Арав.мн

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (1-р хэсэг)

Форрест Гампын тухай сонирхолтой 10 баримт (1-р хэсэг)

1994 онд дэлхийн кино урлагт нэгэн бүтээл бий болов. Энэ бол Уинстон Грумын “Forrest Gump” номоос сэдэвлэн бүтээсэн ижил нэртэй кино билээ. Роберт Лий Земекисийн найруулсан уг бүтээл кино урлагийн түүхэн дэх сор бүтээл болсон юм. Бүх цаг үеийн шилдэг кинонууд болох “Pulp Fiction” болон “Shawshank Redemption” нартай зэрэг нээлтээ хийсэн “Forrest Gump” дөрвөн Оскар авсан ба кино театруудаар цацагдах хугацаандаа 677 сая ам.доллар олж, “Paramount” студийн анхны томоохон амжилттай бүтээл болсон билээ. Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ киноны талаар сонирхолтой баримтуудыг танилцуулъя.


10

Bubba Gump ресторан

Форрест Гампын дайны үеийн найз Бабба дайны дараа сам хорхойн бизнесийн хаан болох мөрөөдөлтэй байсан ч харамсалтай нь мөрөөдлөө биелүүлж амжилгүй Вьетнамын дайны үеэр Форрестын гар дээр амьсгал хураадаг билээ. Гэхдээ Форрест найзынхаа мөрөөдлийг биелүүлэхээр шийдэн сам хорхойн бизнест хөл тавьдаг. Азтай тохиолдлоор Форрест асар амжилттай болж, “Bubba Gump Shrimp Co.”-г байгуулдаг билээ. Харин та бодит амьдрал дээр ийм нэртэй компани байдаг төдийгүй, АНУ-аас гадна БНХАУ, Япон, Мексик болон Малайзад “Bubba Gump” сүлжээ ресторантай гэдгийг мэдэх үү?

Уг сүлжээ рестораныг кино гарсны дараа нээсэн бөгөөд салбар бүрийнхээ дотор Форрестын амьдралаа хүүрнэн өгүүлдэг цэцэрлэгийн сандал байх ба дээр нь Форрестын гар цүнх, доор нь пүүз нь байдаг юм байна.

Мөн Downtown Disney-д байдаг Bubba Gump рестораны гадаа киноны зураг авалтад ашигласан сам хорхой агнуурын завь байдаг бол өөр нэгэн ресторанд Том Хэнксийн гарын үсэгтэй, кинонд ашигласан теннисний цохиур жаазанд байдаг гэнэ. 


09

Бодит бичлэг

Кинонд 1968 оны үйл явдал гардаг. Дайны дараа эрэлхэгээр тулалдаж, олон цэргийн амийг аварсан Форрест Гамп АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б. Жонсонтой уулзаж, Хүндэтгэлийн медаль авдагийг санаж байгаа биз ээ.

Ингэхдээ үнэхээр Вьетнамын дайнд оролцож, баатарлаг гавьяа байгуулсан Сэмми Л.Дэйвис уг медалийг Ерөнхийлөгчөөс авч байх үеийн бодит бичлэгийг ашиглан, компьютерийн аргаар Форрестын толгойг залгасан байдаг аж.

Түүнчлэн Форрест Dick Cavett Show-д домогт “Beatles” хамтлагийн дуучин Жон Леннонтой уулздаг хэсэг бол Жон Леннон, эхнэр Ёко Онотой уг нэвтрүүлэгт орж байх үеийн бодит бичлэг юм. Кино багийнхан Ёко Оногийн оронд Том Хэнксийг оруулсан байдаг.


08

Дайны хэсгийн зураг авалтууд

Вьетнамын дайны үеийг харуулсан зураг авалтуудыг хийхдээ Өмнөд Каролинагаас холгүй орших Фрипп арал дээрх гольфийн талбайг ашиглажээ. Вьетнамын борооны улирлыг харуулахын тулд хиймэл бороо оруулж, компьютерийн аргаар ширэнгэн ой, намаг балчир, шавар шавхайг үнэмшилтэйгээр харуулж чадсан юм. 


07

Женнигийн үхэл

Форрест Гампын найз бүсгүй, хүүхэд байхаасаа хайрласан Женни эргэн ирж, Форресттой гэрлэснээсээ ердөө нэг жилийн дараа нас бардаг. Кинон дээр Женнис ямар өвчнөөс болж үхсэн нь ойлгомжгүй байдаг ч ДОХ байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ. Учир нь 60-аад онд АНУ-д хар тамхины хэрэглээ, ДОХ-ын халдвар хамгийн өндөр байсан юм. Харин зохиолч Уинстон Грум анх номоо бичиж байхдаа өөр бодолтой байсан аж. Түүний бичсэн дараагийн ном болох “Bubba & Co.,” зохиолдоо Женниг нас барахад нөлөөлсөн гол зүйл нь гепатит-С вирусын халдвар байсан тухай бичсэн байдаг. 


06

Форрестын аялга

Форрестын дуу хоолой, аялга, ярианы хэмнэл уг киног амжилтанд хүргэсэн гол зүйлсийн нэг гэж болно. Гэхдээ дүрийг бусдаас онцгой болгосон энэхүү аялга нь Форрестын хүүхэд байх үеийн дүрийг бүтээсэн Майкл Коннер Хампфригийн унаган аялга юм байна. Жүжигчин Том Хэнкст аялга нь тэр даруйдаа таалагдаж, улмаар өөрөө сурсан аж. Майкл Коннерын хувьд энэ дүрээрээ чамгүй амжилт олж, Залуу жүжигчний шагналыг хүртсэн билээ. 


05

Дэслэгч Дэн

Гаднаа хүчирхэг, чанга эр боловч дотроо эмзэг дүр бол Форресттой хамт Вьетнамын дайнд байлдаж байгаад тахир дутуу болсон Дэслэгч Дэн юм. Жүжигчин Гэри Синизийн бүтээсэн энэ дүр бол яах аргагүй киноны хамгийн чухал дүрүүдийн нэг билээ. Гэвч 1994 оны Холливудэд хүнийг үнэмшилтэйгээр хөлгүй мэт харуулах дижитал технологи хөгжиж амжаагүй байв. Иймд кино багийнхан Гэригийн хөлөнд цэнхэр даавуу өмсүүлж, хөлгүй мэт харагдуулж чадсан аж.

Түүнчлэн дэслэгч Дэний зүүдэг “Тулаанд бидний хамгаалаач” бичигтэй Гэгээн Кристоферын медаль нь Гэри Синизийн хадам ахын Вьетнамын дайнд алба хааж байхдаа зүүж байсан жинхэнэ медаль юм байна.


04

Компьютерийн илбэ

Ширээний теннисийг үзэх сонирхолтой байдаг ч үзэгч хүртэл асар хурдан ойх бөмбөгийг нүд салгахгүй харна гэдэг хэцүү байдаг. Тэгвэл ийм тоглолтын зураг авалтыг хийнэ гэдэг мөн амаргүй даваа байлаа. Ялангуяа жүжигчид нь мэргэжлийн теннисчин биш байна гэдэг бүр хэцүү.

Иймд энэ хэсгийг компьютер граффик ашиглан хийжээ. Үнэндээ жүжигчид огт бөмбөггүй, хоосон тоглосон ба сүүлд нь бөмбөгийг нэмсэн байдаг.


03

Баббагийн уруул

Сам хорхойн талаарх эцэс төгсгөлгүй ярианаас гадна Баббагийн дүрийг тодорхойлох нэг зүйл бол түүний доод уруул билээ. Дүрийг бүтээсэн жүжигчин Микелти Уильямсоны уруул үнэндээ ийм биш бөгөөд нэмэлтээр хиймэл уруул наасан гэнэ. Нүүр хувиргагчдын ажил дэндүү үнэмшилтэй болсон ба киноны дараа энгийн уруултай жүжигчнийг харсан олон хүн цочирдож байсан гэдэг.


02

Хөрөнгө оруулалт олох гэж зовов

Киноны продюсер Венди Финерман анх “Forrest Gump” номыг уншаад маш сонирхолтой санагдсан тул кино хийхээр шийдсэн байна. Гэвч 1986 онд түүнийг дэмжих хүн Холливудэд байсангүй. Хэдэн жилийн турш киноны санаагаа танилцуулж, амжилт олоогүй байна. Харин Оскарын шагналт жүжигчин Том Хэнкстэй гэрээ хийсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Том Хэнкс энэ киноны потенциалыг тэр даруй харж, зохиолыг уншиж дуусаад ердөө 1 цаг 30 минутын дараа гэрээ хийсэн аж. 


01

Гайхалтай жүжиглэлт

Микелти Уильямсоны жүжиглэлт бүр дэндүү сайн байсан юм. Үнэндээ тэрбээр киноны дараа дахин дүр авах гэж ихэд зовсон байдаг. Учир нь түүний Форрест Гампад бүтээсэн дүрийг найруулагчид түүний бодит амьдрал дээрх байгаа байдал нь гэж бодож байсантай холбоотой аж. Аз болж “The Late Show with David Letterman”-д тоглосны дараа түүний карьер дахин сэргэсэн билээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


агуу кино. таарах л юм бол заавал үздэг.
Хөөрхөн л юм байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start