн гүнжийг дуудаж авчраад өөрийнхөө түүхийг ярьж өгөхийг хүсэв. Гэвч гүнж амлалт өгсөн учир чадахгүй гэж хариулжээ. Хаан улам бүр хачирхан охиныг өөрийнхөө бүх түүхийг зуух руу хашгирвал сэтгэл нь амарна гэж зөвлөв. Тэгээд охин зуухны ам руу хашгиран болсон явдлыг ярьж байхад нь хаан гадна нь зогсон бүгдийг нь сонсчээ. Ингээд хаан үнэн учрыг мэдэж жинхэнэ гүнжийг өөрийн хүүтэйгээ гэрлүүлээд, зальт муу зарцыг торхонд хийж хадаад, амь тавих хүртэл нь хотоор өнхрүүлэн явуулжээ.


09

Ханс зараа

Мөн л ах дүү Гриммийн үлгэр.
Нэгэн тосгонд эхнэр нь хүүхэд төрүүлдэггүй гэр бүл амьдардаг байжээ. Аргаа барсан нөхөр нь үр хүүхэд л заяаж байвал зараа ч байсан баярлах болно хэмээн бурханд залбирав. Гэтэл бурхан түүний залбирлыг сонсч, хөөрхий золгүй эхнэр нь хагас хүн, хагас зараан хүүхэд гаргажээ. Тэд хүүхдэдээ Ханс гэдэг нэр хайрлав.

Бэлхүүснээс дээшээ зараан биетэй, доод хэсэг нь хүний биетэй, аймшигт төрхтэй Хансыг эцэг эх нь найман нас хүртэл нь зуухны ард хийгээд орхижээ. Хачирхалтай нь Ханс үхээгүй бөгөөд нэг өдөр аавдаа өөрт нь тахиа авчирч өгвөл тахиагаа унаад ойд очиж амьдрахаар явна гэж хэлдэг. Тэгээд ойд хонь хариулж, цуур хөгжим тоглон амьдрах болов.

Нэгэн өдөр хаан ойд төөрч, Ханстай тааран зам асуухад Ханс хааныг эргэж очоод өөрийг нь шагнах тухай зарлиг бичиж өгнө гэвэл зам зааж өгөхийг зөвшөөрчээ. Хаан Хансын бичиг үсэг тайлаагүйг яаж ч юм мэдээд тахиа унасан, хагас хүн, хагас зараан биетэй жаалхүү хаант улсад харагдвал даруйхан барьж авах тухай зарлиг бичив.

Хэсэг хугацааны дараа ахин нэг ойд төөрсөн хаан Ханстай таарч зам асуужээ. Энэ хаан Хансыг хуурахыг хүссэнгүй. Харин хаант улсдаа эргэн очоод хамгийн түрүүнд харсан зүйлээ Ханст өгнө гэж амласан бөгөөд хаан гэртээ очоод хамгийн түрүүнд үзэсгэлэнт охиноо харжээ. Ханс эхний хааны улсад очиход цэргүүд түүнийг өргөсөөрөө хааны охиныг гэмтээхийг оролдсон хэмээн жадлан хөөв. Дараа нь Ханс хоёр дахь хааны улсад очиж гүнжтэй гэрлэхээр болжээ. Тэр хуриман дээрээ зараан хувцсаа тайлж, цэргүүдэд өгөн шатаалгахад жинхэнэ хүн болон хувирчээ.


08

Гаргүй охин

Нэгэн тээрэмчин ойд мод хагалж байтал нэг өвгөн түүн дээр иржээ. Тээрэмчний ядарч зүдэрсэн царайг харсан өвгөн инээмсэглэн тээрмийнх нь ард байгаа зүйлээр дэлхийн бүх эд баялгийг солих санал тавив. Тээрмийн байшингийнх нь ард хөгшин алимны модноос өөр юм байдаггүйг санасан тээрэмчин тэр дороо зөвшөөрч, өвгөн гурван жилийн дараа эргэж ирэх амлалт өгөөд явжээ. тээрэмчин гэртээ эргэж ирээд алимны модон дор охин нь зогсож байсныг олж мэдэв.

Өвгөний дүрд хувирсан чөтгөрийг ирэхэд тээрэмчний охин хамаг биеэ сайн угаагаад, шохойгоор тойрог зуран дотор нь зогслоо. Охин чөтгөр гар хүрэхийн аргагүй хэтэрхий цэвэр ариун байв. Уурссан чөтгөр тээрэмчнийг охиндоо ус өгөхгүй байхыг шаарджээ. Гэвч охины нулимс бүх хир буртгийг арилган, охин цэвэр ариун хэвээр байсаар байв. Чөтгөр тээрэмчнийг охиныхоо гарыг сүхээр цавч хэмээн тушаалаа. Энэ удаад охины нулимс шархных нь цусыг тогтооход чөтгөр ялагдсанаа мэдээд бууж өгчээ.

Хачирхалтай нь энэ бүхний дараа охин гэрээсээ явахаар шийддэг. Охин маш удаан алхсаар шөнө болоход маш их өлсжээ. Тэр явсаар хааны цэцэрлэгт хүрээлэнд тулж ирэв. Цэцэрлэгт хүрээлэнд дүүрэн алим, лийр сагсайн ургасан хэдий ч тойруулаад маш их устай шуудуугаар хамгаалсан байжээ. Охин суугаад залбиртал нэгэн сахиусан тэнгэр ирээд усыг ширгээсэнд охин цэцэрлэг рүү орж нэг лийр идээд цадав. Маргааш өглөө нь хааны цэцэрлэгч нэгэн гаргүй сүнс цэцэрлэгт нь орж лийр хулгайлахыг харсан тухайгаа хаанд мэдэгдлээ. Хачирхалтай явдлыг сонссон хаан цэцэрлэгт нуугдаж байтал шөнө охин орж ирээд лийр авч идэхийг харав. Хаан охинд дурлаж тэр даруй түүнтэй гэрлэхээр шийдэн, цалин цагаан мөнгөөр үзэсгэлэнтэй гар хийлгэж өгчээ.

Охинд дөнгүүлсэндээ уурласан чөтгөр энэ тухай мэдээд хааныг дайнд явсан хойгуур хааны ээжид нь эхнэр болон хүүхдүүдийг нь цаазал гэсэн хуурамч захиа явуулжээ. Хааны ээж бэр болон ач хүүхдүүдээ алж зүрхэлсэнгүй. Тиймээс тэднийг зугтаалгаад оронд нь буга алуулж, нүд чихийг нь баталгаа болгон хаанд илгээв. Болсон явдлыг сонссон хаан маш их сэтгэлээр унаж, эхнэр хүүхдүүдээ олтол юу ч ууж, идэхгүй хэмээн тангараглажээ. Хэдийгээр бүтэн долоон жил өнгөрсөн ч бурхан хааныг үхүүлсэнгүй. Хаан хад чулуу бүрийг ширхэгчлэн эрлээ үргэлжлүүлсээр байлаа. Тэгээд хаан эхнэр нь хааны ордноос холгүй нэгэн жижигхэн байшинд амьдарч байгааг олж мэдэв. Эхлээд хаан түүнийг таньсангүй. Учир нь охины хоёр гар нь ургасан байжээ.


07

Гурван навчит могой

Нэгэн хаан маш үзэсгэлэнтэй боловч тун хачин араншинтай гүнжтэй байжээ. Олон сайхан залуус гүнжид хайр сэтгэлээ илчлэн гэрлэхийг гуйдаг боловч гүнжийн хачирхалтай нөхцлийг сонсоод бүгд зугтан оддог байв. Гүнж өөрийг нь үхсэний дараа өөртэй нь хамт амьдаараа булшинд орох нэгэнтэй л гэрлэнэ гэдэг байжээ. Нэгэнт л надад хайртай юм бол намайг байхгүй болсон хойно амьдрах ямар хэрэгтэй юм бэ гэж гүнж хэлдэг байв.

Нэгэн ядуу тариачин хүү мөнгө амин зуулгаа залгуулахын тулд хөлсний цэрэг болжээ. Тулаан эхлэх үед хүүтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан ихэнх нөхөд нь алагдсан хэдий ч хүү амьд гарч, үлдсэн нөхдөө манлайлан ялалт байгуулав. Хүүгийн эр зоригийг үнэлсэн хаан хүүг хүндээр шагнаж урамшуулан, хүлэг баатар болгожээ. Хүү ордон дотор явж байгаад үзэсгэлэнт гүнжийг хараад дурлаж орхив. Тэгээд гүнжийн болзлыг зөвшөөрсөн учир тэд гэрлэжээ. Тэр хоёр он удаан  жил аз жаргалтай сайхан амьдарч байтал нэг өдөр гүнж өвчнөөр нас барав. Залуу эр амлалтаа санан зугтах гэсэн боловч цэргүүд түүнийг гүнжийн бунхан дотор цоожилж орхиод явжээ.

Хүү бунхан дотор үхлээ хүлээн сууж байтал хананы ангархайгаар нэгэн могой гулсан орж ирэхэд нь эхнэрийнхээ цогцсыг хамгаалахын тулд могойг алав. Тэгээд могойг идэх гэж байтал биен дээрээ гурван ширхэг навч наасан өөр нэг могой орж ирээд өнөөх үхсэн могойны шарханд навчаа хүргэтэл нөгөө могой эргэн амилаад хоёр могой яваад өгчээ. Могойнуудыг алга болмогц хүү үлдсэн навчнуудыг нь авч гүнжийн биенд хүргэтэл гүнж эргээд амилав. Тэр хоёр бунхнаас гарч хөлөг онгоцонд суун цайзын зүг явжээ.

Гэвч навчнууд гүнжийн ааш занг өөрчилсөн байлаа. Гүнж хөлөг онгоцны ахмадад дурласан учир тэр хоёр гэрлэхийн тулд хүүг ус руу шиджээ. Үүнийг харсан нэгэн зарц хүүгийн амийг авраад тэр хоёр гүнж, ахмад хоёроос урьтан хааны ордонд очиж бүх болсон явдлыг хаанд хэлэв. Ингээд гүнж, хөлгийн ахмад хоёрыг ирэхэд хаан тэднийг цоорхой завинд суун далайгаар явж үхэх ял оноожээ.


06

Фитчерийн шувуу

Эрт цагт нэгэн гуйлгачин охидыг хулгайлдаг байжээ. Гуйлгачин эгч дүү гурван охины гэрт очоод хамгийн том охиныг өөрийг нь гэртээ оруулахыг ятгав. Гуйлгачин охины биенд хүрмэгц охин өөрийн эрхгүй түүний үүргэвч рүү татагдан орлоо. Тэгээд охиныг алтан байшиндаа авчран өөрийнх нь эхнэр болж эндээ үлдэх юм бол хүссэн бүхнийг нь биелүүлнэ хэмээн амлажээ.

Түүнчлэн гуйлгачин хэсэг хугацаанд хаа нэг тийшээ явахаар болж, охинд нэг өндөг өгч сайтар хадгалж байхыг захиад мөн нэг өрөөнд орохыг хориглоод явав. Гэвч охины сониуч зан дийлж, хориотой өрөөнд орлоо. Тэр өрөөнд цусаар бялхсан усан сан, тоо томшгүй олон охидын эрэмдэглэгдсэн цогцос байв. Мөн том сүх болон дээр нь юм цавчдаг хавтан байжээ.

Охин айсандаа барьж байсан өндгөө унагатал өндөг цусанд хутгалдан яаж ч цэвэрлээд арилсангүй. Өндөг цус болсон байхыг харсан гуйлгачин охиныг хориотой өрөө рүү чирч аваачаад тэр дор нь хэдэн хэсэг цавчиж орхиод хоёр дахь охиныг хулгайлан авчрав. Хоёр дахь охины хувь тавилан ч мөн эгчийнхээ нэгэн адил дуусч, гуйлгачин гурав дахь охиныг авчирчээ.

Энэ удаа гуйлгачин дөнгүүлэв. Отгон охин хориотой өрөөнд орохоосоо өмнө өндгийг өөр газар нууж орхижээ. Тэгээд хориотой өрөөнд ортол хоёр эгчийнх нь цогцос байхыг хараад тасарсан хэсгүүдийг нь нийлүүлээд эргүүлэн амилуулав. Гуйлгачин эргэн ирээд өндөг цус болоогүй байхыг хараад отгон охиныг шалгалтыг давж гарсан учир жинхэнэ сүйт бүсгүй болох хүн нь мөн хэмээн зарлажээ. Охин хуримын бэлэг болгож аавд нь том сагстай алт хүргүүлэхийг хүсэв. Гуйлгачин зөвшөөрсөнд сагсан дотор эгч нарыгаа нуун явуулжээ. Тэгээд өрөөнийхөө цонхон дээр нэг араг яс тавьж орхиод, биендээ зөгийн бал түрхэж, дээр нь өд наагаад модон дунд нуугдан суув. Гуйлгачин хуримандаа бүх төрөл төрөгсөд найз нөхдөө урьсан бөгөөд охидын ах нар ирээд бүгдийг нь байшингийнх нь гаднаас түгжээд амьдаар нь шатаажээ.


05

Дуулдаг яс

Нэгэн хаант улс руу аварга бодон гахай дайрч бүх тариан талбайг сүйтгэж, тариачдын байшин савыг нураажээ. Аргаа барсан хаан тэр мангасыг дарсан хүнд хэн ч байсан хамаагүй охиноо өгнө гэсэн зар тараав.

Ах нь нэр төрд дуртай, дүү нь сайхан сэтгэлтэй ах дүү хоёр тэр мангасыг дарахаар явцгаав. Үлэмж том бодонг хайж олохын тулд ах дүү хоёр салж яваад ойн хоёр талаас орохоор болжээ.  Дүү нь ойд ороод нэгэн одойтой тааралдав. Дүүгийнх нь сайхан сэтгэлтэйг мэдэрсэн одой түүнд бодон гахайг алах шидэт жад өгч, хүү ч бодонтой таармагцаа шидэт жадаа зүрхэнд нь хоёр удаа зоожээ.

Ингээд үхсэн бодонг үүрэн цайзын зүг алхаж явтал ах нь архины мухлагт наргиж байхтай таарав. Дүүгээ ялалт байгуулсныг харсан ах нь хамтдаа баяраа тэмдэглэж, дарс ууя хэмээн дүүдээ хэлжээ.  Залуу хүүг дарс уугаад согтмогц ах нь түүнийг хөнөөж, гүүрэн дор булж орхиод, бодонг авч хаан руу очжээ. Ахыг нь аймшигт аварга бодонг үгүй хийсэн гэж итгэсэн хаан гүнжтэй гэрлэхийг зөвшөөрөв.

Ах нь гүнжтэй хамт олон жил сайхан амьдарчээ. Хожим нь нэг хоньчин дүүгийнх нь ясыг олоод эвэр бүрээ хийв. Тэгээд бүрээгээ үлээтэл бүрээ аймшигт аллагын тухай дуу дуулж гэнэ. Гайхаж цочирдсон хоньчин өнөөх аймшигт хөгжмийн зэмсгээ хаанд аваачиж өгсөнд хаан яс олдсон газрыг гүнзгий ухуултал залуу хүүгийн цогцос олджээ. Бүх учрыг мэдсэн хаан алуурчин ахыг нь шуудайд хийж далайд живүүлж гэнэ.


04

Холле ээж

Энэ үлгэрт хоёр охинтой бэлэвсэн эмэгтэйн тухай гардаг. Нэг нь түүний төрсөн охин бөгөөд царай муутай, муухай ааштай, залхуу. Харин нөгөөх нь дагавар охин бөгөөд ажилсаг, үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй.  Хойд эх дагавар охиноо худгийн дэргэд суулган хуруунаас нь цус шүүртэл утас ээрүүлэв.

Нэг удаа охин ээрүүлээ санамсаргүй худагт унагачихжээ. Тэгээд яахаа мэдэхгүй сандарсандаа худаг руу үсрэн орлоо. Охин ухаан ороод хартал худаг дотор биш үзэсгэлэнт ногоон нугад сэрэв.  Үл мэдэх шинэ газраар алхаж явтал дотроо дүүрэн талхтай зуух тааралдаад талхнуудыг шатахаас өмнө гаргаж өгөхийг охиноос хүсчээ. Охин талхнуудыг гаргаад цааш явж байтал дүүрэн жимстэй алимны мод болсон алимнуудыг нь түүж өгөхийг гуйв. Охин алимны модны хүслийг биелүүлээд эцэст нь Холле ээжийн байшинд иржээ.

Навсгар байшинтай, үзэшгүй муухай хөгшин эмгэн охиноос гэрийг нь цэвэрлэж өгөхийг гуйв. Охин эмгэний хэлсэн бүхнийг гүйцэтгэсэнд талархсан эмгэн охиныг хөлнөөс нь толгой хүртэл алт эрдэнээр хучиж, ээрүүлийг нь өгөөд хүний ертөнц рүү буцаажээ.

Дагавар охиноо дүүрэн алт эрдэнэд хучигдан эргэж ирэхийг харсан хойд эх төрсөн охиноо худаг руу оруулав. Гэвч ааш муутай залхуу охин зуухнаас талхыг нь гаргаж, алимны модны жимсийг түүж тусалсангүй. Тэр хэтэрхий залхуу байсан тул Холле ээж биеийг нь алт мөнгөөр биш хэзээ ч биенээс нь салахгүй давирхай хөлнөөс нь толгой хүртэл нь наагаад буцаажээ.


03

Илбэдүүлсэн баатар

Эрт цагт нэгэн худалдаачин арилжаа наймааныхаа ажлаар алс хол явах болж гурван охиноосоо ямар бэлэг захихыг нь асуужээ. Хоёр том охин нь шинэ хүрэм харин отгон охин нь цэцэгний зураг өгөөд яг адилхан цэцэг авч ирэхийг захив.

Худалдаачин хоёр том охиныхоо захиасыг авсан боловч отгон охины зураг дээрх шиг цэцэг олж чадахгүй л байлаа. Гэр рүүгээ буцах замдаа худалдаачин нэг охиных нь захисан шиг цэцэг багсайтал ургасан цайз олж харав.

Худалдаачин цэцэгнээс нэгийг тасдан автал урд нь гурван толгойтой аймшигт мангас гарч иржээ. Худалдаачин могойноос амийг нь хэлтрүүлэхийг гуйсанд могой гурван охиноос нь хамгийн түрүүнд гарч ирж аавыгаа угтан авсан охиныг нь эхнэрээ болгох болзолтойгоор худалдаачинг явуулав. Хөгшин эр гэртээ иртэл бага охин нь хамгийн түрүүнд эцгийгээ тосон гарч ирсэн бөгөөд огт цааргалалгүй могойн цайз руу явжээ.

Охин цайзад бүтэн өдөржин гав ганцаар байх бөгөөд үдэш болоход могой хаанаас ч юм гарч ирдэг байв. Эхэндээ могой охиныг өөрийнх нь орны дэргэд унтахыг шаарддаг байсан бол сүүлдээ хамт унтахыг хүсэх болжээ. Гэвч могой өглөө үзэгдэхгүй болоод шөнө гарч ирдэг хэвээр л байв. Могой охинд маш их хайртай болжээ. Тэгээд охиныг гэр бүлээ санан гуниглахыг хараад оройдоо эргэж ирэх болзолтойгоор гэртээ харихыг зөвшөөрөв. Охин гэртээ очтол түүний аз жаргалд атаархсан хоёр эгч нь нүдээ сонгиноор арчин нулимсаа гоожуулаад ганцхан шөнө гэртээ хонохыг ятгажээ. Охин эгч нарыгаа асгартал уйлж байна гэж итгээд хамт хоноод өглөө цайздаа эргэн иртэл могой биш уй гунигаасаа болж үхсэн үзэсгэлэнт ханхүүгийн цогцос хэвтэж байдаг аж.


02

Гурван цэргийн мэс засалч

Эрт цагт нэр төртэй гурван цэргийн эмч хэн нь авьяас чадвараараа шилдэг нь болохоо үзэхээр дэвэн дэлхийгээр хэрэн хэсчээ. Тэд явсаар бөглүү ойн гүнд байдаг нэгэн дэн буудалд хүрэв. Тэдний ярихыг сонссон дэн буудлын эзэн тийм ч амар итгэсэнгүй. Тиймээс эмч нарыг өөрийн авьяас чадвараа нотлох хэрэгтэй гэжээ. Эмч нар ч сайрхах боломжийг уухайн тас зөвшөөрч эхний эмч гараа таслаад , хоёр дахь эмч зүрхээ гаргаад, гурав дахь нь нүдээ ухаж гаргаад өглөө буцааж хийнэ гэв.

Эмч нарт биеийнх нь тасарсан хэсгийг буцааж нийлүүлэх шидэт шингэн байсан учир хэн хэн нь сэтгэл амар байлаа. Дэн буудлын эзэн зарц охинд эмч нарын тасарсан эрхтнүүдийг өгөөд өглөө болтол сайтар хадгалахыг даалгав. Гэвч шөнө охины хайртай цэрэг ирж, тэр хоёр нууцаар гарч явсан хойгуур нь муур ирээд өнөөх эрхтнүүдийг нь идчихжээ.

Охин эргэж ирээд эмч нарын эд эрхтэн алга болсныг хараад цэрэг эрд учраа хэлтэл цэрэг бүгдийг нь аргалж өгөхөө амлав. Тэгээд цэрэг талбай дээр өлгөсөн нэгэн хулгайчийн гарыг авч, бас гахайн зүрх сугалж, хэргийн эзэн муурын нүдийг ухаж аваад зарц охинд өгчээ. Өглөө нь эмч нар өөр өөрсдийн эрхтнийг шидэт шингэнээрээ эмчлээд аяллаа үргэлжлүүлэхээр явав.

Гэвч эхний эмч өөрийн мэдэлгүй хулгай хийж, хоёр дахь эмч шавар дээр хөрвөөн аяллаа үргэлжлүүлэх аргагүй болжээ. Харин гурав дахь эмчийн нүдэнд шөнөжин энэ тэрүүгээр гүйлдэх хулганууд харагдаад унтаж чадахгүй болов. Ямар нэг юм болсныг лавтай мэдсэн гурван эмч буцаад дэн буудалд очтол зарц охин аль эрт цэрэг эртэйгээ хамт зугтаж одсон байсан учир чухам юу болоод байгааг хэн ч мэдэж чадсангүй. Харин буудлын эзэн гурван эмчээс дэн буудлыг нь шатаалгүй үлдээхийг гуйж, хариуд нь хамаг мөнгөө өгсөн гэдэг.


01

Хулгана, шувуу, зайдас гурав

Уг хачирхалтай үлгэрт ойн дундах бяцхан байшинд хулгана, шувуу, зайдас гурав хамт амьдардаг тухай гардаг. Шувуу ойгоос түлээ авчирч, хулгана гал түлж, зайдас хоол хийдэг байжээ. Бүгд тус тусынхаа үүрэгт ажлыг хийн гурвуулаа аятай тохитой амьдардаг байв.

Нэгэн өдөр шувуу ойд түлээ түүж яваад өөр нэг найз шувуутайгаа таарчээ. Найз нь манай шувууг элэглэн шоолж, чамайг хүнд түлээгээ дааж ядан явахад чинь хулгана, зайдас хоёр гэртээ “гэдсээ илээд” хэвтэж байгаа даа гэж хэлэв. Шувуу бодоход үнэхээр л хулгана гал түлэхээс өөр юу ч хийдэггүй, зайдас харин хоол болтол зуухны хажууд сууж л байдаг мэт санагдаж гэнэ. Тэгээд маргааш нь хулгана, зайдас хоёрт ахиж түлээнд явахгүй, түлээ хэрэгтэй бол өөрсдөө явж түү гэж хэлжээ.

Хулгана, зайдас хоёр гайхсан боловч ажлуудаа сольж хийхийг зөвшөөрч, хулгана хоол хийж, зайдас түлээнд явах болов. Гэвч зайдас эргэж ирсэнгүй. Маргааш нь шувуу зайдсыг хайн нисч явтал нэгэн нохой зайдсыг амандаа зуун явж байхтай таарчээ. Шувуу нохойноос найзыг нь өршөөхийг гуйсан боловч нохой зөвшөөрсөнгүй. Ингээд зайдас үгүй болжээ. Шувуу гэртээ эргэн иртэл хулгана найз нь тогоотой шөлөндөө чанагдаж үхсэн байв. Цочирдсон шувуу түлээний модоо хаа сайгүй тараан хаясанд гал гарч байшин нь шатжээ. Харин шувуу яаж яваад ч юм худагт живж үхсэн байлаа.
Төгсөв.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (9)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ulgre bodj bicr
+1
Наад үлгэрүүд чинь бүгдээрээ манай дүүгийн номон дээр баайдаг шд
+1
Илбэдүүлсэн баатар нь Араатан ба үзэсгэлэнт бүсгүй байна шдээ.
-2
Бүгд хэрцгийлэл аллага өгүүлсэн аймаар үлгэр байна. Хүүхэд байтугай том хүн сүрдмээр юм.
Аймшгийн киноны бэлэн сэдвүүд байна хаха
+7
Холле ээж гэдэг нь гайгүй үлгэр байна
+2
Хаха хэрцгий байлаа шүү
+5
bayralalaaa vneheer saikhan shidet vlgervvd niitelj 10 onoo bagdmaar sanagdalaaa
+2
Haha teneg ulgeruud we
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start