Арав.мн

Хэрхэн загварлаг бөгөөд минималист хувцаслах вэ?

Хэрхэн загварлаг бөгөөд минималист хувцаслах вэ?

Минимализм бол нэг төрлийн эрх чөлөө билээ. Эдийн боол болж цаг зав мөнгө төгрөгөө үрж суухын оронд байгалийн сайхныг мэдэрч, хайртай хүмүүстэйгээ амарч, зугаалах цаг зав гаргахыг хүсэгчдэд зориулсан хамгийн дөт зам ч байж мэднэ. Орчин цагт бидний өмссөн хувцас, идсэн, уусан бүхний сав, баглаа боодол бүгд байгаль хөнөөлтэй хог хаягдал болон хоцорч байна. Тиймээс амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ үг солих сөхөөгүй угаалга цэвэрлэгээ хийж, “жаран хөлт” шиг олон гутал, жилийн дараа гэхэд л загвар нь хуучрах хувцас хэрэглэлийн хойноос хөөцөлдөхгүй эрх чөлөөтэй амьдрахыг хичээгээрэй.


10

Хувцасны шүүгээгээ цэгцэл

Эхлээд бүх хувцсаа шүүгээнээсээ гаргаад овоолчих хэрэгтэй. Өөртөө хоёр ажил удахгүйн тулд тагтан дээр, харанхуй өрөөнд хайрцаг саванд хийгээд мартсан хувцаснуудаа ч бас бүгдийг нь гарга. Гоёл чимэглэл, жижиг эдлэлүүд ч мөн хамаарна. Нэгэнт л минималист хувцасны шүүгээтэй болохоор шийдсэн учир зоригтойгоор хаях хэрэгтэй шүү. Бас ангилан ялгах ажлаа ганцаараа байхдаа хийвэл зүгээр. Учир нь хажууд тань хэн нэгэн “энэ ч гоё юм, тэр ч хаяхад хайран юм” гэж сэтгэлийг тань хоёрдуулж мэднэ.

Ингээд сүүлийн нэг жил өмсөөгүй, эсвэл хэмжээ таарахаа больсон хувцаснуудаа бүгдийг нь ялгаарай. Хуучин хувцсаа яахаа мэдэхгүй бол энд хандивлаж болох юм.

Гоёл чимэглэлийг ч мөн өрөөсөн ээмэг, хэзээ нэгэн цагт янзалж зүүнэ гэж хадгалсан тасарсан бугуйвч, хүзүүний зүүлт, өнгө алдсан гоёл чимэглэл, оосор нь тасарсан цаг, барихаа больсон цүнх, өнгө нь гандсан ороолт гээд бүгдийг нь ялгаж хаяарай.


09

Өөрт байгаа хувцаснуудаа тэмдэглэ

Авч үлдсэн хувцаснуудаа улирал улирлаар нь ялгаад яг одоо ирж буй улирлын хувцаснууддаа гол анхаарлаа хандуулаарай. Шинэ өнгө төрхтэй болоход тань ямар хувцас хэрэгтэй байна гэдгээ тооцож төсөв гаргаарай. Ороолт, цүнх, нүдний шил гээд донж нь таарсан жижиг аксессуар таны хувцаслалтыг тэр чигт нь өөрчлөх шидтэй гэдгийг битгий мартаарай. Тиймээс таны хувцаснууд загварлаг бөгөөд минималист байхад хангалттай олон бол нэмж авахын оронд шинэ аксессуар авч болох юм.


08

Бага зэрэг судалгаа хий

Шинэ хувцас худалдаж авахаасаа өмнө загварын чиг хандлагын талаар багахан судалгаа хийхэд илүүдэхгүй. Шинэ хувцас худалдан авахаар шийдсэн бол олон янзаар ашиглаж болох хувцас сонгохыг хичээгээрэй. Хоёр талаар нь эргүүлж өмсдөг хүрэм, хэзээ ч загвар нь хоцрохгүй сонгодог өнгийн задгай энгэртэй цамц, ууланд алхахдаа ч хотын гудмаар ч өмсөж болох гутал зэргийг сонгох хэрэгтэй. Задгай энгэртэй цамц бол зун бороотой сэрүүхэн өдөр, хавар, намар хүрэмний оронд, өвөл ноосон цамцны оронд өмсөж болох давуу талтай хувцас юм.

Мөн нэгэнт цөөн бөгөөд загварлаг хувцаслахыг зорьж байгаа учир авч байгаа хувцасныхаа материалд анхаарал хандуулахад илүүдэхгүй. Бас өөрт байгаа бусад хувцастай тань зохицох эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Эс бөгөөс минималист хувцасны шүүгээтэй болох “мөрөөдлөөсөө” нэг алхам ухрах хэрэг гарах вий.


07

Жижигхэн ханын самбар гарга

Утас, компьютерын дэлгэцэн дээр, эсвэл зүгээр л жижиг хавтан дээр өөрийн хүсэж буй загвар, хэв маяг бүхий хувцаслалтын зургууд наа. Интернетээс хэвлэж, сэтгүүлээс хайчилж ч болох юм. Гол нь та тухайн улирлын турш ямар хэв маягтай харагдахыг хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгээд гэрээсээ гарах бүрдээ самбар дээрээсээ санаа аван хувцсаа тохируулаад гарч байвал юу өмсөх вэ гэж гашлах шаардлагагүй болно. Самбараа илүү бүтээлч маягаар хийвэл харах бүрд урам зориг, эрч хүч өгч байх давуу талтай шүү.


06

Амьдралын хэв маягаа тодорхойл

Хувцаслалт гэдэг тухайн хүний үзэл бодлын нэг илэрхийлэл болдог ч биед эвтэйхэн, амьдралын хэв маягт нь тохирсон байх зайлшгүй шаардлагатай. Хэрэв та өдөржин гадуур явдаг ажилтай бол өндөр өсгийнөөс аль болох татгалзах хэрэгтэй. Ажил хэрэгч хослол дор өнгөлөг балерина, цайвар өнгийн кет өмсөж, эсвэл бариу хар жинсэн өмд, загварлаг цагаан сорочкан дор өндөр өсгийт өмссөнөөр та хатуу чанга “төмөр хатагтай” шиг биш харин ажил хэрэгч боловч загварлаг харагдаж чадна.


05

Тооноос илүү чанар чухал

Бидний зорилго бол цөөхөн тоотой боловч загварлаг, бүгд хоорондоо төгс зохицдог хувцасны шүүгээтэй болох гэдгийг ахин дахин санаж байхад илүүдэхгүй. Учир нь зар сурталчилгаа, сэтгүүл, цахим орчин дахь нүд эрээлжлэм олон загварын сурталчилгаа нэг л мэдэхэд биднийг тэвчээр алдан дэлгүүр харайлгахад хүргэж магадгүй. Чанартай материалтай, ямар ч хувцастай зохицдог хэд хэдэн төрлийн хувцас бий. Сайн чанарын ноосон цамц, хагас урттай хүрэм, задгай энгэртэй цамц, урт ханцуйтай даашинз, жинсэн өмд зэрэг хувцаснууд хоорондоо төдийгүй өөр төрлийн хувцаснуудтай ч маш сайхан зохицдог. Эдгээрийг хувцасны шүүгээндээ аваад хийчихсэн байхад хэсэгтээ л хувцасны асуудал таны толгойг өвтгөхгүй. Хамгийн гол дүрэм бол эдгээр нь таны биед төгс таарч байх ёстой.


04

Өнгөний зохицлыг анхаар

Завсрын өнгө, хар, цагаан, саарал болон биений өнгөтэй хувцаснууд хоорондоо болон бусад өнгөтэй ч зохицдог төдийгүй хувцасны шүүгээгээ нээх бүрд тань шинэлэг мэдрэмж төрүүлэх болно. Нэг өнгийн хувцсаар дагнасан бол энэ жил тренд болж буй усан цэнхэр, тод ягаан, цайвар бор, шар ногоон өнгийн деталь оруулаарай. Мөн энэ жилийн загварт пастель өнгөнүүд байр сууриа хадгалсан хэвээр байгаа гэдгийг санаад авахад илүүдэхгүй биз ээ.


03

Зуун хувь сэтгэлдээ нийцсэн зүйлийг л худалдаж ав

Улирал тутмын хэв маягаа тодорхойлчихвол зөвхөн хамгийн хэрэгтэй зүйлээ худалдаж авахад л болно. Дэлгүүрт ороод таалагдсан бүхнээ шүүрч авахаасаа өмнө гүнзгий амьсгаа авч тайвшраад энэ хувцсыг хэдэн янзаар, юу юутай зохицуулан өмсөж болох вэ гэж бодоорой.  Мөн таны тухайн улиралд гаргаж буй дүр төрхтэй тань нийцэхгүй бол худалдан авах хэрэггүй. Хувцас худалдаж авахдаа өнгө нь танд таалагдаж байна уу, бусад хувцас, арьсны тань өнгөнд зохиж байна уу, материал нь хэр чанартай вэ гэдгийг заавал анхаараарай. Хамгийн чухал нь хэчнээн загварлаг гоё хувцас байлаа ч биед тань яг таг таарахгүй бол авах гэж дурлаад хэрэггүй л болов уу. Энэ авсан хувцас таны хэв маягийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй хувцасны шүүгээнд тань зай эзлэх болно гэдгийг санаж сонголтоо зөв хийгээрэй.


02

Улирал тутам шүүгээндээ шинэчлэлт хийж бай

Улирал солигдох бүрд тухайн улиралд бүрдүүлэх дүр төрхөө тодорхойл. Спортлог бүсгүй, дэгжин хатагтай гээд таны сонголт ямар ч байж болно. Харин тухайн дүр төрхөндөө тохирох хувцаснуудыг хамгийн ил харагдах хэсэгт өлгөж, шаардлагатай бол тухайн улиралд тренд болж буй өнгө эсвэл загварын хувцаснаас нэгийг худалдаж авч болох юм. Ингэвэл та минималист хэв маягаас уйдахгүй байх давуу талтай.


01

Хэв маягаа бүрдүүл

Олон зүйл хаяж, шаардлагатай загварын хувцаснуудаа худалдаж авсан бол хувцасны шүүгээндээ хийхээсээ өмнө бүгдийг нь хослуулан өмсөж туршиж үзээрэй. Аксессуар, цүнх гээд жижиг зүйлсийг ч орхилгүй хослуулж, өөрийн хүссэн дүр төрхийг бүрдүүлээрэй. Утсан дээрээ зургаа авч хадгалах, угаалгаад ханын самбар дээрээ тогтоох зэргээр хадгалчихвал дараа нь ахин дахин хослуулах гэж цаг үрэх шаардлагагүй болно.


8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start