Арав.мн

Монгол гэж ямар утгатай вэ? (3-р хэсэг)

Монгол гэж ямар утгатай вэ? (3-р хэсэг)

Нэрт эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, төрийн шагналт Ш.Гаадамба гуайн Нууц товчооны худам монгол бичгийн эхийг сэргээн сийрүүлэх эрдэм шинжилгээний ажлын хэсгээс. 
(1-р хэсэг)
(2-р хэсэг)


10

Гэйид (гэрүүд)

Гэйид - гэсэн энэ үгийг галиг үсгээр нь Хэниш, Пеллио гэхчлэн бүх судлагчид "гэйид" гэж сэргээн босгож сийрүүлдэг бөгөөд цөм гэрийн олон тоо гэж хадмал хятад орчуулгын дагуу зөв ойлгодог билээ.
Энд бид энэ үгнээс монгол хэлэнд хүрээ хийд гэдэг үг үүсч гарсан гэдэг саналыг хэлэх гэсэн билээ. Хэниш авгай энэ үгийн хятад хадмал үг үсгийн утгыг тайлахдаа "Байшин буюу кэйд-ийн олон тоо" гэж кэйид (хийд) гэдэгтэй холбоотой бус уу гэсэн санал хэлсэн байдаг. Гэтэл энэ үгийг Владимирцов хуучин монгол бичгийн "кэйид-тэг дөрвөлжин (квадрат), гэйид "байшин, барилга байр сууц" гэж үг байдгийг заагаад, скитийн кэйид (сүм хийд түүнд шавилагсад) гэсэн үгнээс гарсан байх гэсэн таамаглал хэлжээ. Гэтэл монголын "хийд" гэдэг үг эртний монгол хэлний үгийн эцсийн р-гийгүүлэгч йэ-гийгүүлэгчтэй сэлгэх солигддог хуулиар "гэр" гэдэг үг олон тоонд орохдоо "гэ(р)+йи+д=гэйид" болж хувирдаг байсан бөгөөд үүнийг XV-XVII зууны үед бичигтэн хүмүүс "гэйид" гэснийг "кэйид" гэдгээр дуудаж сүм хийд гэсэн утгаар хэрэглэх болжээ.
Энэ тухай монголд байгуулагсан нэг хийдийг үзэхээр хятад манжийн нэг жугуулчны газар зүйн өгүүлэл тэмдэглэлд очиж уг хийдийг үзвэл тал нутагт жараад гэр байсан тухай дурдсан зүйл байдаг бөгөөд Монголд байгуулагдсан Эрдэнэ зуу зэрэг хийд анх дуган сүм баригдаагүй, том гэрт хурлаа хурж олон гэр барьж шавилан сууж эхэлсэн тул ийм олон гэр буюу "гэйид" гэж нэрлэх болсноор дуудлага нь сунжран кэйид<хийд болсон бололтой.
1305 оны Чойжи-Одсэрийн орчуулгад "Нүкэн ба хогусун бухар сүм Кэйид ба модны дэргэд сагурин-и засажу" гэж гарна. Бас "Хятад богд хааны зуслага Жэ Хэ гэгч газрын зохиол"-д "баса шитугэн-ү гэр кийгээд бухар кэйид нүгүд-түр" гэснээс үзвэл хожим үед "кэйид" гэдгийг гэрийн олон тооны хэлбэр гэдгийг мэдэхгүй болж гагцхүү сүм "кэйид" гэсэн ганц тоот үг гэж санаж "-уд" гэх мэт олон тооны нөхцөл залгах болсныг харуулж байна. Элдэндэй Ардажав мөн энэ утгаар тайлжээ.


09

Чөгэбүри (цөөвөр)

Цөөвөр гэсэн үгийг хятад галиг үсгээс нь Хэниш "жө'эбүри" гэж, Пеллио бас энэ мэт сэргээжээ. Харин Лигети, Рахевильз, Баяр, Элдэндэй Ардажав тэргүүтэн цөм "чөгэбүри" гэж сэргээжээ. Энэ үг нэг зүйл жижиг биет чононцорын нэр гэж монгол хүн мэдэх тул Дамдинсүрэн, Мансан, Дугаржав "чөгэбүри" гэж тайлбаргүйгээр хэрэглэжээ.
Элдэндэй Ардажав нар "-бүри" гэдэг нь түрэг чоно гэсэн үг гэжээ. "Чөгэ" гэдэг нь хэрэв түрэг үг биш бол монгол хэлэнд тэр цагт байсан "чө'э" буюу "бага, жижиг" гэсэн үг байж магадгүй. Иймээс чөгэбүри гэгч жижиг биет бүри (чоно) гэсэн утгатай ажээ. Үүнийг монголчууд Элдэндэй нарын тайлбарласнаар "шарнууд" гэж нэрлэхээс гадна бас чононцор гэж нэрлэж байсан биз ээ.


08

Чурхан гэр (чорхон гэр)

Чурхан гэр - гэсэн энэ үгийг хятад галиг үсгээс нь Хэниш "чорхан (гэр)" гэж товч орчуулаад "татар (монгол) гэр" гэж тайлбарлажээ. Үүнийг Пеллио, Баяр, Дашцэдэн, Рахевильз тэргүүтэн судлагчид цөм "чорхан гэр" гэж Хэнишийн адилаар сэргээсэн боловч хадмал хятад орчуулгагүй учир судлагчид элдвээр ойлгожээ. Үүнд Хэниш "Мэргидийн татар гэр" гэж, Пеллио хадмал хятад орчуулгагүй тул Ковалевскийн толь бичгээс "чорга, чоорга" гэсэн утгатай үг олсон боловч утга нь тохирохгүй гэж чорхан манж хэлний "журган" гэдэг үгэнд Ковалевскийн "зарга шүүх", "Дээд эзний орд" гэсэн утга оноосныг баримталж "нэгдсэн албан гэр сууц" гэж, Рахевильз Мэргидийн "цуургатай тэргийг" гэж, Кливз үгийг орчуулалгүй орхиод зүүлт #38-д "чуургатай (цоожтой) урт гэр" гэж ухаарснаа тайлбарлажээ.
Энэ үгийг Поуха "шовх оройтой гэр", Калужинский энэ "чорхан" гэдэг үгийг орхиж "Мэргидийн гэрийг нурааж" гэж, Дамдинсүрэн "очигур гэр-и эбдэжү" гэж, Мансан Нагуйнсайинкүү гэгч хүний тайлбарласнаар "эртний монголын тогтсон хугацаанд наймаа арилжаа хийх байшингийн нэр", Элдэндэй Ардажав нар түрэг хэлний "чорган, уурган" гэх нь бүтээлэг нөмрөг гэнэ. Чурхаль түрэг үг, гэр нь монгол үг гэхийн дээр энэ үгийн утгыг Мансаны адилаар худалдаа арилжаа маймаа хийх тогтмол гэрийг чурхан гэр гэнэ гэж тайлбарлав.
Дээр дурдсан тайлбарт Мансангийн бичсэнээр бол энэ үгийг бас Нака Мичиёо "орон сууц", Козин "Шовх оройтой монгол гэр", Сийэ зай сан "бух майхан", Кобаяси, Такасиро "цоожтой хөсөг" гэх мэт элдвээр орчуулсан ажээ. Поуха энэ үгийг нууц товчооны судлалын тусгай номдоо гэрийн нэг зүйлийн хувьд оруулсан боловч чухам ямар гэр болох тухай хийгээд "чорхан" гэдэг юу гэсэн үг болох талаар тайлбарласангүй байна.
Бидний бодлоор бол энэ нь чорхан гэр биш, чурхан гэр бөгөөд энэ гэр өрх ба үүдгүй цуурхай амтай гэр гэсэн үг юм. Учир нь ойн ард гэдэгт ойр байсан Мэргидийн аж төрөл анчны аж төрөлтэй байсан учир чурхан гэр бол талын нүүдэлчдийн өрх гэрээс буурай хэдэн шургааг боож юм нөмөргөсөн чурхай буюу ам нь цуурхай гэр байсан тул ялсан монголчууд нь тэдний овоохой гэрийг муу талаас нь ингэж чурхан (буюу цуурхай) гэр гэж нэрлэсэн байх гэж бодож байна. Чурхан гэдэг үг чуурхай гэдэг тэмдэг нэртэй холбоотой гэж бодох үндэс нь цурхай загас гэдэг үг угтаа цуурхай амтай (ам нь их) загас гэсэн үг боловч худам монгол бичигт "чурхай" буюу урт биш анхны богино эгшигтэй байдлаараа хуучин монгол бичигт "чурхай" гэж бичигддэг энэ загасны нэр цуурах гэдэг үйл үгийн язгуур анх "чурху" гэж бичигддэг богино эгшигтэй үг байсныг гэрчилнэ. Үүний үндэс болох "чу (цуу) татаху" гэдэг үг задгай үеэр төгсдөг байсан тул "чуу" гэж уртаар дуудагддаг байгаад хожим энэ урт дуудлагыг хуучин (сонгодог) монгол бичигт энэ цуурах гэсэн үгийг "чугураху, чугу (цуу) тат" "чугучиху (олонтоо цуулах)" гэх мэтээр урт эгшигтэй бичигдэх ба дуудагдах болсон гэж санамаар байна.


07

Жарбийал (залбирал)

Жарбийал - гэсэн энэ үгийг хятад үгийн галигаас нь бүх судлагчид цөм "жарбийал" гэж сэргээдэг юм. Харин Лувсанданзан "жэргэ-йин мод" өөрөөр үзтэл буруу сэргээжээ. Гэвч энэ үгийн утгыг хадмал хятад орчуулгаар нь Хэниш "чигүүрийн зах (дөнгө)" болон "ичгүүрийн зах мод" гэж, Козин, Кливз нар "жарбийал буюу бугай мод" уг үгийг орчуулалгүй үлдээж, Пеллио, Дугаржав, Рахевильз нар "дөнгөний мод буюу дөнгө мод" гэж, Мостарт, Калужинский нар "дөнгийг бүтээсэн мод" гэж, Мансан, Элдэндэй Ардажав нар "дөнгө буюу ялтны хүзүүнд хийдэг хавтсан буюу хавтгай мод хавчуур" гэж, ганц Дамдинсүрэн "загадасу дөнггэ-йи" гэж тус тус ойлгож орчуулснаас бидний санахад Мостарт, Калужинский, ялангуяа Дамдинсүрэнгийн орчуулга утгыг бүрэн гаргахад илүү ойртсон орчуулга болов уу гэж санаж байна. Учир нь бусад орчуулагч нар хадмал хятад орчуулгын утгыг Хэниш "жигшүүрийн зах, модон зах" гэж, Мансан "заамд хийсэн хавтсан мод" гэж тайлсны дагуу утгыг тааж орчуулснаас биш "жарбийал" гэдэг чухам ямар үг байсныг огт тайлсангүй.
Энэ үгийг бид уг модон дөнгийг хийсэн арга хийцийг заасан утгатай "жалбирал" мод гэсэн үгийн үе авиа сэлгэсэн өөр хэлбэр байж магадгүй гэж таамаглав. Учир нь "жалбираху-өршөөл гуйхын хүндэтгэл" гэж шинэ үеийн толь бичигт өөр утгаараа бүртгэгдсэн энэ үг угтаа тийнхүү бишрэн хүндэтгэхийг илэрхийлж хоёр гарын алгыг нийлүүлж хавсаргахын нэр байгаад хожим өршөөл гуйхын хүндэтгэл болжээ. Хоёр банз буюу модны захад хоёр тал дугуйн хэлбэртэй хонхор гаргаж чавчаад хоёр тал дугуйн нийлж үүсгэсэн нүхэнд ялтны хүзүү, бугуй, шилбийг углаад хоёр банзны үзүүрийг залбируулан (хавсаргаж) зугтаах оргох аргагүй болгодог дөнгө хавтсан гав хийдэг байсан учир тийм дөнгийг "жалбирал" гэдэг үгийн "л-р" авиа, мөн энэ солигдлын улмаас ойр дараалсан хоёр "р" авианы нэг нь "йэ"-гээр сэлгэж "жарбийал" болсон байж болох юм. Эл учраас Дамдинсүрэн гуайн "жагадасу" гэсэн орчуулга энэ дөнгийг хийх аргыг утга гарал ойролцоо "жагадасу" гэсэн үгээр орчуулснаараа бидний бодоход илүү оновчтой болсон гэж бодох үндэстэй. Учир нь "жалбирал, жалгаху, жагаг (зааг), жагадасу (гавлын ясны залгагдсан газар) гэх мэт үгс цөм залгах нийлэх гэсэн утгатай бөгөөд хооронд "жа-" гэсэн нэг язгуурын төрөл үгс байгаа явдал болно.


06

Эмүдүн (өмд)

Эмүдүн гэсэн энэ үгийг хятад үсгийн галигнаас нь судлагчид цөм "эмүдүн" гэж сэргээн "өмд" гэж зөв орчуулсан байдаг. Харин бид хуучин (сонгодог) монгол бичигт "өмүдү" гэх бичлэг нь монгол хэлэнд үгийн эгшиг уруулаар зохицох ёс гарснаас хойш тогтсон бичлэг гэж үзэж "эмүдүн" гэж сэргээх нь зөв гэж батлан өгүүлэхийн хамт "эмүдү" гэж худам (эртний) монгол бичгийн эртний бичлэг мөн бөгөөд "эмү-өм татах" гэсэн утгатай монгол хэлний дайвар үг болно. "Эмүдү" гэгч өм татсан "олон нүхэт" гэсэн үгнээс үүссэн байх гэж үзэж байна.


05

Зочи-[д]-а (Зочид)

Энэ хүний нэрийг хятад үсгийн галиглалаас нь зарим нь "Жөчи" (Дамдинсүрэн, Пеллио, Баяр, Дашцэдэн, Дугаржав) гэж, Магауия "Жүчи" гэж, бусад нь "Жочи" (Лувсанданзан, Хэниш, Лигети, Калужинский, Поуха, Кливз, Мансан, Элдэндэй Ардажав, Иринчин) гэж сэргээдэг юм.
Энэ бол Чингис хааны их хүүгийн нэр бөгөөд Орос кипчакийн талд түүний байгуулсан Алтан ордны улсыг Орост Жүчийн улс гэж алдаршсан нь энэ хүний нэрийг XIV зууны аялгаар "Жөчи" гэдэг байсныг гэрчилнэ. Гэвч энэ хүний нэрийг Нууц товчооны эхэд олонх судлагчид "Жочи" гэж, түүний дотор Нууц товчооны худам монголын эхтэй гэгдэж асан Лувсанданзан ч "Жочи" гэж бичсэн нь уг худам монгол монгол бичгийн эхэд "Жочи" гэж бичигдсэнийг гэрчилнэ гэж бодож "Жочи" гэж сийрүүлсэн юм. Нөгөө талаар Чингис хааны энэ их хүүгийн нэрийг Рашид-ад-Дин "энэ хүү гарчихна гэж бодоогүй байтал гэнэт төрсөн учир "Жочи" гэж нэрлэсэн" гэж тайлбарласнаас гадна Жочийг олж жирэмсэн байхад нь Бөртэ үжинийг Мэргидүүд олзлон аваачсан гэдгийг Персийн түүхч тэмдэглэсэн боловч тэр хүү гэртээ гараагүй, харин Мэргидээс түүний эхийг Ван хан чөлөөлсний дараа Бөртэ үжинийг Тэмүжинд хүргэж өгөх замд нь нэгэнт төрчихсөн учир эцгийн гэртээ төрсөн хойноо Зочины ёсоор ирсэн гэж Жочи гэж нэрлэсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн баримт мөн тул бид "Жөчи" бус "Жочи" гэж сэргээсэн болно.


04

Наху байан (Наху баян)

Энэ хүний нэрийг хятад үсгийн галигаас Хэниш "Нагу баййан", Пеллио "Наху байан" гэх зэргээр сэргээсний сүүлчийнх нь илүү ойр болов уу гэж бодож байна. Наху байан гэсэн энэ хүний нэр зарим түүх бичигт "Лаха байан" гэж гардаг бөгөөд бодвол авиа сэлгэлтийн хэлбэр байх. Гэвч энэ баян хүний (өвөлжөө, зуслан) нутаг байсан болов уу гэж бодмоор газар одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Лаху Баян гэж хоёр ч уулын нэр байдаг нь Хүлэг Богурчийн аавын нэрээр нэрлэгдсэн газар байх гэж бодогдоно. Учир нь Хангар ханы зүүн талын шувтарга болох Наху гүн (хан?) гэдэг уулан дээрээс Найманы Даян хан Жамухатай хамт зогсож байгааг ажиглаж, ярилцаж байсан гэж Нууц товчооны 95 дугаар зүйлд гардаг нь мөн энэхүү Лаху (хан) уулыг нэрлэсэн болов уу гэж санах бөгөөд энэ Лах (у) Баян уулсыг Наху гүн (буюу хан) уулын нэр мөн гэж Х.Пэрлээ олж тэмдэглэсэн юм.


03

Богурчи (хүний нэр)

Энэ үгийг Хятад галиг үсгээс Хэниш "Бо'орчу" гэж сэргээн бичсэн нь бидний бодоход XIV зууны галиглагч нарын ташаа дуудлага мөн гэж бодно. Үүнийг судлагчид их төлөв Хэнишийг дагаж энэ нэрийг ингэж сэргээдэг боловч угтаа энэ багурчи (тогооч) гэсэн үг байгаад гуйвуулагдаж "Богурчи" гэж нэрлэгдэх болсон байж магадгүй юм. Юу ч болсон эртний худам монгол бичигт үгийн нэгдүгээр үед "а, о" орсон бол түүний дараа их төлөв "у" эгшиг ордог ёс байсан тул "Богорчу" биш "Богурчи" эсвэл бүр "Багурчи" байх нь зөв гэж болно. Гэхдээ бид Богурчи ноёныг угаасаа Багурчи ("тогооч") нэртэй хүн байх гэж бодно. Учир нь тэр хүн ажил мэргэжлийн нэртэй байсан учраас "Чингисийн цадиг" зэрэг эртний түүх бичигт "Богурчи" гэж бичиж байсан байх гэж бодно. Тийм биш бол XIV зууны галигч нар шиг "Богурчу" гэж бичих байсан гэж бодно.


02

Нунтаглажу

Энэ үг нь орчин цагийн монгол хэлний "нутаглаж" гэдэг үгийн эртний монгол бичлэгийн хэлбэр мөн гэж болно. Бидний бодлоор бол эртний монголчууд нутаглан суугаа газраа анх "нунтаг" (шороо) гэж нэрлэж байжээ. Хожим түүнээ "нутуг" гэж нэрлэх болжээ. Иймээс монгол хэлэнд эгшиг уруулаар зохицох ёс гарахаас өмнө авсан худам (язгуур) монгол бичигт "нунтуг" биш "нунтаг" гэж бичиж байснаар төсөөлж ийнхүү сэргээв. Харин хятад галиг эхэд үүнийг XIV зууны аман аялгууны байдлаар "нунтуглажу" гэж тэмдэглэсэн нь тэр үед Монгол хэлэнд нэг үгийн доторх эгшгүүд уруулын байдлаар зохицох ёс нэгэнт гарсан байсны улмаас болсон гэж бодогдохоор байна.


01

Боржигидай

Боржигидай гэдэг Боржигин овгийн хүн гэсэн утгатай монгол үг юм. "Нууц товчоон", хятад, персийн түүхэнд Боржигин овгийг Бодончараас үүсч гарсан гэж бичдэгийг Боржигидай Мэргэн гэдэг нэр няцааж байгаа буюу, адаглаад эргэлзээтэй болгож байна. Учир нь гэвэл энэ овгийг үүсгэсэн гэх Бодончараас хоёр үеийн өмнө Боржигидай мэргэн буюу "боржигин овгийн хүн" гэсэн нэр дурдагдаж байгаа нь Бодончараас өмнө Боржигин овог байсны баримт мөн.
Жич энд Боржигидай мэргэн гэж дурдагдаж байгаа нь Баргужин төхмийн эзэн Баргудай мэргэн, Хори түмдийн ноён Хорилардай мэргэн гэдэг шиг Боржигин овгийн тэргүүлэгч учраас ч анчны аж төрөлтэй овгийн тэргүүлэгчдийн "мэргэн" (онож харвадаг) цолтой байжээ гэж бодмоор.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Үгийн гарал үүсэл чухал л даа
Gool
+2
ih chuhal medee b.laa
+2
юу хэлэхэв. Үнэхээр супер
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start