Арав.мн

Эмили Дөү – Хүчиндүүлсэн бүсгүйн үг

Эмили Дөү – Хүчиндүүлсэн бүсгүйн үг


Нийт хүчингийн хэргийн 97 хувь нь ял шийтгэлгүй өнгөрдөг гэсэн судалгаа байдаг. Учир нь ихэнхи тохиолдолд хохирогч ухаангүй байх, мэдүүлэг өгөх чадваргүй байх, хангалттай нотлох баримт байхгүй байх зэрэг шалтгаанаар гэмт этгээдийн гэм бурууг баталж чаддаггүй аж. Дээр нь гарал угсаа, нийгмийн байр сууриасаа болж хохирогч дарамтанд орох, гэмт этгээд ял шийтгэлээс мултрах явдал хаа сайгүй бий. Ийм л үйл явдал хэдэн жилийн өмнө АНУ-д болжээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн оюутан, усанд сэлэлтийн Бүх Америкийн шигшээ багийн тамирчин Брок Турнер 2015 онд нэгэн үдэшлэгийн үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн биеэ удирдах чадваргүй 22 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг болсон байна. Аз болоход Брок Турнер үйлдэл дээрээ баригдсан юм. Ухаангүй хэвтэж байсан эмэгтэйг оролдож байгаа Турнерыг харсан хоёр оюутан залуу харж, зугтах гэж оролдоход нь барьж, цагдаа нарт хүлээлгэж өгсөн байдаг. Хохирогчийн нэр тодорхойгүй бөгөөд хожим “Эмили Дөү” гэх нэрээр олон нийтэд танигдсан юм. Гэвч олны танил, өсч яваа залуу тамирчин баривчлагдсан өдрөө л 150 мянган ам.долларын барьцаагаар суллагдсан байлаа. 1995 онд төрсөн Брок Турнер нь гурван удаагийн “Бүх Америкийн баг”-ийн гишүүн байсан ба хэргийг үйлдэх үедээ 19 настай, тус сургуулийн I курсын оюутан байжээ.

Түүнд хүчирхийлэх сэдэлтэйгээр биеэ удирдах чадваргүй эмэгтэйн биед халдсан, ухаангүй хүний бие рүү гадны биет оруулсан, бэлгийн сэдэлтэйгээр ухаангүй хүний бие рүү гадны биет оруулсан гэх гурван заалтаар 14 жил хорих ял оноох хуулийн үндэслэлтэй байсан боловч шүүхийн шийдвэрийн дагуу залуу хүний амьдралыг сүйтгэнэ гэх шалтгаанаар 6 сар хорих ял, 3 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноон сулласан байдаг. Олон нийт шүүхийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэн хохирогчийг хүйс, нийгмийн байр сууриар ялгаварлан, эсрэг талд давуу байдал үүсгэсэн үйлдэл болсон гэж шүүмжилжээ.

Ялангуяа хохирогч бүсгүйн шүүхийн танхимд хэлсэн үг дэлхий нийтийг цочроож, АНУ-д үйлчилж буй хууль эрх зүйн байдал болон шүүх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн асуудалд нухацтай хандах шаардлагатай байгаа гэдгийг мэдрүүлсэн үйл явдал болсон байдаг. “Эмили” бүсгүй хүчирхийлэлд өртсөн үедээ ухаангүй байсан тул нотлох баримтгүйгээсээ болж өөрийгөө хамгаалах чадваргүй байх ямар байдаг тухай, өөрт нь учирсан бүхий л сэтгэл зүйн дарамтаа маш тодорхой бичсэн юм. Түүний үгийг 11 сая гаруй хүн уншсан агаад “Glamour” сэтгүүлийн зүгээс хүчирхийллийн тухай асуудалд хандах олон нийтийн хандлагыг бүхэлд нь өөрчилсөн гавьяаг нь үнэлж, 2016 оны “Оны эмэгтэй” болгон өргөмжилсөн билээ. Түүний шүүх танхимд хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


02

Эмили Дөү:

“Эрхэм шүүгч ээ, хэрэв боломжтой бол би энэхүү үгийнхээ ихэнх хэсгийг яллагдагчид шууд хандан хэлэхийг хүсэж байна.

Чи намайг мэдэхгүй. Гэхдээ чи миний дотор орсон. Үүнээс болж бид өнөөдөр энд цуглаад байна.

2015 оны 1 дүгээр сарын 17 миний хувьд энгийн л нэг бямба гариг байсан. Аав минь оройн хоол хийж, би харин амралтын өдрүүдээр гэртээ ирээд байсан дүү охинтойгоо ширээний ард сууж байв. Би бүтэн цагийн ажил хийдэг байсан ба унтах цаг ч ойртож байлаа. Тэр оройг би зурагт үзэн ном уншиж гэртээ өнгөрүүлэхээр төлөвлөж байсан бол дүү маань харин найзуудтайгаа үдэшлэгт явах гэж байсан юм. Гэнэт би дүүтэйгээ дахиж ойрд хамт байхгүй, дээр нь хийчихээр онц юмгүй байсан тул гэрээс минь арваад минутын цаана болох тэр тэнэг үдэшлэгт явж, тэнэг юм шиг бүжиглэн, дүүгээ эвгүй байдалд оруулъя гэж шийдэв. Явж байх замдаа би оюутан залуус шүдний аппараттай байх вий гэж тоглож байлаа. Харин дүү минь намайг үдэшлэгт явж байж урт ноосон цамц өмссөн нь номын санч шиг харагдуулж байна гэж шоолж байв. Тэнд би хамгийн хөгшин нь байна гэдгээ мэдэж байсан тул өөрийгөө “том ээж” гэж нэрлэсэн. Алиа царай гарган инээж, хамгаалалтаа сулруулсан би коллежид сурч байх үеийнхтэйгээ харьцуулахад архи даахаа больсон гэдгээ мартан хэт хурдан уучихжээ.

Үүний дараа би хонгилд, эмнэлгийн түрдэг орон дээр байснаа санаж байна. Миний гар, тохойг боосон байх агаад хатсан цус харагдаж байлаа. Би өөрийгөө унасан байх, тэгээд оюутны хотхоны нэг өрөөнд байна гэж бодсон. Би маш тайван байсан бөгөөд дүүгээ хаана байгаа юм бол гэж гайхаж байлаа. Нэг цагдаа над дээр ирээд намайг халдлагад өртсөн хэмээн тайлбарлаж байв. Тэгсэн ч би тайван хэвээр байлаа. Яагаад гэвэл түүнийг буруу хүнтэйгээ ярьж байна гэж бодож байсан юм. Би тэр үдэшлэг дээр хэнийг ч танихгүй байсан шүү дээ. Ашгүй намайг жорлон орохыг зөвшөөрөв. Надад өмсүүүлсэн эмнэлгийн өмдийг шувтлахад надад юу ч мэдрэгдсэнгүй. Би гараа явуулахад зөвхөн арьс минь мэдрэгдсэн. Доошоо хартал юу ч байсангүй. Миний үтрээг бусад зүйлсээс тусгаарладаг тэрхүү ганцхан нимгэн даавуу байхгүй байгааг мэдээд гэнэт миний бүх зүйл балартсан юм. Яг энэ мэдрэмжийг дүрслэх, тайлбарлах үг одоо хүртэл надад олдохгүй байна. Дотоожийг минь цагдаа нар эд мөрийн баримт болгон хайчаар хайчлаад авчихсан байх гэж бодон өөрийгөө тайвшруулав.

Дараа нь миний шилэн хүзүүнд нарс модны шилмүүс наалдаж, загатнуулж байгааг мэдрээд, үснээсээ шилмүүс түүж эхлэв. Миний толгой дээр модноос шилмүүс унаж дээ гэж бодов. Тархи минь намайг ухаан алдахаас сэргийлж, ухаантай байлгаж байв. Харин дотор минь “надад туслаач, надад туслаач” гэж хэлж байлаа.

Хөнжил нөмөрсөн би өрөө өрөө дамжин явахдаа ардаасаа шилмүүс цувруулж, суусан газартаа жижигхэн овоо үлдээж байлаа. Надаар “Хүчирхийлүүлсэн хохирогч” гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулах үед би үнэхээр ямар нэг юм болж гэж бодов. Хувцсыг минь хураан авсан ба миний нүцгэн биеийг шугамаар заан зураг авч байлаа. Бид гурвуулаа нийлэн үснээс минь нарсны шилмүүсийг самнаж, зургаан гараар нэг цаасан уут руу хийн дуусгасан. Намайг тайвшруулахын тулд тэд надад энэ бол зүгээр л ургамал амьтан, ургамал амьтан гэж хэлж байв. Миний үтрээ, анус руу хөвөнтэй модхийн, тариа тарьж, эм уулгаж, дэлгэсэн хөлийн минь хооронд Nikon аппарат чиглүүлж байлаа. Миний дотогш урт төмөр хошуутай тэлэгч хийн, үтрээг минь хөх будгаар будаж урагдал, гэмтэл байгаа эсэхийг шалгасан.

Энэ мэт байдлаар хэдэн цаг өнгөрсний эцэст намайг шүршүүрт орохыг минь зөвшөөрсөн юм. Дээрээс урсах усны дор зогсон биеэ харж байх зуур надад энэ бие хэрэггүй гэж шийдсэн. Бие минь намайг айлгаж байлаа. Дотор нь юу орсон, тэр нь өвчтэй байсан эсэх, хэн хүрсэн гэдгийг мэдэхгүй байсан. Яг л хүрмээ тайлдаг шигээ энэ биеэ тайлж хаяад бүх зүйлтэй нь хамт эмнэлэгт үлдээчихмээр санагдаж байлаа.

Тэр өглөө миний олж мэдсэн зүйл гэвэл намайг хогийн савны дэргэд, үл таних этгээд нэвтэрсэн байх магадлалтай байдалтай олдсон бөгөөд ДОХ-ын халдвар тэр дороо илэрдэггүй тул дахин шинжилгээ өгөх хэрэгтэй гэх үгс л байв. Харин одоо гэртээ хариад, хэвийн амьдралдаа орох хэрэгтэй гэв. Ийм мэдээлэл аваад дахин дэлхий ертөнц рүү орох ямар байхыг төсөөлөөд үзээрэй. Тэд намайг чанга тэврэн үдэж, би эмнэлгээс өгсөн бэлтгэлийн өмд цамцтай автомашины зогсоол руу алхав. Хүзүүний зүүлт, гуталнаас бусдыг бүгдийг нь тэд хураан авсан болохоор тэр.

Нулимсандаа норсон царайтай шаналсан дүү минь намайг тосов. Инстинктээрээ, тэр даруйдаа би түүний шаналлыг нь байхгүй болгохыг хүссэн юм. Би инээмсэглээд, над руу хар гээд, би яг энд байна. Би зүгээр, бүх зүйл зүгээр. Би энд байна. Би үсээ угаасан, цэвэрхэн байгаа. Надад их сонин шампунь өгсөн. Тайвшир. Над руу хар. Миний шинэ цамц, өмдийг хар даа? Би яг биеийн тамирын багш шиг харагдаж байгаа биз? Харьцгаая. Явж юм идье гэлээ. Бэлтгэлийн хувцасны доор харин миний бие хөхөрч, шалбарсан, үтрээ минь өвдөхийн хажуугаар үзлэгээс болж сонин бараан өнгөтэй болчихсон байгааг, дотоож минь ч байхгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн ярих ч тэнхэлгүй байгааг минь дүү минь яахан мэдэх билээ. Би бас айж байсан. Мөн сүйтгэгдсэн байсан. Тэр өдрөө бид гэртээ очсон. Харин дүү минь нэг ч үг хэлэхгүйгээр намайг олон цагийн турш тэврэн суусан юм..

Найз залуу минь юу болсныг мэдээгүй бөгөөд өдөр нь залгаад “Урд шөнө би чамд ямар их санаа зовов оо. Чи намайг бүр айлгаж орхилоо. Гэр рүүгээ зүгээр харьж чадсан уу?” гэв. Би их айв. Шөнө тасарсан үедээ түүн рүү залгаж, ойлгомжгүй дуут шуудан үлдээсэн гэдгээ тэгэхэд л мэдэв. Мөн утсаар ярихдаа элдэв юм чалчиж байсан тул санаа нь зовсон найз залуу минь намайг дүүгээ хурдан ол гэж удаа дараа хэлсэн гэнэ лээ. Тэгээд тэр дахиад “Өчигдөр юу болоо вэ? Гэр рүүгээ зүгээр харьж чадсан уу?” гэж асуухад би Тийм гэж хариулаад утсаа таслан уйлсан.

Хогийн савны дэргэд хүчиндүүлсэн байх магадлалтай, гэвч хэнээр, хэзээ гэдгээ мэдэхгүй байгаа тухайгаа түүнд болон эцэг эхдээ хэлэхэд бэлэн биш байлаа. Хэлчихвэл тэдний нүүрэнд тодрох айдсыг харж, миний айдас 10 дахин нэмэгдэнэ гэхээс би айж байв. Ийм болохоор ийм зүйл огт болоогүй мэт дүр эсгэж байлаа.

Энэ бодлоо толгойноосоо авч хаяхыг оролдсон ч би юм ярих, хоол идэх, унтах, хүнтэй харьцаж чадахгүй болсон байсан. Ажлын дараа би зайдуу газар руу яваад машиндаа чарлаж байлаа. Би хүнтэй ярихгүй, хоол идэхгүй, унтахгүй, хэнтэй ч харьцахгүй, хамгийн хайртай хүмүүсээсээ ч өөрийгөө тусгаарласан байв. Хэрэг явдал болсоноос долоо хоног гаруй хугацаа өнгөрсний дараа ч надад яг юу болсон талаар, тэр шөнийн талаар мэдээлэл, дуудлага ирээгүй. Энэ зүгээр л нэг хар дарсан зүүд биш байсан гэдгийн ганц нотолгоо нь эмнэлгээс өгсөн бэлтгэлийн хувцас байлаа.

Нэг өдөр би ажил дээрээ утсаараа мэдээ уншиж байгаад нэгэн мэдээг харав. Эндээс л би өөрийгөө хэрхэн арзайсан үстэй, орооцолдсон хүзүүний зүүлттэй, даашинз нь мөрнөөс нь доош шувтлагдан хормой нь бүсэлхий хүртэл нь сөхөгдсөн байдалтай, хөхөвчийг минь тайлан хаясан, гутал хүртлээ чармай нүцгэн, хөлөө дэлгэн хэвтсэн байсан бөгөөд миний огт танихгүй хүн гадны биетээр над руу нэвтэрсэн байдалтай олдсон тухайгаа мэдсэн юм. Би ингэж өөртөө тохиолдсон явдлыг мэдэж авсан – Ажил дээрээ мэдээ уншиж байгаад шүү дээ. Дэлхий дээр буй бусад хүмүүс надад юу тохиолдсон талаар мэдэх үетэй зэрэгцэн би өөртөө тохиолдсон зүйлийг мэдсэн. Үсэнд минь шигсэн нарсны шилмүүсийн учир нь ингэж тайлагдав. Модноос унаагүй байлаа. Тэр миний дотоожийг тайлаад, хуруугаа над руу хийсэн байлаа. Би тэр хүнийг мэдэхгүй шүү дээ. Одоо ч гэсэн танихгүй. Өөрийнхөө талаар ингэж уншиж байхдаа би “Энэ би биш байлгүй дээ, би биш байх ёстой” гэж хэлж байв. Энэ мэдээллийг хүлээн авч чадахгүй байлаа. Гэр бүл минь энэ талаар онлайнаар мэдэж авна гэж төсөөлж ч чадахгүй байсан. Би уншсаар байлаа. Дараагийн хэсгээс харин би хэзээ ч уучлахгүй тэр зүйлээ уншсан – Түүний хэлснээр энэ үйлдэл нь надад таалагдсан гэнэ. Надад таалагдсан гээд боддоо. Энэ мэдрэмжийг би үгээр хэлж чадахгүй байна.

Яг л нэг автомашины ослын талаарх мэдээ уншиж байгаа юм шиг санагдсан. Машинд мөргүүлсэн, бага зэрэг хонхойсон, гэхдээ магадгүй тэр машинд мөргүүлэх нь таалагдсан байх. Мөргөсөн машин нь ч гэсэн мөргөе гэж бодоогүй ба бага зэрэг л шүргэчихье гэж бодсон. Машинууд мөргөлдөж л байдаг шүү дээ. Хүн бүр байнга анхааралтай байна гэж байхгүй. Тэгэхээр хэний буруу гэдгийг хэлэх хэцүү юм гэх мэт.

Нийтлэлийн доод хэсэгт нь харин надад тохиолдсон бэлгийн халдлагын талаарх нарийвчлан дүрсэлсэн байдал, мөн түүний усанд сэлдэг амжилтын талаар бичсэн байлаа. Атиралдан хэвтсэн энэ бүсгүй өөрөөс нь 6 инчийн зайд орших дотоожоо мэдэхгүй, амьсгаатай олдсон. Гэснээс тэр маш сайн сэлдэг гэдгийг хэлсэн билүү? Ийм зүйл ярих гэж байгаа юм бол миний давуу талыг ч гэсэн бич л дээ. Нэгэнт нь мэдээний төгсгөлд болж өнгөрсөн бузар зүйлийн хүчийг сулруулах бас бус юм нэмж байгаагаас хойш намайг хоол хийхдээ сайн гэдгийг нь биччих хэрэгтэй.

Мэдээ олон нийтэд цацагдсан орой би эцэг эхээ суулгаад, өөрийгөө халдлагад өртсөн, мэдээ битгий уншаарай, шаналахын нэмэр, би зүгээр, энд байна, би зүгээр гэдгээ хэлсэн юм. Би энэ талаар ярьж байхдаа сүүлдээ хөл дээрээ тогтох ч тэнхэлгүй болсныг анзаарсан ээж минь намайг түших шаардлагатай болсон.

Энэ явдал болсны дараа тэр намайг танихгүй, нэрийг минь мэдэхгүй, олон хүний дундаас царайг минь ялгахгүй, хоорондоо юм яриагүй, харилцан ярианы талаар дурдаагүй боловч зөвхөн үнсэлцэж, бүжиглэсэн тухай л ярьсан байна лээ. Бүжиглэх гэдэг нь бас хөөрхөн үг юм; хуруугаа инчдэн эргэлдэн бүжиглэсэн үү, эсвэл шамбааралдсан өрөөнд бие биедээ наалдахаас өөр аргагүй байдлыг хэлсэн үү? Бас үнсэлцэх гэдэг нь хоёр нүүр болхидуухан наалдахыг хэлсэн болов уу гэж би гайхаж байна. Мөрдөн байцаагч түүнээс намайг дотуур байр руугаа аваачих бодолтой байсан уу гэх асуултад үгүй гэж хариулсан. Яагаад хогийн савны ард очсоныг асуухад бас л мэдэхгүй гэж хариулсан. Үдэшлэг дээр тэр бас өөр охидуудыг ч үнссэн гэдгээ хэлсэн. Тэдний дунд түүнийг түлхэн холдуулсан миний дүү ч байсан гэсэн. Тэр шөнө хэн нэгэнтэй хийхийг хүсэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин би сүрэг доторх шархадсан гөрөөс нь байж л дээ. Орь ганцаараа, эмзэг, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан тул тэр намайг сонгосон. Би тэр үдэшлэг рүү яваагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж хааяа боддог. Гэвч надад биш юм аа гэхэд өөр хэн нэгэнд энэ зүйл тохиолдох л байсан гэдгийг ухаарсан юм. Цаашид дөрвөн жилийн турш согтуу охид болон үдэшлэгээр дүүрэн амьдрал руу хөл тавьж байсан тэр хүн анхны алхмаа ингэж тавьж байгаа бол цаашид үргэлжлүүлээд ч хэрэггүй биз. Энэ явдлын дараа тэр намайг нурууг нь илсэн болохоор таалагдаж байна гэж бодсон гэж хэлсэн байдаг. Нуруу илэх шүү дээ.

Амаараа зөвшөөрсөн талаар огт дурдаагүй, харилцан яриа ч байхгүй байж нуруу илсэн тухай л ярьсан. Дахиад нэг мэдээнээс миний бөгс, үтрээ бүхэлдээ ил гарсан тухай, хөхийг минь базалж, нарсны шилмүүс, хог шороотой хуруу над руу орсон тухай би уншсан. Ухаангүй хэвтэх хагас нүцгэн бие дээр минь эрхтэн нь хөвчирсөн нэгдүгээр курсын оюутан залуу оцгонож байхад би нүцгэн бие, толгойгоороо хогийн савны ард шороо арчиж байжээ. Би энэ талаар санахгүй байгаа болохоор энэ нь надад таалагдаагүй гэдгийг харамсалтай нь нотолж чадахгүй юм.

Энэ талаар шүүх хурал болно гэж би бодоогүй. Гэрчтэйн дээр миний бохирдсон бие, мөн тэр зугтаад баригдсан болохоор шүү дээ. Тэр буруугаа хүлээн, албан ёсоор уучлалт гуйж, бид мөр мөрөө хөөнө гэж бодсон. Харин ингэхийн оронд тэр чадварлаг өмгөөлөгч, мэргэжлийн гэрчүүд, хувийн мөрдөгчдийг хөлслөн миний хувийн амьдралыг минь нэгд нэгэнгүй ухан миний эсрэг ашиглаж болох зүйлс олохыг сонгосон. Дүү бид хоёрын түүхийг үгүйсгэх гогцоо, цоорхой олж, энэ халдлага үнэндээ зүгээр л үл ойлголцол байсан гэж нотлох гэсэн. Тэр зүгээр л төөрөлдсөн байсан гэж дэлхийг ятгахын тулд юу ч хийхэд бэлэн байсан.

Надад халдлагын хохирогч болсон тухай хэлэхээс гадна юу болсныг санахгүй байгаа тул энэ нь хүсээгүй зүйл байсан гэдгийг нотолж чадахгүй гэж хэлсэн. Энэ нь намайг эмзэглүүлж, дарамтанд оруулж, сүйрүүлэх дөхсөн. Энэ бүх төөрөгдлийн хамгийн гунигтай зүйл нь гэвэл хэдийгээр надад халдаж, задгай талбайд хүчиндэх дөхсөн ч үүнийг яг халдлага гэж болох эсэхийг мэдэхгүй байх явдал юм. Нөхцөл байдалд ямар нэг буруу юм байгаа гэдгийг тодорхой болгох гэж би бүтэн жилийн турш тэмцэх хэрэгтэй болсон.

Шүүхээр орсон ч ялагдахад бэлэн байгаарай гэж надад хэлэхэд би тийм зүйлд бэлэн байж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэр намайг сэрсэн мөчөөс эхлээд л буруутай байсан. Надад учруулсан хохирлыг хая гэж хэн ч ятгаж чадахгүй. Гэвч хамгийн аймшигтай нь гэвэл тэр намайг юу ч санахгүй байгааг мэдэж байсан. Тэр зүгээр зохиогоод бичих ч боломжтой. Бас юу хүссэнээ хэлж болох бөгөөд үүнийг нь би няцаах чадваргүй. Би ямар ч хүчгүй, дуу хоолойгүй, хамгаалалтгүй байсан. Тэр өдөр болсон зүйлийг санахгүй байгааг минь миний эсрэг ашиглах нь тодорхой. Миний мэдүүлэг ч хүч багатай, бүрэн дүүрэн биш, дээр нь энэ шүүх хуралд ялахад би хангалтгүй гэж надад итгүүлж байсан. Түүний өмгөөлөгч цаг үргэлж бүсгүй юу ч санахгүй байгаа болохоор итгэж болох цорын ганц хүн нь Брок юм гэж иргэдийн төлөөлөгчдөд сануулж байлаа. Өөрийгөө хамгаалах чадваргүй байна гэдэг ямар аймшигтай гээч?

Сэтгэл санаагаа эдгээхэд цагаа зарцуулахын оронд би тэр шөнийн талаар нарийвчлан санах гэж оролдож байлаа. Эсрэг талын өмгөөлөгчийн асуултуудад бэлэн байх гэж шүү дээ. Тэр асуултууд нь хувийн орон зайд халдсан, түрэмгий, намайг барьц алдуулж, өөртэйгээ болон дүүтэйгээ зөрчилдөх зориулалттайн дээр хариултуудыг минь удирдан залахаар хийгдсэн асуултууд. Шалбарсан уу? гэж асуухын оронд “Чи шалбараагүй биз дээ?” гэж асууна. Намайг өөрийнхөө үнэ цэнийг хаяуулах гэсэн стратегийн тоглоом байлаа. Бэлгийн халдлага болсон нь тодорхой байхад би шүүх хурал дээр дараахь асуултуудад хариулж байсан юм:

Чи хэдэн настай вэ? Жин чинь хэд вэ? Тэр өдөр юу идсэн бэ? Оройн хоолондоо юу идсэн бэ? Хэн хоол хийсэн бэ? Хоолоо идэхдээ юм уусан уу? Үгүй юу? Ус ч уугаагүй хэрэг үү? Хэзээ уусан бэ? Хэр ихийг уусан бэ? Ямар савнаас уусан бэ? Уух юмыг чинь хэн өгсөн бэ? Ер нь хэр их юм уудаг вэ? Үдэшлэгт хэн чамайг хүргэж өгсөн бэ? Хэдэн цагт? Яг хаана вэ? Юу өмсөж бөайсан бэ? Энэ үдэшлэгт яах гэж явсан бэ? Тэнд очоод юу хийсэн бэ? Яг тэгсэн гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэдэн цагт наадахаа хийсэн бэ? Энэ текст чинь юу гэсэн утгатай вэ? Хэн рүү үүнийг бичсэн бэ? Хэзээ бие зассан бэ? Хаана бие зассан бэ? Гадаа бие засахдаа хэнтэй байсан бэ? Дүү чинь залгахад утасныхаа дууг хаасан байсан уу? Утасныхаа дууг хаасан гэдгээ санаж байна уу? Тийм үү? Гэхдээ энэ 53 дугаар хуудсанд утасныхаа дууг хаагаагүй гэж хэлсэн байна шүү дээ? Коллежид байхдаа согтууруулах ундаа уудаг байсан уу? Өөрийгөө шоучин байсан гэсэн тийм ээ? Хэдэн удаа тасарч байсан бэ? Найз залуутайгаа хэр дотно вэ? Түүнтэй бэлгийн харилцаанд ордог уу? Хэзээ үерхэж эхэлсэн бэ? Түүнийг хэзээ нэгэн цагт араар нь тавих уу? Араар нь тавьж байсан удаа бий юу? Түүнийг шагнахыг хүсч байсан гэдгээ тайлбарлаач? Хэдэн цагт сэрснээ санаж байна уу? Урт ноосон цамцаа өмссөн байсан уу? Тэр цамц чинь ямар өнгөтэй вэ? Тэр шөнийн талаар өөр юм санаж байна уу? Үгүй хэрэг үү? Тэгвэл Брокоор үлдсэнийг нь хэлүүлчихье.

Миний хувийн амьдрал, хайр дурлалын амьдрал, өнгөрсөн амьдрал, гэр бүлийн амьдралын талаар нарийвчилсан, чичилсэн асуултаар намайг нүдэж, миний нэрийг асуухаасаа өмнө хагас нүцгэлэхийг сонгосон энэ залууд шалтаг гаргахын тулд янз бүрийн мэдээлэл цуглуулах гэж оролдож байлаа. Биед минь халдсаны дараа над руу давшилсан асуултуудаар халдаж, харав уу, түүний баримтууд хоорондоо тохирохгүй байна, ухаан мэдрэлгүй байна, ер нь бараг архичин юм байна шүү дээ, ер нь анхнаасаа хүнтэй унтах санаатай байсан байлгүй, тэр чинь тамирчин хүн, хоёулаа согтуу байсан, түүний санаж байгаа эмнэлгийн дурсамжууд нь болсон явдлын дараах зүйл, үүнийг ер нь авч үзэх хэрэг байна уу, Брокийн алдах юм маш их болохоор түүнд ч хэцүү байгаа гэх зэргээр хандаж байлаа.

Үүний дараа түүний мэдүүлэг өгөх ээлж болоход би дахин хохирогч болох гэж юу байдгийг мэдсэн. Энэ шөнийн дараа тэр намайг дотуур байр руугаа авч явахаар төлөвлөөгүй байсан гэдгийг чамд сануулмаар байна. Бид яагаад хогийн савны ард байсан гэдгээ санахгүй байна гэсэн. Бие нь тавгүйрхсэн тул босоод явах гэтэл гэнэт түүнийг хөөж, түүн рүү дайрсан. Үүний дараа намайг энэ талаар санахгүй байгаа гэдгийг тэр мэдсэн.

Ингээд жилийн дараа өөр шинэ яриа бий болов. Брокийн зохиосон шинэ түүх нь үнсэлт, бүжиг, гар барилт, хайрын халуундаа шатсан хоёр хүн газар дээр хөрвөөсөн гэсэн утгатай залуучуудад зориулсан муухан бичсэн роман шиг л сонсогдсон. Хамгийн чухал нь энэ шинэ түүхэд “зөвшөөрсөн” гэх агуулга гэнэт бий болсон юм. Болсон явдлаас хойш жилийн дараа тэр гэнэт л “Өө нээрээ тэр Тэгье гэж хэлсэн юм байна шүү” гэдгээ санасан байлаа.

Тэр надаас бүжиглэх үү гэхэд нь би Тэгье гэсэн байж. Надаас дотуур байр руу нь явах уу гэхэд би тэгье гэж. Намайг хуруугаараа таалъя гэхэд нь би тэгье гэж. Уг нь ихэнх залуучууд хуруугаараа таалъя гэж асуудаггүй юм. Ийм зүйлс байгалийнхаа зөн совингоор өрнөдөг болохоос асуулт хариултаар өрнөдөггүй юм. Гэвч би бүх зөвшөөрлийг өгсөн гэнэ. Тэр цэвэр байлаа. Түүний түүхэнд хүртэл би нийт гурван үг хэлсэн нь намайг газар хагас нүцгэлэх хүртэл тэгье, тэгье, тэгье гэсэн байлаа. Ирээдүйд эмэгтэй хүнээс зөвшөөрөл авсан эсэхдээ эргэлзэх явдал гарах бол түүнийг бүтэн өгүүлбэр ярих чадвартай эсэхийг шалгаж байгаарай гэж зөвлөе. Чи ингэж ч чадаагүй шүү дээ. Зүгээр л давтагдсан нэг үг. Эргэлзэх зүйл яг хаана байна? Энэ бол зүгээр энгийн ойлголт, хүний ёс суртахууны асуудал.

Түүний хэлснээр бид газар байсан цорын ганц шалтгаан нь би унасан явдал байлаа. Сануулахад, бүсгүй хүн унасан бол түүнийг босоход нь тусалж байгаарай. Хэрэв тэр явах чадваргүй болтлоо согтсон байгаад унасан бол дээр нь мордож, оцгонож, дотоожийг нь тайлж, үтрээ рүү нь хуруугаа хийхгүй байгаарай. Хэрэв эмэгтэй хүн унавал босоход нь тусла. Дээгүүрээ ноосон цамцтай байвал түүнийг нь тайлж, хөхийг нь базлахгүй бай. Магадгүй тэр даарна гээд ноосон цамц өмссөн байлгүй.

Түүхэнд чинь дурдагдсан дараагийн зүйл бол дугуй унасан хоёр Швед залуу ирэхэд чи зугтсан. Чамайг барьж авахад яагаад “Зогс! Бүх зүйл зүгээр. Өөрөөс нь асуу. Тэнд хэвтэж байна шүү дээ. Өөрөө хэлнэ” гэж хэлээгүй вэ? Чи надаас зөвшөөрөл авсан гээ биз дээ? Би сэрүүн байсан гэсэн биз дээ? Цагдаа нар ирээд чамайг барьж авсан хорон санаат Шведээс мэдүүлэг авч байхад тэр өөрийнхөө харсан зүйлдээ итгэж чадахгүйгээсээ болж, уйлан юм ярьж чадахгүй байсан гэсэн.

Өмгөөлөгчийн чинь зүгээс удаа дараа цохон тэмдэглэсэн зүйл бол намайг яг хэзээ ухаангүй болсон нь тодорхойгүй гэсэн зүйл. Чиний зөв. Магадгүй миний нүд бүрэлзсэн ч хөл дээрээ тогтож чадахаа арай ч болчихоогүй байсан байх. Энэ гол асуудал биш. Би газар унахаасаа ч өмнө Англиар ярих, зөвшөөрлөө өгөх чадваргүй болтлоо согтсон байсан. Надад анхнаасаа л хүрэх ёсгүй байсан. Брокийн хэлсэнчлэн “Түүнийг хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг би огт хараагүй. Хэрэв тэр хариу үйлдэл үзүүлэх чадваргүй гэдгийг нь мэдсэн бол би тэр даруй л болих байсан”. Тэгэхээр ийм байна. Хэрэв чи намайг хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсон үед л больё гэж төлөвлөж байсан бол чи одоо хүртэл юу ч ойлгоогүй байна. Угаасаа намайг ухаангүй байхад чи зогсоогүй шүү дээ! Өөр хэн нэгэн чамайг зогсоосон. Дугуй унасан хоёр залуу харанхуйд намайг хөдлөхгүй байгааг анзаараад чамайг барьсан. Гэтэл миний дээр байсан чи яагаад анзаараагүй байдаг билээ?

Чи болиод, тусламж дуудах байсан гэж хэллээ. Гэхдээ чи яг надад яаж туслах байсан гэдгээ алхам алхмаар нь яриад өг. Би мэдмээр байна. Тэр аймшигтай хорон санаатай Шведүүд намайг олоогүй бол тэр шөнө яаж дуусах байсан гэдгийг мэдмээр байна. Би чамаас асууя, Чи миний дотоожийг гутлыг минь давуулан буцаан өмсгөх байсан уу? Хүзүүг минь ороон орооцолдсон хүзүүний зүүлтний орооцолдоог нь гаргах байсан уу? Миний хөлийг хумхиж, намайг халхлах байсан уу? Үснээс минь модны шилмүүсийг түүх байсан уу? Хүзүү болон доод хэсэгт үүссэн шалбархайг өвдөж байна уу гэж асуух байсан уу? Найзыгаа хайж олоод энэ бүсгүйг дулаан, зөөлөн газар аваачихад минь туслаач гэж хэлэх байсан уу? Тэр хоёр залуу ирээгүй бол юу болох байсан бол гэж бодохоор би шөнө унтаж чаддаггүй. Надад юу тохиолдох байсан бол? Үүнд чи хэзээ ч сайн хариулт хэлж чадахгүй. Тийм болохоороо ч чи бүтэн жилийн дараа ч үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа юм.

Үүн дээр нэмээд чи над руу хуруугаа хийснээс нэг минутын дараа би дур тавьсан гэж мэдэгдсэн. Сувилагч миний үтрээнд урагдал, үрэлтийн ор мөр болон шороо олсон гэсэн. Тэгэхээр энэ зүйлс намайг тавьсны дараа бий болсон уу, эсвэл өмнө нь үү?

Тангараг өргөсөн хүн энд суугаад бид бүгдэд хохирогч Тэгье гэж хэлсэн, зөвшөөрсөн, эцэст нь Швед залуусын ямар ч шалтгаангүй халдлагад өртсөн жинхэнэ хохироч нь Брок юм гэж итгүүлэхийг оролдож байгаа нь ой гутмаар, солиотой, амиа бодсон бас намайг гэмтээж буй зүйл юм. Ингэж шаналах нь хангалттай дарамт. Гэвч энэ шаналлын үнэн мөн чанарыг хэн нэгэн үгүй хийх гэж хэрцгийгээр оролдож байгаатай нүүр тулах бол тэс өөр зүйл.

Модны шилмүүсээр дүүрсэн түрдэг орон дээр хэвтэх миний зураг, шороо болсон бие, нүдээ аньсан арзайсан үстэй, даашинз нь сөхөгдсөн зургуудыг гэр бүл минь харах ёстой болсон. Гэвч энэ бүхний дараа миний гэр бүл чиний өмгөөлөгчөөс эдгээр гэрэл зургууд нь болсон явдлын дараах зураг тул хэрэгсэхгүй байж болно гэж хэлэхийг сонсох шаардлагатай болж байна. Сувилагч түүний дотроос улайлт, урагдал олсон, үржлийн эрхтэн нь мэдэгдэхүйц гэмтсэн нь үнэн хэдий ч хэн нэгний хуруугаараа таалахад ийм зүйл угаасаа л болдог, дээр нь тэр тийм зүйл хийснээ хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Миний талаар дүр зураг бий болгохыг оролдож, галзуу бүсгүйг дүрсэлж, яагаад ч юм өөрөө ийм байдал үүсгэхүйц нөхцлийг бүрдүүлсэн болгож харагдуулах гэж байгааг сонсох. Утсаар ярихдаа согтуу сонсогдсон, дуут мэссэжиндээ найз залуугаа шагнана гэж хэлсэн нь миний толгойд юу байсан нь тодорхой гэж хэлэх. Би чамд хэлье. Миний шагналын хөтөлбөр өөр хүн рүү шилждэггүй. Ялангуяа над дээр ирсэн танихгүй хүн рүү.

Тэр надад болон гэр бүлд минь буцааж болохгүй хохирол учуруулсан. Энэ шөнийг дүрсэлж байгааг нь сонсож бид чимээгүй суусан. Гэвч түүний нотлох баримтгүй мэдүүлэг, өмгөөлөгчийнх нь мушгисан логик хэнийг ч хуурч чадаагүй. Үнэн ялсан.

Чи гэм буруутай. Иргэдийн төлөөлөгчдийн 12 гишүүн чамайг ямар ч эргэлзээгүйгээр гурван хэргээр буруутай гэсэн. Бүх хэрэг 12 хүний санал авч, чамайг буруутай гэсэн нийт 36 Тийм гэсэн санал өгсөн. Зуун хувь гэсэн үг. Ямар ч маргаангүйгээр чи буруутай. Эцэст нь нэг юм дууслаа, одоо өөрийнхөө хийсэн зүйлд эзэн сууж, уучлалт гуйн, бид амьдралдаа эргэн орж, бүх зүйл дээрдэнэ гэж бодсон. Гэвч үүний дараа би чиний мэдүүлгийг уншлаа.

Хэрэв чи намайг уурандаа бахдаж ядан ямар нэг эд эрхтэн нь дэлбэрч, үхчих байх гэж найдаж байгаа бол тэгэхэд би маш ойрхон байна. Чи санасандаа хүрэхэд маш ойрхон байна. Энэ буруу шийдвэр гаргаснаасаа болж буруу хүнтэйгээ согтуудаа унтсан явдал биш. Халдлага бол гэнэтийн осол биш. Хачирхалтай нь чи одоо хэр ойлгохгүй байна. Яагаад ч юм чи одоо хүртэл төөрөлдсөн мэт сонсогдож байна. Би одоо яллагдагчийн мэдүүлгийн хэсгээс уншиж, түүнд нь хариу өгье.

Чи согтуу байсан тул зөв шийдвэр гаргаж чадаагүй, тэр ч гэсэн тийм байдалтай байсан гэжээ.

Архи бол шалтгаан биш. Хүчин зүйл мөн үү? Мөн. Гэхдээ архи намайг нүцгэлээгүй. Архи над руу хуруугаа хийгээгүй, бараг нүцгэн шахуу намайг газраар чирээгүй. Хэт их уусан нь миний болчимгүй алдаа байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш. Энэ өрөөнд сууж байгаа хүн бүрт хэт их ууснаасаа болж өөрөө харамссан, эсвэл нэг шөнө хэт их ууснаасаа болж харамссан хэн нэгнийг таньдаг. Уусандаа харамсах, бэлгийн халдлага үйлдсэндээ харамсах хоёр өөр зүйл. Бид хоёулаа согтуу байсан. Гэхдээ бид хоёрын ялгаа гэвэл би чиний дотоожийг тайлаагүй, чамд зохисгүй байдлаар хүрээгүй, бас зугтаагүй. Ийм л ялгаатай.

Би түүнтэй сайн танилцахыг хүссэн. Өрөө рүүгээ авч явахын оронд утасны дугаарыг нь асуудаг байж гэж чи хэлсэн байна.

Чи надаас дугаарыг минь асуугаагүй болохоор би чамд уурлаад байгаа юм биш. Чи намайг таньдаг байсан ч ийм нөхцөл байдалд орохыг би хүсэхгүй байсан. Миний найз залуу намайг мэддэг. Гэхдээ тэр надаас хогийн савны ард хуруугаараа оролдоё гэж асуусан бол би түүнийг алгадах байсан. Ямар ч охин ийм зүйл хүсдэггүй. Хэн ч хүсэхгүй. Миний дугаарыг мэддэг эсэх нь надад ямар ч хамаагүй.

Эргэн тойронд минь бүх хүн ууж байсан болохоор би ч ууж болох юм гэж бодсон. Миний буруу байжээ гэж чи хэлжээ.

Давтан хэлье. Чиний уусан чинь буруу биш. Эргэн тойронд чинь ууж байсан хүмүүс надад бэлгийн халдлага үйлдээгүй. Харин бусдын хийгээгүй зүйлийг хийсэн нь чиний буруу. Буруу зүйл нь үдэшлэгт байсан хүмүүс намайг харж, хамгаалах боломжгүй, төрсөн дүү минь хайгаад олохгүй харанхуй газар өөрийгөө хамгаалах чадваргүй нүцгэн бие рүү минь хөвчирсөн эрхтнээ өмднийхөө цаанаас наасан явдал юм. Галт ус уусан нь чиний буруу биш. Хуруугаа бие рүү минь хийхийн тулд чихрийн цаас хаяж байгаа мэт дотоожийг минь тайлж хаясан нь чиний буруу. Би яагаад үүнийг тайлбарлах шаардлагатай байгаа юм бэ?

Шүүх хурлын үеэр түүнийг зовоохыг хүсээгүй. Өмгөөлөгчийн минь хийсэн хэрэг, ажиллах арга барил нь байсан гэжээ.

Өмгөөлөгч чинь чиний зүгээр нэг золигт хаях хүн биш. Тэр чамайг төлөөлж байгаа хүн. Өмгөөлөгч чинь уур хүрмээр, намайг доош нь хийсэн үгс хэлсэн үү? Мэдээж тэгсэн. Түүний хэлсэн зүйлсийн дунд хүйтэн байсан болохоор эрхтэн чинь хөвчирсөн гэсэн үг ч байсан юм шүү.

Чи ахлах сургууль, коллежийн оюутнуудад зориулан “коллежийн оюутны хотхон дахь архидалт, түүнийг дагасан сексийн замбараагүй байдал”-ын сэдвээр өөрт тохиолдсон зүйлийнхээ талаар ярих хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн байна.

Оюутны хотхон дахь архидалт. Бид ийм зүйлийн талаар ярьж байгаа билүү? Би энэ зүйлийн эсрэг өнгөрсөн жилийн турш тэмцсэн билүү? Оюутны хотхон дахь бэлгийн халдлага, хүчирхийллийн талаар, зөвшөөрч байгаа эсэхийг хэрхэн таних талаар олон нийтэд таниулах тухай биш. Оюутны хотхон дахь архидалт гэнэ шүү. Жак Даниелс сөнөтүгэй. Скай архи сөнөтүгэй. Хэрэв хүмүүстэй архины талаар ярьмаар байгаа бол Архидалтын эсрэг уулзалтуудад оч. Архидана гэдэг архи уугаад хэн нэгэнтэй хүчээр бэлгийн харьцаанд орох гэсэн үг биш гэдгийг ойлгож байна уу? Эрчүүдэд бага уух аргыг заах бус эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцахыг заа.

Архидалт болон түүнийг дагасан сексийн замбараагүй байдал. Дагасан зүйл. Нөлөөллөөс нь үүсдэг энгийн нэг зүйл шиг. Хоолыг чинь дагаж ирдэг шарсан төмс шиг. Замбараагүй байдал ер нь хаанаас гараад ирэв? Би “Брок Турнер, хэт их ууснаасаа болж түүнийг дагасан сексийн эмх замбараагүй байдлаас болж буруудсан нэгэн” гэсэн гарчиг уншсангүй. Оюутны хотхон дахь бэлгийн халдлага. Илтгэлийн чинь эхний слайд ийм байх хэрэгтэй. Хэрэв ярих гэж буй сэдэв, гарчиргаа өөрчлөхгүй юм бол би очсон сургууль болгон дээр чинь очиж, дараагийнх нь илтгэлийг тавих болно гэдгээ амлая.

Эцэст нь чи нэг шөнө архи ууснаасаа болж амьдралаа сүйрүүлэх боломжтой юм гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна гэсэн байна.

Амьдралаа гэжээ. Нэг амьдралын тухай, чиний амьдралын тухай ярьж байна. Миний амьдралыг мартсан бололтой. Би чиний алдааг залруулж өгье: Нэг шөнө архи ууснаасаа болж хоёр хүний амьдралыг сүйрүүлэх боломжтой юм гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна. Чи бид хоёрын. Чи шалтгаан нь, би үр дүн нь. Чи энэ там руугаа намайг ч бас чирэн орсон. Тэр шөнө рүү намайг удаа дараа хүчээр оруулсан. Чи хоёр цамхагийг нураасан. Чиний цамхаг нурах үед минийх ч бас нурсан. Чи намайг яагаа ч үгүй, энэ там руу ороогүй, чи том цохилт амсаж, би наран жаргах зүг рүү морио унан явсан гэж бодож байгаа бол чи андуурч байна. Энд ялагч байхгүй. Бид бүгд хохирсон. Бид бүгд энэ их шаналлын утга учрыг олох гэж хичээж байна. Чамд учирсан хохирол ойлгомжтой: нэр хүндээ алдаж, сургууль, боловсролынхоо зэргээ алдаж байна. Миний хохирол харин дотор минь бий. Би хаана ч байсан үүнийг өөртэйгээ аваад явна. Чи миний үнэ цэнэ, халдашгүй байдал, эрч хүч, цаг хугацаа, аюулгүй байдал, дотно харилцаа, өөртөө итгэх итгэл, дуу хоолойг минь авч хаясан. Өнөөдрийг хүртэл.

Чи бид хоёрт байгаа нэг нийтлэг зүйл гэвэл бид хоёулаа өглөө босч чадахгүй байсан. Би шаналж үзсэн хүн. Чи намайг хохирогч болгосон. Сонин дээр миний нэр “согтуу, ухаангүй эмэгтэй” гэх гурван үг л байсан. Өөрийгөө үнэхээр үүнээс илүү юу ч биш юм байна гэж бодоход хүрсэн. Би өөрийнхөө нэр, мөн чанараа эргүүлэн олохын тулд өөрийгөө хүчилсэн. Би үүнээс илүү хүн шүү гэдгээ дахин мэдэж авахын тулд. Би зүгээр нэг үдэшлэгт байсан, хогийн савны араас олдсон согтуу хохирогч биш гэдгээ мэдэж авахын тулд. Гэтэл чи бол Бүх Америкийн шилдэг тамирчин, шилдэг их сургуулийн оюутан, гэм зэмтэй гэдэг нь тогтоогдохоос нааш гэмгүй нэгэн, алдах юм ихтэй залуу гэсэн дүр зурагтай. Би бол буцаах боломжгүй хохирол амссан хүн. Би өөрийгөө жаахан ч гэсэн үнэ цэнэтэй гэдгээ мэдэхийн тулд бүтэн жилийн турш амьдралаа зогсоон хүлээсэн.

Би таван настай хүүхэд шиг гэрэлгүй бол ганцаараа унтаж чадахаа больсон. Яагаад гэвэл хэн нэгэн намайг оролдож байхад нь сэрж чадахгүй байгаагаар хар дардаг болсон. Би нар мандаж, унтахад аюулгүй гэсэн мэдрэмж авах хүртлээ хүлээдэг болсон. Бүтэн гурван сарын турш би өглөөний 6 цагт орондоо ордог байсан.

Би өөрийгөө бие даасан нэгэн гэж бахархдаг байсан бол одоо би ганцаараа үдшийн цагаар алхахаас айж, найзуудтайгаа тайван уулзчихдаг байсан уулзалтуудад ч очихоосоо цааргалдаг болсон. Заавал хэн нэгний хажууд байх ёстой нойтон хамуу, найз залуугаа хажуудаа зогсоон, хамт унтаж, хамгаалуулж байх шаардлагатай хүн болсон. Ямар эмзэг болсон нь үнэндээ ичмээр. Үргэлж хамгаалалттай, өөрийгөө хамгаалж, уурлахад бэлэн болсон би амьдралыг ямар зориггүйгээр туулж байна вэ?

Одоо хүртэл сул дорой байгаа өөрийгөө буцаан эвлүүлэх гэж ямар их хичээснийг чи төсөөлж чадахгүй. Болсон явдлын талаар ярих гэж би найман сарыг зарцуулсан. Би найзуудтайгаа болон эргэн тойронд буй хүмүүстэй холбоо тогтоож чадахгүй болсон. Би найз залуу руугаа, гэр бүл рүүгээ энэ асуудлыг сөхөх бүрт нь орилж хашгирдаг болсон. Чи надад болсон зүйлийг мартах боломжийг ч өгөөгүй. Шүүх хурал, сонсголын төгсгөлд би ярих ч тэнхэлгүй болтлоо ядарсан байсан. Хамаг юмаа ховх соруулчихсан, дуу чимээгүй хүн харьдаг. Гэртээ ирээд утсаа унтраагаад хэдэн өдрийн турш үг хэлдэггүй байсан. Чи надад ганцаархнаа амьдардаг тийм гариг руу явах онгоцны тасалбар авч өгсөн. Энэ талаар шинэ мэдээ тавигдах болгонд төрөлх хотын минь хүмүүс бүгд мэдэж, намайг халдлагад өртсөн эмэгтэй гэдгээр нь л мэддэг болох вий гэж айдаг болсон. Би хэнээр ч өрөвдүүлэхийг хүсээгүй бөгөөд намайг тодорхойлох үгсийн дунд “хохирогч” багтах юм гэдэгт дасах гэж хичээж байна. Чи миний төрөлх хотхоныг амьдрахад тааламжгүй газар болгож хувиргасан.

Нойргүй өнгөрүүлсэн шөнүүдийг минь чи надад буцааж өгч чадахгүй. Кинон дээр эмэгтэй хүн хохирч байгааг харах бүртээ би уйлдаг болсон. Зөөлрүүлж хэлэхэд би бусад хохирогч нарыг хамаагүй илүү өрөвддөг болсон. Сэтгэлийн дарамтаас болж би жин алдсан. Хүмүүс энэ талаар асуухад сүүлийн үед их гүйж байгаа гэж хэлдэг болсон. Заримдаа өөртөө дургүй болох үе ч байлаа. Би эмзэг, сул дорой нэгэн биш, чадварлаг, бүрэн бүтэн хүн байхыг дахин сурах шаардлагатай байгаа.

Миний дүү ч шаналж, хичээлээ гүйцэхгүй, баяр баясалгүй болж, унтаж чадахгүй, утасны цаанаас ярьж ч чадахгүй уйлж байгааг харж, намайг тэр шөнө орхисоныхоо уучлаарай, уучлаарай, уучлаарай гэж давтан хэлж байгааг би сонсож байлаа. Миний дүү чамаас илүү буруу зүйл хийсэн гэж өөрийгөө зэмлэж байгааг хараад би чамайг уучилж чадахгүй байна. Тэр шөнө би дүү рүүгээ залгаж, түүнийг олох гэсэн боловч чи намайг түрүүлээд олсон. Чиний өмгөөлөгчийн сүүлийн үгэнд “Түүний дүү нь түүнийг зүгээр байна гэсэн. Дүүгээс нь илүү мэдэх хүн байна гэж үү?” гэсэн. Та нар миний эсрэг дүүг минь ашиглах гэлээ гэж үү? Та нарын дайралт ямар ч хүчгүй, дорд, бараг ичмээр байсан. Түүнд минь хүрэх ч хэрэггүй.

Чи намайг ингэх ёсгүй байсан. Хоёрдугаарт, чи намайг ингэх ёсгүй байсан гэж надаар хэлүүлэх хүртэл ийм удаан тэмцүүлэх ёсгүй байсан. Хохирол учирсан нь үнэн. Хэн ч буцааж чадахгүй. Одоо чи бид хоёрт сонголт байна. Энэ зүйл биднийг сүйрүүлэхийг зөвшөөрч болно. Би чамд уурласан хэвээрээ үлдэж, чи үгүйсгэсэн хэвээрээ үлдэж болно. Эсвэл бүх зүйлтэй нүүр тулж, би шаналлаа хүлээн авч, чи шийтгэлээ хүлээн авч, цаашид амьдралаа үргэлжлүүлье.

Чиний амьдрал дуусаагүй байна. Түүхээ засч, шинээр бичих боломжтой олон арван жил урд чинь байна. Дэлхий том. Пало Алто болон Стэнфордоос хавьгүй том. Одоо чи энэ дэлхийд өөрийгөө бусдад тустай, аз жаргалтай нэгэн болгож чадах орон зайг бий болгох болно. Улаан дарцаг байгаагүй гэж жүжиглэх хэрэггүй. Чи надад зориудаар, хүчээр, завхай сэдлээр халдсаныхаа төлөө ял хүртэж байна. Гэтэл чи архи уусан гэдгээ л хүлээн зөвшөөрч байна. Архинаас болж хийсэн буруу үйлдлийнхээ хариуд амьдрал чинь гунигтайгаар өөрчлөгдөж байгаа тухай ярих хэрэггүй. Өөрийн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх арга замаа л хайж ол.

Одоо оноосон ял шийтгэлийн талаар ярья. Харгалзагч офицерийн мэдэгдлийг уншаад би нүдэндээ ч итгээгүй. Уур хилэн минь яваандаа цөхрөл, гуниглалаар солигдон намжсан. Миний мэдүүлгийг эмх замбараагүй зүйл болгон, утгыг нь алдуулж, цар хүрээг нь нарийсгасан байсан. Би энэ шүүх ажиллагааны явцад хүчтэй тэмцсэн. Иймээс ихэнх хугацааг нь хуулийн системийн талаарх асуултуудад хариулж өнгөрүүлсэн 15 минутын харилцан яриагаар  миний нөхцөл байдлыг дүгнэж, үнэлгээ хийсэн нэг офицерийн үгээр үр дүнг нь багасгахыг зөвшөөрөхгүй. Утга агуулга нь чухал. Брок мэдэгдэл хийгээгүй байсан ба би түүний хэлсэн үгийг уншаагүй байсан.

Миний амьдрал бүтэн жилийн турш зогсонги байдалд байсан. Шүүхийн дагуу надад учруулсан хууль бус зүйлсийг нотлох хүртэл уур хилэн, шаналал, тодорхойгүй зүйлээр дүүрэн нэг жил. Брок өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, эртнээс учраа олохыг санал болгосон бол би түүний шударга байдлыг үнэлэн, эргэн амьдралдаа орохдоо баяртай байж, илүү хөнгөн шийтгэлийг хүлээн зөвшөөрөх байсан. Гэвч үүний оронд тэр шүүх хурлаар шийдэх эрсдэл гаргаж, биед минь учруулсан хохирол дээр доромжлол нэмэн, хувийн амьдрал, олон нийтийн өмнө дэлгэгдсэн бэлгийн халдлагын талаарх нарийвчилсан зүйлсээр улам бүр шаналгасан. Намайг гэр бүлийн минь хамтаар үгээр хэлж болшгүй, шаардлагагүй шаналал руу түлхсэн тул, өөрийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй тэмцэж, миний зовлонд эргэлзэж, шударга ёсыг ийм удаан хүлээлгэснийхээ төлөө хариуцлагаа хүлээх ёстой.

Би харгалзагч офицерт нь Брокийг шоронд ялзруулахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэглээ гээд түүнийг торны ард байх ёсгүй гэсэн үг биш. Харин энэ офицерийн санал болгосон нэг жил хүртэлх хугацаанд шоронд хорих санал нь түүний халдлагын ноцтой байдлыг үгүйсгэсэн, би болон бүх эмэгтэйчүүдийг доромжилсон зүйл болсон. Энэ нь олон нийтэд танихгүй хүн чиний дотор зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийхээ төлөө хуулинд заасан ялын доод хэмжээнээс ч бага ял авч болно гэсэн мэссэжийг өгсөн үйлдэл. Тэнсэн харгалзах ялыг нь зөвшөөрч болохгүй. Би тэр офицерт миний хүсэж байгаа гол зүйл бол Брок өөрийнхөө гэмээ ухаарч, буруу зүйл хийснээ ойлгоосой гэсэн юм гэдгээ хэлсэн.


01

Эцэст нь

Гэвч яллагдагчийн мэдүүлгийг уншсаныхаа дараа би үнэхээр сэтгэлээр уналаа. Тэр өөрийнхөө бурууг мэдрээгүй, хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа харагдаж байна. Би түүнийг давж заалдах эрхийг нь хүндэтгэсэн боловч 12 хүн 3 заалтаар түүнийг буруутай гэж үзчихээд байхад түүний хүлээн зөвшөөрч байгаа ганц зүйл нь согтууруулах ундаа хэрэглэсэн явдал нь бололтой. Хийсэн зүйлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээж чадахгүй байгаа хүнд зөөлрүүлсэн ял тохирохгүй. Хүчингийн хэргийг “эмх замбараагүй явдал” хэмээн нэрлэн булзааруулж байгаа нь гомдмоор зүйл. Тодорхойлолтоос нь харахад хүчин гэдэг нь зөвшөөрөлгүйгээр үйлдсэн хэрэг ба тэр үүнийг ялгаж салгаж чадахгүй байгааг харах нь намайг бухимдуулж байна.

Харгалзагч, батлан даалтлын оффицер түүнийг залуу, урьд өмнө нь ял шийтгэл авч байгаагүй гэж бичсэн байна. Миний бодлоор тэр өөрийнхөө хийсэн зүйлийг буруу гэдгийг ялгаж салгаж чадахуйц насны хүн. Энэ оронд 18 нас хүрсэн хүн дайнд явж болдог. Хэрэв 19 нас хүрсэн бол хэн нэгнийг хүчиндэх гэсэн оролдлогынхоо төлөө хариуцлага хүлээх чадвартай настай гэсэн үг. Тэр хэдий залуу ч ийм зүйлийг мэдэхэд хангалттай хөгшин.

Энэ хэрэг түүний анхных нь болохоор зөөлрүүлэх шалтгааныг би харж болж байна. Гэвч нөгөө талаас нь харахад нийгмийн хувьд хүн бүрийн анхны хүчингийн хэргийг өршөөгөөд байж болохгүй. Энэ бол утга учиргүй зүйл. Хүчингийн хэргийн мөн чанар, ноцтой байдлыг тод томруунаар харуулах ёстой. Заавал шүүх хурал, алдаа дутагдлаар хүчин гэдэг нь буруу зүйл гэдгийг тогтоодог соёл бий болгох ёсгүй. Хүчин, бэлгийн халдлагын үр дагавар нь дараа дараагийн хүмүүс согтуудаа сайтар эргэцүүлэн бодохуйц тийм айдсыг төрүүлэхүйц хүчтэй байх ёстой. Ингэснээр бид урьдчилан сэргийлж чадна.

Харгалзагч оффицер түүнийг хүч хөдөлмөрөөрөө олсон усанд сэлэлтийн тэтгэлгээсээ татгалзсан гэдгийг цохон тэмдэглэж байсан. Брокийн хэр хурдан сэлдэг нь надад учруулсан хохирлыг бууруулах үндэслэл болохгүй, түүний ялыг бууруулах шалтгаан болохгүй. Гарал үүсэл, байр суурь доогуур хүн бэлгийн халдлагын гурван үндэслэлээр анхныхаа ялаа сонсохдоо согтууруулах ундаа хэрэглэснээс өөрөөр буруугаа хүлээхгүй байгаа бол түүний шийтгэл ямар байх байсан бол? Брок хувийн их сургуулийн тамирчин байсан нь түүний ялыг зөөлрүүлэх шалтгаан бус, харин нийгмийн давхаргаас үл хамаарч хүчингийн хэрэгт хууль ижилхэн үйлчилдэг гэдгийг харуулах боломж гэж харах ёстой.

Харгалзагч оффицер энэ хэргийн тухайд ижил төрлийн бусад гэмт хэрэгтэй харьцуулан согтолтын төвшинтэй авч үзвэл тийм ч ноцтой биш гэж үзэж болох юм гэсэн байна. Ноцтой мэдрэгдэж байна. Тэгж л хэлье.

Тэр чөлөөлөгдөх эрхтэй гэх ямар зүйл хийсэн юм бэ? Тэр зөвхөн архи уусандаа л уучлалт хүссэн. Харин надад бэлгийн халдлага үйлдсэн, удаа дараа, ёс суртахуунгүйгээр намайг хохирогч болгосон талаар дурсаагүй л байна. Гурван өөр заалтаар буруутай гэсэн шийдвэр гарсан тул одоо хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж авах цаг нь болсон. Түүнийг дуугүй өршөөнө гэж байхгүй.

Тэр насан туршдаа бэлгийн хүчирхийлэгч байна. Үүнд дуусах хугацаа гэж байхгүй. Надад тохиолдсон зүйлд дуусах хугацаа гэж байхгүйгийн нэгэн адил хэдэн жилийн дараа ийм зүйл зүгээр алга болчихдоггүй юм. Энэ намайг үргэлж дагана. Намайг гэх тодорхойлолтын нэг хэсэг болно. Биеэ авч явах, цаашид яаж амьдрахыг минь хүртэл үүрд өөрчилсөн.

Төгсгөлийн үг болгож, та бүхэнд талархснаа илэрхийлмээр байна. Тэр өглөө эмнэлэгт сэрэхэд минь овьёос өгсөн дадлагын сувилагчид, миний хажууд хамт хүлээсэн эргүүлийн цагдаад, намайг тайвшруулсан сувилагч нарт, миний хэлэхийг сонсоод намайг буруутгаагүй мөрдөн байцаагчид, үргэлж дэргэд минь байж няцашгүйгээр тэмцсэн өмгөөлөгч нарт, эмзэг байдлаас эр зоригийг олохыг зааж өгсөн сэтгэл зүйчдээ, намайг ойлгож, эелдэг байсан даргадаа, өвчин зовлонг хүч чадал болгохыг зааж өгдөг эцэг эхдээ, энэ бүх хугацаанд шүүхийн танхимд надад өгөх гэж шоколад барьж ирдэг эмээдээ, аз жаргалтай байхыг сануулж өгдөг найзууддаа, хүлээцтэй, хайрлам байсан найз залуудаа, миний зүрхний минь нөгөө тал болсон дийлдэшгүй дүүдээ, хэзээ ч надад эргэлзээгүй,  миний төлөө тасралтгүй тэмцсэн миний шүтдэг Алаледаа баярлалаа. Энэ шүүх хуралд анхаарлаа хандуулж, цаг хугацаагаа зориулсан бүх хүнд баярлалаа. Улсын өнцөг булан бүрээс над руу ил захидал илгээж дэмжсэн охидуудад, надад санаа тавьсан танихгүй бүх хүнд баярлалаа.

Мөн одоо хүртэл уулзаагүй байгаа ч намайг аварсан хоёр залууд хамгийн их баярлалаа. Энэ оронд баатрууд байдаг юм гэдгийг өдөр бүр санахын тулд би орныхоо толгойд хоёр унадаг дугуйны зураг наасан байдаг. Бид биенээ хамгаалдаг юм шүү гэдгийг сануулах гэж.  Энэ олон хүнийг мэдэх, тэдний хамгаалал, хайрыг мэдрэнэ гэдэг миний хэзээ ч мартахгүй зүйл юм.

Эцэст нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа охидууддаа хандаж хэлэхэд, би та нартай хамт шүү. Ганцаараа байгаа мэт санагдах тэр шөнүүдэд би хажууд чинь байгаа. Хүмүүс чамд эргэлзэж, няцааж байх үед би хамт байгаа. Би та нарын төлөө өдөр бүр тэмцсэн. Хэзээ ч тэмцэхээ зогсоож болохгүй. Би та нарт итгэж байна. Зохиолч Анне Ламоттын бичсэнээр “Гэрэлт цамхаг аврах завь хайн хаа сайгүй хэсүүчлээд байдаггүй. Зүгээр л гэрлээ асаагаад бэлэн байж байдаг юм”. Хэдий би бүх завийг аварч чадахгүй ч өнөөдөр би үг хэлснээрээ та бүхэнд багахан ч гэсэн гэрэл шингээсэн байх гэж найдаж байна. Дууг чинь хорьж чадахгүй гэдгийг багахан ч гэсэн мэдрүүлсэн байх, хуулиар үнэн ялсан гэдгийг мэдрээд бага ч гэсэн таашаал авсан байх, хаа нэг газар бага ч гэсэн дэмжлэг бий гэдгийг мэдсэн байх, мэдээж хамгийн чухал нь чи бол чухал хүн, чи бол халдашгүй, чи бол үзэсгэлэнтэй бас бусдад үнэлүүлдэг, хүндлүүлдэг нэгэн. Өдөр бүрийн минут тутамд чи бол хүчирхэг ба үүнийг чинь хэн ч булааж авч чадахгүй. Охидууд аа, би та нартай хамт. 

Баярлалаа.



9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Strong!
+2
Yamar urt yumbe. Uigagui orchuuljee.
Burhan min Bieer tuulaagui unshihad l bie huit daaj bainaa shuu dee
+2
Охинтой хүн би. Охинд минь гар хүрсэн хүн байвал эрхтэнийг нь тайрна. Миний аминаасаа илүү хайрлаж ургуулсан цэцгийг тасдсан хүн байвал ална. Ёстой бузар хар хүүрнүүд юмаа энэ доодхоо захирч чадахгүй улсууд
+3
Очиртоо. Сайхан найруулж сайхан орчуулжээ. Баярллаа. Ойрд чанартай юм уншаагүй удаж. Л.Т
+4
Ёстой зөв асуудал хөндсөн нийтлэл байна. Сүүлийн үед хүчингийн хэрэг ямар их гарч байна? Тэрийг нь яаж шийдэж байгааг харахад цаана нь юу болдог ямар том асуудал байдгийг мэдрүүлсэн сэдэв. Бүх хүн уншаасай. Ялангуяа хуулийнханы хүн чанарт нөлөөлөөсэй гэж хүснэм
+2
Мундаг хөдөлмөр, сэтгэл гаргасан нийлэл байна аа. Орчуулагчид нь баярлалаа.
+4
Энэ хүүхэн ёстой аймаар хямралд оржээ. Манайхан гэтэл үүнтэй төстэй хэргийг эрх барьж байгаа намаараа хамгаалаад л сууж байдаг.
+4
Baarnii gadaa mer ser tasatrsan huuhniig mashing ruu chiheh gej bgaa sdakuud yag l iim hohirogch uldeej bga daa.
+9
Яг аймаар хүчиндүүлээгүй гэхэд бас л аймаар дарамтанд ордог юм байна шүү. Манай бандааш нтр бол тэгээд бас л заваартсаар байгаад л уснаас хуурай гарч байгаа даа муу новш
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд