Арав.мн

"МОНГОЛ" гэж ямар утгатай вэ? (2-р хэсэг)

Ш.Гаадамба гуайн Нууц товчооны худам монгол бичгийн эхийг сэргээн сийрүүлэх эрдэм шинжилгээний ажлын хэсгээс.
(1-р хэсгийг эндээс үзээрэй)


10

Сибэргэл

Сибэргэл - "гэзэг үс" гэсэн энэ үгийг хятад галиг үсгийн галигаар нь Хэниш "шибилгэр (=шибүлгэр)" гэж сэргээн сийрүүлээд "хажуугийн тав үс" гэж хятад хадмал орчуулгын утгыг тайлжээ. Бусад нь (Пеллио, Лигети, Рахевильз, Баяр, Дашцэдэн, Иринчин тэргүүтэн) цөм "шибүргэл" гэж сэргээсэн юм. Үүний утгыг Дамдинсүрэн, Дугаржав "сэвэлгэ үсү-бэн" гэж, Хэниш, Калужинский, Рахевильз, Мостарт, Элдэндэй Ардажав цөм "хоёр (салаа) гэзэг" гэж орчуулсан байна. Харин Пеллио "уяа боолт" гэж ухаарчээ.

Энэ үгийг Мостарт гуай дээр дурдсан "Монголын эзэнт улсын эзэн хаадын хэдэн хөргийн тухай" гэсэн өгүүлэлдээ гөхөл ба шибэргэл гэсэн хоёр үгийн утгыг зааглан тайлбарлахын хамт шибэргэл гэдгийг хоёр хувилбар "шилбигэр" (шибилгэр) үүнээс үүссэн гэж тайлбарлаад Ширбэгэл гэдэг нь Ордос авгай нар эрд очихдоо үсээ хийж энгэрийнхээ хоёр талаар унжуулж чимдэг дугтуй (гэр) буюу шивэг гэдгийн нэр юм. Шибэгтэй холбож "шивэгчин" гэсэн үгийг зүүлтэд иш татжээ. Энэ үгийг Баяр "сэлбэгэр" гэж бичсэн нь сэв (үс самсны сугарсан үсийг хэлнэ) гэсэн үгтэй холбох гэсэн санаа болов уу.

Бидний бодоход энэ үг анх шилбигэр-шибилгэр-шибэлгэр-ширбэгэл-шибэргил-шибэргэл гэх зэргээр авиа сэлгэлтийн жамаар хувирч үүссэн бөгөөд шил+бэр+гэ+л гэсэн бүтэцтэй монгол үг гэж бодно. Энэ үгнээс бас шибэ[р]г+чин буюу хатадын шибэргэлийг нь самнаж богтог малгайд нь хийж өгдөг зарц бүсгүйн нэр ч үүссэн нь үнэн биз. "Гэжигэ" гэдэг үг хүний толгойн арын гэд[и]гэ буюу гэдгэр хэсгийн нэрийн д нь ж авиатай сэлгэж, мөнхүү гэдгэрээс ургуулсан үсний нэр болсны адил ургуулж шил уруугаа унжуулдаг үсний нэр мөн "шили" гэсэн үгнээс үүссэн бололтойг Мостарт гуайн олсон "шилбүгэр" гэсэн жишээ гэрчилж байна. 

Харин одоогийн баруун Монголын "боодогтой сэвгэр" гэх мэт үг охид хүүхний энэ үсний нэрээс үүссэн байж магадгүй. Бас үсний сэв (самнахад үгтээгдсэн үс), хүүхдийн сэвэлгэ (сэвлэг) үс, цагаан төмс шар төмсний сэвэлгэнэ зэрэг үүнтэй холбогдолтой болов уу гэх бодол толь бичгээс төрөгдөнө.


09

Бэлгэтэй (хүний оноосон нэр)

Энэ хүний нэрийг уг эхийн хятад галиг үсгээс судлагчид цөм "Бэлгүтэй" гэж сэргээн сийрүүлдэг боловч бид үүнийг XIV зууны галиглагчдын дуудлагын гажуудал гэж үзэж эртний монгол бичгийн уламжлалын үүднээс "Бэлгэтэй" гэж буулгав. Учир нь монголын хуучин бичгийн уламжлалд "Бэлгэ" (бэлгэ тэмдэг), "Билиг" (оюун билиг), "Бэлэг" (бусдад бэлэглэж өгсөн зүйл) гэсэн гурван зүйл бичлэг олон дайралдах бөгөөд хэрэв энэ хүний нэр оюунтай ухаант гэсэн утгатай бол "Билигүтэй" гэж бичмээр. Хэрэв бэлэг сэлт гэсэн утгатай бол "Бэлэгүтэй" гэж бичмээр тул бид үүнийг Бэлгэ (тэмдэг)+тэй (бүхүй) гэсэн бүтэцтэй бөгөөд "Тэмдэг бүхий" гэсэн утгатай нэр гэж үзсэний дээр Нууц товчооны эртний монгол бичгийн эхтэй байсан бололтой гэгддэг Лувсанданзаны эхэд "Есүхэй баатрын нөгөө гэргий Сөчгэл эхээс төрсөн "Бэктэр Бэлгэтэй" хоёр бөлгөө" гэснийг зөв сэргээлт гэж үзэж ийнхүү "Бэлгэтэй" гэж сэргээн сийрүүлж бичив. Энэ хэсэг "МНТ"-ны хятад галигт байхгүй орхигдсон гэж Пеллиогийн үзсэн энэ хэсэгт энэ үгийг ингэж бичсэн нь Лувсанданзанд байсан эртний монгол бичгийн эхэд ийм бичлэгтэй байсныг давхар баталж байна гэж үзэв.


08

Бэсүд (Йисүд) овогтон

Энэ үгийг хятад галиг үсгээс судлагчид "Бэсүт" буюу "Бэсүд" гэж сэргээн босгодог юм. Харин энэ үг юу гэсэн утгатайг хэн ч бараг тайлсангүй. Бид энэ үгийг "Йисүд" гэсэн үг гэж бодно. Нууц товчоог хятад галиг үсгээр тэмэглүүлсэн хүн "йисүд" гэсэн үгийн й (j) үсгийг XIV зууны үеэс хэрэглэгдэх болсон "в" үсэгтэй хутгаж буруу дуудан уншиж өгсөн бололтой гэж санагдана. Учир нь: Рашид-ад-Дины "Йисүд" аймаг гэж бичээд энэ овгийн алдарт хүнд Зэв ноёныг оруулснаас Бэсүд Йисүд овог адил болох нь мэдэгдэнэ. П.Пеллио, Амби нар үгийн Үншин (үүшин) гэдэгтэй хослуулж хэрэглэж байжээ гэсэн боловч бид "Йэсүд" гэсэн үгийг XIV зууны галиглагчид "Висүд" гэж буруу дуудаж өгөхдөө үгийн эхэнд В үсэг байхгүй тул "бэсүд" гэж хэлж өгснөөс ташаарсан гэж бодоод "Йисүд" гэж буулгав. Харин "Үгүшин" буюу Рашид-ад-Дины "хушин" гэж бичсэн өөр овог бол Зүрхэний нутгаас олдсон гэж "МНТ"-нд тэмдэглэгдсэн Борохул ноёны овог мөн. Харин Бэсүдийн нутгаас олдсон Көкөчү, Зэв ноён хоёр бол даруй энэхүү Йисүд овгийн хүмүүс болно.


07

Багарин-у (Баарины)

Энэ үгийг бас галиглах ба ойлгох талаар судлаач эрдэмтэдийн дунд санал зөрөх зүйлгүй юм. Харин "МНТ"-д энэ Баарины овгийг "барьж авсан эм бүлгээ" гэж Баридай гэж нэрийдэв. "Багарин-у эбүгэ тэрэ болба" гэсэн нь төдий л үнэмшилтэй биш. Учир нь Баридай гэдэг хүний нэрнээс энэ овог "Багарин" овог үүсч таарахгүй, харин "барид" овог үүсч болох юм. Иймд Багарин гэдэг нь өөр нэрнээс үүссэн нь ил байна. Харин "Бари+д+ай" гэсэн энэ хүний нэр нь бари нарын овог гэсэн өөр овгийн хүн гэдгийг харуулж байна. Ер нь энэ мэт баримтаас үзвэл Монгол нууц товчоонд "Олон монгол аймгийг нэг эцэг эхээс гаралтай нэгдмэл байгаад бутарсан гэж бичсэн нь түүнийг нэгтгэх хэрэгтэй гэдэг ухуулга мөн. Чухамдаа олон монголчууд Бодончараас үүссэн гэдэг баримттай хэрэг биш" гэж бичсэний үнэн болохыг батлахаас гадна Монголчууд түүхээ олон хувь бичээд овог бүрийд хадгалдаг байсан бол түүнд овог бүр өөрийн үзэл бодлоо ашиг сонирхлын үүднээс энэ мэтээр засвар оруулж болох аюултай учраас тэд түүхээ ганц хувь бичээд нууцлан хадгалдаг заншилтай байсан гэсэн бидний саналын үндэстэй болохыг харуулж байна.


06

(Х)оншигуд (оншигууд)

Энэ нь хятад галигийг дагаж Пеллио, Лигети, Рахевильз, Баяр, Хэниш тэргүүтэн судлагчид "хонгши'ут" "хунгши'ут" гэж, Элдэндэй Ардажав нар Иринчин, Баяр тэргүүтэн зарим нь хуучин (сонгодог) монгол бичгийн маягаар "хонгшигуд" гэж, Козин, Дашцэдэн нар "хоанш ут" буюу "хонгшиуд" гэх зарим нь Дугаржав, Ц.Дамдинсүрэн нар орхиж орчуулсан буюу буулгасан байна. Хамгийн гол нь энэ үгийг Пеллио, Иринчин, Хэниш, Квивз, Рахевильз цөм "өмхий үнэр" гэж, Элдэндэй Ардажав нар, Дугаржав нар хиншүү хуншуу (үнэр) гэж тус тус ойлгосон нь цөм "хонгши'ут" гэсэн үгийн хятад хадмал орчуулгыг дагасны хэрэг юм.

"Хоншигуд" гэдэг үгийг бид он (он жил гэсэн утгатай нэр үгийн үндэс) + ши (нэр үгнээс он өнгөрсөн шинж орох гэсэн утгатай үйл үг бүтээх дагавар) + гу (үйл үгийн үндэснээс нэр үг бүтээх дагавар) + д (нэр үгийн олон тооны нөхцөл) гэсэн бүтэцтэй үг гэж бодож байна. Оншуулсан (борцолсон) шувууны мах гэсэн утгатай санагдана. Эл учраас энэ үгийг "Хожуул-а бүри-эчэ хойар гурбан шибагу өлгөсөн" гэж орчуулсан Ц.Дамдинсүрэн гуайн орчуулга утгыг яг зөв гаргажээ.



05

Гоол (гол)

Эртний худам монгол бичигт урт эгшиг гараагүй үеийн монгол хэлний аялгууг тусгаж эгшиг хоёрлон бичиж урт эгшгийг тэмдэглэдэггүй байв. Харин үгийн эхэнд О голдуу оровч бас У хааяа орох тул түүнээс ялгахын тулд үгийн эхний үеийн О эгшгийг хоёрлон бичдэг байжээ. "Гол" гэж бичвэл энэ нь "гул" гэж уншигдах, харин "гоол" гэж бичсэн бол түүнийг "гол" гэж богиноор дуудан уншина. Иймээс тэрхүү ялгах эгшгийн улмаас бичгээр "доор" гэж бичсэнийг уртаар сонсч "ширээн доор" гэх мэтээр урт эгшигтэй хэлэх, бичих болжээ.


04

Аду[гу]сун идэгэ-бэн

Энэ холбоо үг, бидний санавал, "мал хөрөнгө, эд агуурс" гэсэн утгатай эртний монголын хэвшмэл хэллэг мөн. Аду (маллах агуулах гэсэн утгатай үгийн үндэс) +гу (үйл үгнээс нэр үг үүсгэх дагавар) +су (нэр үгээс "юм" гэсэн утгатай нэр үг бүтээх дагавар) +н (түүний олон тооны нөхцөл) гэсэн загвараар бүтсэн байж болох юм. Нөгөө талаар аду- гэсэн үйл язгуур, I үндэс дээр -су (үйлийн утгын холбогдолтой юм гэсэн утга оруулах дагавар) -н (түүний олон тооны нөхцөл) гэсэн бүтэцтэй үг байж ч болох юм. Үүний загварын амны "хахасун" МНТ-нд дайралдаж байна. Гэвч бид энд аду+[гу]+сун гэсэн загварын үг бичигт байсан, түүний зарим үе галигт хаягдсан гэж ингэж буулгав. МНТ-ны өөр зүйлд "адугун идэгэн-э аран тутхар-а ахуй сагухуй-а күрбэ" гэж бичсэн баримт байна. Иймд "адугусун" гэж байсан гэдэг нь илүү үнэмшилтэй юм.


03

Майалиг

Энэ үгийг хятад галигаас судлаачид санал нэгтэйгээр "Ма'алиг байагудай" гэж заншсан боловч бид түүхч Рашид-ад-Дин энэ ядуу хүний нэрийг "Баялик" гэж заасан тул энэ мэдээнд үндэслэн үгийн эхний "б" авиа нь "м" авиатай сэлгэж "Майалиг" болж улмаар хоёр "а" авианы дундах "й" гийгүүлэгч нь сугарч "Ма'алиг" гэсэн үг болсон гэж төсөөлөн бодож Майалиг гэж сэргээн босгож бичив. Харин сонирхолтой нь Баялаг (Маяалик) нэртэй хүн ядуу явж хүүгээ гөрөөсний өрөөл гуяар худалдсан гэдэг нь зөрчилтэй бөгөөд сонирхолтой зүйл юм. Байагуд овог хэн нэг баян хүний удмаас үүсч баячуудын овог болсон байгууштай санагдана.


02

Эжэд (эзэд)

Энэ бол эжэ(н)+д гэсэн бүтэцтэй эзэн гэдэг үгийн олон тооны хэлбэрт үг юм. Үүнийг Э.Хэниш, П.Пеллио тэргүүтэн Бурхан халдун уулыг эзэмшигч хоёр хүн гэж арай ташаа орчуулсан нь хятад галиг эхэд "Бурхан босхагсан" гэсэн хоёр үгийн дор "хүний нэр" гэж эндүү хадмал хийснээс болсон хэрэг. Элдэндэй, Ардажав Бурхан халдун дээр шүтээн босгож тахиж тайснаас тэндэхийн эзэн гэгдсэн "Шинчи-байан" урианхай хүн тайлбарласан нь эргэлзээтэй. Учир нь Бурхан халдуны эзэн нь Шинчи баян урианхай ганцаар байсан бол Бурхан халдуны "эзэд" гэж олон тооны нөхцөлтэй бичигдэмгүй сэн.

Ц.Дамдинсүрэн, Дугаржав нар Бурхан халдуны эзэн (эзэмшигч) нь Шинчи баян ганц хүн тул эзэн гэдэг "эзэд" гэж ташаа буулгасан гэж үзжээ. "Эзэд" гэсэн үгийг бид Шинчи баян урианхайд бус, харин Бурхан халдуны уул усны далдын эзэд бурхад буюу овоо тахилгыг нь босгосон Шинчибаян гэсэн үг гэж ойлгож байна. Үүнд Монголын эртний бөө мөргөлийн үүднээс уул ус бүр тус тус далдын хэлбэрээр бичдэг байжээ. "МНТ"-ы өөр зүйлд Хятадыг байлдаж яваад өвчин хүртсэн тухай Өгэдэй хааны өвчний шалтгааныг бөө нар "Хитад иргэн-ү гажар усун-ийэн эбдэкдэрүн, иргэн орга-бан да'улигдарун түргэн-э адаламуй" гэж тайлбарласны дотор газар усны онгодыг "эзэд" гэж олон тооны нөхцөлтэй бичсэнийг бодолцууштай.


01

Кэтүлжү (хэтэлж)

Энэ нь орчин цагийн монгол хэлэнд "гэтэлж" гэсэн үгийн эртний бичлэг мөн. Энэ үгийг чухамхүү гол мөрний цаана хэтрэн гарсанд холбогдуулан хэлдэг тул Бөртэ Чоно, Ухаа марал хоёрын гэтэлсэн ус нь далай буюу тэнгис бус, харин гол байсныг энэ үгийн бичлэг давхар баталж байна. Учир нь "Тэнггис" гэдэг үг голын нэр бус, тэнгис буюу далай байсан бол энэ үгийн оронд "гадалжу" (гаталж) гэсэн үг байх учиртай шиг санагдана. Юу гэвэл "гадалж" гэдэг үг бол их ус (далай тэнгис) дотроос гадна талд нь гарсан гэсэн утгатай юм.



8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
mash ih taalagdlaa tuuhee medej avlaa bayralaa
+4
Super
+9
Монгол бичиг бүх утгын үндэс
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд