Арав.мн

Дүрслэх урлагийн ертөнц дэх 10 алдартай зөрчил, уран бүтээлч өрсөлдөөн

Дүрслэх урлагийн ертөнц дэх 10 алдартай зөрчил, уран бүтээлч өрсөлдөөн

Аливаа зөрчил тэмцэл гэдэг сайнаас илүү саарыг дагуулдаг. Харин урлагийн ертөнц дэх оюун санаа, онгод билгийн хоорондох зөрчил гэдэг урлан бүтээгчдийг өдөөж, авьяас чадварыг нь хурцалдаг байна. 


10

Бэнкси– Кинг Роббо

Орчин цагийн поп соёл, гудамжны зургийн нэртэй төлөөлөгч хэдий ч олон нийтэд нэр ус, нүүр царайгүй Бэнкси өөрийн үеийн өөр нэгэн алдартай уран бүтээлч Кинг Робботой тун ч адармаатай харилцаатай байлаа. Энэ хоёр нууцлаг зураач нэг нэгнийхээ граффитийг өөлж, егөөдсөн нь олонтаа бөгөөд хурц, тод өнгийн зураг зурдаг Кинг Роббо нийгэм, улс төрийн сэдэвтэй зураг зурахыг илүүд үздэг Бэнксийг бүдүүлэг, түрэмгий гэж үздэг байв. Британийн хэвлэл мэдээллийнхний “Граффитийн дайн” хэмээн  нэрийдсэн эдний өрсөлдөөн яваандаа бие биеийнхээ зургийн дээр өөрсдийн зургийг зурах, бүр баллаж сохлох, элдэв үг бичиж үлдээхдээ тултал даамжирсан бөгөөд 2014 онд Кинг Роббог тархины хүнд гэмтлээс болж амьсгал хураахад нь эцэс болжээ. Харин Бэнкси одоо ч хэн нь үл мэдэгдэх зураачийн хувиар төрөлх Лондоныхоо төдийгүй, дэлхийн олон хотын гудамж талбай, барилга байшинг чимсээр байна.


09

Ж.М.У. Тёрнер –Жон Констабль

Ганц жилийн зөрүүтэй мэндэлж, нэгэн үед уран бүтээл туурвиж асан Английн хамгийн алдартай байгалийн хоёр зураач бие биеэ огт үздэггүй байлаа. Ааш араншин, туурвил зүйн хэв маяг, хувийн амьдралаараа ч тэс өмнөө байсан Ж.М.У.Тёрнер, Жон Констабль нарын уран бүтээлч тэмцэл 1832 онд Темза мөрний дээгүүрх алдарт Ватерлоогийн гүүр баригдсаны ойг угтсан Английн Дээдсийн академийн үзэсгэлэнгийн үеэр оргилдоо хүрсэн байдаг. Констабль бүтэн 15 жил нухаж байж бүтээсэн “Ватерлоо гүүрийн нээлт” зургаа академийн үзэсгэлэнгийн танхимд залахаар очоод мөнхүү бүтээлээ гол өрсөлдөгчийнхөө тэнгисийн уснаа буй хөлөг онгоцуудыг дүрсэлсэн “Хеллевутслёйс” зургийн дэргэд өлгөгдөхийг мэджээ. Гэтэл түүнээс өмнө үүнийг мэдэж байсан Тёрнер олон өнгийн шийдэлт өрсөлдөгчийнхөө зургаас өөрийнхөө бүтээлийг ялгахын тулд “Хеллевутслёйс”-аа эргүүлэн авч, бяцхан нэмэлт хийсэн нь хөлөг онгоцнуудын өмнө хөвөх жижигхэн улаан хөвүүр байлаа. Энэ нь Тёрнерийн зургийг Констаблийнхаас илүү алдаршуулж, Констаблийг өрсөлдөгчдөө бүр ч илүү өс санахад хүргэжээ. Тэрбээр Тёрнерийг мэхлэгч хэмээгээд түүний зургуудыг “хий агаар, хоосон гэрлээс өөр юу ч биш” гэж шүүмжилсэн байдаг.


08

Борромини – Бернини

XVII зууны үеийн Ромын нэртэй уран барилгач болох энэ хоёр эрхмийн хагаралдах гол шалтгаан урлагийн урсгал, чиглэлийн талаарх зөрүүтэй бодол, үзэл баримтлалаас нь болсон шиг байдаг. Францеско Борромини сонгодог уран баримлын арга хэлбэрүүдийг Ромын барокко маягтай сүлж байсан бол Жованни Лоренцо Бернини уламжлалт хэлбэрийг эвдэх дургүй, урлагийн ямар ч бүтээл туршилт бус, харин төгс төгөлдөр зүйл байх ёстой гэсэн үзэлтэй байв. Тэдний зөрчил 1630-аад онд буюу Борроминийг Бернинийн дор ажиллаж ахуйд, мөн барокко урсгалын хамгийн онцгой бүтээлийн нэг, 1651 онд нээгдсэн “Дөрвөн мөрний оргилуур” (Fontana dei Quattro Fiumi)-ыг бүтэж байхад ид хурцадсан гэдэг. Борроминийг 1667 онд амиа егүүтгэхэд олон хүн Бернинитэй таарч тохироогүйгээсээ болж, уран бүтээлчийн хувиар дарагдаж явсандаа гутарч чингэлээ хэмээн халаглацгаасан нь хоёр уран барилгачийн хагарал хэчнээн хурц, ил тод байсныг гэрчилнэ. 


07

Брунеллески – Гиберти

Сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай хоёр уран барималч 1401 онд Флоренцийн цогчин дуганаа хүрэл хаалган урлал бүтээх ихэс дээдсийн шийдвэр гарснаас үүдэн түнжин хагарчээ. Цогчин дуганы барилгын ажил, гоёл чимэглэлийг хариуцсан зөвлөл хүрэл хаалгыг урлуулахаар эхлээд Лоренцо Гибертийг сонгосон нь Филиппо Брунеллескийн урмыг хугалсан байна. Гэтэл 1418 онд зөвлөлийн шинэ гишүүд цогчин дуганыг бөмбөгөр оройтой болгохоор Брунеллескийн загварыг илүүд үзсэн ч энэ чиглэлээр илүү туршлагатайг нь бодолцон Гибертийг барилгын ажлын ахлагчаар томилжээ. Үүнд уурсаж хилэгнэсэн Брунеллески худал өвдсөн болон баашилж, барилгын ажилд оролцохоос татгалзан, Гибертийг хэчнээн чадваргүй болохыг илчлэхийг зорьсон нь аяндаа түүний оролцоогүйгээр шийдэгдэж, Гиберти өөрөөсөө болж бүтэлгүйтсэн нь Брунеллескийг цогчин дуганы оройн ажлыг гүйцээхэд хүргэсэн түүхтэй. Энэ явдал Гибертийг нэр хүндээ алдахад хүргэж, нэлээд олон жил томоохон төслүүдээс хол байлгажээ. Флоренцийн цогчин дуганыг 1436 онд ашиглалтад орох үед Брунеллескийн загварыг нь гаргаж, гүйцээсэн орой нь дэлхий дээрх хамгийн том бөмбөгөр оройд тооцогдож байв.


06

Энгр –Делакруа

Жан-Огюст-Доминик Энгр, Эжен Делакруа нар XIX зууны Франц орноос төрсөн суут зураачдаас гадна зөрчил, тэмцлээрээ эрин үеийнхээ дүрслэх урлагийн ертөнц дэх гол асуултыг биежүүлж, бодитоор харуулж байлаа. Тэрхүү асуулт нь “Уламжлалт неоклассик урсгалын төлөөлөгчдийг уламжлалыг эс дагагч романтикуудтай эн зэрэгцүүлж болох уу” гэсэн маргаан юм. Энгр тун бага өнгө будаг ашиглаж, хэлбэр галбир, шугам зурааст илүү анхаардаг, уламжлалыг баримтлагч бол Делакруа хурц өнгө, хөдөлгөөнөөр зургаа амилуулагч байв. Энэ хоёр уран бүтээлч хувийн ойр дотно харилцаатай байх нь бүү хэл, олон нийтийн газарт хүртэл бие биеэсээ дөлдөг байжээ. Нэгэн удаа үдэшлэг дээр санаандгүй тааралдан ам зөрж, Энгр нь Делакруа руугаа халуун кофе цацсан гэх яриа бий. 


05

Поллок –Де Кунинг

Орчин цагийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг Жексон Поллок, Виллем де Кунинг нарын урлан бүтээх арга барилын адил төсөөтэй хийгээд ялгаатай талуудыг тухайн цагийн гол хоёр шүүмжлэгч дөгөөж, хуурамч тэмцэл үүсгэсэн нь яваандаа жинхэнэ ёсны уран бүтээлч өрсөлдөөн болжээ. Мөнөөх хоёр шүүмжлэгчийн нэг Клемент Гринберг Поллокийг зүй ёсны модернист туурвилчийн хувиар жинхэнэ абстракт зураг бүтээдэг гэж үзсэн бол нөгөөх нь болох Харольд Розенберг де Кунингийн зургуудыг илүү амьд, илүү өнгө будагтай хэмээж байв. Поллок, де Кунинг хоёрыг сөргөлдүүлсэн энэ хоёр шүүмжлэгч постмодернист урлагийн хэд хэдэн хэлбэрт нэр оноосон байдаг. Харин хоёр зураачийн тухайд эхэндээ нөхөрсөг харилцаатай байсан ч эцэстээ бие биеэ илэрхий шүүмжлэх болж, де Кунинг Поллокийг “үхэрчин хүү”, “арга ядсан, зальжин” гэхчлэн хэлсэн бол Поллок өөрөөсөө найм ах зураачийг “цаг үеийн мэдрэмжгүй”, “хэлбэр дүрс төдийхнөөр хөөцөлддөг” хэмээсэн удаатай. Поллок 1956 онд автомашины ослоор өөд болохоосоо өмнө Рүт Клигман хэмээх эмэгтэйтэй ойр дотно харилцаатай байсан бөгөөд Клигман мөнөөх ослоос ганцаараа амьд үлдсэн билээ. Гэтэл Поллокийг нас барснаас ганц жилийн дараа де Кунинг Клигмантай хувийн харилцаатай болж, бүтэн долоон жил түүнтэй хамт амьдарсан байдаг. Де Кунинг мөн 1963 онд шинэ байшинд нүүж орсон нь Поллокийг нутаглуулсан газрын ердөө хажууханд байлаа. 


04

Пикассо – Матисс

Пабло Пикассо, Анри Матисс хоёр модернист уран зургийн аль л шилдэг гэгдэх бүтээлүүдийн нэлээдийг төрүүлсэн, чингэхдээ бие биетэйгээ илэрхий өрсөлдөж, нэгнээ хуулбарлах, бүр нэг сэдвээр зурах, бүтээлдээ ижил нэр өгөх гэхчлэн насан туршаа сөргөлдсөн туурвилчид билээ. Гэхдээ хоёр зураачийн уран бүтээлч өрсөлдөөн хэдий хурцадна, тэр хэрээр бие биеэ хүндэлж биширсэн нь нэмэгдсэн бололтой байдаг. Пикассогийн амраг хүүхнүүдийн нэг, зураачийн хоёр хүүхдийн эх Франсуаза Жилогийн хожим дурссанаар кубизмын эцэгт олон эмэгтэй, олон өрсөлдөгч байсан ч сэтгэл зүрхэнд нь хамгийн ойр, эрхэм хүн нь гагцхүү Матисс байжээ. Гэсэн ч Пикассо анд нөхөр шигээ эрхэмлэдэг хамгийн хүчирхэг дайснаа үргэлж өөлж, гоочилдог байж. Тэрбээр Венецийн цогчин дуганыг чимэглэсэн Матиссын загваруудыг “үзэшгүй муухай” хэмээгээд “Сүм хийд биш, угаалгын өрөө шиг харагдаж байна” хэмээн шүүмжилсэн байдаг. Харин Матисс өөрөөсөө 11 насаар дүү Пикассод гүн хүндэтгэлтэй хандаж “Ганцхан Пикассод л намайг шүүмжлэх эрх бий” гэж хэлсэн удаатай. 


03

Ван Гог – Гоген

Винсент ван Гог, Поль Гоген хоёрын сөргөлдөөн ердийн найрсаг харилцаа, уран бүтээлч нөхөрлөлөөс эхэлсэн байдаг. Тэд бие биеийнхээ талаар анх 1880-аад оны эхээр дуулсан бол нүүр тулан уулзах саналыг анх ван Гог тавьсан байна. Тэрбээр Гогенийг өөрийнхөө удаан мөрөөдсөн бүтээлч орчин буюу Францын өмнөд нутагт ирэхийг олонтаа урьсан ч цаадах нь хэд хэдэн урилгыг нь хүлээж авахгүй байсаар 1888 онд л сая нэг ван Гог дээр очжээ. Гэвч хоёр уран бүтээлч төд удалгүй таарч тохирохоо больж, хамт амьдарсан хэсэгхэн хугацаандаа үргэлж ам мурийх болж. Тийм нэгэн ширүүхэн маргааны үеэр ван Гог зүүн чихээ огтолсон гэх бөгөөд Гоген тэр дороо Арлиас явжээ. Хоёр уран бүтээлч ахиад нэг ч уулзаагүй боловч захидлаар харилцсаар байсан гэдэг. Гогений 1889 онд бүтээсэн “Толгойн хэлбэрт шавар аяга буюу өөрийн хөрөг” (Jug in the form of a Head, Self-portrait) нэрт жижигхэн барималд түүний ван Гогтой харилцах харилцаа туссан гэж урлагийн түүхчид үздэг. 


02

Караважо –Бальоне

Микеланжело Меризи да Караважо, Жованни Бальоне хоёрын сөргөлдөөн бүр шүүхээр ортлоо даамжирсан юм. Караважо Бальонег чадваргүй, авьяасгүйгээр нь дуудаж, бүр зарим бүтээлийг нь хулгай, хуулбар хэмээдэг байсан бол Бальоне түүний “Хайр бүхнийг ялна” (Amor Vincit Omnia) нэрт зурагт хариу болгон барьсан бүтээлдээ ад зэтгэрийн бие дээр Караважогийн толгойг зурж, өшөөгөө авсан байна. Гэтэл хурц араншинтай, тэрс этгээдээрээ зартай Караважо бууж өгсөнгүйгээр барахгүй өрсөлдөгчийнхөө тухай элдэв шог шүлэг бичиж, олон нийтийн газраар тараан “Бальонегийн зургийг жорлонгийн цаас болговол таарна” хэмээн ярьж явлаа. Караважо өшөө хорслоо хэрээс хэтрүүлснийхээ шанг хүртэж, хэд хоногийн дараа шүүхэд дуудагдсан агаад хэрэгтний суудалд суугаад ч засарсангүй, “Жованнийг сайн зураач гэж боддог нэг ч хүнтэй таараагүй юм байна” хэмээж өрсөлдөгчийнхөө уурыг бүр ч хүргэснээр шүүхээс хоёр долоо хоног хоригдох ялаар шийтгүүлжээ. Караважо удалгүй хүн амины хэрэгт орооцолдон, Пап ламаас хатуу шийтгэл сонссон бөгөөд оргож босож явсаар 1610 онд амьсгал хураасан билээ. Харин дараахан нь түүний намтар хэвлэгдсэн бол тэрхүү намтрыг бичигч анхны зохиолч нь “заналт дайсан” Жованни Бальоне нь байлаа.


01

Да Винчи – Микаленжело

Дүрслэх урлагийн түүхэн дэх аугаа хоёр сартваахь хэдийгээр нэгэн дэг сургуулиар эрдэм боловсрол эзэмшиж, эрин үедээ яг ижил түвшинд хосгүй хэмээн үнэлэгдсэн ч бие биетэйгээ огт таардаггүй байв. 1504 онд Флоренц хотын Таван зуугийн танхим хэмээгдэх өргөөнд хамтран ажиллахаар болсон хоёр зураач хотын зөвлөлөөс Ангиаригийн болон Каскинагийн тулаан нэрээр түүхэнд үлдсэн хоёр байлдааныг харуулсан хоёр өөр зураг бүтээх, тэр нь өөд өөдөөсөө нүүрэлдсэн аварга том ханан дээр зурагдах гэсэн амаргүй даалгавар хүлээж авчээ. Да Винчи тэр үед “Мона Лиза”-гаараа алдаршсан ахимаг насны бүтээлч байсан бол Микаленжело ид мандаж эхлээд байлаа. Мөнөөх танхимд мөр зэрэгцэн ажиллахдаа чухам юу ярьж, яаж маргалдсан болоод хоёр биеэ үзэхээ больсон нь одоог хүртэл нууц боловч Микаленжело да Винчийн гүйцээж амжаагүй бүтээлүүдийг гоочилж, ёс бус үг хэлсэн, хариуд нь да Винчи Микаленжелогийн алдарт “Давид”-ыг ичимдэг эрхтнээ ил гаргасан учир гоо зүйгүй хэмээсэн зэрэг нь баттай юм. Чухам энэ мэт дайсагналаасаа болж хоёр зураач мөнхүү танхимын зургийг гүйцээгээгүй агаад ахиад огт уулзалдалгүй, бие биеэсээ зугтсаар насыг барсан гэдэг. 

Энэ аугаа хоёр зураачийн тэмцлийн талаар илүү дэлгэрэнгүйг 
"Тэнгэрлэг тэмцэл" нийтлэлээс уншаарай.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Сонирхолтой нийтлэл орчуулж оруулдаг Г.Лхагвадуламдаа амжилт хүсье. Хөх Толботоос
pikasso modigliani 2 yasin
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start