Арав.мн

Хүлэг баатрууд

Хүлэг баатрууд

Хүлэг баатруудын тухай чи эртний түүх домгоос ихийг сонсож мэдсэн байх. Баатар эрс хийгээд ноёдынх нь адал явдал, тэдний гялалзсан хөө хуяг, өдөт дуулга, агт морьд, сүлдэт бамбай, халдахын аргагүй цайз хэрэм, үзэсгэлэнт авхай нар ялагчид нь бэлэг гардуулах рыцарийн тэмцээн, хэрмэл даяанч, орхигдсон гоо бүсгүй, Ариун нутгийг зорих олны нүүдэл гээд олон зүйл сонссон биз ээ. Гайхмаар нь юу гэвэл энэ бүхэн үнэхээр байсан юм. Үлгэрийн мэт хайрын түүх, сүр жавхлан нь зохиомол биш бөгөөд эрт нэгэн цагт адал явдал, өнгө өнгийн гоёмсог зүйлсээр дүүрэн дэлхий ертөнцөд хүлэг баатруудын амь өрссөн тэмцээнийг хүмүүс хөөрч догдлон үздэг байлаа.

Хүлэг баатруудын эрин чухам хэдий үед тохиосон, яг ямархуу байсан бэ гэж чи сонирхож магад. Товчхондоо, морины нуруун дээр тулаанд орж чадах цэргийг хүлэг баатар гэнэ. Харин чадахгүй нэг нь явган цэрэг болно. Хаан эзнээс эзэмшил газар хүртсэн язгууртнууд мөн хүлэг баатрын зиндаанд хүндлэгдэх бөгөөд тэдний харьяанд байх хамжлага ард агт морьдын өвс тэжээлийг бэлтгэх үүрэг хүлээнэ. Хариуд нь газрын эзэн хамгийн итгэлт ард буюу адуу маллагчдаа хишиг хүртээж, боломжтой бол сайн хүлэг бэлэглэх ч тохиолдол байжээ. Хааны зарлигаар эзэн нь дайнд мордвол тэд мөн л дагалдана. Тэгэхээр адуу маллагчид ч гэсэн хүлэг баатар байсан гэсэн үг. Ядуус, тариачид болоод бусад алба хаагчид л дайнд явган цэргийн үүрэг гүйцэтгэнэ.

Энэ бүхэн IV Хенрих хааны үед буюу 1000-гаад оны дараахан эхэлж Англи, Германд дэлгэрсэн бол Францад бүр соёлынх нь нэг хэсэг болтлоо хөгжжээ. Гэхдээ эхэн үеийн морьт цэргүүд бидний төсөөлдөг хүлэг баатрууд шиг байсангүй. Энэ нь аажмаар болдог үйл явц байж. Залуу сурвалжтанууд эхлээд өөрсдийг нь бүхий л аюул заналхийллээс хамгаалах бат бэх цайз хэрэм бариулна. Тэдгээр цайзын зарим нь өнөө ч дов толгод, хад хавцал дунд бүрэн бүтэн сүндэрлэн буй бөгөөд олонх нь үүдийг нь чиглэсэн ганц жимтэй. Цайзын гол хаалганд хүрэхийн өмнө усаар дүүргэсэн суваг шуудуу байх ба суваг дээгүүрх өргөгддөг гүүр тал талаасаа хормын дотор эвхэгдэнэ. Гүүр өргөгдсөн үед хэрэм бүрэн хамгаалагдаж, бүгдэд хаалттай болно. Харин гүүрний нөгөө талд буюу хэрэмний харалдаа наана багахан шагайвар бүхий зузаан, бат бэх хана байх. Тэдгээр нь сувгийн ойролцоо тулж ирэх дайснуудыг өндрөөс харвахад зориулагджээ.Хэрэмний орой шовх ирмэг бүхий шүдэт багануудтай бөгөөд айсуй дайсныг тэдгээрийн араас тандаж болно. Эртний зарим хэрэм иймэрхүү хоёр, бүр гурван ч давхар ханатай байж. Тэр бүхнийг давсны эцэст хэрэм дотор нэвтрэх ба дотоод талбай, цэцэрлэгт хүрээлэнг нь туулсны эцэст хүлэг баатар, ноёдын аж төрөх өргөө, тасалгаанд хүрнэ.

Цайз хэрэмний доторх амьдрал тийм ч ая тухтай байсангүй. Гал тогоо нь гэхэд л махнаас өөр зүйл шарж болохооргүй ил зуухнаас өөр юмгүй, хөө тортог болсон харанхуй өрөө байв. Цайзад ноён хэргэмт хүлэг баатар болон түүний зарц барлагуудын өрөөнөөс гадна мөргөл үйлдэх багахан бунхан, хүнсний зоорь зайлшгүй байна. Цайзны дунд бүгдээс хамгаалагдан байх зоорь нь хүнс, тэжээл, зэр зэвсгийн агуулахаас гадна бартаа ихтэй уул нуруу, ус дүүрсэн суваг шуудуу, өргөгддөг гүүр, халуун давирхай, гурван давхар хана зэргийг даван байж цайзад нэвтэрсэн дайсныг ойртох үед хүлэг баатруудын орогнох хамгийн найдвартай нуувч болдог байлаа. Хүлэг баатрууд энд тусламж ирэх хүртэл бүгэх боломжтой байж.

Цайзны мухарт газар доорх гяндан бас байв. Умгар, хөлдүү тэр нүхэнд хүлэг баатрууд олзны хүмүүсээ хорино. Хоригдлууд тэнд ангаж, өлбөрч үхтлээ, эсвэл өөрийнх нь талын улс их хэмжээний барьцаа төлөх хүртэл байна. Өгүүлэн байгаатай төстэй цайз хэрмийг чи өөрийн биеэр үзсэн ч байж магад. Харин дахиад тийм боломж олдвол тэнд амьдарч асан хүлэг баатар, ханхүү, ноёдын тухай гэхээсээ тэр бүхнийг барьж босгосон эгэл жирийн хүмүүсийн тухай бодохыг хичээгээрэй. Уулын бэл дэх хадан цохиог тулж өндийсөн гэмээр өндөр цамхаг, хавцал дунд сүндэрлэх хана хэрмүүдийг өнөөх л эрх чөлөөгүй хамжлага, тариачин ард барьсан юм. Тэд л уулын том чулууг буталж, өндөрлөг өөд чирч, дээр дээрээс нь давхарлан байрлуулжээ. Харин хүч тэнхээ нь барагдахад эхнэр, хүүхдүүд нь эл хүнд хүчир ажлыг нь үргэлжлүүлж байв. Ихэс ноёд, хүлэг баатрууд хамжлага ардад юу хүссэнээ тушаах эрхтэй. Тэгэхээр ноён байна гэдэг жирийн албат байхаас ямагт илүү байлаа.

Тэр цагийн бичигдээгүй хуулиар тариачны хүү тариачин, хүлэг баатрын хүү хүлэг баатар л болно. Эртний Энэтхэгийн ёс журмыг санаж байгаа биз дээ? Түүнтэй л ижил юм. Хүлэг баатрын хүү долоон настайдаа амьдралын ухаанд суралцахаар өөр цайз руу хүргэгдэнэ. Тийм насандаа үйлчлэгч гэгдэх тэрбээр авхай нарын даашинзны хормойг барьж явах, тэдэнд ном уншиж өгөх (тэр үед эмэгтэй хүн бичиг үсэг сурах хориотой байв) зэрэгт суралцана. Харин 14 нас хүрээд үйлчлэгч хүү хүлэг баатрын шадар туслах болно. Шадар туслах цайзад хашигдаж, авхай нарт үйлчлэх шаардлагагүй болсноор эцгээ болон бусад хүлэг баатрыг даган ан ав юм уу, дайн тулаанд оролцох эрхтэй болдог байж. Дайны талбарт залуу туслах хүлэг баатрын бамбай, жад зэргийг барьж явах ба баатрын гар дахь жад хугарч, бамбай нь цуурвал шинийг бариулах үүрэг хүлээнэ. Гол нь эзнийхээ даалгаврыг үг дуугүй дагаж, түүнд үнэнчээр зүтгэх нь шадар туслахын гол үүрэг байв. Туслах байх хугацаандаа үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэвэл 21 нас хүрмэгцээ хүлэг баатар болох боломжтой.

Албан ёсоор хүлэг баатарт өргөмжлөх ёслол тун ч сүртэй. Шадар туслах эхлээд мацаг барьж, бунханд мөргөл үйлдэнэ. Мөн санваартнаас адис хүртэнэ. Дараа нь хөө хуягаа бүрэн өмсөөд илд, бамбай, дуулгагүйгээр хоёр гэрчийн дунд өвдөглөнө. Тэгэхэд эзэн ноён нь түүний мөрөн дээр илдээ тавиад

Эх дагина Мария хийгээд бурхны нэрийн өмнөөс
Энэ адислалыг хүлээж ав. Өөр юуг ч бүү хүрт
Эрэлхэг зоригтой, шударгуу бай
Энэ мөчөөс харц ард шиг биш
, хүлэг баатар шиг яв

хэмээгээд хүлэг баатрын хэргэм хүртээнэ. Ингэж залуу туслах бусдыг адислаж, сүлдэт бамбай барих эрхтэй хүлэг баатар болно. Ёслолын дараа шинэхэн баатар өдөт дуулгаа сольж, хөө хуягийнхаа гадуур улаан нөмрөг хөдрөөд шадар туслахаа дагуулсаар хүлэг баатар болсныхоо сүр хүчийг гайхуулахаар давхиж одно.

Хүлэг баатар гэдэг морь унасан ердийн цэрэг биш байсныг чи энэ бүгдээс ойлгосон байх. Хүлэг баатар байна гэдэг хувраг санваартнаас дутахааргүй үүрэг хариуцлага хүлээн, нэр хүндээ эрхэмлэх учиртай “ажил” байжээ. Сайн хүлэг баатар байхад зөвхөн эр зориг хангалтгүй байлаа. Санваартан хүн мөргөл залбирал, өглөг буянаар дамжуулан бурханд үйлчилдгийн адилаар хүлэг баатар эр зориг, шударга үйлсээрээ бурхны алдрыг хамгаална. Сул дорой, хүчин мөхөс борчууд, эмэгтэйчүүд, ядуус хийгээд өнчирч хоцорсон хэнийг ч хайрлаж хамгаалах нь хүлэг баатрын үүрэг. Мөн зайлшгүй үед л илдээ хуйнаас нь сугалж, ямагт бурхны номлолыг санах ёстой. Бүх хүлэг баатар дээд эзнээ дуулгавартайгаар дагаж, ямар ч эрсдэлийг хүлээх чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд хувиа хичээх, зэрлэг балмад байхыг цээрлэнэ. Энэ ёсыг дагаж тулааны талбарт нэг л цэргийн эсрэг тулалдах ёстой агаад юу ч тохиолдсон нэг хүний өөдөөс олуулаа хүч хавсран дайрч болохгүй. Жинхэнэ хүлэг баатар ялагдсан өрсөлдөгчөө яагаад ч доромжлон гутаах ёсгүй. Эдгээр чанар л жирийн эрэлхэг цэргийг баатар эр болгодог учир ийм шударгуу зан, хүнлэг сэтгэлийг өнөө ч хүлэг баатрынх хэмээдэг юм.

Хүлэг баатар сэтгэлт авхайнхаа төлөө ч мөн нэр төртэйгөөр тулалдаж, түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг байв. Энэ нь баатар эрийн заавал мөрдөх ёстой дэг жаягт багтдаг байжээ. Тэгэхээр хатагтай нарыг эхлээд үүдээр оруулах, тэдэнтэй мэхийн ёслох, унасан зүйлийг нь авч өгөх зэрэг одоо цагийн жентельмэн буюу эелдэг боловсон, соёлтой эр хүнд байх олон шинж чанар эрэлхэг, хүчтэй эр хүн эмэгтэй хүнийг хамгаалж, хүндлэх ёстой гэсэн эрт цагийн хүлэг баатрын үзэл баримтлалаас эхтэй байх нь.

Энхийн цагт ч гэсэн хүлэг баатрууд эр зориг, авхаалж самбаагаа тэмцээн, уралдааны талбарт олон түмэнд гайхуулна. Олон орны хүлэг баатрууд хүч чадал, ур чадвараа сорихоор цуглаж хөө хуяг, бамбай дуулгаараа ижилсээд халз тулаанд ордог байв. Тэд өөд өөдөөсөө урт, мохоо жад барин давхиж, бие биеэ мориноос нь унагахаар тэмцэлдэнэ. Тэмцээний гол зохион байгуулагч болох цайзын тэргүүн ахайтан ялагчид цэцгэн хэлхээ бүхий шагнал гардуулна. Хариуд нь хүлэг баатрууд хатагтай нарыг баясгаж, олны сэтгэлийг татахын тулд эрэмгий, жавхаатай байхаас гадна биеэ язгууртан шиг авч явж, жирийн цэрэг шиг хараал хэлэхгүй байх, цаашлаад шатар тоглох, шүлэг найрагт суралцах зэргээр оюун ухаан, бие бялдраа эн тэнцүү хөгжүүлэхийг мэрийдэг байлаа. Тиймээс ч сэтгэлт бүсгүйнхээ үзэсгэлэн гоо, сайхан сэтгэлийг магтан дуулсан, эрт цагийн эрэлхэг баатруудын алдар гавьяаг санан дурссан гайхамшигт шүлэг, дуунуудаараа алдартай найрагчид хүлэг баатрууд дундаас олноороо төрөн гарчээ. Тэдний бүтээл туурвил дунд Артур хаан, түүний Дугуй ширээний хүлэг баатрууд болох Персиваль, Лоэнгрин болон Ариун тагшны эрэл (Сүүлчийн зоог дээр Христийн ундаа хүртсэн аяга), Тристан, Изольда хоёрын гунигт хайрын түүх, Македоны аугаа Александр хааны гайхамшигт адал явдал, бүр Тройгийн дайны тухай хүртэл найраглалууд байв.

Дууч, найрагчид нэг цайзаас нөгөөд аялж, луу намнагч Зигфрид, хожим Бернийн Дитрих гэгдсэн готуудын хаан Теодорих нарын тухай дуу хуур, шүлэг найргаа түмэнд хүргэж явав. Дунай мөрний эрэг дэх Австрийн цайз, шилтгээнүүдэд дуулагдаж асан тэдгээр дуу, шүлэг хүлэг баатруудын үеэс бидэнд өвлөгдсөн хамгийн эртний бүтээл туурвилууд юм. Учир нь Их Карл хааны үед цааснаа буусан эртний бүх дуу, шүлэг устаж үгүй болжээ. Бидний мэдэх Нибелунгийн туульст байх Зигфридийн түүх герман тариачдыг эрэмгий дайчид шиг, хүннүчүүдийн хаан Атиллаг сурвалжит язгууртай жинхэнэ баатар эр шиг дүрсэлж, Зигфридийн бэлэвсэн хатан Кримхильдтай түүний Венад хуримласан тухай хүртэл магтан дуулсан байдаг нь тэр бүхэн чухамдаа хүлэг баатруудын найраг, дуу хуур ид дэлгэрч байх үед тэмдэглэгдсэнтэй холбоотой. Хүлэг баатрын анхдагч хийгээд үндсэн үүрэг нь бурхны нэр алдар, загалмайтны шашинт улс орныхоо төлөө тэмцэх байсныг чи мэдэж авсан. Энэ үүргээ биелүүлэх гайхамшигтай боломж тэдэнд олджээ.

Тэр үед Иерусалим дахь Есүс Христийн бунхан бүх Палестины хамт арабчуудын гарт байв. Тиймээс герман хаадаас нэр нөлөөгөөрөө илүү гарч, загалмайтны шашинт төр улсын хамгийн хүчирхэг удирдагч болоод байсан Пап ламыг Францын нэгэн санваартны хамт ариун бунхныг буруу номтнуудаас чөлөөлье хэмээн уриалахад хэдэн мянган хүлэг баатар “Бурхны хүслийг ёсоор болгоё” хэмээгээд дуу, хүчээ нэгтгэжээ. Ингээд Бульоны Годфруа хэмээх франц хааны далбаа дор нэгдсэн их арми 1096 онд Дунай мөрний эргээс хөдөлж, эхлээд Константинополь, дараа нь Бага Азиар дайран Палестины зүг мордов. Армийн бүх дайчин мөрөндөө загалмай дүрсэлсэн улаан даавуун хатгамалтай байсан нь тэднийг загайлмайтнууд гэгдэхэд хүргэжээ. Христийн загалмай нэгэнтээ шовойж байсан газар орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нь тэдний гол зорилго байв.Олон жил үргэлжилсэн дайн тулаан, өгүүлшгүй их зовлон бэрхшээлийн эцэст тэд Иерусалим хотын хананд тулжээ. Библийн судраас л мэдэж асан Ариун хотын барааг хараад загалмайтны цэргүүд ихэд догдлон, зарим нь нулимсаа барьж дийлэлгүй уйлж, зарим нь бохирч суугаад газар үнссэн гэдэг. Тэд хотыг бүсэлж, арабчуудтай удтал тулалдсаны эцэст Иерусалимыг буулгаж авчээ.

Харин хотын дотор ороод тэд хүлэг баатар шиг ч, христийн шашинтнууд шиг ч аяглаагүй юм. Тэд исламын шашинтнуудыг хөнөөж, санаанд багтамгүйгээр балмад аашилжээ. Гэхдээ дараа нь нүглээ наманчилж, мөргөлийн дуу дуулангаа Христийн бунхан руу хөл нүцгэн алхсан гэдэг. Ингэж загалмайтнууд Иерусалимыг загалмайтны хот болгож, Бульоны Годфруа хааныг захирагчаар нь томилов. Гэвч исламын хаант улсуудын дунд, Европоос алс орших энэхүү хүчин мөхөс багахан хот-улс арабчуудын мөнхийн довтолгоон дор оршин тогтнох гэж ихэд зүдэрчээ. Англи, Франц, Германы хувраг санваартнууд хүлэг баатруудыг загалмайтны шинэ аян дайнд үргэлж уриалан дуудаж байсны гол шалтгаан чухамхүү энэ байлаа. Гэхдээ тэдгээр дайны олонх нь амжилт олоогүй юм.

Хэдийгээр хүлэг баатруудад таатай санагдаагүй ч загалмайтны аян дайнд онцгой нэгэн эерэг тал байв. Тэр бол христийн шашинтнууд алс дорнодоос барилга байгууламж, гоо үзэсгэлэнг таашаагч шинэ чиг хандлага, бичиг үсэг зэрэг араб соёлын гайхамшгийг нээсэн явдал юм. Загалмайтны анхдугаар дайны дараах зуу хүрэхгүй жилийн дотор аугаа Александр хааны их багш Аристотелийн сургаал номлол, бичвэрүүдийг арабаас латин хэл рүү орчуулж Итали, Франц, Герман, Англид шимтэн үзэх болжээ. Түүний олон сургаал сүмийн номлолтой төстэй, латин хэв маягтай байсан нь эдгээр нутгийн ард олонд гайхашрал, басхүү бишрэл төрүүлж, олон талт, ээдрээтэй үзэл санаа нь шинийг эрэлхийлэгчдийг баясгах болов. Арабчуудын их байлдан дагууллаараа олж авч, хуримтлуулсан бүхий л мэдлэг, туршлага ингэж загалмайтнуудын гараар дамжин Европт эргэн иржээ. Энэ нь олон талаараа Европын зэрлэг дайчдыг атаат дайснууд нь жинхэнэ хүлэг баатар болгосон сонгодог жишээ юм.


01

"Дэлхийн бяцхан түүх" Э.Х.Гомбрих

Э.Х.Гомбрихийг манай уншигчид “Урлагийн түүх” хэмээх гайхалтай бүтээлээр нь андахгүй мэдэх байх. Түүний өөр нэгэн алдартай бүтээл болох “Дэлхийн бяцхан түүх” хэмээх хүүхэд, залууст зориулсан хүн төрөлхтний товч түүхийн номын хэсгээс "Хүлэг баатрууд" бүлгийг нь та бүхэнд хүргэлээ. Г.Лхагвадуламын орчуулсан энэ гайхалтай бүтээл бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start