Арав.мн

Шинэ тивийг нээсэн түүх

Шинэ тивийг нээсэн түүх

Эх сурвалж: "Дэлхийн бяцхан түүх", Э.Гомбрих

Дэлхийн түүх гэж энэ хүртэл нэрлэсэн зүйл маань үнэн хэрэгтээ дэлхийн талд л өрнөсөн түүх байсныг өчсү. Өмнөх бүлгүүдэд өгүүлсэн ихэнх явдал Газрын дундад тэнгис орчим, Египет, Месопотам, Палестин, Бага Ази, Грек, Итали, Испани, Хойд Африкт юм уу, энэ газруудаас холгүй Герман, Франц, Англид л болж өнгөрчээ. Дорно зүгт, сайтар бэхлэгдсэн хана хэрмэн дотор цэлийх Хятадын эзэнт гүрэн хийгээд бидний өгүүлэн буй цаг үед исламын шашинтнуудын эрхшээлд ороод байсан Энэтхэгийн зүг бид зэрвэсхэн хараад өнгөрсөн байна. Харин хөгшин Европын баруунтаа, Британийн арлуудаас чанагш ямар газар байдаг талаар дурдсан нь үгүй. Ер нь тэр талаар хэн ч бодож байгаагүй үе бий. Умардын хэдэн далайчин хахир хатуу, эрс тэс уур амьсгалтай тэр нутагт хөл тавьж байсан ч тэндээс авчихаар зүйл байгаагүй юу, юутай ч гар хоосон эргэж ирдэг байжээ. Тэр газрыг нээлгүй удсан нь нэг талаар эрт цагийн викингчүүд шиг аймшиггүй далайчид цөөн байсантай холбоотой. Тэгээд ч зах хязгааргүй далайг хэзээ туулж барна гэж Англи, Франц, Испанийн үзэсгэлэнт эргийг орхин хэн л үл таних газрыг зорих вэ дээ.


10

Луужин

Амь дүйсэн ийм аялалд гарах нь хүн төрөлхтөн нэгэн гайхамшигтай нээлт хийсний дараа л илүү боломжтой болсон юм. Тэр зүйлийг хятадууд бүтээсэн бөгөөд хятадууд гэдэг үгийн өмнө би “мөн л” гэж бичих дөхлөө. Хүн төрөлхтөнд олон гайхамшигтай зүйл бэлэглэсэн энэ үндэстэн хэзээд хойд зүгийг заах жижигхэн соронзон зүүтэй төхөөрөмж бүтээсэн нь луужин юм. Луужинг хятадууд эртнээс хэрэглэсэн бөгөөд тэр нь Загалмайтны аян дайны үед буюу 1200-гаад оны үед арабчуудаар дамжин Европт хүрчээ. Гэсэн ч өргөн хүрээнд хэрэглэгддэггүй байлаа. Европчууд эхлээд луужингаас айж, дараа нь сонирхож, эцэст нь алсын газарт нуугдсан алт эрдэнэсийг олоход тустай гэж санажээ. Гэвч өрнийн их далайд зүрхэлж гарах хүн байхгүй л байлаа.


09

Колумб

Харин Генуя хотын иргэн, өмч хөрөнгө гэх юмгүй, Кристофер Колумб хэмээх итали хүн адал явдалд дуртай, дээр нь үл мэдэх ертөнцийг нээж, асар их баялагтай болно гэж мөрөөдөж байсан тулдаа ийн зориглосон анхны аялагчдын нэг болжээ. Хуучин цагийн газар зүйн номонд ихэд шимтэж, аялахаас өөр юм бодохоо байсан түүнд “Баруун зүг чиглэн хөвөөд байвал хаана хүрэх бол? Дэлхий бөөрөнхий гэдэг нь үнэн бол дорно зүгт очих болов уу?” гэсэн санаа төрсөн байна. Тэрбээр эхлээд Хятадад, дараа нь алт мөнгө, эрдэнийн чулуу, халуун ногоо, зааны соёо ихтэй Энэтхэг нутагт хүрнэ гэж тооцоолж байлаа. Энэ нь луужингийн ачаар урьд урьдынхаас илүү хялбар болсон мэт санагджээ. Хаяа нь үл харагдах элсэн цөл, аугаа Александр хааны нэгэн цагт давах гэж зүдэрч асан уулс нуруудтай харьцуулахад луужингаар чиг хийн их тэнгис далайг туулна гэдэг түүний санаанд илүүтэй багтаж байв. Дорнын улс орнуудад хүрэх шинэ замаар Энэтхэгт хэдхэн хоногийн дотор очдог болно гэдэгт ч Колумб итгэлтэй байлаа. Тэрбээр энэ тухайгаа тааралдсан хүн бүртээ хэлж, сонирхсон заримаас нь хөлөг онгоц хүссэн ч түүний төлөвлөгөөг хэн ч ойшоосонгүй. Гэсэн ч бууж өгөлгүй байсаар Испанийн хаанд ханджээ.


08

Испанийн хаан, хатан

Тэр үед буюу 1479 онд Испанийн эзэнт гүрэнд загалмайтны шашинт хоёр ханлиг ураг барилдан байж төрийн эрхийг гартаа аваад, 700 жилийн турш нутаг оронд нь ноёрхсон арабчуудыг хөөн явуулах их ажил эхлүүлээд байлаа. Тэд Колумбын төлөвлөгөөг сайшаагаагүйн дээр түүнийг Саламанкагийн их сургуулийн багш, эрдэмтдэд даатган орхижээ. Сургуулийн байраар бүтэн дөрвөн жил эргэлдсэн ч Колумб мөнөөх багш нараас нааштай хариу сонссонгүй. Чингээд Францад очихоор Испаниас явахаар завдаж байтал Кастилийн Изабелла хатны итгэлт хуврагтай тааралджээ. Тэр нь Колумбын санааг ихэд тоож, далайчны хүсэлтийг биелүүлэх боломж бий, эсэхийг дахин тунгааж үзнэ үү хэмээн хатандаа уламжилсан байна. Энэ удаад Колумб боломжоо бас л алдах дөхөж. Учир нь тэрбээр аялал нь амжилттай болбол их шан харамж хүртэж, нээн илрүүлэх бүх л шинэ газартаа хааны итгэмжит төлөөлөгч буюу ван хэргэмтэн болж, нутгийн иргэдээс хураах бүх татварын аравны нэг хувийг өөртөө авна гэх зэрэг болзол тавьсан байна. Испанийн хаан, хатан хоёр итали аялагчийн саналыг хүлээж авсангүй. Харин шинээр нээх газруудаа Францын эзэмшил болгоно хэмээн Колумбыг Франц руу явах болоход бууж өгч, хүсэлтийг нь биелүүлэхээр болжээ. Ингэж Колумб Испанийн хаант төрийн далбаатай хоёр хөлөг онгоцтой болж, гурав дахийг нь өөрөө түрээслэв.


07

Нээлт

Тэрбээр Испанийн эргээс 1492 оны наймдугаар сарын 3-нд хөдөлж, баруун зүг чиглэн хөлгүй далайд хөвж гарлаа. Хэдхэн хоноод л Энэтхэгийн бараа харагдана гэж найдаж байсан нь харин талаар болов. Далайчид нь туйлдаж ядран, тэвчээр алдарсан зарим нь яваандаа цөхөрч эхлэв. Буцаад явъя гэж Колумбаас гуйх далайчид ч байлаа. Гэтэл удалгүй, 1492 оны аравдугаар сарын 11-ний шөнийн 2.00 цагийн хэрд нэг хөлгийнх нь үхэр буу хадаж, хуурай газар үзэгдэж буйг зарлах нь тэр ээ.

Арай гэж Энэтхэгт ирлээ хэмээн Колумбын баярлаж, хөөрсөн гэж жигтэйхэн. Өөрсдийг нь гар алдлан угтах, найрсаг зочломтгой улс энэтхэгчүүд байна гэдэгт тэрбээр өчүүхэн ч эргэлзсэнгүй. Харин түүнийг хол эндүүрснийг өнөө бид сайн мэдэх билээ. Түүнийг ингэж андуурсны "ачаар" мөнөөх газрыг (одоогийн Карибын арлууд) саяхан хүртэл Баруун Энэтхэг гэж нэрлэж байв. Жинхэнэ Энэтхэг орон (Колумбынхаар бол Зүүн Энэтхэг) хүршгүй алсад хэвээр байлаа. Испаниас бол бүр ч алсарч одно. Хэрэв Колумбын гурван хөлөг дахиад хоёр сар л цааш явсан бол хөлгүй далайд осолдох байсан биз. Харин Энэтхэг гэж итгэж байсан газраа хүрсэн болохоор тэр газрыг Испанийн хаант төрд авч өгөх ажил л Колумбад үлджээ.


06

Испанидаа эргэн ирэв

Колумб нээсэн газар нутгаа Энэтхэг биш гэдэгтэй дараагийн аяллуудаараа хүртэл эвлэрээгүй юм. Өөрийнхөө аугаа их нээлтийг алдаа байсан гэж тэр бодохыг ч хүссэнгүй, дэлхий ертөнц өөрийнх нь бодож төсөөлснөөс уудам ч гэж санасангүй. Тэр зөвхөн Энэтхэгийн ван, эзэлсэн газрынхаа эзэн ноён болох тухай л бодож байлаа.

Чухам энэ үеэс, мөрөөдөлд автсан адал явдлын энэ хорхойтон санаандгүйгээр Америкийн эх газрыг нээсэн 1492 оноос бидний орчин цаг хэмээн нэрийддэг үеийг эхэлж тооцдог юм. Харин Дундад зууныг 476 оноос тооцдог нь маш тодорхой шалтгаантай байв. Өрнийн ертөнцөд ноёрхож асан Ромын эзэнт гүрэн этгээд сонин нэртэй Ромул Август хэмээх сүүлчийн эзэн хааныхаа хамт тэр жил түүхийн хуудаснаас арчигдсан. Гэтэл 1492 он чухам юуны учир шинэ үеийн эхлэл байсныг, энэ санамсаргүй нээлт харийн нутгаас алт эрдэнэс авчрах анхдагч зорилгоосоо хальж, хожмоо ертөнцийн өнгө төрхийг хэрхэн өөрчлөхийг Колумб ч, ер хэн ч таамаглаагүй юм.

Эргэж ирэхэд нь Колумбыг баатрын ёсоор угтсан нь мэдээж. Харин түүний бардам ихэрхүү, бодит байдалтай эвлэрэх дургүй зан, хязгаар үгүй шунал нь нэр нүүрийг нь барж, Испанийн хаан алс эзэмшил дэх эрхэм элчээ Баруун Энэтхэгээс гавлаж, дөнгөлөн байж авчруулахаас өөр аргагүй болжээ. Колумб тэрхүү хүлээс, муу нэрээсээ насан туршдаа салж чадаагүй юм. Хааны ивээлд дахин багтаж, эд баялагтай болоод ч түүнд ард олон өмнөх шигээ итгэхээ байж. Колумб үүнийг доромжлол хэмээн бодож, эвлэрэх нь бүү хэл уучлаагүй гэдэг.



05

Шунал

Колумб болон түүний далайчдыг тээсэн Испанийн анхны хөлөг онгоцууд эх газар бус, хэдэн бүлэг арал л нээсэн юм. Арлын уугуул иргэд харийн гийчдэд санал болгочих онцгой содон юу ч үгүй байсан ч адал явдал хайсан испаничуудын харцыг нутгийн зарим ардын хамрандаа зүүсэн алт татжээ. Алт байх газрыг сурагласан тэдний асуултад нутгийнхан баруун тийш занган хариулсан гэдэг. Ингэж Америкийн эх газар нээгдсэн түүхтэй. Испаничууд уг нь үлгэр домогт гардаг Эльдорадо нутгийг хайж байв. Төсөөлөлдөө хэт автан, эрдэнэсийн хотыг тэр чигтээ алтаар хучигдсан гэж бодож байсан тэд үнэн хэрэгтээ далайн дээрэмчдээс дээрдэх юмгүй байлаа. Шуналдаа хөтлөгдөн, эрээгүй авирлаж, нутгийнхныг мөлжиж, дарлах болсон тэдний аялагч хүнд байх учиртай аймшиггүй эр зориг яваандаа хэрцгийлэл, юу ч хийхээс буцахгүй догшин ширүүн араншин болж хувирчээ. Хамгийн харамсалтай нь тэд өөрсдийгөө загалмайтны шашинтан хэмээж байвч загалмайн ёсонтой харшилдах бүхнийг үйлдэж байсан юм.


04

Кортез

Тэдний нэг, хуулийн сургуулийн оюутан байсан Хернандо Кортезийн хүсэл, шуналд хэмжээ хязгаар байсангүй. Нууцлаг тивийн гүнд нь хүртэл орж, хамаг алт эрдэнэсийг нь өөрийн болгохыг хүссэн тэрбээр 1519 онд 150 явган цэрэг, 13 морьт цэрэг аван Испанийн эргээс хөдөлжээ. Түүнийг шинэ тивд хүрэхэд нутгийнхан цагаан арьстан болоод адуу мал анх удаа харсан нь тэр байв. Морьт цэргийнхний авч явсан үхэр буунаас сүрдсэн индианчууд алс холоос ирсэн, хэн нь үл мэдэгдэх харийнхнийг ид шидтэнүүд, бүр бурхны элч ч байж мэднэ хэмээн бишрэн хүлээж авсан гэдэг. Харин эзлэн түрэмгийлэгчид болохыг нь мэдээд чадлаараа тэмцсэн агаад испани цэргүүдийг шөнө дөлөөр хүртэл ганц ганцаар нь хөнөөж байлаа. Кортез аймшигтайгаар өшөө авч, тосгодыг галдан шатааж, нутгийнхныг хэдэн мянгаар нь хяджээ.

Үүний дараахан нутгийн нэгэн хаан Кортезэд элч зарлагаа илгээж, алт үнэт эдлэл, ховор ангийн өд сөд бүхий бэлэг сэлт өргөн, нутаг буцахыг ятгасан байна. Гэвч тэр бүхэн нь эзлэн түрэмгийлэгчдийн шуналыг бүр ч хөдөлгөж, Хернандо Кортез нутгийн гүн рүү оров оо. Түүхэн дэх бүх л байлдан дагуулагчийн адилаар нутгийнхныг армидаа хүчээр элсүүлж, төсөөлөхөд ч бэрх олон хүнд даваа туулсны эцэст Кортезийн цэргүүд бэлэг илгээсэн мөнөөх хааны нутагт хүрчээ. Тэрхүү хааныг Монтесума, хаант улсыг нь Теночтитлан гэдэг байв. Энэ нь одоогийн Мексик улс, тэр дундаа Мехико хотын орчимд байсан улс юм.


03

Ацтекийн нийслэл

Монтесума хаан гинжин хэлхээ мэт бүлэг арал дээр орших сүр жавхлант хотынхоо гадна Кортез болоод түүний багахан цэргийг хүлээж авав. Испаничууд хотод ормогцоо Европын аль ч хотоос дутахааргүй тансаг сайхныг нь бишрэн дуу алдсан гэдэг. Хотын гудамж өргөн, цэгцтэй, суваг шуудуу нь шинэхэн, замгүүр нь гоёмсог байж. Харин хэдэн мянган хүн холхих төв талбай, задгай захад нь байхгүй юм үгүй байв. Хаандаа илгээсэн захидалдаа Кортез "Энд худалдахгүй зүйл гэж алга. Өмнө нь харагдаж үзэгдээгүй жимс, ногоо тэргүүтэн, алт, мөнгө, цагаан тугалга, гууль, зэс, амьтны арьс үс, дун, хясаа, хуягаар хийж, үнэт эрдэнийн чулуу шигтгэсэн гоёл чимэглэл, тоосго, дүнз гээд юм бүхэн байна. Ан амьтан, жигүүртэн шувууд худалддаг, бүр ховор ургамлын зах хүртэл байх юм" гэж бичжээ. Эмийн сан, үсчин, дэн буудал, нарийн боовны мухлагаас гадна зургийн будаг, хэрэгсэл, сав суулга худалддаг мухлаг бий тухай ч тэрбээр дурдсан байна. Кортезийн тэмдэглэснээр худалдаа, зээлийн газар бүрт гурван шүүгч байнга суух ба иргэд, наймаачдын дунд дэгдсэн аливаа маргааныг газар дээр нь шүүн таслах үүрэгтэй. Хотын сүм, хийдүүд эгээ л хотын доторх хот шиг сүр бараатай, асар том талбай эзлэн оршдогийг, тэдгээрт хүний цусаар өргөл өргөдгийг ч Кортез хаандаа дуулгахаа мартсангүй.

Гэхдээ энэ бүхнээс илүүтэй Монтесума хааны өргөө испани байлдан дагуулагчид онцгой сэтгэгдэл үлдээсэн байна. Түүнийхээр хаантны орд харштай дүйх юу ч Испанид байхгүй байлаа. Хэд хэдэн давхартай, хаш чулуун багана, уужим цэлгэр цонхтой хааны ордны цэцэрлэгт хүрээлэнд мянга мянган зүйлийн цэцэг, ургамал, амьтны хүрээлэн, жигүүртний асар зэрэг байжээ. Албат, түшмэд нь ордонд үе үе цуглаж, Монтесума хаанд хүндэтгэл үзүүлнэ. Харин хаантан өдөрт дор хаяж дөрвөн удаа хувцсаа солих ба нэг өмссөн хувцсаа дахиж өмсдөггүй гэж Кортез бичжээ. Хаантанд дөхөж очихдоо заавал толгой гудайлгах учиртай. Харин жуузандаа тухлан, хотоор явахад нь хэнбугай ч нүүр лүү нь эгцлэн харж болохгүй.


02

Түрэмгийлэл

Ийм эрх мэдэлтэй, хүчирхэг хааныг дарахын тулд Кортез өөдгүй заль хэрэглэжээ. Нарны хөвүүд болох цагаан зүстэй бурхад нэг л өдөр дорно зүгээс ирж, газар орныг нь хамгаална гэсэн эртний домогт итгэсэн Монтесума харийн гийчдийг эхэндээ яв хэмээн ятгаж байсан ч нутгаасаа хөөх гэж шамдаагүй байна. Үүнийг ашигласан Кортез болон түүний цэргүүд цагаан бурхад бус цагаан чөтгөрүүд шиг авирласан юм. Дээр дурдсан олон том хийдийн нэгэнд болсон шашны нэгэн зан үйлийн үеэр испаничууд Теночтитланы сурвалжит ноёдыг хөнөөж, бурхдыг хилэгнүүлжээ. Энэ тухай мэдээ ард олонд тэр дороо хүрэхийг мэдэж байсан Кортез уурссан олны өөдөөс Монтесумаг илгээв. Ордныхоо тагтан дээрээс иргэддээ хандан, эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдахгүй байхыг уриалсан түүнийг уурсаж хилэгнэсэн олон чулуу нүүлгэн хөнөөжээ. Энэ явдлын дараа болсон үймээн бужигнаан, хядлагын үеэр Кортез нарын испаничууд хотоос амь зулбан зугтаж, далайн эрэгт хүрч дөнгөсөн байна. Мэдээж хэрэг тэд хүчээ сэлбэн эргэж ирсэн агаад энэ удаад хотынхныг өршөөсөнгүй, нэгэнтээ гайхан биширч байсан өнөөх хотоо өөрсдийн гараар сүйтгэв. Аймшигтай нь юу гэвэл энэ бүхэн шинэ тивийг эзэгнэх гэсэн харийнхны аллага, хядлага, эвдрэл сүйтгэлийн ердөө эхлэл байлаа. Зөвхөн ацтекүүдийн улсад ч биш, бүх Америкийн газар нутагт испаничууд эртний түүхт, соёл иргэншилт индианчуудыг хүний санаанд багтамгүй балмад, хэрцгий аргаар хядсан юм. Хүн төрөлхтний түүхэн дэх энэ бурангуй үе европчуудын хувьд жигшүүртэй, даанч цочирдмоор тул энэ тухай би цааш дэлгэрүүлэн бичихийг үл хүснэ.


01

Энэтхэг

Энэ хооронд португалчууд жинхэнэ Энэтхэгт хүрэх тэнгисийн замыг нээж, баялаг түүхтэй дорнын энэ улсад бас л испаничуудаас дээрдэх юмгүй аяглаж байв. Энэтхэгийн түүх соёлын үнэт өв тэдэнд огтоос хамаагүй байлаа. Тэд алт, мөнгөнөөс өөр юуг ч үл тоон, нутгийнхны үнэт эдлэл, торго дурдан зэргийг тоолохын аргагүй ихээр нь Европ руу ачуулжээ. Ингэж хотын иргэд болоод наймаачид хөлжиж, газрын эзэд, хүлэг баатрууд даржин амьдрах болов. Алс дорнын нутаг хийгээд шинэ тивийг зорих хөлөг онгоцуудын дийлэнх нь баруунтаа чиглэн хөвж, эргээд тэр зүгээсээ ирж байсны учир баруун Европын боомт хотууд хурдтай хөгжиж, баячууд нь эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй болж эхэлсэн юм. Зөвхөн Испани, Португал ч бус, эдгээр улстай ойр оршдогийн хувьд Франц, Англи, Голланд зэрэг улс эл өөрчлөлт, байлдан дагууллаас ашиг хүртэх болов. Харин германчуудын хувьд дотооддоо шийдэх асуудал өч төчнөөн байснаас далайн чанадад газар нутаг эзэгнэх их аянд оролцсонгүй.

Э.Х.Гомбрихийг манай уншигчид “Урлагийн түүх” хэмээх гайхалтай бүтээлээр нь андахгүй мэдэх байх. Түүний өөр нэгэн алдартай бүтээл болох “Дэлхийн бяцхан түүх” хэмээх хүүхэд, залууст зориулсан хүн төрөлхтний товч түүхийн номын хэсгээс "Шинэ ертөнц" бүлгийг нь та бүхэнд хүргэлээ. Г.Лхагвадуламын орчуулгатай энэ гайхалтай бүтээл бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Колумб лалын шашинтануудад таслагдсан их торгоны замд байх Монголын эзэнт гүрэнтэй холбоо тогтоон худалдааны зам нээх гол зорилготой байсан. Энэ тухай буюу худалдаа хийх тухай Испаний хааны захидалыг авч явсан хүн шүү дээ. Колумб бас дэлхий бөөрөнхий болох тухай мэддэг байсан ба эртний дэлхийн газрын зургийн хувилбартай байсан тухай уншиж байсан. Колумбийн хайртай шүтдэг хүн нь Их монголын эзэнт гүрэн, Хубилай хааны тухай аян замын тэмдэгэл бичсэн Марко Поло байжээ. Мөн дундад зууны үед хоолонд хэрэглэх халуун ногоо, амтлагч, торго, нарийн шаазан эдлэл зэрэг нь хамгийн тансаг хэрэглээ байсан ба энэ бүхнийш зөвхөн торгоны замаар дорнодоос авдаг байсан байна. Гэтэл арабууд буюу лалууд энэ замыг ноёрхон өндөр гаалтйг татвар авах болсон тул өөр зам сонгох шаардлагатай болсон байна.
sdfasdf asdf
+2
Goy
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут